Дугарын Дунгаржид: Үндэсний хэл бичгээ мэдэхгүй аваас хагас хүн болой
Сор болсон шилдэг сэхээтэн эмэгтэйн урьд өмнө судалгааны эргэлтэд ороогүй хоёр бүтээлийг танилцуулахын ялдар гайхан бишрэх хийгээд өрөвдөн харуусах хосолсон элэг эмтрэм түүхийг уншигч авгайтай хуваалцана. Монголын анхны эмэгтэй хошуу дарга, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, хэл бичгийн багш, соён гэгээрүүлэгч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Дунгарын Дунгаржидын нэжгээд өгүүлэл, шүлгийг олсноо танд хүргэх гэж буй хэрэг.
Бичгийн хэлний тансаг найруулгаар туурвидаг бүсгүй
Дунгаржид нь 1901 онд Буриадын Хэжэнгэ нутагт төржээ. Арваад наснаас гэрийн багшаар монгол бичиг заалган сурснаас гадна хавь ойрын орос хүүхдүүдтэй тоглосоор орос хэл бичиг сурсан, өндөр боловсролтой бүсгүй байв. Улааны хядлагаас зугтан Буриад нутгаа хаяж, Монголд ирээд ардын хувьсгал болон сургууль соёл, эрдэм боловсролын ажлыг ихэд дэмжин, гал халуун сэтгэлээр гар бие оролцож эхэлжээ. “Гал халуун” гэхийн учир нь Хэнтийд, хөдөө ирээд байхдаа намын үүрийн хурал дээр босож, намд энгийн ардын эмэгтэй хүүхэд элсэж болохгүй юу хэмээн асууж, өөрөө хөөцөлдсөөр байж, бичиг эрдмийн аргагүй боловсролоороо элсэж чадсанаар барахгүй, Намын Төв сургуульд орсон байна.
Толилуулан буй өгүүлэл бол Дунгаржид чухам тэрхүү Намын төв сургуульд сурч байхдаа буюу 1927 онд “Эмэгтэйчүүдийн санал” хэмээх сэтгүүлд бичсэн өгүүлэл юм. Тус сургуульд хожмоо нам төрийн өндөр албанд томилогдсон Лхүмбэ, Лувсаншарав, Элдэв-Очир нартай мөр зэрэгцэн суралцаж байсан Дунгаржидын өгүүллийг уншихад хэл найруулга нэн яруу, боловсрол мэдлэг үеийн бүсгүйчүүдээс тасархай, олон түмэн, улс орны төлөө хэмээх сэтгэл нь илч цогтой болох нь даруй мэдрэгдэнэ. Өгүүллээс ончтой мэргэн үг (афоризм) болгон хэрэглэж болох үг олон буйгаас дурдвал:
“... аливаа нэг хүн бээр өөрийн үндэсний хэл бичгийг мэдэхгүй аваас түүнийг нүдгүй сохор, хэлгүй тэнэг, эрхтэн дутуу хагас хүн хэмээвээс үл болох газаргүй хэмээмүй”
“эрх чөлөөгөө олсон энх жаргалант цагийн завшаанд эрдэм ном сурахыг хайхрахгүй эртний бүдүүлэг байдлаа сайшаан үзэх нөхөд байх аваас энэ ертөнцөд үнэхээр жигшүүртэй явдал гэгчдийн нэгний тоонд оролцох бөгөөд үлгэрлэвээс их мөрний дэргэд суусаар атал усыг нь амсалгүй умдаасаж үхсэн тэнэг лүгээ адил хэмээвээс болмуй...” гэх мэт адилтгал зүйрлэлийг нь уншихад манай хуучны бичгийн их мэргэдийн зиндаанд бичиж байсан нь тодорхой, энгийн ардын энэ бүсгүй үрийг бишрэхгүй байхын аргагүй. Тухайн үед Дунгаржидтай мөр зэрэгцэн төр улсын явдалд оролцон, шүлэг зохиол бичиж явсан бүсгүйчүүд цөөн бус бий. Гэвч тэдний олонхын хэл найруулга, шүлэг бүтээл нь бичиг үсэг саявтархан сурсан шинжтэй,хүчээр толгой холбож, интернационал, коминтерн гэх мэт үгийг ур муутай оруулсан янзтай байдаг бол Дунгаржидынх огт өмнөө, сонгодог монгол бичгийн хэл найруулгатай, сондгойруулахгүйг эрхэм болгосон, уран яруу үг хэллэгтэй ажээ. Зүгээр нэг монгол бичиг, тоо бодлого сураад төгслөө гэхгүй “А хэмээх үсгийн дүрсийг ч таньж,арван таван мөнгийг ч хуваарилан мэдэж гарах болов” гэсэн нь үнэхээр тансаг найруулга.
Миний бие эхний догол мөрдөө Дугарын Дунгаржидыг “хэл бичгийн багш, соён гэгээрүүлэгч” хэмээн зүгээр ч нэг дөвийлгөн нэрийдсэнгүй. Сэтгүүлч Худай Ц. Намсрайн сурвалжилж тогтоосноор Дунгаржид нь хошуундаа анхны улаан гэрийг байгуулж, “Сумьяа ноён” жүжгийг өөрөө найруулан тоглуулж байсан, “Сүртэй улаан тугийг Сүлдээ болгон мандуулъя, Сүрлэг олон бүсгүйчүүд Чөлөөт эрхээ бадруулъя” хэмээх үгтэй дууны ая үгийг өөрөө зохион, монгол бичиг үсгийн хичээлдээ ирсэн бүсгүйчүүдээр дуулуулдаг байжээ. Бичсэн зохиол бүр нь эмэгтэйчүүдийн тэгш эрхийг тунхагласан, бүсгүйчүүдээ хамгаалсан, эрдэм номд уриалсан шинжтэй, явсан газар бүрээ аль болох охин үрсийг сургууль соёлд хамааруулан, бичиг үсэг зааж өгч байсны хувьд яах аргагүй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө анхны тэмцэгчдийн нэг мөн. Гэвч эмэгтэй хүн эрийн дээр байхыг хэзээнээсээ зэвүүцдэг газар даа. Соён гэгээрүлэгч бүсгүйгээ бид хэрхэн хөнөөснөө одоо нэгнээсээ нуух юун?
Эцсийн хүсэлт: Таван настай хүү, хөгшин ээж аавтай минь уулзуулж өгөөч!
1933 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Дөадал сумын нутагт, зусландаа сууж байхад нь Дунгаржидыг Лхүмбийн хэрэгт холбогдуулан баривчилжээ. Лхүмбийн гэх зохиомол хэргийг Орос талаас зөвлөх Григорьев, Церенов, Монгол талаас орлогч сайд Насантогтох, хэлтэсийн дарга Галиндэв, тасгийн дарга Мандал нар хариуцан ажиллаж, хэдэн зуугаар нь баривчлан хэдэн арваар нь цаазлан хороож байлаа. Нийт баривчлагдагсдыг 3 бүлэг болгон шийтгэснээс жишээ нь Хэнтийн групп гээчид Цэвэгжав тэргүүтэй 174 хүний хэргийг тасалж, гучийг нь буудан алах ялаар шийтгэсний нэг нь Дугарын Дунгаржид юм.
Баривчлагдах үедээ Дунгаржид гурван сартай жирэмсэн байжээ. Хэвлий дэх үр нь дөнгөж хөдөлж эхэлж байсан гэсэн үг юм. Гэвч Дотоод яамны орос, монгол байцаагч нар зохиомол хэрэг хүзлээлгэхийн тулд өдөр шөнөгүй эрүүдэн тамлаж, зодож нүдсээр байжээ. Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивын материалыг судалсан В. Эрдэнэбилэг Лхүмбийн хэргийг байцааж байсан ажилтнуудын тодорхойлолтыг гарган тавьж. Жишээлбэл, 1932 оны 9 дүгээр сараас эхлэн Архангай аймгийн Дотоодыг хамгаалах ангиас хотод шилжин ирж, улс төрийн байцаагчаар 1934 оны 1 дүгээр сар хүртэл ажилласан Гонгорын Аюурзана Лхүмбийн хэрэгт холбогдсон хэрэгтнүүдийг хэрхэн байцаасан тодорхойлолтдоо: “..Хэрэгтнийг зоддог, касчерт хийдэг, жижүүрлэж удаан цагаар байцаадаг байсан. Хэргийг тулган байцаадаг байснаас хэрэгтнүүд хэргээ хүлээдэг байсан. Сургагч нар зоддог байсан. Үүнээс уламжлан орос монголгүй цөм зоддог болсон. Жишээ нь: ДХГ-ын Тусгай хэлтэст орчуулагч байсан Ж.Дашцэрэнг Аюурзана би байцааж хэргийг хүлээлгэж чадаагүй байсан. Гэтэл тусгай хэлтсийн сургагч Григорьев гэгч орж ирээд тархи руу нь шааж, өшиглөж, ам хамраас нь цус гаргаж зодож байсан. Үүнээс ч уламжлан би ч зоддог болсон. Энэ нь сүүл сүүлдээ ширүүсэж, хүн бүр хэрэгтнийг байцаахдаа зодох аргад шилжсэн юм.” гэжээ.
Энэ арга хөл хүнд бүсгүй Д. Дунгаржидыг ч тойрсонгүй. Үнэн мөнөө олуулна гэж бүтэн гурван сар найдан, гурван сар зодуулсны эцэст арга нь тасарч, орхиод гарсан 5 настай бяцхан үрээ л ганц хараад үхье гэж бодох болжээ. Ингээд дээр дурдсан мөнөөх тархи руу өшиглөж тарчилгадаг Григорьев гээчид өгсөн байцаалтдаа "Үнэн мөнийг олно гэсэн хүсэл мөрөөдөл минь талаар өнгөрч, Зөвлөлтийн нөхөд ч үүнийг шийдвэрлэж чадсангүй. Одоо биеийн байдал муудаж, тэмцэх чадал тэнхээ мөхөсдсөн учир хэлэх юм алга. Та надад ямар хэрэг хүлээлгэх гэсэн юм хүслээрээ бол... Харин таван настай нялх үр, хөгшин ээж аавтай минь уулзуулж өгөөч!" хэмээжээ.
Үхтэл үр харам, шоронгийн хүйтэн шалан дээр хонож, харийн хүнээр зодуулж байхдаа ч таван настай танхил эрхэм хүүгээ орхиод гарснаа шимшрэн шимшрэн бодож л хэвтэж. Гэвч харамсалтай нь үхтлээ зүтгэсэн нам төр нь хийгээгүй хэргийг нь хүлээлгэж, санасандаа хүрч аваад 1933 оны 11 сарын 3-ны өдөр буудан алах ял оноосон боловч амласнаа даруй умартан, балчир хүү, хөгшин настай эцэг эхийг нь ч уулзуулсангүй. Арван нэгэн шөнө горьдлого тээлгэн, нэг л өдөр хүүг нь оруулж ирээд үнсүүлэх болов уу хэмээн бодуулсаар, 11 сарын 14-ний шөнө орж ирээд шууд хүлэн авч гарахад л бүх юм тодорхой болжээ. Өвгөөдэй Дамдинсүрэнгийн дуртгалд ингэж бий:
“...Дунгаржид буудуулахаар гарахдаа ‘Аяа юутай энэрэлгүй орчлон бэ? Ор мөргүй хэрэгт тулгагдсан намайг ч яах вэ, гарзанд гаргах юм биз. Хэвлийд хөдөлж буй үрийг минь бодож, өрөвдөж өршөөдөггүй нь даанч гаслантай яа! Үнэн мөний цагаатгал хэзээ нэгэн цагт гарцаагүй ирэх юм шүү!’ гэж хоолой зангируулан хашгирсныг сонссоноо миний багш, сайн нөхөр Тээхэний Пүрэвжав зүрх шимширтэл ярьдаг сан..."
Эх орныхоо төлөө дэндүү халуун сэтгэлээр зүтгэсэн соён гэгээрүүлэгч бүсгүйгээ дэндүү харгисаар тамлан алсан та бидний түүх энэ. “Дэндүү халуун сэтгэлээр” гэсний учрыг түүний бичсэн дараах өгүүлэл, шүлэг хоёроос харна биз ээ. Энэ хоёр бүтээл “Эмэгтэйчүүдийн санал” сэтгүүлийн 1927 оны Дөрөвдүгээрт хэвлэгджээ. Энэ үе бол хорин зургаан настай Дунгаржид Намын Төв сургуулийг дөнгөж төгсөж байсан, эх орон, нам засаг, эмэгтэйчүүдийн эрх, бичиг эрдмийн төлөө зүтгэнэ хэмээн ид гялалзаж байсан, халуун хурц нас цаг нь билээ.
Дунгарын Дунгаржид хүү Сосорбарамын хамт. Чухам энэ хүүгээ сүүлийн удаа ганц хараад цаазлуулъя хэмээн хүсэж байжээ.
Ардын Намын Төв сургууль ба эмэгтэйчүүд
Монгол Ардын хувьсгалт Намын Төв сургуулийг Арван зургадугаар он, гурван сарын 13-ны өдрөө хоёрдугаар удаа эхлэн нээсэнд хот хөдөөгийн олон хороо үүрүүдээс томилогдон ирэгсэд ба өөрсдийн дур сүсгээр бишрэн, өөрсөд лүгээ хамт бүгд хорин зургаан эмэгтэйчүүд энэ Төв сургуульд сурч буй бөгөөд анх бидний эмэгтэйчүүдийн дотор бичиг үсэг мэдэх нөхөд олон үгүй, цөмөөр харанхуй бүдүүлэг ардууд ирснээ бодвоос одоо эрдэмтэн багш нарын ач гавьяагаар тус тусдаа монгол ном бичих унших ба тоо бодлого нэмэх хасах, үржүүлэх хуваах тэргүүтэн түмэн бодис, дэлхийн байдал, улс төрийн байдал, нам залуучуудын түүх зэргийг бага сага төсөөлж буйгаас гадна одоо уг сургуулийн хугацаа төгсөх хүртэл бидний эмэгтэйчүүд А хэмээх үсгийн дүрсийг ч таньж, арван таван мөнгийг ч хуваарилан мэдэх болж гарах болов уу хэмээн их л эрмэлзэн хүсэхээс гадна Арван тавдугаар онд тус намын анхдугаар Төв сургуулийг нээхүйд бидний эмэгтэйчүүдийн дотроос нэгээхэн бээр байсангүй аж.
Өдгөөгийн Хоёрдугаар төв сургуулинаа ийнхүү хэдэн тооны эмэгтэйчүүд ороод сурч буйгаар үзвээс манай эмэгтэйчүүдийн эрх чөлөөгөө олж, эрдэм соёлын замд өдөр сар ирэх тутам улам улам дээшээ дэвшиж буйн гэрч нь бэлээхэн тодорвой хэмээвээс болох бөгөөд энэ болбоос хэний ач гавьяа буй хэмээвээс Ардын Хувьсгалт Нам ба мөн харгист дайсны өмнөөс хатуу чанга зоригийг барьж, халуун цусаа урстал байлдан эсэргүүцэж устгасан бат тангарагт ардын улаан цэргийн агуу их ач гавьяа мөн болмуй. Учир иймд энэхүү бага бус оролдлогоор олсон бүрэн эрх чөлөөгөө өдөр шөнөгүй чармайн оролдож, бататган авах нь манай эмэгтэйчүүдийн туйлын чухал үүрэг үүрэг болсон бөгөөд үүнийг хэрхэн бататган авах билээ хэмээвээс
Нэг.Бүх дэлхийн хүн төрөлхтөнд юу чухал буй гэхэд юуны урьд өөр өөрийн бие чухал баймуй. Учир нь энэ нарт ертөнцийн оронд өвчин эрэмдэггүй, эрдэм ухаан төгс хүн аваас эрэгтэй эмэгтэй хэмээх ялгаваргүй, ямарваа зорьсон зорилгоо гүйцэтгэн чадах болмуй.
Хоёр. Хүн төрөлхтөнд эрдэм ном сурах нь нэн чухал болохыг тайлбарлаваас, аливаа нэг хүн бээр өөрийн үндэсний хэл бичгийг мэдэхгүй аваас түүнийг нүдгүй сохор, хэлгүй тэнэг, эрхтэн дутуу хагас хүн хэмээвээс үл болох газаргүй хэмээмүй. Тиймийн тул аливаа эрдэмд боловсрох нь туйлын чухал болой. Ялангуяа манай Монголын эмэгтэйчүүдийн байдал нь урьд эзэрхэг засгийн үед хоёр янзын харанхуй замаар явж ирсэн бөлгөө. Юу хэмээвээс:
Хот газрын эмэгтэйчүүдийн олонх нь бага залуу наснаас садар самуун явдлыг нэн ихэд эрхэмлэн үзэж, Хятадын зэргийн гадаадын хүмүүс бас шарын шашны суртаалд хувраг лам нар, аль ч атугай алттай мөнгөтэй болбоос ашиг олзыг харгалзан, алгуур сараар буюу арав таван хоногоор самуунаар ханилж, хайран залуу биеэ харанхуй бузарт буртаглуулж өнгөрүүлээд эцсийн цагт эрхтэн төгс биендээ элдэв бузар өвчнийг олж, зарим нь энэрэн өргөмжлөх үр хөвгүүд үгүйн тул хэнд ч хэрэглэгдэхгүй, хээрийн хог шороо лүгээ холилцон хутгалдаж, амь биеийг тэжээх аргагүй болж, ядрах зүдрэхийн бэрх туйлыг үздэг нь олон байсан билээ.
Хөдөө газрын эмэгтэйчүүд болбоос, ямагт гэр малын ажлыг боловсноор гүйцэтгэхгүй нь туйлын салан муу байдалтай агсныг илэрхийлбээс:
Наанад, идэх хоол ундаа тогооны хөө тавиурын хир буртагт холилдуулан ажиллах, бас бие ба хувцасны хир буртгийг угаах арилгахгүй, хурууны хумсыг авахгүй, нялхас хүүхдээ хамгаалан боловсруулж чадахгүй тэргүүтний бүдүүлэг явдлуудаар заншсаныг өгүүлж баршгүй бөгөөд эл хоёр зүйлийн гутамшигтай муу байдлаар заншсан бүх Монголын улс иргэний эх болох эмэгтэйчүүдийг тэр үеийн засгийн эрхийг барьж байсан эзэрхэг суртлын ван гүн, хутагт хувилгаад нар засаж залруулах ба боловсруулахыг оролдох ч байтугай харин эмэгтэйчүүдийг буянгүй доод төрөлхтөн хэмээн доромжлон үзэх ба нэгэнтэйгүүр баялаг хөрөнгөтэй нь бараа болгохоор дуудан аваачиж, наймааны бэлтгэлийн янхан мэт өдий төдийгөөр дэргэдээ байлгах хийгээд буурай мууг нь боол зарц болгох зэргээр харин дээрээс нь мунхруулах учир бидний эмэгтэйчүүд эрдэмд суралцахыг оролдох ч байтугай эл мунхруулсан манан буданд төөрөгдөн явсаар ард түмний адагт тоологдож нэлээд их хохирсон нь илт билээ.
Одоо аваас энэрэлт гэгээн засаг мандаад эрэгтэй эмэгтэй хэмээн ялгаварлан үзэх муу гэмийг үндсээр устгаж, хэн тэгшид ардын бүрэн эрхийг нийгэмчлэн эдлүүлсэн учираа өнөөхөн урьдахын харанхуй бүдүүлэг зан суртаал бүрнээ устаж, шинэ ёсны цэвэр боловсон байдал тогтож, энэ завсар бидний эмэгтэйчүүд эрдэм номыг сурч, нам эвлэлийн суртлыг дагаваас эрх чөлөөгөө бат бэхээр эдэлж чадахыг мэдэж, гүйцэтгэхийг оролдон хичээж буй нь үүнийг улмаар хөгжүүлэн гүйцэтгэвээс зохимуй. Харин эл эрх чөлөөгөө олсон энх жаргалант цагийн завшаанд эрдэм ном сурахыг хайхрахгүй эртний бүдүүлэг байдлаа сайшаан үзэх нөхөд байх аваас энэ ертөнцөд үнэхээр жигшүүртэй явдал гэгчдийн нэгний тоонд оролцох бөгөөд үлгэрлэвээс их мөрний дэргэд суусаар атал усыг нь амсалгүй умдаасаж үхсэн тэнэг лүгээ адил хэмээвээс болмуй.
Учир иймийн тул нөхөд эмэгтэйчүүд ээ!
Харгис засгийн үеэс агуулагдаж ирсэн харанхуй бүдүүлэг суртлын үлдэгдлийг үндсээр устгаж, гэрэлт наран мэт гэгээн засгийн соёл сурталд ухасхийн оролдож, шинэ ёсны шинжлэхүй ухааны эрдмийг тунгалаг яруу сэргэлэн оюундаа шингээн оршуулж мэргэжээд, ард түмний хэргийг хөгжүүлэх асар их зорилгыг гүйцэтгэхүйд амь биеэ бэлтгэж, агуу их зоригоор зүтгэх нэгэн тулгар хүчин болж, эмэгтэйчүүд эрх тэгштэй болсон нэр сүрээ бум түмэн онд мандуулан бататгахыг эрмэлзвээс зохимуй.
Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Сургууль мандах болтугай. Дунгаржид
Бяцхан шүлэглэл
Арван зүгийг гийгүүлэн ирэгч
Аугаа гэрэлт наран мэт
Ард түмнийг гэгээрүүлэгч
Ардын Намын Төв сургуульд
Аяа, бидний эмэгтэйчүүд
Алгуурал үгүй боловсорцгооё.
Урьдын бүдүүлэг байдлыг
Устган сөнөөж арилгаад
Уг сахилга батын ёсоор
Улсын соёлд боловсорч
Урагш дэвших хэргийг
Улам зорилго болгоё.
Нарт ертөнцийн дээр
Нэрэмжит ихээр дарлагдагсдыг
Найрамдуулан түвшитгэгч
Нам эвлэлийн хувьсгал
Навч мэт дэлгэрэн мандаж
Наран мэт гэрэлтэн бадартугай.
Даанч үлэмж дарлагдсан бид
Давш үгүй даваагаа
Дальдрал үгүй давцгааж
Дархан орны сургуульд явж
Далай мэт эрдмийг
Дамжиг үгүй суралцацгаая.
Садар самуун явах
Санал бодлоо устгаж
Саруул төвшин биеэ
Сайн замд удирдаж
Салш үгүй эрдэмд
Санаа тавин оролдоцгооё.
Мөлжин идэх суртал
Мөнөө даруй жигшиж
Мөнхийн амьдрах ажлыг
Мөн эрдэм соёлын зүйлд итгэе.
Хэвийн төвийг сахиж
Хийх бүтээх ажилдаа
Хэн хэнгүй хичээцгээе. Дунгаржид гэжээ.
Нийтлэлийн төгсгөлд бас нэгэн харамсалтай хэргийг уншигч танаа илтгэхээс аргагүйдээ хүлцэл өчье. Сэтгүүлч Ц. Намсрайн сурвалжилснаар Дунгаржидыг цаазаар авхуулснаас хойш өндөр настай эцэг Дугар, эх Сэмжээ нар нь удалгүй өнгөрсөн бол өнөөх таван настай үлдсэн ганц хүү Сосорбарам нь 1940-1942 онд Худалдааны техникумын сурагч байхдаа хоол хүнсний гачаалд орон, ядаргаа тураалд орсон ажээ. Эсэргүүний хүүхэд хэмээн нүд үзүүрлэгддэг байсан нь тодорхой. Ингэж ядарч явсаар сүрьеэ өвчинд баригдан нас барсан ажээ. Соён гэгээрүүлэгч Дунгаржидын үр удам ийнхүү өнөө үлдсэнгүй.
Хорь гучаад онд хэлмэгдэж зовсон өвөг дээдсийнхээ хөшөө дурсгалыг босгож, бүтээл зохиолыг нь хэвлэх ажлыг үр сад нь хийсээр байгаа, харин үлдэж хоцрох үргүй, үргүй ч гэж дээ үрийнх нь хамтаар Ардын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор буудан алсан Дунгаржид бүсгүй өнөө хэр “хэлмэгдсээр яваа” юм биш биз?
Зочин
Зочин
ДарьСүхбаатар
Зочин
Б.Алтанцэцэг (БТА)
П.Ариунтунгалаг
Оюунаа
Чулуун
Увс аймгаас
баагий
баруун зарим аймгийнхан өртөөгүй юм шиг байгаа юм
unshigch
Зочин
бямба
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
АЙмаар юм
B