Монголд ховор, Умард Солонгост бүр ховор...

Коммунизмын (гоёор хэлбэл социализмын) жилүүдэд малын үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хийж байв. Тэр үед гаргаж авсан үхрийн нутгийн шилмэл үүлдэр бол “Сэлэнгэ”. 

Одоо манай улс 2.6 сая шахам үхэртэй. Дөрвөн үхэр тутмын нэг нь сарлаг хайнаг, гурав нь нутгийн монгол үхэр юм. Сүүний болон сүү-махны хосолмол, махны чиглэлийн цэвэр, эрлийз үхэр 1-2 хувийг эзэлнэ гэсэн статистик мэдээлэл байна. Энэ 1-2-хон хувьд “Сэлэнгэ” үхэр багтаж байгаа бөгөөд ховрын юм ажээ. 

Өнгөрсөн 4 дүгээр сард Халимагт “Алтан зул” цэцгийн наадмаар очиход наадмын үеэр гаргасан шилмэл сүргийн үзэсгэлэнд Халимаг үүлдрийн улаан үхэр, меринос хонь, халимгийн ууцан сүүлт хонийг харуулж байж билээ. 

Хонь нь миний багад хөгшин ээжийн цагаан сарын ууцанд ирдэг торгууд хонь байсан. Өндөрлөгөөтэй 30-ийн кузовтай чацуурч харагддаг том, хөх толгойтой хонь нутгаас ирдэг байсан нь санагдаж байлаа. Харин тэр улаан үхэр санаанд хадгалагдаж үлджээ. Учир нь Халимгийн хоолны газруудын үндсэн хоол нь үхрийн чанасан мах, шөл, хучиж чанасан гурил байдаг. Боорцог дагуулж өгдөг тэр чанасан мах зөөлөн, амттай гэж янзтай. Ирээд тэр тухай ярьж, “Халимагаас үхэр авч Монгол үхрээ сайжруулж болдоггүй юм болов уу?” гэхэд минь хүмүүс “Наадахийг чинь аль эрт социализмын үеэс хэрэгжүүлж хийж ирсэн юм аа, хүү минь, Монголд байдаг шүү дээ!” гэлцэж байсан.

Зун сонсох нь Халимаг улаан үхрийг Дорнодын эрчимжсэн мал аж ахуйн бүсэд үржүүлж, нутгийн үхрийн чанарыг сайжруулах болсон тухай сонсож байв. Гэтэл энэ анхны ч санаачлага биш ажээ. Ер нь Халимаг үхэр бол Монгол үхэр, 400 жилийн өмнө Ижилийн сав, сахлаг өвстэй дулаан газарт очоод цаг уурын таатай нөхцөлд “сайжирсан”, магадгүй тэр нутгийн үхэртэй ч хольцолдсон байх. Харин энэ үхэр хожмын Монголын махны чиглэлийн шилмэл “Сэлэнгэ” үүлдрийн эх юм гэж яаж санах билээ?

Хэдэн жилийн өмнө БНАСАУ-ын Мэдээллийн Төв агентлагийн даргыг урихдаа тэр үед гарч байсан Монголын шилмэл малын үзэсгэлэн худалдааг үзүүлж явахад махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг ихэд сонирхож байсан нь, БНАСАУ-ын тал Монголоос үхэр авах болсон тухай тэр үеийн ХАА-н дэд сайд Б.Цогтгэрэлээс сонсоод их л баярлаж, Пьенъянд монгол үхрийн махаар хийсэн хоол зооглохыг ерөөн хундага өргөсөн нь санаанд оров. Сэтгүүлч хүн хаа газар явахад нэгэн олон л юм сонсож явдаг, тэр нь хаа нэгэн газарт зангидагдаж, өгүүлэл, нийтлэлийн сэдэв болох нь олонтаа, түүний нэг сая тохиодог юм.

Тариалан дундах үхэр

Хагас сарын өмнө “Атар” газар эзэмшсэний 60 жилийн ойн нэвтрүүлэг бэлтгэх ажлаар явж байхдаа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Газар агро” компанид очлоо. Биднийг хөтлөж явсан Монголын Тариаланчдын Үндэсний Холбооныдэд ерөнхийлөгч, ҮХААЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуу­лах газрын дарга байсан Н.Ринчинсэнгээ гуай гэв гэнэт үхрийн аж ахуй руу дагуулаад орчихдог юм. Анх мань эрийн нэрийг “Ринчинпэлжээ” гэж цээжилчихээд, “Пэлжээ гуай...” гэж яриад шоолуулж байсан. “Чи ч намайг хангамжийн Ринчинпэлжээ гуайн нэрээр дуудаад байна аа даа?” гэсэн. Нээрээ тэгсэн бололтой юм билээ, Б.Ринчинпэлжээ гуай соц үеийн материал техникийн хангамжийн баазын дарга байсан, домог болсон хүн. Хаа холын сумын хүн сэлбэг хөөцөлдөөд орж ирэхэд “Танайд тэдэн онд өгсөн тийм сэлбэг байх ёстой доо, тэрийгээ яачихсан юм” гэж асуудаг мундаг цээжтэй, аль сум-нэгдэл, САА-ын агуулахын булан ямар сэлбэг байгааг анддаггүй бэрх хүн байсан гэж ярилцдаг. Хоёулаа Өвөрхангайн хүн л дээ, адилхан нэр өгөөд будлиулчихдаг газар ажээ, гэхдээ би Пэлжээ гуайг гүйцэхгүй ч овоо цээжтэй л дээ, ядаж л Ринчинг нь санаж байсныг бодвол 50 хувьтай... 50 хувьтай ч гэсэн “грейфорд”, “грейфрут” хоёрыг бол яг цээжилнэ л дээ.

Тариалангийн бүс нутгаар явахад бидний аян замд ярьдаг гол сэдэв бол хөрс хамгаалах ажил, үүнд учирч буй гол бэрхшээл болсон тариаланчид ба малчдын зөрчлийн тухай байдаг байв. Мянга мянган жилийн л зөрчил юм даа, гэвч ярианы явцад яг улсынхаа эрх ашгийг бодохоор эцэстээ тариаланчдын талд орох тал руугаа эргэчихээд байдаг байв. Тариаланчид хөрсөө хамгаалахын тулд өндөр үнэтэй техник авч, шинэ технологи нэвтрүүлэвч тариалангийн бүс нутаг дахь малчид үр дүнгүй болгох гол шалтгаан болдог, тиймээс хашаажуулах ажилд асар их хөрөнгө хүч зарцуулж, үүний улмаас зөрчил заримдаа хурцаддаг ажээ. Энэ тусдаа сэдэв тул орхиё, дурдсаны учир нь тариалангийн аж ахуйгаа үзүүлж явсан хүн яагаад гэнэт үхрийн аж ахуй руу чирэв гэдэгт бий.

“Газар агро” компанийн захирал Д.Батжаргал биднийг угтаж цэгцтэй зохион байгуулсан аж ахуйдаа барьсан сайхан дүнзэн байшинд уриад янзын амттай лавшаагаар дайлдаг юм. Үхрийн ферм юм болов уу гэтэл сэндвичээр барьсан битүү сарайнууд нь хов хоосон цэмцийж байв. Харин шөл хүртсэнд Халимгийн тал нутаг, алтан зул цэцэг, голшиг хүүхнүүд, эрэмгий бүжиг санагдах ч шиг... за энэ ч хэтрүүлэг л дээ, зүгээр ганц аяга кофетай конъяк татсан юм аа. Бүр кофегоо саначихаад байсан юм.

Бухнууд

Тэндээс гарч холгүй байсан таригт хүрвэл цагаан толгойтой, шунхан улаан бухнууд бэлчиж байх ажээ. Бухаа таргалуулах гээд тэжээлийн ургамлын талбайд оруулсан байх ба хуванцар шон зоож, нарийнхан алаг утас татаж байна. Ойртвол “Битгий хүрээрэй, цахилгаан гүйлгэсэн байгаа шүү!” гэж анхааруулав. Бухнуудаа тавиад туучихгүйн тул хашиж байгаа ажээ. “Үхэр сониуч хэрнээ сонин амьтан, ямар ч юманд эхлээд заавал хошуугаа хүргэж үздэг, нойтон хошуутай амьтан яах вэ дээ, цахилгаанд цохиулаад цочоод зугтдаг, хөгжилтэй” гэж Д.Батжаргал ярив. Энүүгээртаригаа хашвал яадаг юм, мал орохгүй гэвэл “Адуунд нэмэргүй эд ээ, дайраад, таслаад орчихно л доо” гэнэ. 

Бухнууд нь мөн чиг сайхан амьтад юм. Үнээндээ яаж харагддаг юм, маниуст бол сайхан л амьтад аж, овоолсон “стейк” л нүүгэлтэж явах юм. Нэг бухан бярууг зааж энэ ямархуу жинтэй бол гэвэл 15 сартай бяруу, 200 кг гулууз гарах байх гэх шиг болов... Утсан дээрээ хальт тэмдэглэж аваад баахан бухны зураг аваад Д.Батжаргалтай ярилцав. 

Энэ ямар үүлдрийн бухнууд вэ? гэвэл “Грейфорд”, “Сэлэнгэ” үүлдрийнх гэж байна. Умард Солонгосын даргатай үзэсгэлэнд харсан үхэр санаанд оров. Тэгээд байцааж эхлэв. Х.Батжаргалын ярьсан нь “Сэлэнгэ” үүлдрийг манай эрдэмтэд 30 жил ажиллаж гаргаж авчээ. 1952 онд ЗХУ-аас 30 бух, 40 дөнж авчирснаар энэ ажил эхэлжээ. Тэгэхдээ чухам ямар үүлдрийн үхэр болох нь тодорхойгүй байжээ, тодорхойгүй ч гэж нэр нь нэг жилийн дараа ирсэн нь цоо шинэ үүлдэр тул “Казахын цагаан толгойт” гэж нэрлээрэй гэсэн байжээ.

ЗХУ-д 1932-1950 оны хооронд Английн “Грейфорд” (Херфордшир гүнлигийн өсгөдөг байсан махны чиглэлийн алдартай үхэр) үүлдрийн бухаар казах, халимаг үхрийг эрлийзжүүлж махны шинэ үүлдэр гаргаж авсан юм байж. Ингээд өнөө Халимаг улаан үхрийн сураг гараад ирэв, нээрээ эрт орж ирж. Энэ үүлдрийг гаргаж авсан эрдэмтдийн баг 1951 онд ЗХУ-ын Төрийн шагнал (И.Сталиныг үхэхээс өмнө “Сталины шагнал” гэдэг байсан санагдана. Муу золиг ард түмнийг нь хайрлаагүй атал үхэрт нь дуртай байж гээч) хүртжээ. Нэрийг өгөхдөө ажлын талбар баруун Казахстаны нутгийн нэрээр өгсөн байна. 

Ингээд нэр нь хожимдсон “Казахын цагаан толгойт”-ыг нутгийн монгол үхэртэй дахин эрлийзжүүлж, Монголын нөхцөлд тохирсон илүү тэсвэртэй, махны гарц сайтай үхэр гаргаж авах ажлыг манай эрдэмтэд даруй эхлүүлжээ. Өнөө л Монгол-Халимаг үхэр англи үхэртэй хольцолдоод 350 жилийн дараа буцаад ирэхэд нь монгол үхэртэйгээ “эрлийзжүүлсэн” хэрэг шүү дээ. 

Булган аймгийн Ингэттолгойн САА-д төвлөн Мал зүйч Дамдиндорж, Сүхбаатар, эрдэмтэн Р.Жавзмаа нар энэ ажлыг 30-аад жил хийж “Сэлэнгэ” үүлдрийн үхэр гаргаж авсан байна...

Охид ба ЖДҮ

Тэгснээ Д.Батжаргал одоо манай охидууд дээр очъё, холгүй байгаа гэдэг юм байна. Жаахан гайхасгээд дагаад явлаа. Зам зуур “Энэ Булганы Сэлэнгэ сумын засаг дарга Насаа эгч (Ш.Насандулам) гэж нэг салж өгдөггүй, зовлонтой хүн байна аа, бух, бяруу авъя гээд амар заяа үзүүлэхгүй юм. Утасдаад “Өг” гэж загнана, “Өгөхгүй” гээд адрахаар маргааш нь хадаг бариад гуйгаад ороод ирдэг юм. Үнэтэй шүү дээ, ёстой нэг аргаа барж байна. Хэрэв манай бүх сумд тийм засаг даргатай бол улс дорхноо хөгжинө шүү! Ажилсаг, шаргуу гэж тоймгүй” гээд инээж байна. Тодруулж лавласанд тус сумынхан үхрийнхээ үүлдэр угсааг сайжруулахын тулд тус компаниас бух гуйж, бараг төрөөгүй байхад нь “өндгөн сүй” тавих шахуу юм болгож шар махтай нь хатааж сандаргадаг ажээ. Хожим сонсвол Сэлэнгэ сумынхан бүх Монголын бухаа засаад, ганцхан “Сэлэнгэ” үүлдрийн бух тавьж, бүх үхрээ чанаржуулахаар үзэж тардаг аж. Яагаад гэвэл нутгийн иргэд “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг өсгөж байсан тул ашиг шимийг нь сайн мэддэг ажээ. Булган, Сэлэнгэ аль аль талаас зарим малчид овсгоо гаргаж бяруу, тугалнаас нь шомбодчих гээд, арай шударга зарим нь сольчих гээд байдаг гэнэ. “Үгүй яах вэ дээ, монгол нь илүүдүү бяруу тугалнаасаа малчдад илүүчилчихэж болдоггүй юм уу?” гээд ёстой монголоор сэтгээд аваад хаясан чинь “Өө, ёстой тэгж болохгүй, цэвэр үүлдрийнхийг л гаргаж авч, зарна. Тиймэрхүүг нь эрт заазалсан нь дээр, гол нь чанар” гэж жинхэнэ бизнесмэн хүн шиг хариулсан тул санаа зовоод нэмж юм ярьсангүй. 

Ёстой нөгөө Итгэлт “Ёндоон, танайх жилд хэдэн байцаа иддэг вэ?” гэж бантдаг шиг толгойд орж ирснээр нь “Танайх хэдэн үхэртэй вэ?” л гэж бувтнав. Ийнхүү ярих зуураа “Манай Баяраа харин зээлээ төлнө гээд сүүлийн үед үхэр олигтой өссөнгүй байна” гэдэг юм. Яг сэтгүүлчийн хартай зан асаад ирлээ дээ... юун банталт! Жа.Энхбаяр ЖДҮ хусчихаад “үхэр авсан” гээд байсан эндээс сэжүүр гарах нь гэж баярлав. Эрэн сурвалжлахын үнэр ханхийгээд хөлс чийхраад явчихдаг юм байгаа биз дээ?

Гэтэл ойрхон явсан тул зогсож, буух болоход Ринчинсэнгээ гуай руу эргэж “Баяраа гэж хэн бэ?” гэж сэм асууж амжив. Яагаав УИХ-ын гишүүн Жа.Энхбаяр... “Аахаан, адилхан буурал юм, ах дүү хоёр уу?” Үгүй ээ, үгүй. Зүгээр бизнесийн хамтрагчид... Ахиад бантах хэрэг гардаг юм!

Тэр зуур Д.Батжаргал малчиддаа “Хурдан мордоод охидуудаа хөөгөөд ир!” гэж зааварласаар... Гэтэл холгүйхэн гэрийн гадаа байсан хашаанаас баахан бяруу хөөгөөд ирдэг юм. Мань эр “Энэ жил жаахан тааруу орсон эм бяруунуудаа би буханд гаргахгүй гээд тусгаарлаад байгаа юм, тэднийгээ охиудууд гэдэг юм аа” гээд инээж байна. “Тэгээд л бухнуудаа концлагерийн тогтой утсаар хориод л, бухны эрхийг уландаа гишгэсэн...” гэж хариу хошигнов.

Асуувал бултаж магадгүй гэж тос асгаж байхгүй юу, аминдаа. Тэр зуур Д.Батжаргал “Үнээ яг эмэгтэй хүн шиг, бух нь үнэрлээд л хээлтэй эсэхийг мэддэг гэх мэт биологийн нарийн зүйл ярьсан ч толгойд жидүү эргэлдээд нарийн анзаарсан ч үгүй, тэгээд тулгаад асуув. “Жа.Энхбаярын ЖДҮ-ийн сангийн зээл ийшээ орсон уу?”

Орсон орсон, уг нь тэр мөнгөөр нь бүгдэнгээр нь Оросоос “Грейфорд” үүлдрийн бух авсан, тэгж байж энэ “Сэлэнгэ” үүлдрийг бараг мөхөж байхад нь аварсан ухаантай. Ажил яг сайхан жигдрэх юмандаа орж байтал золиг чинь “Буцааж төллөө...” гээд мөнгөө татчихсан. Уг нь овоо өсөх байсан юмсан... би ч “Чиний тэр улстөр ямар хамаатай юм бэ?” гэсэн чинь “Хамаатай, хамгийн их хамаатай гээд...”

Хотод ирээд ордны гудамд Жа.Энхбаярыг таарангуут яг нөгөө асуултаа давтав. “Тэгсэн, бүгдийг нь буцаагаад төлчихсөн шүү дээ!” Батжаргал, “Чиний улстөр ямар хамаатай юм гэсэн, би хамаатай, хамгийн их хамаатай гээд...” (ЖДҮ-ийн асуудлаас их л болгоомжилж байгаа бололтой байв. Хуягаа, Уянгаа хоёр намайг хусдаг гэж хүнд ярьсан байна билээ, улстөрийн өөр чигтэй тул бас л хусах нь гэж бодоо биз)

Байлгаж л байхгүй, “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг сэргээнэ гэдэг чинь том ажил шүү дээ хө! Улсын 30 жилийн зардлаар бүтсэн манай үндэсний мэргэжилтнүүд гаргаж авсан үхрийн цорын ганц үүлдэр юм биш үү? гэвэл тосонд халтирахгүй гэсэн үү, “Яршиг зүгээр хэл амны нэмэр...” гээд зугтахын түүс. “Хүмүүс ойлгох л байсан!” гэвэл “Ойлгохгүй юм билээ, би уг нь Ерөнхий сайдыг хүртэл урьж аваачиж үзүүлсэн, манай хүн ч яахав дэмжинэ гэсэн л дээ! Манай хэвлэлийнхэн ч очиж үзсэн, тэгээд ер ойлгоогүй, тэгэхээр нь буцаагаад өгчихсөн л дөө!” Ийм л яриа болоод өнгөрөв... “Тод магнай” кинонд “Би ч бас Монголоо гэсэн сэтгэлтэй хүн шүү!” гэж нэг баян хэлдгийг хэльюү гэснээ болив. 

Дахин сэргэлтээс эрчимжүүлэлт рүү...

Үхрийн аж ахуйгаас гараад “Газар агро”-гийн тэжээлийн талбайг үзсэн. Газар тариаланд түшиглэсэн эрчимжсэн, таваарлаг мал ахуйн соёолж байгаа нь уг нь энэ юм билээ л дээ. Талбайд техникүүд тасралтгүй ажиллаж, дарш бэлтгэнэ. Газар дээр нь хар гялгар уутаар бүрсэн дарш хийгээд тавьчих юм. Үхрийн тэжээл. Үхрээ өвөл болохоор битүү байранд тэжээж онд оруулдаг ажээ. Өвөл манай үхэр сувилуулдаг юм, дулаан байранд тэжээл идээд тарга тэвээрэгээ авдаг... гэж байна. Харин урин дулаан цагт бэлчээрээр таргалдаг аж. Чухамхүү “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн онцлог энэ. Дан тэжээлээр бус бас бэлчээрээр таргалах, хүчээ хадгалах чадвартай...

Орой болсон тул Д.Батжаргалынд тэжээлийн аж ахуйд хонох болов. “Хөдөө газар хүн хартай уулзах нь ховор тул би ч юм ярих гээд байдаг зантай болчихож...” гэсээр мань эр ганц юмтай өрөөнд орж ирэв. Эзэн гэгээнээс дээр тул ёсыг бодож кофе бэлдэж аваад жаал ярьж суув. 

Сүүлийн жилүүдэд улаан буудайн дотоод хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа тул тариалан эрхлэгчид өөр төрлийн ургамал тариалдаг болжээ. Эднийх эрчимжсэн мал аж ахуй руу оржээ. Цагтаа Сэлэнгэ аймаг 550 мянган толгой малтай байж, 7 тэмээтийнхэн гэж хочтой. Тариалангийн бүс нутагт мал маллахыг зөвшөөрдөггүй, САА-ын ажилчин өрх 10-15 толгой мал зөвшөөрдөг. Тариа, хөрсөө хамгаалсан бодлого байж. Бас энэ бүсэд тэжээлийн үйлдвэрэлд түшиглэсэн эрчимсэн мал аж ахуй, шинэ үүлдрийн мал, нарийн ноост хонь, махны чиглэлийн үхэр, сүүний үйлдвэрүүдийг хангадаг фермүүдийг байгуулсан байж.

Газар тариалангийн салбар уналтанд ормогц талбайд эзгүйрч, тариаланч механикжуулагчид ажилгүй болсон тул хотруу нүүн одож, тариан талбай эзгүйрчээ. Тэгмэгц баруун аймгуудаас ялангуяа Увсаас малчид олноор нүүдэллэн ирж буусан байна. Тэд ч аргагүй, илүү таатай, дулаан уур амьсгал, сайн бэлчээр бараадаж, сургууль, зах зээлдээ ойртсон хэрэг. Ингээд 1,55 сая малтай болж, тэмээ ч өсөж, хочноосоо салсан ч газар тариалангийн салбар буцаад сэргэмэгц бэлчээрийн талбай багассанаас зөрчил эхэлж. 

Нарийн ноост “Орхон” хонь баяд хуцаар эрлийзжиж, нарийн ноост хонины шинэ үүлдэр устахдаа тулжээ, учир нь нарийн ноос авах үйлдвэр байхгүй болсон тул малчид ноосыг биш махыг эрхэмлэдэг болжээ. Нарийн ноос байхгүй тул алдарт “Алтанбулаг” хивс ч үйлдвэрлэхээ болих шахаж. Чухамдаа Сэлэнгээс нарийн ноос авдаг тул хивсээ тэгж нэрлэсэн хэрэг. Гэвч ахиж сэргээхийг оролдож байгаа нь бас л тариалангийн компани. “Сэлэнгэ” үүлдрийн үхэр ч тарж, Ингэттолгойд улс даяар үхрийн үүлдрийг сайжруулахаар паспортжуулж бэлтгэсэн 28 гаруй мянган толгой үхэр махны лангуу руу оджээ.

”Сэлэнгэ” үүлдэр устдагийн даваан дээр уг үүлдрийг гаргаж авсан эрдэмтэн Р.Жавзмаа гуай Ж.Энхбаяртай уулзаж үүнийг сэргээж үржүүлэх ёстой гэж ятгасан юм байна. Цөлжилт эрчимжиж, нэгж талбайд ургадаг ургамжлын тоо цөөрч, шим муудсанаас мал давжаарч эхэлжээ. Малчид тэсвэртэй, арчилгаа маллагаа бага шаарддаг мал, өндөр үнэтэй ноолуурын ямаа л маллахыг сонирхдог болсон байна.

Үхэр ч давжаарч, том толгойтой, цалгай эвэртэй, том гэдэстэй, гурвалжиндуу болж ирж. Үхрийн тоо толгой ч огцом цөөрсөн байна. Гэтэл “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн зоо, ташаа дөрвөлжин хэлбэртэй, махны гарц ихтэй ажээ. Монгол үхрээс илүү махны гарцтай, зөөлөн, амтлаг махтай болгохын тулд тэжээх шаардлагатай. Тэжээхийн тулд тэжээлийн ургамал тариалж, дарш бэлтгэх ёстой. Тиймээс шилмэл үхрийн аж ахуй бол заавал тариаланг л дагаж сэргэх аж. Энэ бол эрчимжсэн мал аж ахуй гэсэн үг. Халимаг үхрийн мах амттай зөөлөн байсны учир нь тэжээдэгт байж, Халимагийн тал нутаг цөлжиж байгаа бөгөөд үхрийн аж ахуйнууд нь үндсэндээ эрчимжжээ. Ижилийн сав, баруун Казахстан бол тариалангийн район тул тэжээлгэсэн үхрийн ашиг шим дээшилжээ гэж ухаарав. 

Одоо тус компани мянга орчим цэвэр “Сэлэнгэ” үүлдрийн үхэртэй болж чаджээ. Малчид ч малаа сайжруулах сонирхолтой тул бяруу, бухан бяруу худалдаж авахыг их сонирхож, захиалдаг болж. Миний ойлгосноор бяруу нь 3.5-5.0 сая төгрөгийн үнэтэй ажээ. 

Р.Жавзмаа гуай 30-аад жилийн хөдөлмөрөө зориулсан “Сэлэнгэ” үүлдрээ сайн мэддэг тул сүүлийн 30-аад жил селекцид ороогүй, үүлдэрлэг байдлаа алдаж эхэлсэн үхрээ дахин хурдан сэргээхэд “Казахын цагаан толгойт” бус цэвэр “Грейфорд” бух л хэрэгтэй гэж зөвлөсөн ажээ. Ингээд Ж.Энхбаяр ЖДҮ сангаас зээл аваад Оросоос “Грейфорд”-ын үнээ, бухнуудыг худалдан авч Д.Батжаргалтай хамт “Газар агро” аж ахуйгаа байгуулжээ. Авахдаа бас сайныг шилж авч, жишээ нь 2019 оны “Шилмэл мал” улсын үзэсгэлэн худалдаанд махны чиглэлийн шилмэл хээлтүүлэгчээр тус компанийн хоёрдугаар үеийн, 562 килограмм жинтэй “Грейфорд” бухан бяруу шалгарчээ.

Мөн тус нутагт үлдэж хоцорсон “Сэлэнгэ” үүлдрийн үнээнүүдээс шилж худалдан авчээ. Ингэсний үр дүн “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг богино хугацаанд сэргээжээ. Зөвхөн тус компани төдийгүй өөр компаниуд ч ийм жишгээр Монголын онцлогт тохирсон шилмэл үүлдрүүдийн үхрүүдийг сэргээж эхэлсэн байна. Уг нь ЖДҮ сангийн зээлийн зорилго энэ юм л даа. Хэт жижиглэж хүртээх нь гол биш үр ашигтай зөв төсөлд хангалттай санхүүжилт хийвэл газар тариалан, эрчимжсэн мал ахуйн салбар сэргэхэд тун ойрхон болсон санагдав. 

Хүнсний чанараас хүний чанар

Сүүлийн жилүүдэд хүн амын дунд орт хавдрын өвчлөл ихэссэн нь цэвэр хүнстэй л холбоотой. Хүн ордог нэг гардаг нэг нүхтэй битүү систем. Амаараа л өвчин авчихгүй бол алзахгүй ч агаарын чанарыг тооцохгүй орхиж болохгүй. Орчны бохирдол гэсэн үг л дээ, энэ нь хотынхонд илүү хамааралтай. 

Малчин удамтай, 60 сая малтай Монгол улсын сүүний хэрэгцээний 80 хувийг хуурай сүү эзэлж байна. Сүүний кальци, тослог, бактерийг шүүж авсан хуурай сүүг хүнсэндээ голлон хэрэглэж байгаагаас нийтээр кальцийн дутагдалд орж, хүүхдүүдийн шүдний өвчлөл хавтгайрч, давжаарч байна. Гэтэл одоогоос 10 гаруй жилийн өмнө Хятадын “Go west” хөтөлбөрийг судлах ажлаар явж байхад тус улсын ЗГ хүүхэд бүр өдөрт 100 грамм сүү уулгах зорилт тавьж, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэ зорилт тавьж байгаагаа танилцуулж байсан. Үр дүнд нь өнөөдөр хятадын иргэдийн дундаж өндөр 5-10 см-ээр өссөн байх юм.

Гэвч атаархаад суух биш, харин ажиллах хэрэгтэй байна. Үнэндээ ажил эхэлсэн, Сүүний үйлдвэрийн томоохон ферм байгуулагдсан байна. “Гацуурт” зэрэг компаниуд сүү, махны чиглэлийн аж ахуйнуудыг байгуулжээ. Австралиас килограммыг нь 80 гаруй мянган төгрөгөөр авдаг үхрийн махны хэрэгцээг дотоодоос хангах өрсөлдөөний явцад үндэсний махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдэр дахин сэргэж байгаа хэрэг шүү дээ! Сэргэсэн эсэхийг шалгах амархан. “Сэлэнгэ” үхэр гээд л гүүгл хайлт хийгээд үзчих!

Зөвхөн сүү, махны чиглэлийн үхэр ч бус хурдан адуу, нарийн ноост хонь, ноолуур ихтэй ямаа гээд таван хошуу малынхаа үүлдэр угсааг сайжруулж чанаржуулахгүй бол цөлжилт улам бүр хойш тэлж, бэлчээр муудсаар байна. Дарханы Хонгорт л цөлжилт хүрихээд байна шүү дээ. Газар тариаланд усалгаа, хөрс хамгааллын асуудал тэргүүн эгнээнд тавигдаж байна. Энэ бүхэн чанартай хүнсний л асуудал.

Ноднингоос хойш Сэлэнгэ аймаг руу дөрвөн ч удаа явж, тариалалт, тариа хураалт, уринш, арчилгааг бүрэн сурвалжилж байгаа билээ. Тэр ч байтугай улсаа бүтэн тойрч, ногоочид, жимсчидийн ажил хөдөлмөрийг ч харсан, үзсэн.

Асар олон сэдэв, материал, мэдээлэл цуглуулж авсны нэг нь л энэ юм. Сэлэнгийн бүс нутаг, тариалангийн районд эрчимжсэн, газар тариаланд түшиглэсэн цөөн таваарлаг мал бүхий аж ахуйнууд л байвал зохимжтой агаад бурхны авралаар энэ район манай гол хэрэглээний зах зээл нийслэл болоод томоохон хотуудтай их ойр юм.