Түүнийг улс төрийн хүрээнийхэн дотор мэдэх хүн олон. Тэгсэн атлаа янз бүрээр дүгнэж, зарим нь бүр ор тас үгүйсгэдэг нь хачин. Ингээд эрхэм Н.ДУГАРТАЙ та бүхнийг уулзуулъя.
  -ҮШН-ыг хэн байгуулсан юм бэ. Ардчилсан намд гомдогсод юм уу, өнгөрсөн 20 жилийн турш улс төрийн зовлонд хатаагдаж, өөр шинэ гарц хайх болсон хэсэг улстөрчид юм уу?
 -2000 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан. Үүний дараа ардчилсан хүчний дотор өөрчлөлт гарсан. Энэ өөрчлөлт нь өөрөө төдийлөн явцтай биш харагдаж байсан л даа. МСДН, МҮДН гээд хэдэн намыг нэгтгэсэн. Энэ намуудыг нийлүүлж байгаа нөхдийг нийгэм хүлээж авахаа больчихсон байсан. Жишээлбэл, МСДН-ын дарга Р.Гончигдорж намаа ялагдуулчихаад, хариуцлагаас мултраад намаа өөр намтай нэгтгэчихэж байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихийн л тулд шүү дээ. Р.Амаржаргал бас л МҮАН-ын дарга байсан. Бас л намаа сонгуульд ялагдуулсан. Ганц Ж.Наранцацралтаас өөр хүн суудал авчраагүй. Бүх гишүүн нь суудлаа алдчихсан. Ингээд бүгд хариуцлагаас мултарч чадсан.

Бүгд намаа нийлүүлээд, гадна талдаа шинэ хүчин мэт харагдуулахыг зорьж, өөрсдөө толгойд нь гараад суучихсан. Энэ тохиолдолд би М.Энхсайханд нэг л юм хэлсэн. Шинэ нам байгуул, тэгэх юм бол нийгэм арай өөрөөр хүлээж авна гэж. Тэгэхэд юу гэсэн хариулт өгч байсан бэ гэхээр бид овоохойгоо бусдад алдмааргүй байнаа. Бид дотроо байлдаж байж овоохойгоо буцааж авнаа л гэж хэлж байсан. Тэгээд авсан. Аваад сонгуульд ялалт байгуулсан. Ялалт байгуулангуут нөгөө овоохойн эзэн маань овоохой дотор байсан нөхдөд буцаагаад овоохойгоо алдчихсан. Ингээд аргагүйн эрхэнд нэг юм бодож эхэлнэ биз дээ. Үүний үр дүн нь таны асуугаад байгаа наад ҮШН шүү дээ. 2005 онд М.Энхсайханыг Ерөнхийлөгчид дэвшүүлээд эд нар хаясан ш дээ. Нам гэдэг чинь сонгуульд орж байгаа юм бол ялахын төлөө ажиллах ёстой юм байгаа биз дээ. Гэтэл нам нь нэр дэвшигчээ улс төрийн тавцан дээр торойтол нь хаячихаад өрсөлдөгчийг нь дэмжээд явчихсан. Ийм юм байж болох уу.

-Ардчилсан нам Н.Энхбаярыг дэмжсэн гэсэн үг үү?
-Үндсэндээ тийм. Дэвшүүлсэн хүндээ санхүүгийн биш юм аа гэхэд сэтгэлийн ч дэмжлэг өгөхгүй ганцааранг нь хаяж байна гэдэг автоматаар нөгөө талдаа дэмжлэг нь очно гэсэн үг биз дээ.

-Ардаа өмөг түшиг болох намгүй шалдан ганц М.Энхсайхан 2005 онд ерөнхийлөгчийн сонгуульд орсон гэх гээд байна уу?
-Намгүй, мөнгөгүй цор ганцаараа ороод ойчсон.

-Нөгөө талаас нь авч үзвэл наадахь чинь явсаар Ардчилсан намд гомдогсдын нам гэдэг тодорхойлолт дээр явж очиж байна шүү дээ?
-Тийм ээ, гомдогсдын нам.

-ҮШН-ын асуудлаар зүгээр л нэг яриагаа эхэлчихээгүй гэдгийг та гадарлаж байгаа байх. 2004 онд ардчилсан хүчнүүд нэгдэж эвсэл байгуулж сонгуульд орсон. Гэвч чуулганы танхимд орж ирээд л эвсэл задарсан. Энэ үеийн хөшигний ар талын амьдралд өөрийг тань багагүй хутгалдаж явсан гэдэг. Эвсэл задарснаас болж Монголын улс төрд учирсан гамшиг нь юу юм бэ?
-Эвслийг задалснаас болж Монголын улс төрд учирсан хамгийн гол гамшиг нь эд Монгол оронд өрсөлдөөний биш, хуйвалдааны төрийг авчирсан явдал. Намууд өрсөлдөх ёстой. Монголын хөгжлийн төлөө үзэл бодлоо уралдуулж байх ёстой. Гэтэл өнөөдрийн манай улс төрийн намууд эрүүлээр өрсөлдөх биш, сөргөлддөг болсон. Өрсөлдөөний эсрэг сөргөлддөг болсон. Сөргөлдөөнөөр дамжиж төрийн толгойд хуйвалдааны бүлэглэлүүдийн тоглолтыг авчирсан.

-Хохирогч нь хэн бэ?
-Хохирогч нь Монголын ард түмэн.

-Хамгийн гол буруутан тэгвэл хэн юм?
-Хуйвалдагчид.

-Хуйвалдагчид гэж хэнийг хэлээд байгаагаа тодруулж болох уу?
-Ц.Элбэгдорж болон “Алтангадас” бүлэглэл, дээр нь МАХН-ын лидерүүд. Түүнээс биш, жирийн гишүүд нь хуйвалдаагүй шүү дээ. Монголын улс төрийн намууд бол дарга шүтдэг намууд. Дарга хаашаа тэд тийшээ. Уг нь нам бол институц байх ёстой. Оюун ухаанаа нэгтгэж, тэнд оюун ухаанаараа гаргасан шийдвэрээ дагаж явдаг, хамтын шийдвэр шүтдэг институц байх ёстой. Гэтэл манай намууд лидерээ л дагаж ханаралдаж, хагаралдаж явдаг.

-Улс төрийн хүчнүүдийн төлөвшил шинэ шат руу явж байгаа. Судлаачид зөвшөөрдөг. Гэвч Монголын ардчилалд бодитой хямрал нүүрлэсэн гэх айдас энд тэндээс цухалзаад байдаг болжээ. Энэ юу вэ?
-1990 онд Монголд ардчилал орж ирсэн. Ардчилал бол сайн ч юм авч ирсэн, муу ч юм авч ирсэн. Ардчиллын сайн тал нь гэвэл Монгол Улс олон тулгуурт гадаад бодлого баримтлах болсон. Эдийн засгийн олон хэвшил бий болсон. Муу ч бай, сайн ч бай ардчилал бий болсон. Олон намын систем тогтсон. Ард иргэд нь үгээ чөлөөтэй хэлэх эрхээ олж авсан. Энэ зөв, сайхан гэх болгоноо цааш нь бататгаад аваад явахын оронд нөгөө ардчиллыг бий болгосон нөхөд эргээд ардчиллаа өмчилж эхлээд өөрсдөө тэр үмхсэн хорондоо хордож эхэлсэн. Нийгэмд хүчтэй задрал явагдлаа. Нийгэмд задрал явагдаад эхлэхээр ёс суртахууны доройтол нүүрлэсэн. Эдийн засгийн задралыг дагаад ядуурал бий болсон. Энэ задралынх нь уршгаар төрийн чадамж буурч эхэлсэн.

Төрийн чадамж муудаад ирэхээр сөргөлдөөн бий болоод эхэлсэн. Сөргөлдөөн бий болоод ирэнгүүт хуйвалдаан бий болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 1990 онд гарч ирсэн ардчилсан хүчний нөхдүүд нам гэдэг институцийг бий болгох тэр түвшний боловсролтой тэр түвшний зорилготой, тэр түвшний хариуцлагатай өөрийн итгэл үнэмшилтэйгээр орж ирээгүй л байхгүй юу. Ингээд л бусдын тоглоом болоод  явчихсан.

-Монголын ардчилал хямралд орсон гэдэгтэй санал нийлж байна гэсэн үг үү?
-Хямралд орсон. Энэ хямрал цаашаа ч үргэлжилнэ. 10 жил үргэлжилнэ. Хамгийн наад талын хугацаа шүү. Яагаад гэвэл, анх 1990 онд гарч ирсэн, энэ ардчиллын төлөө явсан нөхөд өөрсдөө буруу замаар явж, буруу жишиг тогтоосон. Эд нар хэзээ улс төрийн тавцангаас шахагдаж гарна, тэрний дараагийн хүмүүс нэлээн бодитойгоор юмыг олж харах байх.

-Тэгээд бүхэл бүтэн нэг үеийн өвгөрч элэгдэхийг хүлээх хэрэгтэй гэж үү?
-Харин тийм учраас иргэний хөдөлгөөнүүд гарч ирээд байна шүү дээ. Гэтэл иргэний хөдөлгөөнүүд нь өөрсдөө цаашаа сонгодог утгаараа явах нь уу гэтэл бас явж чадахаа байчихлаа. Зүүн Европыг аваад үз л дээ. Зүүн Европ харьцангуй богино хугацаанд цэвэршчихлээ шүү дээ. Яагаад гэвэл, зүүн Европын орнууд хувьсгалын дараагаар коммунист намуудаа татан буулгачихсан байхгүй юу. Манайх чадаагүй.

-Хувьсгалыг дутуу хийсэн гэдэг дүгнэлт рүү л орж байх шив дээ?
-Тэр үед МАХН-ыг татан буулгаж чадаагүйгээсээ болоод ардчилал амсах ёстой зовлонгоо амсч байна. Уг нь МАХН-ыг татан буулгах зорилготой байсан. Бодлого боловсруулагчид нь шүү дээ. Гэтэл ардчиллын анхны үеийн тэргүүн эгнээнд явж байсан нөхөд энэ бодлогыг явуулаагүй. Энэ нь ч цаанаасаа тодорхой зорилготой байсан юм билээ.

-Иргэний хөдөлгөөнүүдийн талаархи таны дүгнэлт анхаарал татаж байна?
-Би Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийг гарч ирэхэд нь анхнаас нь дэмжиж, бичиг баримтуудыг нь боловсруулалцаж явсан хүмүүсийн нэг. Гэтэл манай иргэний хөдөлгөөний нөхөд анхны тэр гэгээн сайхан зорилгоо хаяцгаасан. Мөнгөнд орцгоосон. Мөнгө бол хоёрдугаар зэрэглэлийн асуудал шүү дээ. Амиа золиослоод ч гэсэн явах л ёстой байсан.

-Нэг жагсаал дээр тэр нөхдийн дунд таны явж байгаа зураг байдаг биз дээ?
-Тийм. Магнай, Батзандан хоёрын дунд уу. Тэр үеийн нэг бичлэгийг Ерөнхийлөгч Н.Энхбаяр намайг өрөөндөө дуудаж үзүүлж байсан, Та иргэний хөдөлгөөнд орчихсон явж байна уу даа гээд.

-Та юу гэв?
-Тийм ээ, би дэмжиж байгаа. Энэ иргэний нийгмийн төлөө гарч ирсэн хөдөлгөөнийг жинхэнэ утга агуулгаар нь төлөвшүүлмээр байна. Үүний төлөө хүчин зүтгэж явна даа л гэж хэлсэн.

-Хөдөлгөөний залуучууд тэгээд нам байгуулаад явцгаачихсан нь юу вэ?
-Зорилго нь л тэр байсан байхгүй юу. Улс төрд л орж ирэхийн тулд тэрийг байгуулсан нь харагдаж байна шүү дээ. Юун иргэний нийгмийн төлөө зүтгэх.

-Эдний хэдэн залуусаас хэнд нь арай илүү итгэл хүлээлгэж байсан бэ?
-Би О.Магнайг л гэж харж байсан юм. Ж.Батзандан бол сайн залуу. Тэд зоримог сайн залуучууд. Гэхдээ тэд хүнийхээ хувьд өөрийгөө ядаж ялж чадаагүй улс байсан. Эрхбиш би анх ерэн онд Ардчилсан холбоог байгуулж байх үед илтгэлийг нь бичилцээд бүх юман дээр нь ажиллаж байсан хүний хувьд надад бас туршлага байна шүү дээ. Эд хүний үг ерөөсөө авдаггүй. Ардчилсан холбооны гаргасан алдааг давтуулчихгүй санаатай л аминдаа зөвлөж байсан. Хийж чадаагүй дутуу орхисон тэр юмыг нь хийлгэчих санаатай л ажиллаж байсан. Гэвч тэд эдийн засгийн сонирхолдоо хөтлөгдөөд явцгаачихсан.

-Одоо таны хувьд тэдэнтэй хамтарч байсан үедээ цэг тавьсан гэсэн үг үү?
-Хоёр жилийн өмнө М.Энхболдын Засгийн газрыг огцруулна гээд талбай дээр гурван гэр барьчихаад арван хэд хонолоо шүү дээ. Тэрний дараахнаас зайгаа барьсан. Яагаад гэвэл тэр хөдөлгөөний үр дүнгээр өнөөдрийн төрийн өнгийг жаахан ч гэсэн засчих боломж байсан байхгүй юу. Таван зүйлтэй шаардлага тавьж байсан ш дээ. Нэгдүгээр шаардлага нь энэхүү хямралт байдлыг бий болгосон одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаярын үйл ажиллагаанд улс төрийн үнэлэлт дүгнэлт өг гэсэн шаардлага тавьсан. Хоёрдугаарт, Засгийн газрыг огцор. Дараа нь Бороо гоулд, Нарийн сухайтын тогтвортой байдлын гэрээг хүчингүй болгох асуудлууд байсан. Муу ч гэсэн ардчилал бий болсон энэ нөхцөлд ахиж ерэн оных шиг хувьсгал гарахгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр олсон ололт амжилт дээр тулгуурлаж төрийн өндөрлөгт байгаа нөхөдтэй хариуцлага тооцъё л гэсэн. Хуулийн хүрээнд. Тэр механизм бол байсан. Хувьсгалт нам Н.Энхбаярын үйл ажиллагаанд улс төрийн үнэлэлт дүгнэлт өгөөд, Цэцэд асуудал тавьчихаг. Цэц мэдээж Н.Энхбаярыг хамгаална. Ямар ч шийдвэр гарсан парламент авч хэлэлцдэг нь өөрөө хууль. Нэгэнт гудамжны улс төр парламентад ороод ирэхээр хүчний харьцаа тэнцүү байгаа учраас асуудал үүснээ дээ. 

-Энэ залуус нэг юм ярьдаг. Сурталчилгааныхаа гол хөзрөө ч болгох гэж байх шиг байна. Бид Сүхбаатарын талбайг чөлөөлсөн, бид ард түмэнд авч өгсөн гээд л... Уучлаарай, ерэн оны цагаан морин жил үндсэндээ энэ талбай ард түмний мэдэлд ирсэн гэж ойлгодог?
-Тэд авчирсан ч юм биш. Тэдний талбай дээр жагсч цуглах тэр эрхийг нь хэн авчирч өгсөн юм бэ.

-Үндэсний үзлийг төрийн бодлого болгоно гэсэн уриа зарим намаас гарч ирж байна. Энэ юу вэ?
-Би үндэсний үзлийг үндэсний бахархал гэж ойлгодог. Үндэсний бахархлаа сэргээхийн төлөө ажиллах гэж байна гэж ойлгож байна. Ер нь бол далаад оны эхээр тэр үеийн МАХН-ын төв хороо, үзэл суртлын хэлтсээс нэг судалгаа хийсэн байдаг юм. Энэ бол хаалттай судалгаа л даа. Би таньдаг мэддэг найз нөхдийн хүрээнд олж авч байсан. Тэр судалгаагаар монголчууд үндэсний үзэл, үндэсний бахархал, эх оронч үзлээ ямар түвшинд авч үздэг юм бэ гэдгийг л гаргаж ирсэн. Тэгэхэд монголчууд үндэсний үзэл, үндэсний бахархлаа наймдугаар зэрэгт тавьж байсан. Нэгдүгээрт, Монгол-Зөвлөлтийн ган бат найрамдалд үнэн байна гэж явсаар дараа нь Ах дүү социалист системийн орнуудад үнэнч байна гэж явсаар наймдугаарт аваачаад тавьчихсан байсан. Үндэсний бахархал байхгүйгээр улс орон өөрөө өсөн  дэвжихгүй ээ.

-Дараагийн нэг зүйл, Бурхны шашныг төрийн шашин болгоноо гэсэн асуудлыг гаргаж ирж тавьж байгаа?
-Бурхны шашныг төрийн шашин болгоно гэсэн наад мессеж чинь үүгээр далимдуулж парламентад ганц нэг суудал авах гэсэн л арга. Үүнээс цааш юм байхгүй.

-Авлаа авлаа гэхэд нэг хоёр л хувраг орж ирнэ биз дээ?
-Үгүй тэгээд нэг хоёр хувраг ороод ирнэ гэдэг парламентад суудалтай нам мөн үү, мөн. Төр барилцаж байна уу, барилцаж байна. ҮШН өөрөө тэдэн дээр дөрөөлөхгүй сонгуульд орвол ганц кноп ч үгүй хоцорчих гээд байна шүү дээ. Нөгөө л нэг сонгогчдын нам байгуулна гээд байсан сонгуульд ороод нэг кноп ч үгүй ялагдчих юм бол шившиг л биз дээ.

-Улс төрийн хүрээнийхэн наад үгийг чинь дуртайяа шиднэ. Гэхдээ хуврагуудад маань бас улс төрийн эрх гэж нэг юм байна уу, үгүй юу?
-Байгаа. Хэн ч тэр эрхийг нь хаах гээгүй.

-Гурав дахь хүчний орон зайн тухай яръя. Ах намууд Монголын улс төрийн тулгуур хоёр хүчин бол МАХН, АН хоёр гэсэн тунхагтай. Судалгаагаар ч гурав дахь хүчний орон зай тун тэлж өгөхгүй байна?
-Ерэн онд нийгэм бол хоёр л хуваагдсан юм ш дээ. МАХН ба Ардчилсан хүчин гэж. Энэ одоо арван найман жил явчихлаа. Гэтэл энэ хоёр хүчин аль аль нь өөртөө ногдсон үүргээ аятайхан ухамсарлаад явж чадсангүй шүү дээ. Үүнээсээ болоод энэ хоёр намын рейтинг одоо нийлээд 30-40 хувьд л явж байна. Хоёулаа нийлээд шүү. Цаана нь 60-70 хувийн онгорхой гарч ирж байнаа даа. Сонгогчид маш хашир болсон. Шинэ намууд гээд байгаа нь дандаа ах нарынхаа заасан замаар яваад байдаг. Сонгогчид бол гурав дахь хүчний орон зайг их сонирхож байгаа. Болж өгвөл бид энэ сонгуулиар гурав дахь хүчинд саналаа өгчихмөөр байна. Даанч гурав дахь хүчин нь алга.

-Та саяхан нэг сонинд өгсөн ярилцлагадаа “Одоо сонгогчид ерээд оноос хойш парламентад суусан хэдэн нөхдөөс салах хэрэгтэй. Тэд бөгсөө цоортол тэнд суугаад Монголын төлөө юу хийв” гэж мэдэгдсэн. Үүнийгээ тайлбарлахгүй юу?
-Би үүнийг зүгээр нэг цээжний бангаар хэлчихсэн юм биш. Би ганцхан тоо хэлье. Сонгогчдын 80-аад хувь нь УИХ, Монголынтөрийг эрс шинэчлэх хэрэгтэй гэсэн байна. Энэ юу гэсэн үг вэ. УИХ болж байна. Ерөнхийлөгч болж байна. Засгийн газар болж байна гэхгүй байнаа даа. Бүр эрс шинэчлэх хэрэгтэй гэж үзсэн байгаа байхгүй юу.

-Гэхдээ сонгууль болоход тун бага хугацаа үлдсэн. Сонгогчид наадахыг тань хэрэгжүүлж чадна гэдэгт эргэлзэж байна?
-Манай улс төрийн намууд улс төрийн эр зориг гаргаад нийгмийн захиалаад байгаа тэр л нэр дэвшигчийг гаргаж ирээд дэвшүүлчих хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд 80 байтугай 100 хувь сонгоно. 80 хувь гэдэг бол том тоо шүү. Нийгмийн сэтгэл зүй ийм хэмжээнд бэлтгэгдчихсэн байна гээд хар даа.

-Одоо тэрэнд чиглэж ажиллах цаг байхгүй шүү дээ?
-Байж болно ш дээ. Гурав дахь хүчний тэр эзгүй байгаа орон зайд хэдхэн хүн нэг блок болоод л яг тэр нийгмийн захиалаад байгаа хүмүүсийг нэр дэвшүүллээ л бол ард түмэн шууд дэмжихэд бэлэн байгаа.

-Ирэх парламентад ах намуудын орж ирэх хүчний харьцааг та яаж харж байна?
-Энэ хоёрын аль нь ч олонхи болохгүй.

-2000 оны сонгуульд МАХН-д 72 гэсэн тоог анх та хэлж байсан гэдэг?
-Өнгөрсөн 12 сарын байдлаар хийсэн судалгааны дүн дээр тулгуурлаад хэлье. МАХН 27 тойрог дээр, АН 29 тойрог дээр ялахаар харагдаж байсан. Тоймлоод хэлэхэд хоёулаа л гучаад суудал авна. Нэр дэвшилтэн дээрээ хэнийг яаж зоох нь вэ гэдэг мэдээж хамгийн их анхаарал татах асуудал. Тэрийг харж байна.

-Бие даагчдын хамрыг ч цухуйлгахгүй сонгууль болно гэх юм?
-Арваад бие даагч ороод ирэх боломж харагдаж л байна. Нийгэм бол бие даагчдыг дэмжих тал руугаа илүү байгаа. Үгүй яахав, харцгаая л даа.

-Манай хоёр том улс төрийн хүчин газар доорхи баялгаа шууд цаасан дээр хуваарилаад амлаж эхэлсэн. Эрдэнийн хишиг, Эх орны хишиг гээд л. Ахиад л мөнгөөр даллаж байна?
-Энэ явахгүй. 2004 онд 10 мянган төгрөг гаргаж ирсэн шүү дээ. 10 мянган төгрөгөөр ялсан гэж боддог юм, тэд 10 мянган төгрөг бол манай ялалт гээд л. 10 мянган төгрөг барианд морь ороод ирчихсэн, бараг барианы зурхай дээр урд хоёр хөл нь ороод ирчихсэн үед хүүхэд нэг ташуур өгдөг дөө. Тэр л байхгүй юу. Монголын ард түмэн тийм л их мөнгөнд дуртай юм бол хуйгаараа саналаа өгөх нь яасан юм. 2004 оны сонгуулийн ялалт бол зүгээр л тэнцвэржүүлэлт. Нэг нам дангаараа төр барих дэмий юм байна гэдэг зүйл л сонгогчдын хар ухаанд орчихсон байхгүй юу. Тэгээд л тэнцвэржүүлээд өгчихсөн. Өнөөдөр эд нар юу ч амлаад ард түмэн “Эд бол биш юм байна” гэдгийг ойлгочихсон.

-Тэнцвэржилтээс ямар үр дүн ирсэн юм бэ?
-Тэнцвэржүүлэлт гэдгээр “Эх орон-Ардчилал” эвсэл ялалт авсан байхгүй юу. Ялалтыг харин хуйвалдаан болгосон. Өнгөрсөн дөрвөн жилд төр барьсан Засгийн газрууд бол хуйвалдааны Засгийн газрууд ш дээ.

-Манай улс төрийн томоохон лидерүүдээс ирэх парламентад хэн хэн орж ирэхээр харагдаж байна?
-Яг би наадахыг чинь бодож үзээгүй юм байна.

-Ядаж таван хүн нэрлэчих л дээ?
-С.Баяр ороод ирдэг л юм байгаа биз. Нөгөө талаас Ц.Элбэгдорж нь ороод ирдэг л юм байгаа биз. Эднийхээс ийм тав, тэднийхээс нь ийм тав гээд хэлэхэд өнөөдрийн байдлаар арай боломжгүй байна шүү дээ. Яахав оройхон гараад ширүүхэн дайрна юу горьдох юм. Юу авах юм. Би өөрөө өөрийнхөө амьдралыг аваад л явж байгаа хүн.

-Тэгээд өглөө нь уулзсан уу?
-Маргааш өглөө нь Н.Багабанди ерөнхийлөгч намайг 9.45-д бэлэн байж бай гээд туслахаараа дуудуулсан. Би очсон. За, Дугараа би шинжлэх ухаанд итгэсээн. Чиний гаргасан тоог би 20-иор бууруулж ярьж байсан юм аа. Би 51-52 тойрогт л ялалт байгуулна гэж тооцож байсан. Чи 72 гээд байсан. Нэг тойрог дээр чи зөрнө гээд байсан. Чи Л.Гүндалайгаар зөрсөн байна. Тэрийгээ олж чадав уу гээд тоглоом шоглоомоор инээж суусан.

-Тэр гурвын зүгээс таныг “Монгол банк”-ны захирал болгоно гэсэн асуудал яригдсан ч тэрэндээ хүрээгүй гэж үнэн үү?
-Гурван дарга гурвуулаа л надад амьдрал ахуйг чинь харж үзнээ, мэргэжлийн чинь дагуу “Монгол банк” дээр тавинаа л гэж хэлцгээж байсан. Гурвуулаа тэрэндээ хүрээгүй. Энэ үнээн. Би тэр үед тэр яах вэ, би та нарын өгсөн ажлыг л авна. Элчингийн жолооч ч байсан би авна. Харин та нар энэ улс орноо л нэг сайхан аваад явчих гэж хэлж байсан.

-Талийгаач Л.Энэбиш хэрвээ амьд сэрүүн байсан бол өнөөдрийн улс төрийн өндөрлөгүүдийн хуваарилалт огт өөр байх байсан гэж олон хүн хэлдэг. Энэ магадлалын талаар та юу хэлж чадах бол?
-Үнэн. Маш өндөр магадлалтай.

-Одоо та үлдсэн хоёртой нь уулзалддаг уу?
-Хувь хүмүүс гэдэг утгаараа, гэмгүй сайн харилцаатай байсан гэдэг талаасаа хааяа уулзалддаг.

-Таныг “Аалзны тор” гэдэг нийтлэлээ бичсэнээс хойш уулзахаа больцгоосон гэж дуулсан?
-”Аалзны тор”-д орсон баримтууд бол бүгд үнэн зүйл. Би үүнийг мэднэ. Нотолж ч чадна.

-Та бичсэн биз дээ?
-Өнөөдөр тэр нийтлэлийг хэн бичсэн нь чухал биш болсон. Тэр үед бол эрж хайж сүйд болцгоож байсан. Тэр битгий хэл жинхэнэ эзэн нь гараад ирвэл 500 мянган төгрөгөөр шагнана гэж хүртэл шуугисан биз дээ. 500 мянган төгрөгөнд ил гарчихна гэж бодсон юм байх даа. Одоо юун Аалзны тор, цаана чинь Наймаалж болчихоод байхад.

-Өөрийг тань “Хан буурал аавын минь нутгийн хагас хугас нь Хятадын нутаг болов оо хө” гэсэн нэг нийтлэлийг бичсэн гэж бодож байна. Тавантолгойн асуудлыг таныг анх гэрэл цохиулсан гэх юм билээ?
-Тавантолгойн нэг орд газрыг Бороо гоулд шиг болгохгүйн төлөө энэ асуудлыг гаргаж тавьсан нь үнээн. Хэрвээ би тэгж гаргаж тавиагүй бол өнөөдөр Тавантолгой Хятадын мэдэлд орчихсон байж байх байсан. Юун өнөөдөр эд эх орны хишиг, гэгчээр С.Баяр нэг ялалт аваад ирэх юм байгаа биз.

-Өөртөө юу, намдаа юу?
-Өөртөө.

-С.Баяр чинь ялалт авчирдаг менежер шүү дээ?
-Үгүй яахав, харъя л даа. 1997-2001 оны ерөнхийлөгчийн сонгууль, 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн сайн менежер хийснийг нь харъя. Үнэхээр өөрөө сайн менежер байж уу, эсвэл хамтын хүчинд дулдуйдсан байж уу гэдгийг одоо л үзье.

-Таныг МАХН-ын толгойд байсан саяхны гурван лидертэй ойр явсан хүн гэж сонсч байсан. Тодруулбал Н.Багабанди, Л.Энэбиш, Н.Энхбаяр нартай. Энэ гурван хүнтэй нэг нөхөр зэрэг андлах гэдэг хэр бололцоотой зүйл вэ. Энэ үерхлийн тань талаар сонирхож болох уу?
-Улс төрийн хүрээнийхэн намайг мэднэ ээ. Би улс төрийн ямар ч түвшний, аль ч хүчний хүмүүстэй нэг л зарчмаар харилцдаг. Ардчилсан намын лидерүүдтэй ч бишгүй л ажиллаж явсан. Тэр зарчим маань нийгэмд шударга ёс тогтоох, Монгол Улс хөгжин дэвших. Би өөрийнхөө хувийн эрх ашгийн үүднээс эдэнтэй нөхөрлөөгүй. Н.Дугар гэдэг нэг хүн Н.Энхбаяр, Н.Багабанди, Л.Энэбиш гэсэн хүмүүсээр хувийн эрх ашгаа хангуулах гэж ч юм уу, эсвэл эдгээр хүмүүс Н.Дугараар хувийн эрх ашгаа хангуулах гэсэн асуудал биш шүү дээ. Нэг л зарчим байсан. Тэр зарчим дээрээ бид санал нэгддэг. Ялангуяа Л.Энэбиш даргатай илүү санал нэгддэг байсан. Н.Багабанди ерөнхийлөгчтэй хоёр удаагийн сонгуулийнх нь бүх судалгааг хийж өгч байсан. Судалгааных нь үр дүн бүгд минийхээр гарч байсан. 0,5 хувийн зөрүүгүй л гарч байсан.

-Н.Энхбаяр ерөнхийлөгчтэй?
-2000 оны сонгуульд Н.Энхбаяр дарга, Л.Энэбиш дарга хоёрт судалгааныхаа материалыг өгч байсан. Уг нь эхлээд Ардчилсан холбоо эвсэлд багтсан намуудыг дэмжиж хийж өгсөн юм. Гэтэл тэд маань тийм юм байхгүй, бид дахиад засгийн эрх барина гээд хүлээж аваагүй. 

Намайг МАХН 72 суудал авнаа гэж хэлж байхад Н.Багабанди ерөнхийлөгч хэн нь үнэн ярьж, хэн нь худлаа ярьж байгаа нь хоёрхон сарын дараа баригдана даа л гэж байсан. Н.Энхбаяр дарга А.Цанжидыг дуудаад Н.Дугар гуай ийм судалгаа гаргаад байна. Таных ямар байна гэж асууж л байсан. А.Цанжид нь Н.Дугар арай өндөр судалгаа гаргаад байгаа юм аа, худлаа яриад байна, бараг л манай намыг унагаах гэж ийм юм хийж байна л гэж хардаж байсан.

-Тэгвэл Л.Энэбиш дарга?
-Эби дарга надад сайнаар хандаж байсаан. Сонгуулийн өглөө дөрвөн цагт над руу утасдаад Н.Дугараа, баярлалаа чамд. Дарга баяр хүргэчихээрэй гэж хэлчихээд хэвлэлийн бага хурал руу орчихлоо. Маргааш өглөө уулзацгаая. Чи 72 суудал авнаа гэж хэлж байсан. Авчихлаа. Р.Гончигдоржийг унана гэж хэлээд байсан. Р.Гончигдорж үнэхээр ялагджээ. Бид ийм үр дүн гарна гэж бодоогүй юм аа гэж ярьж байсан. Совестийнхоо хувьд утасдаж байна гэдэг нь сайхан л байсан. Би өөр эрдэнийн хишиг тараах тухай уралдаж суух. Иргэний нигмийн хөдөлгөөнүүд ч ийм нэр хүндийг олж авч чадахгүй байх байсан. 

-Өөрийн тань ярианаас үзэхэд таны сүүлийн 20 жилийн амьдрал улс төрийн хөшигний арын элдэв үйл явдал дунд өнгөрчээ. Яагаад ил гарч ирээгүй юм?
-1989 оны 12 сарын 20-доор П.Нэргүй доктор над руу утасдсан. Монголын ардчилсан холбоо (МоАХ) гэдэг юм байгуулагдаж байгаа. Дүрэм журмыг нь боловсруулах ажил гараад байна. Хоёулаа хамтаръя гэж. Ингээд бид хамтран ажилласан. Дараа нь нэгдүгээр сарын сүүлээр талийгаач С.Зориг ер нь одоо Н.Дугарыг ил гаргая, яагаад гэвэл манай МоАХ-ны анхны 13 л гэж байгаа юм л даа. (Уг нь 15 байсан юм. Манай монголчууд чинь 15 ч байсан 13, ер нь бүх л юмыг 13 руу л аваачиж шидээд байдаг болчихсон улс) Бидний 13 дотор эдийн засгийн хүн алга. Н.Дугарыг гаргаж ирье, бид эдийн засгийн асуудлууд дээр паг суучихаад байнаа гэж намайг ил гаргая гэдэг асуудлыг тавьсан юм. Одоо талийгаач С.Зориг, П.Нэргүй бид гурав сууж байгаад шүү дээ. Би ч бас гарвал гарчих санаатай. Залуу ч байсан. Тэр үед П.Нэргүй надад нэг л юм хэлсэн. Н.Дугар аа, хэрэв чи ил гарах юм бол маргааш өглөө Аюулаас хамгаалах яамны баривчлах тогтоол, ажлаас халсан Жасрайгийн тушаал хоёр чиний ширээн дээр байна шүү гэж. Бүх тоо баримт, бодлого Н.Дугараа чам дээр зангидагдаж байгаа шүү. Ил гарч болохгүй гэж хэлсэн. Тэгээд л ард үлдсэн. Уржнан надад хэлж байна лээ. Чи ил гараагүй чинь зөв байсан байгаа биз гэж. Эдний яаж заваарч байгааг чи харж байгаа биз гэж.

-Тэгэхэд та ямар ажил хийдэг байсан юм бэ?
-Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороонд ажиллаж байсан юм.

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-Нийгэм маань гурав дахь хүчний орон зайг хүсч байна. Энэ хөрсөн дээр бие даагчдад гарч ирэх боломж байгаа. Нийгэм ч дэмжих хандлагатай байна. Энэ өнцгөөс нь нэр дэвшвэл дэвшчихье гэсэн бодол байна.

-Бие даагаад уу?
-Тийм ээ.

-Тойргоо сонгочихсон уу?
-Сонгоогүй байна. 

-Нээрээ таны хаана сурч, ямар боловсрол эзэмшсэн талаар асуухаа мартаж?
-Би эдийн засагч хүн.

-Хаана төгссөн юм бэ?
-Монголдоо. МУИС-ийг онц төгссөн гэх үү дээ.

-С.Баяр, Ц.Нямдорж нартай бол та ямар ч холбоогүй байх тийм үү?
-2001 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хоёр гурван удаа уулзаж байсан. Намайг ерөнхийд нь гадарлах байх. Ц.Нямдоржийн хувьд ямар ч харилцаа байхгүй

-Түвдийн талаар таны өгсөн ярилцлага анхаарал татсан. Урд хөршийн ганц толгойн өвчин болоод байгаа Түвдийн асуудлаар манайх ёстой нүдээ аньж, чихээ бөглөж байгаа?
-Ер нь бол Хятад манайхыг өөрийн салшгүй бүрэлдэхүүн хэсгээ гэж ойлгохыг хүсдэг нь нууц биш. Тэр хүсэл шуналаа орхисон гэж бодож байна уу. Үгүй л байхгүй юу. Тийм учраас Монгол Улс тусгаар тогтносон улс орон гэдгээ харуулахын тулд Түвдийн бодлогыг гаргаж ирж тавих хэрэгтэй. Тэгж байж дэлхийн сонорт Монгол гэж бие даасан улс орон байна гэдгээ сонсгох хэрэгтэй. Хамгийн наад зах нь ядаж хүний ёс жудгаа бодсон ч Далай ламыг урьж авчраад бүгдээрээ хуйларч байснаа ч санаж, хүн чанарын үүднээс зовлонг нь хуваалцах, санаа сэтгэлийн ч атугай дэмжлэг үзүүлэх сэтгэл төрдөггүй юм байх даа. Сонгууль ойртохоор далжиганалдаж очоод л бүгдээрээ хамт зургаа татуулаад тэрийгээ баахан тараадаг биз дээ. Би тэдэнд хүн чанарын үүднээс л сануулж дуугарсан.

-Хүн чанар...хүний мөс гэснээс таныг зарим нь төрийн хутгуур гэж дүгнэдгийг мэднэ. Яагаад тэгдэг юм бэ?
-Ажилгүй, гудамжинд явж байгаа эгэл жирийн нэг иргэнээр хутгуулаад байдаг төр юм бол хөөрхийлөлтэй л байна гэж хэлье дээ. Өөр би юу хэлэх юм бэ. Хуйвалдааныг нь илчилж, таслан зогсоодог учраас л надад элдэв нэр хоч зүүж, хардаж сэрддэг.

-Бас таныг “Аалзны тор”-ыг хэн нэгнийг айлгах гэж бичсэн. Түүнийхээ гавьяагаар тэр хүн дээрээ очоод “нэгдчихсэн”, гар хөлийн үзүүр болж яваа гэх юм ?
-Надад хэн нэгэн дээр очиж нэгдэж, хэн нэгэнд тал засах шаардлага байхгүй. Би эрх мэдэлгүй, бодит хөрсөн дээрээ алхаж гишгэж яваа энгийн нэг хүн учраас хэнээс ч айж, хэнээс ч юм гуйх шаардлага байхгүй.

-Өөрийн тань тодорхойлсноор Н.Дугар гэдэг энэ эгэл жирийн нэг иргэн хүн хэзээ ч сэтгэл амар амьдраагүй юм шиг. Өндрөө авсан улс төрийн найраанд орооцолдож явсаар сүүлдээ юу ч хожоогүй гунигтай дүр төрх харагдаж байна гэвэл та гомдохгүй биз дээ?
-Улс төрийн найраанд оролцож явсан бол өнөөдөр би эрх мэдэлтэй, ажил төрөлтэй, албан тушаалтай явж байх байсан юм биш үү. Тийм биш байгааг минь чи гэхэд нэлээн олон жил мэднэ дээ. Харин би тэр найраанд оролцоогүйгээрээ нэр цэвэр хоцорсон гэж би өөрийгөө боддог. Миний хожил бол энэ.