Нэг номын нэг хуудасны нэг догол мөрөөс үүдэн...
1867 онд Монголоор аялсан тэмдэглэлээ Жон Шийпшанкс бүр хожим, 1903 онд “Монгол Сибирь дэх миний амьдрал” нэрээр ном болгон хэвлүүлжээ.
Монголоор аялсан Норвичийн хамба
Жон Шийпшанкс 1834 онд Лондон хотноо төржээ. 1893 онд Христ шүтлэгтнүүдийн дунд нэр хүндтэй Норвичийн бишоп буюу хамбаар томилогдох хүртлээ дэлхийг тойрон аялж, олон сонирхолтой адал явдалтай учирсан хүн. Тийм нэг адал явдал нь 1867 онд Монгол улс, Өргөө хотоор дайрсан аялал нь юм.
Жон Кэймбрижийн их сургуулийг төгссөнийхөө дараа Лийдст сүм шашны алба хашиж байгаад Канадын Бритиш Коламбиа мужид томилогджээ. Чухам энэ үеэс л тэрбээр олон газар орноор аялж эхэлсэн аж. Эхний удаад Ванкуверээс Сан Франсиско, тэндээсээ Юта муж орж, Мормон шашныг үндэслээд байсан Брихам Янгтай танилцан, дагалдагсдад нь ном сургаал айлдсан гэдэг. Тэр үед мормончууд олон эхнэр авдаг хэвээр байсан, өдгөө эсрэг болсон хоёр урсгалын хоёр том төлөөлөгч эрхэм юу ярьсан, Шийпшанкс ямар сургаал айлдсан зэрэг нь нэн сонирхолтой, харамсалтай нь тэмдэглэгдэн үлдсэнгүй. Тэндээс Шийпшанкс Монреаль, Нью-Йоркоор дайраад Вашингтон Ди Си-д ирж хэсэг саатсаны эцэст усан онгоцоор төрсөн нутаг Лондондоо харьсан байна.
Төд удалгүй Канад руу буцаад, тэндээсээ харин бөмбөрцгийн эсрэг этгээд рүү хөдлөн, дэлхийг бүтэн тойроод англи орохоор шийджээ. Ингээд 1867 оны хавраас Хонолулу – Хонг Конг – Монгол – Сибирь – Москва – Петрбург - Герман гэсэн чиглэлээр аялсаар 11 сард Лондонд ирснээр адал явдал, үзэх харах юмаа үзсэнд тооцож, шашныхаа үйлд зүтгэн, суурин амьдрах болсон юм гэдэг.
Жон Шийпшанксын ам бүл өнөр өтгөн, үр хүүхдүүдээс нь арван гурав нь нялхын эндлээс давж хүн болсон, өөрөөр хэлбэл Инжинаашийн хэллэгээр бол “их өсөж, бие бүтсэн” ажээ. Тэднээс 1872 онд Мари хэмээх охиных нь амьдрал тэмцэл нэн сонирхолтой. Эцэг эх нь шашин сүмийн ажил хөөгөөд олигтой анхаарч чадаагүй аж. Хурц ухаантай, ихийг уншдаг Мари охины ид үзэл бодол төлөвшдөг насанд эцэг эхийнх нь хайр халамж дутсанаас болж эцгийнхээ шашны эсрэг үзэлтэн болон өсөж, социалист, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, пасифист болжээ. Виржиниа Вүлф, Бэртранд Рассэл нартай нөхөрлөн, үзэл бодлоо уралдуулж явав. Дэлхийн 2-р дайн дэгдэхэд Хитлэрийг жигшин, пасифист буюу энх тайванч, цэргийн хүчнийг үл дэмжигч үзлээсээ арга буюу татгалзаж, Британийн армийг дэмжих болсон байна. Энэ нь оюун санааны хувьд маш хүнд цохилт болсон гэдэг. Хурц ухаант, хүчирхэг, тэмцэгч бүсгүйд таарах хань нөхөр гэж гарсангүй, насаараа ганц бие явсаар асрамжийн газар, үл таних хүний гар дор нүд аних хувьтай болсноо мэдүүтээ бурханы орон өөд өөрөө яваад өгсөн юм билээ. 1960 он. Гэвч энэ удаад Маригийн тухай биш, эцгийнх нь тухай, эцгийнх нь Монголоор аялсан тухай өгүүлнэ.
Норвичийн хамба Жон Шийпшанкс
Монгол, Сибирь дэх миний амьдрал
1867 онд Монголоор аялсан тэмдэглэлээ Жон Шийпшанкс бүр хожим, 1903 онд “Монгол Сибирь дэх миний амьдрал” нэрээр ном болгон хэвлүүлжээ. Гучаад жилийн дараа ийнхүү хэвлүүлж буйгаа тэрбээр номынхоо өмнөх үгэнд ийн тайлбарлаж: “Яагаад олон жилийн өмнө хэвлүүлсэнгүй вэ? Яагаад одоо тэгвэл хэвлүүлж буй хэрэг вэ? гэсэн хоёр асуулт гарах нь дамжиггүй. Эхний асуултын хувьд үргэлжийн завгүй ажил амьдрал маань надад тэмдэглэл дэвтрээ эмхлэх боломж олгож байсангүй (төрсөн охиноо хүртэл анхаарч чадаагүйг нь санана уу. М. С.)... Хоёр дахь асуултын хувьд Вэсткотын хамбаас авхуулаад олон анд маань “харьцуулсан шашин судлал” гэж чухал ухаан болохыг хэлж, миний ламын шашин, бөөгийн шашны тухай яриа тэмдэглэлийг ихэд сонирхож байсан тул бичиж үлдээх нь зүйтэй хэмээн үзэв. Бас үр хүүхдүүддээ үзсэн харснаа ярихад “Та энэ амьдралаа ном болгон бичээч” хэмээн шалдаг байлаа....”
Үнэхээр Шийпшанксын номд шарын шашин, бөөгийн ёсны тухай ажиглалт, тэмдэглэл чухал суурь эзэлдэг. Угаас Америкийн индиан, мормоны төлөөлөгч нартай хүртэл уулзан судалж явсан, Христийн шашны том төлөөлөгч болохын хувьд сонирхлоо дагаад харьцуулсан шашин судлалын талбарт өөрөө ч мэдэлгүй хувь нэмрээ оруулаад л яваад байж. Гэвч мэдээж өөрийнхөө шашны талаас л үнэлж дүгнэж, буруутгаж байсан нь бас үнэн.
1867 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Жанчхүүд ирж, Өргөөгөөс жин тээж ирсэн Гэлэг, Бар хэмээх хоёр Монголтой танилцан, буцахдаа авч явахыг гуйснаар Жон Шийпшанксын аялал эхэлнэ. Энэ бяцхан өгүүлэлд гэхдээ энэ номын тухай бүтнээр өгүүлэх гэсэнгүй, тэгж ч дийлэхгүй, харин ганцхан хуудасны ганцхан догол мөрөн дэх хэдэн өгүүлбэрийг л хамтдаа задлан үзье.
Жон Шийпшанксын ид залуугийн зураг.
Монголчууд эмх замбараатай, ихэнх нь уншиж бичиж чадна
Номын 102-103 дугаар талыг дамнасан догол мөрний сүүлчийн 4 өгүүлбэрийг та бүхэн харж байна. Энэ дөрвөн өгүүлбэр бидэнд түүх соёлын ямар мэдээ дамжуулж чадахыг эргэцүүлэхийн зэрэгцээ харийн хүний нүдэнд монголчуудын энгийн амьдрал байдал хэрхэн туссаныг авч үзье.
- Mongols are orderly and contented – Монголчууд сахилга бат, эмх журамтай, сэтгэл хангалуун улс.
Энд монголчуудын аж амьдралаас гадна төр засгийн тогтолцооны талаар өгүүлж буй юм. Өмнөх догол мөрд Манж Монгол хоорондын харилцаа, Улиастайн жанжин хийгээд Богд хааны тухайд тайлбарлан өгүүлсэн байв. Аймаг хошууны тогтолцоо, хэн нь хэндээ харьяалагдах тухай өгүүлээд “монголчууд сахилга бат эмх цэгцтэй” гэсэн нь төр засгийн зохион байгуулалтыг нь хэлж буй хэрэг.
“Сэтгэл хангалуун” гэсний хувьд Богд хаан орон нутгийн хүмүүс, малчин ардын амьдралд тэр бүр оролцоод байдаггүй, ардууд нь өөрсдөө дотоод амьдралаа мэддэг, тиймээс “сэтгэл хангалуун” гэсэн санааг хэлжээ. Ер нь манж нар Монголыг барихдаа ийнхүү юм бүрийг нь заах захирах биш, нүүдэлчин ардыг аль болох чөлөөтэй, “сэтгэл хангалуун” байлгасан нь нарийн бодлого байсан бололтой. Хожим Шинэ бодлого гэж гаргаад, ард ноёдын дургүйг хүргэхэд юу боллоо?
Номын нэг догол мөр
- There are no beggars except the Lamas – Лам нараас өөр гуйлгачин гэж үгүй
Энд хоёр зүйлийг дурдаж болно. Нэгд харийн хүний нүдээр хэн юу гэж харагдах тухайд. Лам гэдэг нь энд бадарчдыг хэлж буй нь тодорхой байна. Бадарчин гэж ямар зорилготой, хэрхэн аж төрж, юу хийдэг хүн болохыг ойлгоогүй учраас барууны соёл дахь “гуйлгачин”-тай зүйрлэм харагдаж.
Нөгөө талаас Жон Шийпшанкс Хүрээнд нэлээд удаан саатсан хүн, бадарчдаас өөр бадар барьж байгаа хүн хараагүй нь нэн сонирхолтой. 1867 он гэхэд Хүрээнд гуйлгачин байгаагүй аж. 19-р зууны сүүл, 20-р зууны эхээр Монголд аялагсдын тэмдэглэлд хог, нохой, гуйлгачин гурав заавал дурдагддаг. Хэзээ ийм болов? Цааш нь сурвалжлан үзүүштэй.
Жон Шийпшанкс монгол эмэгтэйн өмсгөл зүүлтийг гараар зурсан нь
People mostly read and write – Хүмүүсийн олонх нь уншиж, бичнэ
Энэ бол Монгол хэл соёлын хичээл зааж буй, сонирхон судалж буй бүх хүнд маш чухал өгүүлбэр. Нэн чухал эшлэл. Номын нэр хуудастай нь бичиж тэмдэглэж аваад, оюутан сурагч нартаа хэлж байх ёстой өгүүлбэр. (Юу хүлээгээд байна, үзэг дэвтэр аваад бичээрэй: Жон Шийпшанкс “Монгол Сибирь дэх миний амьдрал: Хятадын Их Цагаан хэрмээс Уралын нурууг хүртэл”, Лондон, 1903 номын 103 дугаар тал). Бидний тархиа угаалгаж ирсэн түүхээс огт өөр түүх. Монголчуудын олонх нь уншиж бичнэ гэж.
Юуны өмнө нэг зүйлийг хэлэхэд Жон Шийпшанкс монголчуудыг худлаа магтана гэж бол байхгүй. 18-р талд жишээ нь “Монголчууд шиг бохир улс би хараагүй, усанд орно гэсэн ойлголт тэдэнд үгүй” гэхчлэн бичсэн буй. Өөрөөр хэлбэл үзсэн харснаа л бичээд явж. Тэр үзсэн харсан нь юу гэвэл монголчууд бараг бүгд уншдаг бичдэг.
Хоёр зүйлийн асуулт эндээс ургана. Юуны өмнө, 1867 он гэхэд Хүрээнд гүйлгачин байгаагүй, хэзээ бий болов гэдэгтэй төстэйгөөр Жоныг Монголд очих үед ийм боловсролтой байгаад, хожим 20-р зууны эхэн гэхэд тэгтлээ доошоо оров уу?
Өөр нэг асуудал нь Ри багшийн сануулан хэлдэг байсан, бичиг үсгийн мэдлэгийг шалгах асуулгын үг хэллэг. Жоны хэлсэн “олонх” буюу уншиж бичиж чаддаг ер орчим хувь 20-р зууны эхэн үеийн тооцоогоор эсрэгээрээ, бичиг үсэггүй болчихсон байдаг гайхалтай. Тэр судалгааны асуулт нь “Та монгол бичиг МЭДЭХ үү?” гэж байсан гэдэг. “МЭДНЭ, МЭДЭХ” гэдэг бол монгол хүнд дэндүү том үг. “Энэ хүүхдийн толгойг би мэднэ” гэвэл зүгээр нэг “мэдэх” мөн үү? “Шийдэх, эзэмших” утга байгаа биз. Тийм нэг анкетан дээр Судар бичгийн хүрээлэнгийн захирал, их эрдэмтэн Онходын Жамьян “монгол бичиг халти мөлт гадарлана” гэж хариулсан гэдэг. Онходын Жамьян монгол бичгийг халти мөлт гадарлаж байхад зүгээр нэг уншчихдаг ард “монгол бичиг мэднэ” гэж хариулах зэдхил нь хүрэх үү? Энэ хоёр асуултыг уншигч танд нээлттэй үлдээе.
Өргөө дэх наян тохой Майдар. Жон Шийпшанксын гар зураг.
There are two-police officers in Kuren, or Ourga, one lay and one chosen from the Lamas, who are present at the ceremonies – Хүрээ буюу Өргөөд хоёр төрлийн цагдаагийн ажилтан байна. нэг нь хар, нөгөө нь лам нараас сонгогдсон, ёслол үйлд оролцдог цагдаа
Хар буюу төрийн цагдаа бол ойлгомжтой. Харин тэр аливаа баяр ёслолыг зохицуулж байдаг лам цагдаа гэдэг нь гэсгүйг хэлж буй нь дамжиггүй. Ер нь хэрвээ дэг журам сахиулагч хүнийг “цагдаа” гэж нэрлэж болно гэвэл гэсгүй бол яах аргагүй “цагдаа” мөн л дөө.
Норвичийн хамба Жон Шийпшансын Монгол Сибириэр аялж бичсэн 175 хуудас номын ганц хуудасны ганц догол мөрийг сөхөн харахад ийм байна. Бадарчныг гуйлгачин, гэсгүйг цагдаа гэж цэвэр англи нүдээр харж дүгнэсэн гэнэн гэмээр ажиглалт байгаа ч тэр үеийн Монголын амьдрал, аймаг хошууны эмх цэгц, ард олны сэтгэл санаа, бичиг үсгийн боловсролын талаар сонирхолтой баримт үлдээсэнд нь талархууштай.
“Монголчуудын олонх нь уншиж бичиж чадна”. Гагц энэ өгүүлбэрт л сэтгэл бүрэн ханав. 1867 он шүү дээ.
Вашингтон хот.
ү
Монгол
Зочин
Эрдэнэбаяр
Зочин
Зочин
Болорт
Болор
Ч.Б
Зочин
Яг л одооных шиг хүмүүс нь IQ сайтай , улс орон нь новш болох зам руугаа явсан байжээ
zhochin
Yubo
Зочин
Зочин