Ёко Мияахара: Морин хуур манай гэрт эртний дотно анд мэт орж ирсэн

“Америкийн bонголчууд” булангийн энэ дугаараар Америкийн ч биш, монгол ч биш нэгэн эрхмийг урин оролцуулсан нь учиртай. 2018 оны 9 сард АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хотод орших Төвөд Монголын Шашин Соёлын Төвийн 40 жилийн ой болсон юм. Далай ламын ах Дагцэр рэнбүчигийн үүсгэн байгуулж, өдгөө Ажаа гэгээнтний тэргүүлж буй энэхүү төвийн ойд Япон улсаас уригдан ирж, морин хуурын ая дуугаар бэлэг барьсан тэр бүсгүйг Ёко Мияахара гэнэ. “Сэрсэн тал”, “Цагаан суварга” гэх мэт аялгууг монгол мэргэжлийн хөгжимчдтэй хамт суугаад ижил зиндаанд хуурдах нь бахархмаар.Монголоос илүү монгол болж, морин хууртайгаа хүн мэт ярилцдаг, монгол хүнд туслах ёстой хэмээн тэнгэрт амласан Ёкотой Индиана мужид монгол хэлээр хэдэн үг сольсон юм. Найруулга, үгийн сонголтыг бага зэрэг зассанаас бусдаар Ёкогийн монголоор ярьсныг яг уг эхээр нь буулгахыг хичээв. 

Би монгол хүнд туслах ёстой гэж Тэнгэрт хэлсэн


Та анх хэзээ, ямар хэргээр  Монгол явсан юм бэ?

Би 1995 онд анх Монголд очсон. Морь унахаар явсан юм. Тэр үед Монголын тухай юу ч мэддэггүй байлаа. Сонин хэвлэлд ч юм гарахгүй. Тэгээд Монголд очоод морь унаад үзтэл монгол хүн япон хүнтэй нүүр царай ч төстэй юм байна, сэтгэл зүрх ч адилхан юм байна гэж мэдэрлээ. Монголын тал нутагт ахин очих ёстой юм байна гэж бодсон, ингэхдээ монгол хэл сурсан байх ёстой юм байна ч гэж бодлоо. Яг тэр үед л гэнэт Монголыг дэмжигч, хайрлагч хүн болсон юм даа.   

Тэгээд эргэж Монголд очоод монгол хэл ингэж сайн сурсан юм уу?

Үгүй, эхлээд Японд сурсан юм. Гэхдээ Японд бас монгол хэлний сургууль гэж байсангүй. Хоёр сургуулийн сураг сонстлоо. Нэг нь Өвөр Монгол багш заадаг гэнэ, гэхдээ их хол юм байна. Нөгөө нь монголч эрдэмтэн Шигэо Озава багш заадаг газар байна. Ойрхон байсан учраас тэнд очлоо. Тэгтэл Озава багш монгол хэл шинжлэлийн эрдэмтэн болохоороо монгол бичиг заадаг юм байна. Би ч бодлоо, “Намайг очиход хэрэглэж байсан бичиг энэ биш ээ, кирил сурах хэрэгтэй байна” гэж. Тэгтэл тэр үед Монголоос ирсэн судлаач оюутан монгол хэл заадаг нэг дугуйлан байна гэж сонслоо. Тэр нь танай эгч Саранцэцэг багш байсан юм. Тэгээд тэнд яг эхнээс нь “Сайн байна уу, сайн” гээд л сурсан даа. 

Таныг бас Япон дахь монголчуудад байнга тусалдаг гэж сонссон юм байна. Энэ талаараа?

Анх Монголд очиход л нэг их сайхан нутаг санагдсан. Тэнгэр хангай ч сайхан юм. Яг л Чингис хааны явж байсан тал нутаг энэ мөн дөө гэж бодогдохоор өргөн уудам нутаг. Тэгээд ийм сайхан нутгийн хүмүүс хэрвээ Японд байгаад, амьдрахад хэцүү байгаа бол би заавал туслах юм шүү гэж Тэнгэрт амласан юм. Тэгээд Хаврын баярын гишүүн боллоо, монгол оюутан залууст тусалдаг боллоо. 

Япон машин түрж Увс нуур хүрсэн түүх


Увс аймагт, дөрвөд айлд очсон түүх тань их сонин доо. Увс нуур луу хэзээ явсан гэдэг билээ дээ, та?

Аа тэр инээдтэй түүх. 95 онд анх би морь унахаар Монгол явсан гэсэн дээ. Тэгэхдээ Улаанбаатарын ойр орчимд л унасан юм. Дараа жил нь нэг газрын зураг гаргаж хараад нэг нуур байхаар нь “За ийшээ явна аа” гээд л шийдчихсэн. Тэр нь Хөвсгөл нуур. Тэрний дараа 98, онд бас газрын зургаа харж байгаад “Энд нэг нуур байна, ийшээ явна аа” л гэлээ. Тэгээд Увс нуур явсан хэрэг. Улаангом хүртэл онгоцоор нислээ. Тэнд нэг найзын маань эгч хүлээж аваад хоёулаа хамт Увс нуур, бас нэг дөрвөд айлд очихоор боллоо. Машин тэрэг ч бэлэн гэнэ. 

Ямар машин байв?

Япон машин байгаа, санаа зовох хэрэггүй ээ л гэж байна. Харсан чинь миний огт хараагүй машин байна. Гайхаад энэ ямар машин бэ? гэсэн Тоёота гэнэ. 

“Тоёота гэнэ ээ? Ийм Тоёота би огт хараагүй дээ? 

“Зүгээр ээ, санаа зовох юмгүй ээ”. 

Тэгэхэд би монгол хэл сайн сураагүй байсан үе, найзынхаа эгчтэй англиар бага сага яриад л ойлголцоно. За тэгээд Хархираагаас эхлээд олон сайхан газраар явах боллоо. Жолооч тэгтэл Хархираад сайхан зуслан байгаа, тэнд хоноод явах уу, ёстой нэг сайхан байгальтай, та сайхан амраад хононо оо гэнэ. Сайхан байгальтай газар, сайхан амрахыг хэн хүсэхгүй байх билээ, “Тэгье ээ” л гэлээ.

Хархираагийн амралтын газар тэгээд сайхан амрав уу?

Бүгдээрээ нэг өрөөнд ороод л яг сайхан унтах гэж байсан чинь хажуугийн өрөөнд дээд сургуулийн оюутнууд бололтой залуус хашгиралдаад эхэллээ шүү. Эрэгтэй эмэгтэй оюутнуудын дуу чанга гэж. Хориод залуус архи уугаад л байна. Тэгж байснаа гэнэт дуу нь чангараад уурлацгаагаад уналаа. Би ч яаж унтъя даа гээд л санаа зовж хэвтсэн, юун унтах, нөгөөдүүл бүр пид пад гээд зодолдоод эхэллээ шүү.

“Эгч ээ, яасан бэ? Юу болж байгаа юм бол оо?”

“Хүмүүс зодолдож байна аа, гарч болохгүй, аюултай. Чи хурдан унт” гэнэ.

Пид пад гээд нэгнээ бүр аллаа, би яаж унтах юм бэ, хүмүүс зүгээр бол уу гээд бүүр санаа зовлоо. 

Тэгтэл нэг охин гарах шиг боллоо. “Тэр намайг ингээд, ий ий ий” гээд нарийхан дуугаар уйллаа. Нэг эрэгтэй араас нь гарснаа, аргадах гэж байгаа бол уу гэж бодсон чинь “Тэр чинь бас тэгээд ингээд, ай ай ай” гээд бүдүүн дуугаар учиргүй уйллаа. Би хэл сайн мэдэхгүй, гэхдээ “Би муу хүн биш ээ” л гээд байх шиг байсан. Тэгээд ашгүй бүгдээрээ нэгнээ ойлгоод учраа олох шиг боллоо. Хэсэг чимээгүй болохоор нь одоо л нэг унтах нь дээ гээд ихэд баярлатал гэнэт нэг нь:

“Сүүний үүүүүнэр шиииййнгэсээээээн…” гээд л эхэллээ шүү. Бүгд түрж байна. За ямар ч байсан зодолдохгүй, тайвширцгаасан байна, аштай юу даа, ганц дуу дуулаад унтах юм байх даа” гэсэн дуусуутаа “одоо хэн ямар дуу дуулах вэ” гэлцэж байна. Тэгсээр байж үүр цайх үеэр нэг нам гүм болохоор нь ганц сайхан дуг хийгээд авъя даа гэсэн, хажуудах улс, ялангуяа жолооч маань их дуугаар хурхираад эхлэв. Ингээд огт унталгүй өглөө болсон, жолооч босож ирээд “За сайхан амрав уу?” гэдэг байгаа. 

“Үгүй ээ, би сайхан амраагүй ээ”

“За зүгээр зүгээр, Одоо хөдөлнө өө”

За тэгээд гарч шидээд зорьсон газраа саадгүй хүрэв үү?

За биш ээ (инээв). Дөнгөж замд гартал гэнэт дугуй хагарчихлаа. Би эхлээд тоосонгүй:

“Запас дугуйгаа тавиарай” 

“Запас дугуй гэж байхгүй ээ”

“Яагаад байхгүй вэ?”

“Япон машин болохоор эвдрэхгүй зүгээр гэж бодсон юм аа” 

“Япон машин мөн бол заавал нэг запас дугуй байх ёстой, ард урдахаа нээгээрэй”

“Байхгүй ээ байхгүй”

“Тэгвэл япон машин биш ээ”

“За зүгээр ээ зүгээр”

Тэгээд баахан хүлээлээ. Жолооч “Чи унтаж чадаагүй гээ биз дээ? Унт унт гэнэ. Өлсөж цангаж эхлэв. Айлд очно гээд бэлгэнд чихэр печень авснаа идэж эхэллээ. 

“Хэзээ болтол хүлээх юм бэ?”

“Мэдэхгүй ээ, машин ирнэ, тэгэхээр дугуй гуйж авна аа”

Харанхуй боллоо. Тэгтэл гэнэт “За, Ёко чи азтай шүү” гэнэ. Яагаад би азтай болов оо гэсэн “Тэр харж байна уу, гэрэл гарч байна, чи азтай”.

Тэгснээ, “Өө чааваас аа, тэр гэрэл ганц л гэрэл байна, муу юм боллоо” гэнэ. Ганц гэрэл нь тэгтэл мотоцикл. Мотоциклтой хүнд “Аймгийн төв хүртэл 30 минут яваад, цагдаад хэлээрэй. Дугуй аваад ир гээрэй” гээд явууллаа. Гучин минут, нэг цаг, хоёр цаг боллоо. Байдаггүй. “Ёко чи зүгээр суухаар хөзөр тогло” гэнэ. Гурван цаг хөзөр тоглолоо. Хэн ч ирдэггүй. Тэгж байснаа ахиад л “Өө Ёко чи их азтай байна аа л” гэнэ. Тэр өдөржин, шөнөжин л би их “азтай байлаа”. Яав гэвэл “ахиад гэрэл гарч байна, энэ удаад хоёр гэрэл байна, азтай юм аа чи” л гэнэ. Тэр нь нэг жаран ес машин байна, дотор нь таван эрэгтэй хүн, бүгд шал согтуу. Хоёр шил архиар нэг дугуй солихоор тохирч, тэрийгээ манай жолоочтой хувааж уугаад, манай жолооч одоо бас согтчихлоо. За тэгээд маргааш өглөө нь цаашаа гарах болов.

Улаангомоос Увс нуур хүртэл уг нь ганц хоёрхон цагийн газар даа. Хоёр хоночихов уу даа? За тэгээд дугуйтай болж байж нэг юм хүрэв үү?

Бас болоогүй ээ. Өглөө жолооч согтуу хэвээрээ. Тэгэхээр нь би үнэхээр япон машин юм бол барьчихъя гэж бодлоо. Тэгээд гар тоормосыг нь татсан, шууд сугараад гараад ирдэг юм байна. “Энэ одоо яаж байна аа?” гээд өндөрт өргөөд асуусан “Ингээд хийичхдэг юм аа” гээд хэд хэд оролдоод жолооч согтуу болохоороо чаддаггүй ээ. Өдөржин ноцолдоод дийлдэггүй.  

“Дөрвөд айлдаа хэзээ очих юм бэ?”  

“Чи япон хүн биз дээ, танай япон машин эвдрээд байна, чи зас” гээд жолооч бүр уурлах маягтай. 

“Араа нь гараад ирдэг япон машин гэж байхгүй ээ” гэсэн би.

За ахиад тэндээ майхан бариад хонох боллоо. Шөнө идэх юм байдаггүй, чихэр печениэ идэж дуусгалаа, ундаа уулаа. Жолооч, нөгөө нэг дөрвөд хүнтэй хамт шимийн архи олж ирээд л уугаад байна.Маргааш нь тэгээд машинаа засаж аваад нөгөө айлдаа очлоо. Жолооч тэр хоёр санаа нь зовоод надад бүр ямааны хорхог хийж өглөө, бантан хийж өглөө. Тэр хавийн айлуудаар орууллаа, баахан шимийн архи, ааруул бэлгэнд авлаа. Уг нь их сайхан байсан гэхдээ замдаа олон хоночихсон болохоор миний явах цаг болчихсон байв. Тэр өдөр нэг цагаас нисэх ёстой, би. Тэгээд бүгдээрээ Улаангом руу буцлаа. Тэгтэл машин ахиад зогсчихов.

“Одоо яасан бэ?”

“Асахгүй байна аа. Та нар гарч араас түр!” гэнэ. Эгч бид хоёр, нөгөө дөрвөд хүн, бас нэг 13 настай хүү явж байсан, бид хэд гараад машины араас түрээд гүйлээ. Түрж байтал машины ард яах аргагүй Тоёота гэсэн бичиг байна шүү. Үнэхээр Тоёота мөн байх нь. Их сонирхоод машиныг нь судлаад үзсэн чинь 1969 оны Тоёота байж. Жолооч ямар ч байсан худлаа лав хэлээгүй байжээ. “Уучлаарай, миний буруу, япон машин мөн байна аа”. Японд 10, Сингапурт 10, Хонг Конгод 10 шахам жил яваад Монголд ирсэн тэрэг юм байна. Би ёстой барааг нь ч харж байсангүй. Тэгж явсаар онгоцноосоо хоцррод ирсэн, гэхдээ онгоц харин хүлээж байсан шүү.  

Морин хуур маань намайг мэдэрдэг


Анхны морин хуураа хаанаас авсан бэ?

Япон Монголын “Найрамдал” гэж нэг холбооны тоглолт Японд болдог байсан юм. Жил бүр Монголоос морин хуурч, бишгүүрч, ёочинч нар ирнэ. Нэг удаа ирсэн хөгжимчидтэй сурсан монгол хэлээрээ, монгол соёлын тухай ярьж байлаа. Тэгтэл Бат-Очир гэж морин хуурч “Ёко, чи Монгол соёлыг үнэхээр сонирхдог бол гэртээ нэг морин хуур тавибал их сайн. Морин хуур танай гэрт аз жаргал авчирна, гэрийг чинь хамгаална (жавар үргээх гэдгийг ийн тайлбарласан бололтой М.С.) гэж байна. Тэгээд би нэг найзтайгаа ерөөсөө Монголоос морин хуур захиалъя гэж шийдлээ. Тэгээд Бат-Очирт хэлээд дараа жил нь морин хуураа авав.

Ямар морин хуур байна?

Би зүгээр гэрээ хамгаална, аз жаргал авчирна гэсэн болохоор жижигхээн морин хуур ирэх байх гэж бодож байсан юм. Тэгсэн чинь бүр маш том морин хуур. Яг мэргэжлийн, тоглолтын морин хуур хүрээд ирсэн. Тэгээд гэртээ юу ч гэсэн тавьчихлаа. Тэрнээс хойш морин хуур манай гэрт их сайн сайхныг авчрах шиг санагдсан. Сэтгэл бүр нэг сайхан уужраад явчихсан. Гэртээ орохдоо яг нэг шинэ найзтай болсон юм шиг. Бүр их дотно, эртний найз шиг. Тийм болохоор нэгэнт тоглолтын морин хуур хүрээд ирсэн, тэгээд намайг дуудаад, надтай нөхөрлөе гээд байгаа юм бол тоглож сурах хэрэгтэй юм байна гэж бодсон. 

Өөрөө бие дааж сурав уу, тэгээд?

Анх харахад их хэцүү санагдсан. Өмнө би гитар тоглож байсан, хийл бас мэднэ. Тэр хоёроос бүр их өөр. Хоёрхон чавхдастай. Багш байна уу гээд л хайдаг боллоо. Тэгж байтал 2000 онд Элчин сайдын яаманд Архангай аймгийн Амартүвшин ирсэн юм. Амартүвшин морин хуурын хичээл заасан нь ямар учиртай гэхээр миний нэг япон найз, компанийн захирал, бас надтай адил Монголыг дэмжигч байсан юм. Тэр найз маань морин хуурын дугуйлан байгуулаад, Амартүвшинг багш болгоод, намайг тэр дугуйланд яваарай гэж хүссэн л дээ. Ингээд нэг жил тэнд сурлаа. Бүтэн жил даа-раа, даа-раа гээд л гамм тоглоод л байлаа. Заримдаа их удаан, өөр шинэ дуу сурах юм сан гэж бодно. Тэгж байхдаа нэг их сонин зүйл мэдэрсэн. Гамм тоглоод хуур татаад суухаар сэтгэл амраад ирдэг болов. Бас нэг удаа ханиад хүрсэн байсан, морин хуураа тоглоод зүгээр болчихлоо. Их сонин. Хожим нь нэг өдөр морин хуур маань тун тааруухан дуугарч байсан. Тэр өдөр би өвдөөд бүр халуурсан, би. Намайг морин хуур маань яг мэдрээд байх шиг. Тиймээс би сэтгэл санаагаар жаахан унахаараа морин хуураа бариад авдаг болсон юм. Тэр их сонирхолтой явдал, би одоо хүртэл сайн тайлбарлаж чаддаггүй.

Жанцанноров гуайн нэрэмжит тэмцээнд орж түрүүлсэн чинь хэзээ билээ?

Түрүүлсэн маань 2015 он. Тэрнээс хоёр жилийн өмнө анх удаа тэр тэмцээнд оролцсон юм. Тэгэхэд сайн тоглодоггүй байсан, тэгээд 3-р байранд орж байлаа. Хичээлээ илүү сайн хийсээр байж 2015 онд орж түрүүллээ. Тэгэхэд Жанцанноров багш “Хичээгээрэй” гэж ахиад шинэ зохиосон нэг бүтээлээ өгсөн юм. Багш тусгай бүтээл өгөөд байхад би яаж хичээхгүй байх билээ. Үргэлжлүүлээд л үзээд байгаа. Тэр шинэ бүтээл, төгөлдөр хууртай хамт тоглодог, найман минутын урт аялгуу.  

За баярлалаа. Танд өндөр амжилт хүсье.