Уул уурхайн баялаг үнэд орсон тэр цагаас манай ардчиллын зам төөрөг нь хазайж эхэлсэн юм. Бэлэн зэхээтэй баялаг хичнээн их үнэд орох тусам Монголын ардчиллын "амь тавих" магадлал төдий чинээ ихсэх хамааралтай гэдгийг гадна дотны судлаачид үзмэрдэж байсан. Өнөөдөр тэр нь ёсоор боллоо. Монголд олигархи хэмээх төрийн хэлбэр тогтсоныг өнгөрсөн зургадугаар сарын болон саяын сум дүүргийн сонгууль харууллаа !

Зургадугаар сард явагдсан УИХ, аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар, өмнө хийсэн бүтээсэн ажил үнэлэгдсэнгүй. Нийслэлээ байг гэхэд аймгуудад хавьд үзэгдээгүй бүтээн байгуулалтын ажил явагдсан. Үүнийг тухайн аймгийн сонгогчид уг нь намчирхалгүй зөвшөөрч байсан юм. Гэтэл бүтээн байгуулагчид ташраараа унасан.

Төрийн албыг борлуулж, сонгогчдын саналыг худалдаж авах тухай эрээ цээргүй ярьж байгаа бичлэг цацагдахад сонгогчдын олонхи наанаа дүргүйцээд байсан юм шиг царайлснаа цаанаа үл ойшоов.

Сайн дайрч, уйгагүй муулбал амжилтанд хүрч болдгийг Монгол Ардын нам харуулав. Муулсан тал нь ялагддаг гэсэн цуу яриа худал болов.

Тэгээд зогсохгүй, саяын сүм дүүргийн сонгуулиар Монгол Ардын нам хамтын тэтгэврийн санг болиулна, татварыг нэмнэ, сайн хашааг зогсооно гэх зэрэг сонгогчдын чихэнд тун чиг чимэггүй олон зүйлийг хэлэн хатуурхсаар байсан хирнээ зад ялдаг юм байна. Хамтын тэтгэврийн сангийн тухай ярихдаа олон түмнийг элэглэн басамжлах маягтайгаар онигоо шиг юм хэлж байсныг нь яана гээч! Тэгээд л ялав.

Ийнхүү сүүлийн таван сарын дотор явж өнгөрсөн шат шатны сонгуулиар хийсэн ажил, хийх хөтөлбөр, ёс зүй зэрэг нь ач холбогдлоо алдаж, албан тушаалыг зарж, саналыг худалдаж авах явдал улс төрийн харилцаанд шийдвэрлэх үүрэгтэй хүчин зүйл нэгэнт болсон байжээ гэдэг нь өчиггүй нотлогдлоо. Намууд, зүтгэлтнүүд болон дэмжигчдэдээ төрийн эрх мэдлийг "борлуулдаг" дистэрбүтэрийн өргөн сүлжээ бүхий улс төрийн бизнес эрхэлдэг өвөрмөц маягийн "компани" болсон нь харагдлаа.

Улстөрийн тогтолцоо ийм болсон нь ардчиллаас олигархид шилжих шилжилт гүйцэж буйг илтгэдэг. Ардчилал нь төрийн эрх мэдлийн далд борлуулалтыг хууль ёсны болгодог зах зээл болжээ гэсэн үг! Ардчиллаар халхавчилсан олигархи яллаа!

Монголчууд туурга тусгаар улс байгуулахаар мачийсан сүүлийн 100 гаруй жилийн түүхэнд автономитийн гэх зурвас үеийг эс тооцвол дарангуйллын болон ардчилсан гэсэн хоёр хэлбэрийн төрийн нүүр үзсэн. Харин автономитийн үед Английн Ялгуусан хувьсгалын дараа үеийн олигархи маягийн төртэй төсөө бүхий язгууртнуудаас бүрдсэн Дээд түшмэдээс бүрдсэн Доод хурал гэсэн хоёр "танхим"-тай хурал бүхий олигархи төртэй байсан боловч Дээд хурал нь автономит эрхээ Дундад улсад "худалдcaн"-аар мөнөөх төр дуусгавар болсон юм.

Үүнийг эсэргүүцсэн Доод хурлынхны зохион байгуулсан бослогоос Ардын хувьсгал эхэлсэн түүхтэй. Хоёр "танхим"-тай байсны хэрэг ингэж гарчээ! Өнөөдөр түүх дахин давтагдах янзандаа орж байна. Шинэ тутам байгуулагдаад буй олигархи төрийн "тэргүүн" М.Энхболд Хятадын Засгийн газраас олон тэрбум долларын хоёр хүртэл хувийн хүүтэй зээл хүссэнээ Бээжин явж ирээд мэдэгдлээ. Хятад улс Олон улсын валютын сан шиг хатуу боловч эдийн засгийг чадавхийг дээшлүүлдэг хөтөлбөрийн зээл өгөхөөсөө илүүтэй шууд газар нутаг, эсвэл стратегийн обьектыг барьцаалах, үгүй бол өөрийн бараа бүтээгдэхүүн ажиллах хүчээ шахах зээл өгдөг. Энхболдын хүсэлтийн эдийн засгийн утга нь дүүрч гэхэд , ер нь яахаараа УИХ-ын спикер УИХ-ын шийдвэргүйгээр зээл яриад явж байдаг билээ? Энэ хүн төрийн тэргүүн ч биш, Ерөнхий сайд ч биш, УИХ-ын хуралдаан даргалагч хүн юм шүү дээ?! Бээжинд очихдоо бүр намын ажлаар очсон доо! Хууль бүү хэл Үндсэн хууль ч хамаагаа алдсан бололтой.

Ийнхүү монголчуудад 100-аад жилийн тэртээ гай удаж байсан төрийн хэлбэр эргэн ирлээ. Ядахдаа нийгмийн бусад давхарга, хэсгийг төлөөлөх өөр танхим үгүй, дээрээ тэнгэрээс өөр зүйлгүй УИХ-тай үед эргэн ирж буй нь муугийн ёр.

Олигархи маш аюултай. Харамсалтай нь манай нийгэм олигархийн "үзэл суртал" болох клиентлизм (харж үзэх ивээгч ба хишиг авагчийн харилцаа)-нд бүрэн автсан байгаа. Төрийн эрх мэдэл, албан тушаал, ажлын байрыг өгч авалцах арилжаа олон түмнийг "халууруулж ", үндэсний эрх чөлөө, хувь хүний эрх, эрх чөлөө гэдэг ч юм уу, эс бөгөөс хөгжил дэвшлийн бодлогын үндэс болдог янз бүрийн измуудын мэтгэлцээн, нийгмийн үнэт капитал болох иргэд хоорондын итгэлцэл гээд нийгмийн аюулгүй байдал, сайн сайхантай холбогдох сэдвүүд хүмүүсийн сэтгэлийг догдлуулахаа байжээ. Ийм байхад хүмүүст олигархийн аюулыг ойлгуулах амаргүй.

Би хотын дарга байхдаа харъяа байгууллагын дарга нартаа ялимгүй бүдүүлэгдүү боловч илэн далангүй нэгэн шаардлага тавьдаг байлаа. Хэлэхдээ " та бүхэн нийтийн эрх ашгийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж байгаа гэдгийг эргэлзээнд оруулах үг яриа гараад байх юмаа! Үүнээс болоод та нарын шудрага занд бүрэн найдах аргагүй байдаг. Гэхдээ, энд байгаа хүн бүр эцсийн бүлэгт үр хүүхэд , ач зээ нарынхаа төлөө амьдардаг гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Тийм болохоор ажлынхаа ширээн дээр хайртай үр хүүхэд , ач зээ нарынхаа зургийг тавиад, тэдэндээ ямар хот ямар эх орон үлдээх гэж байгаагаа өөрсдөөсөө өдөр бүр асууж бай!" гэдэг байлаа.

Тиймээ. Хүн хичнээн ч мунхаг увайгүй боллоо гэхэд үр удмаа гэх сэтгэл нь хэзээ ч гээгддэггүй. Бид ийм байхаар байгалаасаа кодлогдсон. Тэгэхээр олигархийн аюулыг сэхээрье гэвэл эх орон эрх чөлөө зэрэг том ойлгоцоос бус, үр хүүхдүүдийг маань угтах гай зовлон юу билээ гэдгээс бодох нь зөв.

Эрх баригчдынхаа эд баялгийн шуналыг гүйцэлдүүлэх "эцсийн зорилготой" олигархи төрийг Платон, Аристотелоос эхлэн судалж дутагдлыг нь заасан байдаг. Тэднээс хойш 2500 гаруй жилийн хугацаанд олигархийг хүн төрөлхтөн хангалтай үзэж туршлага хуримтлуулсан. Одоо ч түүхийн туршлагаа судалж дүгнэх ажил явагдсаар аж. Ямар ч атугай олигархи төртэй улсууд олигархаасаа салж эс чадвал доройтон уруудах чөтгөрийн тойрогт татагдан эргэлддэгийг тогтоогоод байна. Нөгөөх аюул нь энэ!

Дарангуйлагч төр хүнийг хүчирхийлдэг бол олигархи төр иргэдээ мөлжиж туйлдуулдаг. Мөлжлөг нь чөтгөрийн тойрог гээчийг бий болгодог байна. Тэр чөтгөрийн тойрогт нь эргэлдчихвэл улс үндэстэн магадгүй хэдэн үеэрээ ажилгүйдэл, ядуурал, моральгүйтэл, ялгаварлал, хууран мэхлэлт, мансууралт, бие нэр төрийн үнэлэлт, бохир бизнес, мөргөлдөөн хүчирхийлэл, тогтворгүй байдал зэрэг ертөнцийн муу муухай бүхнээс салж чадахгүй болчихно. Чөтгөрийн тойрогт удаад ирэхээрээ хүмүүс, хүн төрхтэй зомби л болцгооно. Сүүлийн үед оркууд гэж нэрлээд байгаа юм уу даа.

Бидний хэн ч үр хүүхдүүдийг маань доройтуулан зомби шиг болгодог нийгмийг хүсэхгүй, хойч үеэ олигархийн шуналын золиос болгохыг хүсэхгүй. Энэ бол өөр юунаас ч илүүтэй эргэлзэхийн аргагүй үнэн. Тэгэхээр хүүхдүүдээ бодоцгооё! Олигархитай тэмцэх хэрэгтэй байна.