Таны “Цахим өртөө”-г санаачлах зорилго юу байв? Тэр үеийн нөхцөл байдал ямар байсан бэ? Цахим өртөөнд дандаа хөгшин хүмүүс байдаг юм байна лээ гээд зарим нэг залуучууд яриад байсан. Тэр нь ямар учиртай билээ?

Цаг үе цаг үеэрээ л байдаг юм байна. 

Тухайн үед “Цахим” гэдэг үг өнөөдрийн “Хиймэл оюун ухаан” гэдэг шиг сонсогддог байв.

Интернэт үүсээд удаагүй, имэйл гэдэг зүйлийг хүмүүс дөнгөж хэрэглэж сурч эхэлж байсан тийм л цаг үе байсан. 1990 оны сүүл буюу 27 жилийн өмнөх зүйлийг ярьж байна шүү. Тухайн үед ном эрдэм голдуу хөөсөн улсууд нь түрүүлээд гадагшаа гарчихсан. Улмаар гадаадад байгаа монголчууд эх орныхоо тухай мэдээлэл авах орон зай, бие биенээ хайж эхэлсэн нь цахим талбар болсон. Тэрнээс бус “Цахим өртөө”-г сонирхлын бүлгүүд нэгдээд зохион байгуулалттай улс төрийн талбар болгох ч юм уу, эсвэл айхтар нарийн зорилго тавьж байгуулсан зүйл огт байхгүй. Зүйрлэж хэлбэл бид Сүхбаатарын талбайг Цахим өртөө болгосон гэсэн үг. Энэ талбай дээр ирсэн хүмүүс дуулах, бүжиглэх, үгээ хэлэх, өлсгөлөн зарлах, баяр тэмдэглэх нь тэдний л асуудал. Бид энэ талбайг нь цахим орчинд бий болгосон. 

Та чинь ХҮН намыг үүсгэн байгуулсан нууц ноёнтон нь юм биш үү? (Инээлдэв)

Цахим Өртөө анх үүсэхдээ харьцангуй ардчилсан чиглэлтэй байв. Ийм үзэл бодолтой хүмүүс нь ч нэлээд эрт Монголоос гадагшаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас биднийг анх Ардчилсан намтай их холбодог байв. Тус намын нэр нөлөө бүхий зарим хүн манай сүлжээнд идэвхтэй байдаг байсан. Тухайлбал, тухайн үед АНУ-ын Денвер хотод хэлний сургалтанд очсон байхдаа анхны имэйлээ бичиж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг манай гишүүд тал талаас нь барьж идэх шахаж байсан. ХҮН намыг үүсгэн байгуулсан залуусын ч гэсэн нэлээд нь тухайн үед Цахим Өртөөнд байсан. Тэнд тэд бие биенийгээ олж авсан хэрэг. Ж.Батзандан, Э.Батбаяр зэрэг хүмүүс ч тэр үед иргэний хөдөлгөөн гээд цуг явж л байсан. Тухайн үед алс газар байсан монголчууд мэдээллээр цангаж байсан учраас энэ талбар цөөнгүй хүмүүст хүрсэн юм болов уу гэж боддог. 

Цахим Өртөө зорилгоо биелүүлсэн үү? Цахим Өртөө сүлжээний нөлөө, ер нь Монголын нийгэмд ямар бодит өөрчлөлтийг авчирсан гэж та хардаг вэ?

2000 оны эхэн үед гадаадад байсан монголчууд төдийгүй эх орондоо байсан хүмүүсийн дийлэнх нь Цахим Өртөөг мэддэг юм билээ. Энд тэнд очиход мэдэгддэг. Байнга имэйл бичдэггүй ч олон хүмүүс тогтмол орж уншиж мэдээлэл авдаг байсан. Тэр утгаараа түүхэн үүргээ гүйцэтгэсэн юм болов уу гэж бодогдсон. Цахим Өртөөний 25 жилийн ойн үеэр би 20 гаруй хүнтэй дурсамж ярилцлага хийсэн. Эдгээр ярилцлагын үеэр тухайн үедээ бас ч гэж хүмүүсийн мэдээллийг хэрэгцээг хангаж, ядаж л гадаадад ганцаардахгүй байх орон зайг нь бий болгож байсныг анзаарсан. 

Нөгөө талдаа Цахим Өртөөг ажиллуулахын тулд олон залуус цаг, сэтгэл гаргаж хөдөлмөрлөсөн. Ш.Баатар Америкаас чиглүүлж, анхны цахим хуудсыг манай М.Билгүүн Австралиас хариуцан хийж байв. Нэмээд Англи, Япон зэрэг хэд хэдэн улсаас залуучууд цахимаар холбогдон энэ сүлжээг эхлүүлж байв. Анх “MGL Net” билүү дээ тийм нэртэй эхэлсэн. Удалгүй нэрний уралдаан зарлаад Ш.Баатарын сонгосон “Цахим Өртөө” гэдэг нэр сонгогдож байсан түүхтэй. Н.Баасандорж, Б.Тэлмэн зэрэг хүмүүс Америкаас цахим хуудас, мэдээллийн порталийнхаа контент удирдлагын систем, “Чимэгэ”-ийн С.Бадрал сервер зэрэг техникийн бүх юмыг нь хариуцан тал талаасаа хамтраад ажилласан. Англид байсан Д.Чинбат гээд залуу анх 1000 гаруй пунтаар сервер авч өгч байсан. Ийм маягаар гадаадад буй монголчууд өөрсдийн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцан, хамтран ажиллаж эхэлсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж чадсан. 

No photo description available.

Улмаар “Цахим Улаач” гээд сар бүрийн онлайн сэтгүүл гаргаж эхэлсэн. Энэ бүх ажил Цахим Өртөөг олонд танигдахад хүргэж, хэсэг хугацаанд ч болтугай хүмүүсийг холбож нөхөрлүүлж чадсан. Энэ дунд Цахим Өртөөгөөр танилцаад гэр бүл болсон ч хүмүүс бий. Улмаар сошиал медиагийн бэлэн платформууд дэлхий даяар гарч ирэх үед яах аргагүй зайгаа тавьж өгсөн. Цахим Өртөөг анх үүсгэн байгуулж байсан хүмүүс нь одоо 40, 50 нас гараад явчихаар яах аргагүй “Ахмадуудын холбоо” болж таарч байна.

Өнөөгийн Монголын цахим соёл, гадаадад амьдарч буй монголчуудын оролцооны талаар таны бодол? Цахим Өртөө анх Монголын түүхэн эх сурвалжуудыг цахим болгож байсан санаж байна.

Анх цахим дээр монгол хэл дээрх контент маш бага байсан. Иймээс ядаж монголынхоо түүхэн эх сурвалж, ном шасдируудыг интернэт руу оруулах ёстой гэж бодсон. Улмаар манай Ч.Отгочулуу мөнгө гаргаад “Монголын нууц товчоо”-г гадаадад буй монголчуудад унших боломжтой байх ёстой гээд цахим руу оруулж байсан. Мөн “Номын Өргөө” гээд тусдаа цахим хуудас ч үүсгэн ажиллуулж байв. Э.Жагдагдорж тэр үед эдгээр цахим хуудсыг хариуцан авч явдаг байв. Дараа нь “Алтан товч”-ийг цахим руу оруулсан. Тал талаасаа 100 ам.доллар цуглуулаад бичээчээр энэ бүх контентыг цахим руу оруулж байлаа. Биднийг хараад багагүй залуус санаа авч, эрч хүч орсон гэж боддог. Удалгүй араас Asuult.mn, Olloo.mn гээд дарааллаад үүссэн. 

Өнөөдөр хүн төрөлхтөн асар их мэдээллийн дунд ажиллаж, амьдарч байна. Стивен Хокинг номон дээрээ ингэж бичсэн байсан. Хүн төрөлхтөн эрт дээр үед өмнөх үеийн мэдээллээ ДНК-аараа дамжуулан авдаг байсан гэдэг. Хожим бичиг үсэг хэрэглэж эхэлснээс хойш хүмүүс хоорондын мэдээллийн урсгалын хурд асар нэмэгджээ. Дараагийн зүйл нь интернэт болсон. Интернэт бий болсноор хүмүүсийг бодож тунгаах завдал өгөлгүй мэдээллээр дардаг болсон. Хүүхдийн хүмүүжил тулгамдсан асуудал болчихлоо. Иймээс буддын шашин болон гүн ухааныг илүү ихээр тайлбарлах, mindfulness зэргийг хүмүүс ихээр сонирхох болсон нь хүмүүс өөрсөд рүүгээ эргэж өнгийж харахыг хичээж буй юм болов уу гэж боддог. Барууныхан ч үүнийг анзаарсан. 

Тархинд хүрч буй мэдээлэл хог биш хоол байх ёстой.

Одоо хиймэл оюун ухааны эрин үе эхэлж байна. 10 эсвэл 20 жилийн дараа юу болохыг таашгүй байна. 

Зургаа дахь удаагийн “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтанд дээр Хамба ламыг урьж яриа хийлгэж байсан. Тухайн үед буюу өдгөөгөөс 15 гаруй жилийн өмнөх тэр яриан дээр буддын шашинг гүн ухаан гэх үү, шашин гэх үү гэж яригдаж байв. Тэр үед буддын шашин бол урлахуй, гүн, зурхай, анагаах, дуун ухаан гэсэн таван ухааны цогц гэж ярьж байв. Баруунд бол загалмайн шашин нь ихэнх сургууль, номын сан, судалгааны төвүүдийг хариуцан юмс үзэгдлийн мөн чанарыг олох гэж явсаар байгаад шашин сургаалиасаа халиад тэндээс шинжлэх ухаан болон салбарлаж гарсан гэгддэг. Харин буддын шашны хувьд анхнаасаа шинжлэх ухааныг дотроо багтаасан мэт харагддаг юм билээ.

Гадаад дахь монголчуудын тухайн улс болон эх орондоо оруулж буй хувь нэмэр, үнэ цэнийг хэрхэн хардаг вэ?

Бид эндээ гадны хүн шүү дээ. 

Эх орондоо очихоор гадаадад байдаг монгол гээд давхар гадуурхагддаг.

Гадаадад буй монголчууд хааяа нэг эх орноо шүүмжилдэг нь хайрлаж буйн илрэл болов уу. Бид бүгд л монголоо гэсэн сэтгэлтэй. Шууд болон шууд бусаар, жишээлбэл, мэдлэг, боловсрол, технологи, туршлага, ноу хау, санхүү гээд эх орныхоо хөгжилд дор бүрнээ хувь нэмрээ оруулж явдаг. Эерэг талаас нь харвал хамтраад хийх ажил зөндөө бий. Би улс хоорондын мөнгөн гуйвуулга, шилжүүлгийн аппликэйшн ажиллуудаг Английн санхүүгийн байгууллагад Монгол талыг нь хариуцан ажиллаад жил орчим болж байна. Тэндээс харж байхад Монгол руу мөнгө шилжүүлдэг ердөө 300 хүн бүртгэлтэй байдаг. 

Энэ 300 хүн нэг жилийн дотор Англиас Монгол руу нэг сая гаруй фунт стерлинг (4.7 тэрбум төгрөг) шилжүүлсэн байсан.

Энэ 300 хүн бол Англид байдаг монголчуудын өчүүхэн хувь шүү дээ. Зөвхөн мөнгө талаас нь өнгөц харвал ийм байна. 

Цаг хугацааны эрхээр гадаадад буй монголчуудын дараагийн үе нь гараад ирлээ. Энэ бол монголчуудын хувьд том нөөц бас боломж. Энийг олж хараасай гэж боддог. Энэ зорилгоор саяхан бид Оксфордын их сургууль дээр “Монгол орны хөгжилд” чуулганы 18 дахь удаагийн хурлаа УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулсан. Энэ чуулганыг бид сүүлийн 20 жилийн турш хийж байна. Энэ жил Оксфордын их сургуулийн доктор Б.Марал дэмжин тусалж зохион байгуулсан ба арга хэмжээний үеэр үсрээд л 50 эсвэл 60 шинэ үеийн монгол залуус цуглах болов уу гэж бодож байсан. Гэтэл бүртгэл нээснээс хойш хоёрхон өдрийн дотор 100 гаруй монгол залуус оролцохоор бүртгүүлсэн. Энд дунд Английн сургуулийн дэд захирал, банкны менежер, их дээд сургуулийн доктор, судлаачид, Европт багшилж байгаа хүмүүс гээд олон монгол залуус байв. 

Гадаадад буй монголчуудын хоёрдугаар үеийнхэнд зориулсан бодлого гаргаж Монгол Улсын төрийн зүгээс хэрэгжүүлэх цаг нь болжээ гэж чуулганыг хараад бодогдсон.

Дараа жилийн чуулганаа Берлин хотод хийхээр ярьж байна. 

Яг ийм яриаг Гүүглд ажиллаж буй Б.Баттулга ярьж байсан. Цахиурын хөндий төдийгүй Америкт байгаа монголчуудын дараагийн шинэ үеийг бэлдэж, хамтраад өөрсдийн нөлөөллийн группыг байгуулж, амьдарч буй улсынхаа шийдвэр гаргах түвшинд гарах ёстой гээд. Иймэрхүү зүйл бодогдох юм уу?

Аль аль талаасаа хамтраад бодлого гаргаад ажиллавал болохгүй зүйл үгүй. Одоо бол бид энд тэнд яг цэвэр өөрсдийнхөө мөнчгөрөөр бие даагаад тусдаа яваад байна. Энэ жил Бельги Улсад “Дэлхийн монголчуудын наадам” болсон. Энэ наадам болсон газрыг Бельгийн хотын захиргаанд ажилладаг монгол залуу зохицуулж өгсөн. Английн нэгэн хотын захиргаанд мөн тэтгэвэр, тэтгэмжийн асуудал эрхэлсэн ахлах зөвлөхөөр монгол хүн ажилладаг. Дараа дараагийн үе хэдийнэ гараад ирсэн. Иймээс бодлого, тогтолцоо хэрэгтэй. Учир нь эдгээр хүний нөөцийг ашиглах боломж хэдийнэ гадаадад буй монголчуудын дунд бүрдсэн. “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн санаачилгаар УИХ дээр энэ чиглэлээр ажиллах лобби бүлэг байгуулагдан ажиллаж эхэлсэн. Олон санаачлага гардаг ч унтраад алга болдог тул тогтвортой үргэлжлэх бодлого чухал бөгөөд эрхзүйн хувьд баталгаажсан бичиг баримтын хүрээнд ажиллавал амжилтанд хүрнэ. 

Гадаадад байдаг монголчуудын дунд иргэншлийн асуудал байнга яригддаг.

Гэвч хоёр хөршийн бодлого энэ тэр гээд нэг юм хэлээд энэ яриаг хаачихдаг. Сайн судлаад байвал давхар иргэншлийг зөвшөөрөх олон хувилбар байж болдог. Гадаадын иргэншил авсан монгол хүнээс гадна тэр хүн Монголд ямар “ашигтай” вэ гэдэг талаас харах ёстой гэж боддог. Англид бизнес эрхлэх нөхцөлд монгол хүн компани нээж ажиллуулаад английн иргэнтэй шууд өрсөлдөхөд хэцүү шүү дээ. Энэ монгол хүн английн иргэншил аваад бизнес хийхэд монголоо гэсэн сэтгэл нь алга болохгүй. Энэ мэтээр гадаадад буй монголчуудаа дэмжээд эрхзүйн хувьд орчинг нь бүрдүүлж өгөх нь чухал. Угаасаа гадаадад буй монголчуудын тодорхой хувь нь хэдийнэ хоёр паспорттой болчихсон.

No photo description available.

Газар, эд хөрөнгийн маргаан гарч эхлэх нь байна шүү дээ!

Тийм. Би жишээ нь Монголдоо 0,07 га газар авсан байлаа гэж бодоход нэг нөхөр гарч ирээд нөхөр Цэрэнбат Монголд газар эзэмших ёсгүй английн иргэн. Монгол Улсын хуулиар гадаадын иргэнд газар өгч болохгүй шүү дээ гээд гараад ирвэл яах билээ? 

Би 27 жилийн турш монгол паспортоо өвөртөлж явж байгаад өнгөрсөн жил эндэхийн иргэншил авсан. Уг нь овоо гүрийсэн.

Хилийн чанад дахь монголчуудын сонгуулийн эрхийн талаар Д.Сайнбаяр, хууль Г.Ганзориг нар тэргүүлээд Цахим Өртөөнийхөн нэлээд сайн ажиллаж, бодит үр дүнд гаргасан учраас давхар иргэншил дээр ч гэсэн нааштай байх болов уу гэж харж байсан юм. Оршин суугаа улсынхаа иргэн болоогүй нөхцөлд өдөр тутмын амьдралд нөлөөлөөд байдаг. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед “Хөх гэрэгэ” гээд нилээд хүчтэй яригдаж байгаад энэ санаачилга зогссон.

Цахим Өртөөнөөс монгол туургатан оюутнуудад тэтгэлэг олгодог. Тэтгэлэг авсан хамгийн анхны гурван залуу хазара оюутнууд байв.

Монголд дээд боловсрол эзэмшээд одоо бүгд сайн явж байгаа. Хоёр нь Америкт байгаа бол нэг нь Швейцарт НҮБ-ын байгууллагад амжилттай ажиллаж буй. Мөн нэг оюутан нь Монголдоо үлдээд сургуульд англи хэл заагаад ажиллаж байна. Гэх мэтээр Цахим Өртөө өөрсдөөрөө бахархах зүйлс бишгүй бүтээжээ. Цаашид тэтгэлгээ үргэлжлүүлээд Тува, Буриадаас оюутан залуус авч ирье гэж ярьж байгаа.

Brain drain буюу тархины гоожилт гэж орчуулаад байдаг эх орноо орхиод монголчууд гадагшаа ихээр гарч явж буй талаар таны бодлыг сонсмоор байна.

Би энэ талаар жаахан судалж үзэхийг хичээсэн. Ер нь монголчууд яагаад гадагшаа гарч эхэлсэн бэ гэдгээс асуулт эхлэнэ. 2000 оны эхээр зарим монголчууд улс төр, бэлгийн чиг баримжаа, хүний эрх зэргээр янз бүрийн худлаа түүх ярьж гадагшаа цагаачилж гарсан байдаг. Үүгээр нь шүүвэл их буруу дүгнэлт гарна. 

Хүн угаасаа ая тухтай амьдрал хайж, тийм орчин руу үргэлж тэмүүлж явдаг амьтан.

Нэг эст амьтан дээр хийсэн туршилт байдаг. Харанхуй орчинд байлгаж байгаад нэг буланд гэрэл гаргаж өгмөгц бүгд гэрэлтэй газар бөөгнөрч байсан гэдэг ч юм уу. Хүн ч гэсэн үүнтэй адил гэрэл рүү тэмүүлж буюу амьдрах аятайхан нөхцөлтэй газар руу явдаг. Харин үүнийгээ тайлбарлахдаа янз бүрийг шалтаг тоочих, тухайн цаг үеийн байдалд зохицуулж аргалан цагаачилсан түүхүүд байдаг. 

No photo description available.

Гадаадад байгаа монголчуудаас Монголын хаанаас ирсэн гэж асуухаар дийлэнх нь хотын сургуулиуд, Улаанбаатарыг дурддаг. Мань мэт шиг яг хөдөөний сургуулиас орж ирсэн нь маш бага жин эзэлдэг. Боломж хаа буйг эрэлхийлж, тэр боломжийг хамгийн түрүүнд хүртэх маягаар монголчуудын цуваа гадагшаа чиглэсэн байдаг. Үүнийг буруутгах арга байхгүй. Хотынхон түрүүлж гадагшаа яваад, аймгийнхан хот руу орж ирэх маягаар дор бүрнээ боломжуудаа хайгаад л явж байсан хэрэг. Сумын төв дээрээ үлдэж хоцорсон хүмүүсээс арай нэг яриа хөөрөөтэй нь Засаг дарга болоод л үлдэж буй. Энэ мэтийн жам ёсны зүйлийг үгүйсгээд байхын аргагүй. Харин одоо дотоод, гадаадад байгаа монголчууд хэрхэн хамтран ажиллах, нөгөө тархины гоожилтыг яаж эсрэг эргүүлэн тархины дүүргэлт болгох вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй байна. 

Амьдрах орчныг нь бүрдүүлж чадахгүй бол хүн байгалийн амьтны инстиктээрээ сайхан, аюулгүй, амар тайван газар руу тэмүүлнэ. 

Дунд сургуулийн сурагчид бушуухан сургуулиа төгсөөд Монголоос явмаар байна гэж байгаа бол энэ нь нөхцөл байдал, амьдрах орчин Монгол Улсад ямар байгаа вэ гэдгийн хариу нь юм.

Нөгөө талаас гадаадад гарсан л бол анх мөрөөдөж төсөөлж байсан шиг амархан, сайхан байдаггүй. Шинэ орчин, амьдралын шал өөр хэв маяг, ялгаатай соёл зэрэг олон зүйлтэй тулаад шоконд ордог. Гэхдээ нэг үеэ бодвол гадаадад байдаг монголчуудын тоо нэмэгдээд шинэ хүн ирэхэд ямар ч байсан чиглүүлээд өгөх боломжтой, туслаад явах шинэ үе бий болсон. Энэ залуучууд 20 гаруй жилийн өмнө биднийг ирж байснаас шал өөр орчинд ирж байна гэсэн үг. 

Та хэсэг хугацааны дараа Монголдоо очоод суурин амьдрах талаар боддог уу? Монголын боловсрол ба эрүүл мэндийн салбараас болоод ихэнх хүмүүс гадаад орныг сонгоод байна уу гэж харагддаг.

Би 28 настайдаа анх Англид ирж байв. Ирээд бас яг энд 28 жил болж байна. Ирээдүйд Монголдоо суурин амьдардаггүй юм гэхэд ирж буцан байдаг байхыг хүсэлгүй яах вэ. Хүн хүний амьдрал өөр шүү дээ. Би англи бүсгүйтэй гэр бүл болон энд амьдарч байна. Хоёр хүүхэд маань энд төрж өсөөд, эндэхийн соёлоор хүмүүжээд явчихлаа. Монголд очоод амьдарна гэвэл хэл ус, соёл, хоол унднаас эхлүүлээд хоёр хүүхдэд маань нэлээд хэцүү байх болов уу. Монгол минь хурдан сайхан хөгжөөсэй, тэр хөгжилд нь чадах зүйлээрээ тус болж, өөрийн гэсэн хувь нэмэр оруулж явахыг хүсдэг. Эх орондоо огт очиж амьдрахгүй ч гэсэн юм алга. Хүний амьдрал яаж ч эргэхийг үгүйсгэхгүй.

No photo description available.

Ондоошил, ижилсэл гэж яриад байдаг Монгол үндэстний тодотгол таны хувьд юу вэ?

Наадам, цагаан сарыг монгол соёлын дархлааны вакцин гэж ярьдаг. Эдгээр баяр, ёслолыг бүрэн утгаар нь ойлгон хүлээн зөвшөөрч, омогшиж чадаж байвал Монгол тодотгол байна гэж хэлэх болов уу. Үндэстний ондоошил, ижилсэл гэж олноороо ярьдаг болсон энэ цагт хэн ч хаана ч амьдарч байсан тэр хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх ёстой гэж боддог. 

Өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн сацуу бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх их чухал.

Бусадтай харьцуулах, өөртэйгээ жишихээс эхлээд хүн хоорондын зөрчил үүсдэг. Сүүлийн үед дэлхийн улс орнууд цагаачдын эсрэг хүчтэй бодлого баримтлах шинжтэй боллоо. 

Сайн анзаарвал өнөөдөр Лондон хотын энд тэнд англи, британийн тугийг өлгөсөн буйг харж болно. Хуучин бол ийм байдаггүй байсан. Нөхцөл байдал өөрсдийнх нь ая тухтай амьдрах орчинд нөлөөлөх хэмжээнд хүрэх эхлэхээр хамгаалах байдал руу шилжиж байна гэсэн үг. Иймээс монголчууд энд тэнд явахдаа би монгол гэж онгирч, бусдаас ялгарахыг оролдохын оронд суугаа газрынхаа хууль дүрэм, ёс уламжлалыг сахиж, байгаа орчиндоо дасан зохицож амьдрах нь чухал. Ингэж байж тухайн улсдаа хүлээн зөвшөөрөгдөнө шүү дээ. Эс бөгөөс гадуурхагдах л шалтгаан болно.

Монгол бол фэйсбүүкийн засаглалтай улс гэж шоглоомоор бид ярилцдаг. Тэгвэл Англид сошиал медиаг хэр зохистой бас бүтээмжтэй хэрэглэж байна вэ?

Энэ талаар айхтар судалсан зүйл надад алга. Томоохон байгууллагууд нь лав алба, амины аккаунтуудаа ялгаад, тодорхой дүрэм журмын дагуу хэрэглэдэг. Албаны зүйлс нь голцуу Linkedin дээр явагддаг гэдэг ч юм уу. Манайх шиг сошиал дээр шаагидаг хүмүүс ч гэсэн бий. Х дээр Ерөнхий сайдынхаа бичсэн жиргээний дор алаад өгнө шүү гээд шуугилдаж шүүмжилж буй нь яг л адилхан. Гэхдээ энэ бүх сошиалын чимээ шуугиан, бужигнааныг шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйл гэж хүлээн авах уу, үгүй юу гэдэг нь бодлого тодорхойлох түвшинд ажиллаж буй хүмүүсийн асуудал юм. 

Удирдлагын хэв шинжийн тухай ойлголт байдаг. Систем тогтвортой ажиллах, буцаж хэвэндээ орох нь удирдлагын хэв шинжээс хамаардаг гэж үздэг. Нөхөн сэргээх удирдлагатай хэв шинж бүхий систем гэж байдаг. Тэр нь системд гадны нөлөө орсны дараа буцаж тэнцвэрт байдалдаа орох гэж оролддог гэсэн үг. Мөн дасан зохицох удирдлагын хэв шинж гэж бий. Тэр нь гадны нөлөөг урьдчилан тооцоолж чаддаг систем. Дараагийнх нь оператив буюу гадны нөлөөллийг урьдчилан тооцоод зогсохгүй хариу үйлдлээ төлөвлөдөг системийн хэв шинж байдаг. Сүүлийнх нь ямар ч гадны нөлөөг шингээгээд тэнцвэрээ хангаад явчихдаг систем гэж ангилагддаг. 

Монгол Улсын удирдлагын хэв шинжийг харахаар нөхөн сэргээх нь нэлээд жин дардаг. Асуудал буюу гадны нөлөөллийг түрүүлж харах, урьдчилан сэргийлэх тал дээрээ сул учраас сошиал медиа зэрэг платформын нөлөөнд хэт автаад байдаг юм болов уу. Ийм систем тогтвортой байх нь багасдаг. Гэхдээ ямар ч системийн хувьд эдгээр хэв шинжүүд зэрэг оршдог хэдий ч аль нь илүү давамгайлж буйгаараа ялгагддаг. 

Гадны нөлөөг тооцож таамаглах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх зэрэг нь шинжлэх ухаан дээр суурилдаг. Энэ нь эргээд боловсролын систем, чанартай холбогдоно.

Таны ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй ажил, төслүүд нь юу байна?

Би 20 гаруй насандаа олон хүнтэй хамтраад Цахим Өртөөг үүсгэн байгуулцаж байжээ. 30 нас гараад “Монгол орны хөгжилд“ чуулга уулзалтыг санаачлан хийж эхэлжээ. 40 нас даваад “Оюунлаг оршихуй” цувралыг арай ойрхон давтамжтай хийе гэж зориглоод эхлүүлсэн. Одоо үүний 50 гаруй дугаар хийгдсэн байна. Подкаст болсон. 

Түүх олон янз байж болдог гэж ярьдаг. Жишээ нь, Халхын голын дайны талаар Оросууд нэг янзаар бичдэг бол Япончууд өөрөөр, Монголчууд арай өөрөөр, Хятадууд бас нэг янзаар бичдэг. Сүүлдээ хамгийн хамгийн олон давтагдаж буй нь “үнэн” болоод явчихдаг. Энэ байдал хиймэл оюун ухаан дээр ч яг адилхан ажилладаг. 

Ийм учраас бид өөрсдийн тухай контентоо ихээр үйлдвэрлэж, маш сайн гарган түгээж байх ёстой.

Аан нээрээ тийм дээ, за яах вэ гээд орхиж огт болохгүй юм билээ. Цахим Өртөө олон хүнд эерэг нөлөө үзүүлсэн бол зарим нэг хүнд сөрөг дурсамж үлдээсэн байхыг үгүйсгэхгүй. Тэр хүмүүс нь тэр дурсамжаараа ном бичээд түгээгээд байвал яах ёстой вэ? Цахим Өртөөний гишүүн Э.Жагдагдорж охиныхоо Харвардад элсэн орж, сурч төгссөн тухай номыг гэр бүлийн хүн нь бичсэнийг надад өгөөд уулзаж байсан. Тэр номныхоо талаар ярьж байхдаа энэ мэтээр түүхээ бичиж үлдээхийн чухлыг бид ярилцаж байсан юм. 

Энэ бүх контент л хиймэл оюуны ухааны хоол буюу алгоритм ажиллах дата нь болно шүү дээ.

Яг тийм. Тийм учраас бид өөрсдийн түүх, баримт, контентоо зогсолтгүй бүтээж, цахим орчинд түгээж байх ёстой. Элчин сайд Б.Энхсүхийн санаачилгаар Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулаад энд буй 60 хүнтэй цуврал ярилцлага хийж подкаст болгосон юм. Одоо үүнийгээ ном болгон хэвлүүлэх санаатай ажиллаж байна. Энэ номон дээрээ ажиллах байх үед Цахим Өртөөний тухай ном гаргавал гэж дээр бодож байсан бодол маань ч эргэж орж ирж байгаа. Эдгээр ажлуудыг дуусгах амбиц төлөвлөгөө байна даа. 

No photo description available.

Саяхан бид Оксфордын их сургууль дээр “Монгол орны хөгжилд” чуулганаа хийж байхад хиймэл оюун ухааны чиглэрээ докторын зэргээ хамгаалсан Б.Мөнхтулга гээд эрдэмтэн залуу хиймэл оюун ухааны энэ эринд та бид өөрсдөө контентоо маш сайн үйлдвэрлэж гарган түгээх ёстойг онцолж зөвлөж байсан. 

Яг өнөөдрийн байдлаар монгол бөх гээд хайхаар хиймэл оюун ухаан өвөрмонголын бөхчүүдийг гаргаж ирээд байна лээ. Хиймэл оюун ухааны мэдээллийн санд боловсруулалт хийх монгол бөхийн тухай хангалттай дата, мэдээлэл байхгүй байна гэсэн үг.

Дата, контентоо өөрсдөө үйлдвэрлэхгүй бол хиймэл оюун ухааны энэ эрин үед бид бусдын ард хоцрох болно гэж хэлж байсан. Иймээс хэдүүлээ дор бүрнээ өөр өөрийнхөө өнцгөөс контентоо боловсруулж хийж байх ёстой болох нь ээ. Түүх хэдэн ч янз байж болно. Гэхдээ хамгийн өндөр давталттай нь хамгийн үнэнд тооцогдох магадлалтай болдог гэдгийг санах учиртай. 

Монголчууд бид дотроо эвтэй байх хэрэгтэй байна. Хоорондоо үзэл бодол таарахгүй, ялгаатай зүйл байлгүй л яах вэ. Гэхдээ үүнийгээ нүүр нүүрээ хараад ярьчихдаг байх ёстой. Эвтэй байж бидний тусгаар тогтнол улам тодоор баталгаажих болно. Хамба лам 2009 онд энд ирээд хэлж байсан юм. 

Тэр нь “Улс орон хөгжих тусам тухайн улсын иргэнийг гадаадад явж байхад нь тэр хэрээр хүндэтгэлтэй ханддаг” гэж.

Иймээс Монгол Улс маань хөгжих тусам гадаадад буй монголчууд улам нүүр бардам явах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Гадаадад байдаг монголчууд бүгд л эх орноо гэсэн сэтгэлтэй байдаг. Илүү, дутуу юм ярьж байвал тэр нь Монголоо л гэсэн сэтгэлээр хэлж байгаа гэсэн үг шүү. 

No photo description available.

Авлигатай тэмцэх талаар зөвлөгөө өгч Африкт ажилладаг нэг мэргэжилтэн ярьж байсан юм. Африкийн орчин цагийн ихэнх орнуудыг барууны улсууд колони болгон үүсгэж, хооронд нь шугам татаад хувааж авсан байдаг. Ийм учраас эдгээр улсуудад улс орноо гэх нэгдсэн ойлголт сул. Колончилж байсан Англи, Франц, Голланд зэрэг улсууд нөлөөгөө барихын тулд аль нэг омог отгийн хүмүүсийг удирдлагаар нь тавьдаг. Улсынхаа ерөнхий сайдаар ч юм уу сонгогдсон нөгөө нөхөр эргээд зөвхөн өөрийнхөө омог отгийн хүмүүсийг гол албан тушаалуудад томилдог тул авлигатай тэмцэхэд тун төвөгтэй, байсхийгээд л иргэний дайн өрнөдөг. Учир нь тэндэхийн фракц, омог отгууд нэгдээд тухайн улсынхаа нэгдмэл байдлыг бэхжүүлэх сонирхолгүй байдаг. 

Харин Монголын хувьд шал өөр. Ямар ч монгол хүн эх орон гэхээр босоод ирдэг. Ийм учраас та нар Африкаас илүүтэйгээр авлигатай тэмцэж, эерэг үр дүн гаргах бүрэн боломжтой. Энэ тэмүүллээ битгий алдаарай гэж хэлж байсан. Өмнөд Солонгос улс авлигатайгаа хайр найргүй тэмцсэний үр дүнд өндөр хөгжилд хүрч байсан шүү гэж захиж байв. Монгол маань сайхан болох ёстой. Эрх барьж байгаа хүмүүс зөв чиглэл рүү нь хурдан оруулаасай л гэж бодож байна даа.