Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Ер нь Оросыг яагаад дэмжиж болохгүй гэж ?
Европын холбоонд (ЕХ) нэгдсэн 28 улс ОХУ-ын эсрэг хоригийг дахин зургаан сараар буюу 2016 оны 7 дугаар сарын 1 хүртэл сунгав. Үндэслэл нь Украйны талаарх Минскийн хэлэлцээрийн заалтыг ОХУ “хэрэгжүүлээгүй” гэнэ.
Европын холбоонд (ЕХ) нэгдсэн 28 улс ОХУ-ын эсрэг хоригийг дахин зургаан сараар буюу 2016 оны 7 дугаар сарын 1 хүртэл сунгав. Үндэслэл нь Украйны талаарх Минскийн хэлэлцээрийн заалтыг ОХУ “хэрэгжүүлээгүй” гэнэ. Минскийн тохиролцоогоор дорнод Украйн нь Украйны бүрэлдэхүүнд байх, Украйны үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Донбас, Луганскт өөрийгөө удирдах тусгай статус олгох, тэдгээрт сонгуулийг Украйны хууль тогтоомжийн дагуу явуулах, Украйны хилийг сэргээн тогтоохыг талууд хүлээн зөвшөөрчээ. Эдгээрийг хэрэгжүүлэхэд ОХУ Донбас, Луганскт “ нөлөөлөх” ёстой ажээ. Харин ОХУ нь Киев өөрөө дээрх мужуудтай шууд ярилцах гэсэн байр суурийг илэрхийлж ирэв. Украйн “Холбооны Улс” байх ёстой гэдэг өмнөх байр сууринаасаа ОХУ ухран Донбас, Луганскт тусгай статус олгохыг дэмжих болсон юм. Украйны талаарх ОХУ-ын зарим байр суурь улс хоорондын харилцааны зарчим, олон улсын эрх зүйн үүднээс бусдын шүүмжлэлийг дагуулсаар байгаа билээ. Дорнод Украйны мөргөлдөөнд ОХУ-ын байнгын цэрэг оролцоогүй харин Оросын иргэд сайн дураараа оролцсон гэдгийг Путин саяхан хүлээн зөвшөөрөв.
ЗХУ задарсаны нэг эмэгнэлт үр дагавар нь 25 сая орос үндэстэн бусдын газар нутагт хоцорч, нилээд хэсгийн эрх эдүгээ хүртэл зөрчигдсөөр буйг Путин удаа дараалан мэдэгдэж байв. Украйны эдийн засгийн бараг дөрөвний нэг нь Донбасс, Луганскт ноогдож, хүн амын 10 хувь нь эдгээрт оршин суух бөгөөд тэдгээрийн 40 хувь нь, Крымийн 2.3 сая хүн амын 85 хувь нь тус тус орос үндэстэн. АНУ-ын засгийн газар болон Галлапийн хамтран 2014 онд явуулсан санал асуулгаар Крымийн оршин суугчдын 82.8 хувь нь Крымд явагдсан ОХУ-тай нэгдэх эсэх талаар санал асуулга нь тус хойгийн оршин суугчдын үзэл бодлыг харуулсан гэсэн дүн гарч байв. Оросын ард түмний зовлон, жаргалын түүхийг ойлгодог хэнд ч гэсэн аугаа их орос үндэстний энэхүү эмэгнэлт хувь заяа таатай биш байдаг.
Украйны шинэ засгийн газар төвийг сахих статусаасаа татгалзан ЕХ, НАТО-гийн гишүүнээр тус тус элсэх зорилт тавьж, эдгээр зорилтоо хэрэгжүүлэх дотоод нөхцлийг бүрдүүлж эхэлсэн нь ОХУ-ын ашиг сонирхолтой зөрчилдсөн билээ. Орос-Украйны харилцаанд гарсан эргэлтийг ОХУ зөвхөн хоёр талын харилцааны асуудал бус харин Өрнөдийн зүгээс ОХУ-ыг бүслэх гэсэн бодлого хэмээн үзэж байна. 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс ЕХ болон Украйны хооронд байгуулсан нэг ёсны чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж, Украйн ОХУ-аас эдийн засгийн хувьд нэгэнт салжээ. Хоёр жилийн өмнө Украйны экспортын 35 хувь нь ОХУ-д гардаг байсан бол одоо12 хувь болж буурчээ.
Украйн өрнөдийн нөлөөнд шилжвэл, тэртээ тэргүй НАТО-д ашигтай байгаа хүчний харьцаа ОХУ-ын хувьд гео-улс төрийн эмэгнэл болж, энэхүү явдлыг фашистууд 1941 онд Москвагийн хаяанд тулсан, 1942 онд Севастополийг эзэлж, Хар далайд хяналтаа тогтоосонтой адилтгаж болох байв. Ингэснээр хүйтэн дайны дараа тогтсон Европын аюулгүй байдлын тогтолцоо ОХУ-ын хувьд эргэлт буцалтгүйгээр эсрэгээр эргэх байв. НҮБ-ын тогтоол нь Крымд явагдсан ОХУ-д нэгдэх эсэх талаарх референдумыг хүчин төгөлдөр бус, улс орнууд энэхүү санал асуулгыг дэмжих учиргүй хэмээн заасан боловч энэ нь заавал биелүүлэх баримт бичиг биш юм. Хэдийгээр Крымийг буцаан нэгтгэсэнийг олон улсын эрх зүйн үүднээс зөвтгөх аргагүй боловч Крым ОХУ-д “шилжсэнээр” Хар далайн нөхцөл байдал болон хүчний тэнцвэрийг Украйны хэрэг явдлын өмнөх байдалд нь хадгалж, улмаар Европын тотгвортой байдлыг авч үлдэх чухал ач холбогдолтой болсоныг тэмдэглэх хэрэгтэй.
Украйны эсрэг “түрэмгийлэл” үйлдсэн, Крымийг “нэгтгэсэн” гэдэг шалтгаанаар ОХУ-ыг залхаахаар дэлхийн 40 гаруй эдгээрийн дотор ОХУ-д найрсаг ханддаг Молдов, Монтенегро, мөн төвийг сахисан Швейцари улсууд хүртэл, олон улсын зарим байгууллага 2014 оны 3 дугаар сараас ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Хоригийн Үүний улмаас ОХУ-д санхүүгийн ноцтой хямрал эхэлж рублийн ханш эрс унаж, эдийн засгийн өсөлт зогсонго байдалд орж, Украйны сэлбэгээс эрс хамааралтай ОХУ-ын цэргийн аж үйлдвэрт хүнд цохилт болов. 2013 оны 1 дүгээр улиралд ОХУ-д 90 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гаднаас бүртгэгдэж байсан бол гадаадын шууд хөрөнгө оруулалт 2014 онд 70 хувиар, 2015 оны эхний хагаст 46 хувиар тус тус буурч дөнгөж 2.8 тэрбум болжээ. Оросын төв банкны тооцоогоор зөвхөн 2015 онд 85 тэрбум доллар гадагш урсах, 2016 онд ДНБ 5 хувиар буурах төлөвтэй гэнэ. Өрнөдийн хориг арга хэмжээг ОХУ өөрт ашигтай нөхцөл болгохыг оролдож, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломж гэж үзэх боловч, энэ нь ОХУ-ыг дэлхийн эдийн засгаас тусгаарлах хэтийн сөрөг үр дагавартай гэж үзэх нь ч байна.Путин хямралын хамгийн хүнд мөчүүд ард гарсаныг саяхан тэмдэглэсэн боловч Оросын эдийн засгийн төлөв амаргүй, ОХУ-ын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа 2018 оноос л хэвийн болж магадгүй ажээ. ОХУ нь гадаад хатуу валютын нөөцөөрөө дэлхийд дээрээсээ зургаад жагсах бөгөөд хоригийн улмаас сүүлийн хоёр жилд 400 тэрбум доллараас 360 тэрбум болж багасчээ. ОХУ нь 2015 онд дэлхийд хамгийн их газрын тос олборлосон (534 сая тонн) боловч газрын тосны үнэ нэг баррель нь 40 доллараас доош унаж мөддөө сэргэхгүй төлөв нь (ОПЕК-ийн баримжаагаар 2020 онд л нэг баррель 70 доллар болох гэнэ) экспортын орлогын 70 хувийг газрын тос, байгалийн хийн экспортоос бүрэлдүүлдэг Оросын эдийн засагт давхар цохилт болж, “Газпром” урьдын адил ОХУ-ын улс төрийн хэрэгсэл болж чадахгүй болов. АНУ газрын тос экспортлохыг хориглосон 40 жилийн хоригоо цуцалж, зах зээлд Орос, Саудын Аравтай өрсөлдөхөөр гарч ирлээ.
НАТО, Өрнөдийн удирдлага хоригийн дүнд ОХУ нь “тусгаарлагдлаа” хэмээн мэдэгдсэн нь хориг нь Оросын Украйны талаарх байр сууриар шалтаглан бүхэлдээ ОХУ-ыг сулруулахад чиглэсэнийг харуулна. Хориг нь дэлхийн эрдэс баялгийн 35 хувь оногддог Орос орны эрчим хүч, банк санхүү, батлан хамгаалах салбарын эсрэг чиглэжээ. Өрнөдийн ашиг сонирхолд 1990-ээд оны сулхан Орос нийцэж байжээ. Олон улсын банк, санхүүгийн байгууллага ч ялгаварласан бодлого явуулдаг байна. Тэдгээр нь ОХУ-аас нийлүүлсэн байгалийн хийн төлбөрт өгөх 3 тэрбум долларыг Украйны улсын өр хэмээн хүлээн зөвшөөрч, төлбөрийг барагдуулах хүртэл Украйнд зээл олгох учиргүй боловч энэхүү журмаа яаран өөрчлөв. Улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрсэн өнөөгийн нөхцөлд бусдыг “тусгаарлах” бодлого нь хэтдээ сөрөг үр дагавар авчирдагийг Иран, БНАСАУ-ын туршлага бэлхнээ харуулсан.
Ерөнхийлөгч Путины 2015 оны 12 дугаар сарын 30-нд баталсан ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын стратегид НАТО дорно зүгт тэлж буйг ОХУ-дтулгарсан үндсэн аюул, заналийлэл хэмээн тодорхойлов. Варшавын гэрээний байгууллагыг тарсаны дараа НАТО дорно зүгт тэлэхгүй гэдэг амлалтыг өгсөн хэмээн Горбачёв болон өрнөдийн зарим төлөөлөгчид хэлдэг боловч энэхүү амлалтыг тухайн үед баталгаажуулж чадаагүй байна. Батлан хамгаалахын сайд Шойгу төвийг сахисан гэгдэгч улс орнууд тухайлбал Молдов, Серби НАТО-гийн гишүүнээр элсэх бодолтой, Финланд, Швед нь энэхүү байгууллагатай сүлбэлдэж буйг анхааруулав. Дорнод Европыг фашизмаас чөлөөлөхөд Улаан Армийн нэг сая дайчид амь үрэгдсэний 600 мянган нь Польшийн нутагт нойрсжээ. Гэтэл тус улсын нутаг дэвсгэрт Улаан Армийн амь үрэгдсэн дайчдын хөшөө дурсгал, шарилыг сүйтгэсээр буй нь сайны шинж биш юм. Польшийн төлөөлөгчид ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг сунгуулахыг хамгийн идэвхтэй хөөцөлдөж, НАТО-гийн цөмийн зэвсгийг өөрийн нутагт байрлуулахыг санаачилж байна.
ОХУ нь олон үндэстний улс боловч түүний үнэт зүйлс, соел иргэншил, сэтгэхүй нь өрнөдийн угшилтай ардчилалыг одоогоор хүлээн авахгүй бөгөөд олон үндэстний цагаачдыг нэгтгэдэг АНУ-ын “ардчилал, эрх чөлөө”-ний үнэт зүйлсээс эрс ялгаатай юм. ОХУ нь эрх зүйн хувьд хуучин ЗХУ-ыг залган авсан боловч түүн шиг их гүрэн болох бодолгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж буй. Больё ч гэсэн урьдын адил тийм чадавхигүй болжээ. ОХУ-ын цэргийн зардал АНУ-ын цэргийн зардлын дөнгөж 12 хувь, БНХАУ-ын цэргийн зардлын хагастай л тэнцэж байна. Хүйтэн дайны дараа ОХУ-ыг хил хязгаартаа л орон нутгийн дайн явуулах чадвартай бүс нутгийн гүрэн болж буурсан хэмээн бусад гүрнүүд үнэлэх болсон. Гүрж-Оросын мөргөлдөөнд Оросын арми амжилтгүй оролцож, зөвлөлт маягийн цэрэг-эдийн засгийн дайчилгааны хуучин тогтолцоо орчин үеийн орон нутгийн дайны шаардлагыг ч хангаж чадахгүйг харуулсан юм. Иймд ОХУ-д гэрээт цэргийн албаны тогтолцоонд хурдан шилжиж, хүнийг дээдэлсэн цэргийн албаны тогтолцоог яаралтай байгуулж эхэлжээ. Энэхүү шинэчлэлт амжилттай болсоныг Сирид өгч буй агаарын цохилт харуулж, ОХУ-ыг орон нутгийн зэрэгцээ бүс нутгийн дайн явуулах чадвартай болсон гэж үзэх хандлага тогтож байна. Ирак, Ливийн төрийг Өрнөд түлхэн унагасан боловч дотоодын нөхцөл байдлыг нь хяналтнаасаа алдсан нь Ойрхи дорнодын байдлыг тогтворгүй болгосон. Энэхүү гашуун туршлага Сирид давтагдахаас сэрэмжлэх, Лалын Улс гэгчийн бүрэлдэхүүнд байлдаж буй ОХУ, Тусгаар хамтын нөхөрлөлийн бусад орны 4 мянган иргэдийг терроризмын үрийг буцаан авчирч нутагшуулахаас сэрэмжлэх зорилгоор ОХУ Сирид цэргийн хүч хэрэглэж байна. ОХУ-ын удирдлага энэхүү ажиллагааг Оросын ашиг сонирхолын үүднээс хийгдэж буй гэж буй боловч Оросын сөрөг хүчин хоригийн улмаас үүссэн дотоодын хүндрэлээс олны анхаарлыг холдуулах гэсэн оролдлого хэмээн шүүмжилдэг. Иймд ОХУ-ын агаарын цохилт улс төрийн ямар үр дүнд хүрэх нь одоогоор бүрхэг байна.
Сүүлийн хоёр жилд Украйн, Сирийг тойрсон асуудлаарх Өрнөд, ОХУ-ын “мэдээллийн дайн” нь ОХУ-ын мэдээллийн ажиллагааны арга барил өөрчлөгдөн, өрнөдөөс дутахгүй идэвхтэй болсоныг харуулав. Ялангуяа 2005 оноос нээгдсэн гадаадын олон хэл дээр цацагдах болсон Оросын “RT” телевизийн суваг нилээд нөлөөтэй болжээ. Өрнөдийн хамгийн нөлөө бүхий “CNN”, “BBC” хоёр суваг хүртэл Оросын мэдээллийн хориглолтод бүдэрч Украйн, Сирийн хэрэг явдлыг бусдаас дутахгүй мушгин гуйвуулж, өрөөсгөлөөр дамжуулж буйг дэлхий даяараа харав.
Украйны улмаас ОХУ-ын талаар ЕХ хоёр нүүртэй, ялгаварлан гадуурхсан бодлого явуулж байна хэмээн ОХУ үзэж, тус улсын төрийн думын дарга Нарышкин ЕХ задран унах төлөвтэй хэмээн мэдэгдсэн бол Эстоний Ерөнхийлөгч Эльвис ЕХ-ны дунд ч хагарал үүссэнийг хүлээн зөвшөөрөв. ЕХ-нд ойрхи дорнодоос дүрвэж 2015 онд хууль бусаар нэвтэрсэн нэг сая дүрвэгчдийн улмаас ЕХ нь хилийн хяналтаа чангатгахад хүрч, уг асуудлыг шийдвэрлэх арга зам нь ЕХ-ны гишүүн орнуудын дунд зөрчлийг үүсгэж, Дани, Швед байтугай Унгар, Чех хүртэл эрс эсэргүүцэж байна. Хантингтоны зөгнөсөн соёл иргэншлийн мөргөлдөөн Европт нэгэнт эхэлсэн бололтой. Мэдээж Украйны дотоод хэрэг явдал бидэнд хамаагүй, ОХУ, Украйнтай хоюулантай нь тэнцвэртэй харилцахыг л оролдоно, гэхдээ тэдгээрийн хоорондын харилцааны байдлаас шалтгаалан олон улсын аюулгүй байдлын нөхцөл байдал өөрчлөгдөж буйг бид сонирхохоос аргагүй юм. Стратеги судлалын чиглэлээр манай албан тушаалтнууд Ази дахь “Шангри Ла”-гийн, Европ дахь “Мюнхений клуб”-т оролцох болсон нь сайшаалтай. Харин Оросын судалгаа-дүн шинжилгээний “Валдай” клубийн ажиллагаанд Монголын судлаачид, улс төрчид оролцвол зүгээрсэн.Тус клубийн 2009 оны ярилцлага Якутэд болох үед ч Монголчууд сонирхоогүй билээ. Монголын төрийн албаны үндсэн дутагдлын нэг нь дүн шинжилгээ хийдэггүй, хийснийг нь хэрэглэж заншаагүй, нөгөө талаар үүрэг хүлээсэн байгууллагууд нь шаардлага хангах дүн шинжилгээ хийж сураагүй явдал юм. Бидэнд Орос судлал дутагдаж, өнгөцхөн мэдээллээр боловсрогдсон хууль тогтоомж, шийдвэрүүд нь удаан хугацаанд үйлчлэх чадваргүй байна.
Өрнөдийн хоригийн хариуд ЕХ болон бусад зарим орны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортод ОХУ хориг тавьсан билээ. Тухайлбал ОХУ Австралийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд хариу хориг тавьснаар 2013 онд 159 сая долларын үхрийн нядалсан мах, хөлөөр нь 55 сая долларын мах, 64 сая долларын тос, 48 сая долларын бусад мах, бүгд 326 сая долларын бүтээгдэхүүн экспортлож байсныг зогсоов. Энэхүү орон зайг тэр даруйд Бразилийн бүтээгдэхүүн эзлэн авчээ. Египет, Турк, Европын чиглэлд Оросын жуулчдын урсгал хумигдах төлөвтэй болсноор Оросын Сибирь, Алс дорнодын жуулчид уламжлал ёсоороо Тайланд, Индонезийн Бали, Энэтхэгийг зорих нь нэмэгдэж, ОХУ-ын жуулчны байгууллагууд Азийн чиглэлд Шри Ланка, Вьетнамыг нэмж санал болгох болов. Санал болгож буй жагсаалтад Монгол байхгүй бөгөөд байх ч аргагүй биз. Учир нь Оросын жуулчид халуун орны далайн эргээр амрах дуртай, хоол хүнсэндээ гоц анхаардаг, тансаг орчныг шаардана.
ОХУ нь дэлхийн арав дахь том эдийн засаг боловч Итали, Бразилээс бага, түүхий эдийн экспортод тулгуурласан, дэд бүтэц, технологи нь орчин үеээс хоцорсон, хүн амын дөнгөж 22 хувь нь Уралаас дорно зүгт суурьшсан, олон улсын банк санхүү, нислэгийн 80 хүртэл хувь нь Москвад төвлөрсөн хэвээр байна. Гэвч энэ бол цаг хугацааны асуудал юм. Чан Кайши давуу хүчтэй дайсныг цаг хугацааг үнэлэх хан үндэстний уламжлалт зэвсгээр ялах стратеги баримталж байв. Цаг хугацаа Оросын талд үйлчилж байна. 2015.3.1-ний байдлаар ОХУ-ын нөөцийн болон баялгийн санд 150 тэрбум доллар хуримтлагдсан буй нь алдагдлыг нөхөх, дэд бүтцэд хэсэг хугацаандаа хөрөнгө оруулахад хангалттай ингэснээр хоригийг давж, ирээдүйгээ бүтээх боломжтой байгаа юм. Нөхцөл байдал сайнгүй байгаа Алс дорнод, Сибирь энэхүү ирээдүйн гол бүрэлдэхүүн байх аж. ОХУ-ын Алс дорнодыг 1996-2005 онд хөгжүүлэх урт хугацааны Ерөнхийлөгчийн төлөвлөгөө дэвшүүлсэн боловч хэрэгжсэнгүй, иймд ОХУ-ын засгийн газар 2013 онд алс дорнодыг хөгжүүлэх урт хугацааны шинэ төлөвлөгөө дэвшүүлжээ. Алс дорнодод барьж буй сансарын хөлөг хөөргөх шинэ төв ”Восточный” хэрэв 2016.4.12-нд ашиглалтад орвол ОХУ цаашид “Байконур”-ыг түрээслэх шаардлагагүй болно. Төвийн хажууд 40 мянган хүн амтай сансарын шинэ хотхон нээгдэх бөгөөд энэ нь Алс дорнодын хөгжилд шинэ түлхэц өгнө. Цэргийн аж үйлдвэрийн гол үйлдвэрүүд төвлөрсөн Эрхүү, Улаан Үд, Комсомольск-на-Амуре хотууд нь орчин үеийн иргэний зориулалттай технологи бүтээх үлэмжхэн захиалгыг авчээ.
ОХУ нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евро-Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг гол төлөв хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын гишүүнчлэлээс бүрэлдсэн хамтлагт тэргүүлэх байр суурьтай оролцож байна. Улмаар ОХУ-ыг Европын гүрэн биш, Ази-Номхон далайн гүрэн ч биш үнсэндээ Евро-Азийн гүрэн гэж үзэх үзэл хандлага ч давамгайлах болов. АНУ хүчээ нэгэнт шавхаж буй боловч хэсэг хугацаандаа дэлхийн хэмжээний ганц гүрэн хэвээр байх бөгөөд БНХАУ эдийн засгийн хүчээ авч дэлхийн гүрэн нэгэнт болсон боловч цэрэг-улс төрийн хувьд нэг хэсэгтээ л бүс нутгийн хэмжээний гүрэн хэвээр байна. Олон улсын харилцаанд үйлчлэх хүчний тэнцвэрийн онолоор бол олон улсын харилцааны олон туйлт тогтолцоонд гарах дайн, мөргөлдөөний тоо олширно, үүнийг ч өнөөгийн үйл явдлууд харуулж байна. Энэхүү онолын нэг үндсэн зарчим нь хүчтэйн эсрэг хүчгүйг нь хүчтэй болох хүртэл дэмжих явдал юм. Мөнхийн түнш болох ОХУ-ыг олноороо хүч түрэн бөөрөлхөж буйг харсаар байж, бүлх залгисан мэт дуугүй сууж болохгүй мэт. Гэхдээ энэ нь ОХУ-ыг дэмжээд мэдэгдэл хийгээд байх хэрэг биш харин ОХУ-д гарч буй өөрчлөлт, харьцангуй боломжийг бид шүүрэн авч ашиглах чадваргүй байгаадаа дүгнэлт хийхийг хэлж буй хэрэг юм. ОХУ-д хөдөө аж ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн экспортлочихдог, Оросын ядаж ганц хоёр жуулчин ч болов өөрсдөө сонирхоод ирчихдэг Монголыг өнгөрсөн хориод жилд бүтээж чадсан бол өнөөдөр ОХУ-д хамгийн том дэмжлэг болох байв. Гадаад бодлогод төвийг сахих биш харин улс төрийн болон гадаад эдийн засгийн бодлогоо аль болох ялган салгаж харилцах пракматик хандлага л дутагдаж буйгаас мухардалд оржээ.
Р.БОЛД
2016.01.05
2016.01.05
nb
зочин
зочин
Сайн байна
Сайн байна
Сайн байна
CHAAVAAS DAA...
Зочин
Зочин
Ганбаатар
Зочин
Зочин
шонх
25511
уншигч
zo
zo
Хариад
зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Former Security officer.
Зочин
авах юм байна
авах юм байна
Зочин
Иргэн
Иргэн
Иргэн
Иргэн
сйрхнг
Алба хаагч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ард
Зочин
ах
мэ
Зочин
Зочин
manguu
Зочин