Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
“Иргэдийн эзэмшлийн хувийг нэмэх боломжтой”
“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр саяхан томилогдсон Б.Батбилэгтэй Таван толгойн иргэдэд хүртээх хувьцаа болон хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа.
Б.Батбилэг: Mонгол улсын иргэдийн эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжтой
“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр саяхан томилогдсон Б.Батбилэгтэй Таван толгойн иргэдэд хүртээх хувьцаа болон хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа.
-Ажлаа аваад удаагүй байна. Таван толгойн хувьцааны талаар тойрч ярилцъя гэж зорьж ирлээ. Энэ хувьцааны үнэ цэнийг өсгөх нь өөрийн тань нэг томоохон үүрэг гэж ойлгож байгаа?
-Хувьцааны талаар ярилцлага эхлүүлэхээс өмнө нэг зүйлийг тодотгон хэлэх шаардлагатай байх. 1072 хувьцааг 1 сая төгрөгөөр үнэлсэн энэхүү үнэлгээ бол улс төрийн шийдвэр байсан. Улс төрийн шийдвэрт би өөрийн хувийн байр сууриа илэрхийлэх нь нэг талаар утгагүй байх. Учир нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хамт олон болон удирдлагын зүгээс бол хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн төлөө л ажиллах үүрэгтэй. Өнөөдөр Таван толгойн нэгж хувьцаа зах зээлд дээр үнэндээ ямар үнэ цэнэтэй байгааг тодорхойлоход хэцүү боловч тухайн үеийн үнэлгээнээс буурсан гэдэг нь хүн бүрт ойлгомжтой. Тэгэхээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн нэгж хувьцааны өнөөгийн үнэ цэнэ хэд вэ гэдгийг тогтоох нь хамгийн эхний алхам болоод байна. Дараа нь тогтоосон нэгж хувьцааны үнэ ханшийг яаж нэмэгдүүлэх, өсгөх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болж байгаа юм. “Надад тулах цэг өгөөч, би дэлхийг эргүүлээд өгье” гэдэгчлэн дахин хэлэхэд тулах цэг нь үнэ тогтоох асуудал болж хувираад байна. Хувьцааны талаар өнөөг хүртэл ярьсан бүх зүйлс бодит үндэслэлгүй, гаргалгаа болох санал агуулаагүй, зөвхөн ийм л үр дүнтэй, тэр нь 1 сая төгрөгтэй дүйцэх ёстой гэсэн санаа л яригдаад байгаа юм.
Миний харж байгаагаар бол энэ анхнаасаа улс төрийн шийдвэр байсан, одоо улс төрийн гаргалаа хэрэгтэй болсон асуудал. Хувьцааны үнэ цэнийг хэн тогтоодог вэ гэхээр зах зээл л тогтооно. Харин 1 сая төгрөгт иргэдийн хувьцааны эзэмшлийг дүйцүүлэх гэдэг дээр бол улс төрчдийн зүгээс дэмжлэг хэрэгтэй болох нь гэж дүгнэж байна. Тэгэхээр компанийн удирдлагын зүгээс ямар санал дэвшүүлэх боломжтой вэ гэвэл “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааны ханш өнөөдөр хэд вэ гэдгийг зах зээлийн журмын дагуу тогтоох, дараа нь иргэдийн хувьцааны багцыг яаж 1 сая төгрөгтэй дүйцүүлэх боломжтой вэ гэсэн хувилбар дээр ажиллаад, Засгийн Газар болон УИХ гишүүд дэмжээд батлах юм бол асуудал шийдэгдэх байх. Хувьцааны хувьд тулгамдсан олон асуудал байгаа гэдгийг олон нийтэд болон шийдвэр гаргах түвшний хүмүүст ойлгуулмаар байгаа юм. Нэг ойлголттой болсны дараа ямар гаргалгаа байж болох вэ, яаж хувьцаа эзэмшигчдийг хохиролгүйгээр улс төрийн энэхүү амлалтыг хэрэгжүүлэх боломжтой бэ гэдэг талаас нь ажиллах ёстой.
-Багцаа асууя л даа. 1072 хувьцаа тухайн сонгуулийн амлалтын үед ямар үнэлгээтэй байсан. Одоо ямар болоод байна?
-Юмны үнэлгээ цаг цагаараа явдаг. 2011-2012 он буюу намайг энэ компанийн Хувьцаа болон IPO хариуцсан хэлтсийг ахалж байх үеийн судалгаагаар нэг тонн нүүрснээс бүх зардлаа хасахад 30-40 ам.долларын ашигтай байхаар тооцоход иргэдийн хувьцааны багцыг 1 сая төгрөгтэй дүйцүүлж болохоор байсан. Тухайн цагаас хойш нүүрсний үнэ тогтмол унаад байна. Энэ юуг харуулж байна гэхээр хэрэгцээ үүссэн боловч үүнийг дагаад нийлүүлэлт огцом өссөн. Зөвхөн Монгол гэхээс илүү олон улсын нүүрсний салбарт маш хүчтэй өрсөлдөөн явагдаж байгаагаас олон уурхайн үйл ажиллагаа зогсож байна. Цаашлаад энэ зах зээлийн тогтмол уналт нь олон уурхайг өртөг зардлаа буруулах, үйл ажиллагаагаа сайжруулахаас өөр аргагүй болгож, эцэст нь хэн нь өртөг зардлыг багасгаж, тогтвортой үйл ажиллагаа явуулж чадна тэр уурхайнууд өөрсдийн байр суурийг хадгалж, зах зээл дотроо тэлж чадна. Өнөөгийн зах зээлийн нөхцөл байдал юу харуулж байна гэхээр нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд маш хүндрэлтэй байгааг нь олон улсын бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг компаниудын сүүлийн хэдэн жилийн хувьцааны үзүүлэлтийг харахад ойлгомжтой байх. "Эрдэнэс-Таван Толгой” ХК бол зах зээлээс ангид биш, тийм ч учраас өнөөдөр 1072 хувьцаа 1 сая төгрөгтэй дүйцэх үү гэж надаас асууж байгаа бол би үгүй гэж хэлнэ. Тэгэхээр дараагийн асуудалдаа орох хэрэгтэй.
1 сая төгрөг хүрэхгүй энэ иргэдийн 1072 хувьцааны асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Ямар гаргалгаа байгаа вэ гэдэг асуудлууд гар ч ирнэ биз?
-Нүүрсний ханш хэзээ өсөж, Таван толгойн нэгж хувьцааны ханш хэзээ өсөх вэ?
-Энэ компанийн борлуулалтын захирлын албыг хашиж явсан хүний хувьд хэлэхэд ойрын 10 жилдээ 2011-2012 оны тэр өндөрлөгт хүрэх байдал дахин ажиглагдахгүй. Тухайн үед нүүрсний эрэлт нь өндөр байсан, нийлүүлэлт нь бага байсан үед энэ төсөл маш ашигтай мэт харагдаж байсан бөгөөд үүн дээр үндэслэн 1072 ширхэг хувьцаа 1 сая төгрөг гэж тогтоосон болов уу. Өнөөгийн байдал бол тэс ондоо эрэлт нь багасаж, өдөр ирэх тусам улам багасаж байна. Нийлүүлэлтээс давсан нөхцөл байдал хэзээ байхгүй болох вэ гэхээр эхлээд нүүрсний компаниуд нь зах зээлийн өрсөлдөөний зарчмын дагуу үүд хаалгаа барьдаг нь бариад үйлдвэрлэлээ багасгах нь багасах ёстой. Өнөөдөр бол олон уурхай үүдээ хааж, үйл ажиллагааныхаа цар хүрээг багасаж байна. Түүнчлэн нийлүүлэлт багассаны дараа тэр хүртэл чардайж үлдсэн нүүрсний уурхайнууд нь бэлэн байх ёстой, тэгж байж байр сууриа хадгалах, нүүрсний зах зээл дээр тоглогч болж үлдэнэ гэсэн үг.
Өмнө хэлсэнчлэн нүүрсний үнэ ойрын 10 жилдээ өмнө байсан оргил үед хүрэхгүй гэдгийг шинжээчид батлах байх. Тэгэхээр 1072 хувьцааг яаж амилуулах, яаж амлалтын дагуу 1 сая төгрөгт дүйцүүлэх вэ гэдэг том асуудал үүсч таарна. Ер нь миний зүгээс хэлэх гээд байгаа санаа бол яагаад заавал 1072 ширхэг хувьцаа байх ёстой гэж? Хувьцааны ханш нь унасан бол, ойрын 10 жилд зах зээл огцом өсөх прогноз харагдахгүй бол иргэдийн эзэмшлийн хувьцааны тоо ширхэгийг нэмж болохгүй гэж уу? Дахиад зах зээл яриад 10 жил хүлээх, эсвэл ард түмэнд таны энэ 1072 ширхэг хувьцаа бол 1 сая төгрөг шүү гэж мянгуужингийн үлгэр яриад яваад байж болохгүй байх. Миний бодлоор Монгол улсын иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны хувь хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Засгийн газар, УИХ болон манай компани үүн дээр хамтран ажиллаж 2010 оны 39 дугаар тогтоол болох “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн эзэмшлийн бүтцийг хуваарчилсныг өөрчлөх, шинээр тогтоох шаардлагатай гэж бодож байна.
-Та өөрийгөө хамгаалаад байгаа юм шиг хариулаад байх юм. Та бол Таван толгойн хувьцааны үнэ цэнийг өсгөх гэж энэ суудалд суусан гэж хатуугаар хэлж болно. Бүх зүйлийг зах зээл рүү түлхээд сууж таарахгүй байх?
-Таван толгойн хувьд нэг сайн, нэг муу мэдээ байгаа. Муу мэдээ нь бид боломжит түвшиндээ хүртэл өрсөлдөж чадахгүй байна. Сайн мэдээ нь дэлхийн бусад компаниуд нь хөгжлийн дээд цэгтээ хүрээд, зардлаа бууруулах ямар ч орон зайгүй болсон. Бидэнд бол зардлаа бууруулах тодорхой боломжууд бий. Тухайлбал, Таван толгойд төмөр зам баривал компанийн үнэ цэнэ шууд нэг тэрбум ам.доллараар өснө гэсэн тооцоо байдаг. Нэг тонн тутамд нь 10 ам.долларын хэмнэлт гарна. Жилд 20 сая тонн нүүрс гаргахад жил бүр 200 орчим сая ам.долларын хэмнэлт гарна гэсэн үг. Ийм боломжууд бидэнд бий.
Хувьцааны асуудал дээр бол Засгийн газар болон УИХ нь холбогдох тогтоолоо өөрчлөх бүрэн боломжтой. “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн иргэдийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувь хүртэлх гэж зааснаас нэмэгдүүлж болохгүй гэж үү? Би бол бүрэн боломжтой гэж бодож байгаа тэрчлэн бүүр нэмэгдүүлэх шаардлагатай гэж бодож байна. Бид зах зээлийг өөрчлөж чадахгүй ч гэсэн “Эрдэнэс-Таван толгой” ХК, төр засгийн зүгээс зах зээлтэй уялдсан бодлого хэрэгжүүлэх замаар иргэдийн хувьцааны үнэлгээнд бий болоод байгаа уналтыг засах зөв алхмуудыг боломжоороо хийх хэрэгтэй.
Тавантолгойн нүүрсний орд бол Монголд төдийгүй дэлхийд томоохон баялаг. Монгол иргэний хувьд, компанийн удирдлагын хувьд ч хувьцааны үнэлгээний талаархи ойлголтын зөрүүг арилгаж хөрсөндөө буусан хийсвэр бус, бодит байдалд нийцсэн гарааны цэгээ тодорхойлох нь хамгийн чухал асуудал болоод байна. Ингэснээр дараа дараачийн бодит үр дүнгээ өгөх зөв шийдлүүдийг гаргах боломжийг бий болгох юм.
-Төмөр замын асуудал гэж зангууны үлгэр байна. Уучлаарай ингэж хэлсэнд. Олон жил ярьсан болохоор ингэж хэллээ?
-Төмөр зам анхаарал тавих ёстой асуудлын нэг үү гэвэл тийм. Таван толгойн бүтээн байгуулалтын салшгүй хэсэг мөн. Хэн нь хэрэгжүүлэх вэ гэдгээсээ үл хамаарч Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, наанадаж бүс нутгийн, цаашлаад Монгол улсын хөгжлийг тэтгэх төсөл. Харамсалтай нь хэтэрхий их цаг алдаж байна.
Ер нь зах зээл таатай байсан нөхцөлд Угаах үйлдвэр, түүнийг дагалдах усан хангамжийн асуудлыг төмөр замтай нь хамтад нь бүтээн байгуулахад эдийн засгийн хувьд боломжтой үе байсан. Гэтэл өнөөгийн зах зээлийн таагүй нөхцөлд үе шаттайгаар өрсөлдөх чадвараа сайжруулах шаардлага бий болоод байна. “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьд бол эхлээд төмөр замаараа тээвэрлэж ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх, ингэснээр дараа дараачийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх томоохон бүтээн байгуулалтуудаа хийх эдийн засгийн орон зай бий болох юм.
Яагаад гэвэл томоохон хөрөнгө оруулалт шаардсан төслүүдийг зах зээлийн таагүй нөхцөлд зэрэг эхлэх нь компанийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг сулруулах сөрөг талтай. Миний ойлгож байгаагаар оновчтой хөрөнгө оруулалт гэдэг чинь зөв цагтаа зөв төсөлд, зөв хувилбараар хөрөнгө оруулж, харилцан ашигтай гэрээ байгуулж мөн гүйцэтгэлийн цаг хугацаа, нарийн хуваарийн дагуу хэрэгжүүлэхийг хэлдэг юм болов уу.
Товчхондоо хэлэхэд эхлээд төмөр замаа оруулаад жаахан амсхийж байгаад дараа нь боловсруулах үйлдвэрийн асуудлыг шийдвэрлэх гэх мэт шат дараалсан арга хэмжээнүүдийг авах гэсэн үг юм.
-Таван толгой олон улсад хувьцаа гаргах боломжтой юу. Ингэж ашгийг нь нэмэгдүүлж болох уу?
-Өнөөдөр үүсээд байгаа тодорхойгүй нөхцөл байдлыг тооцож үзвэл олон улсын хөрөнгийн зах зээлд гарах боломжгүй. Яагаад гэвэл Олон улсын хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдан авч байгаа хөрөнгө оруулагчид нь хөрөнгө оруулж байгаа орны хөрөнгө оруулалтын орчин гэх мэт их олон зүйлийг анхаарч шийдвэрээ гаргадаг. Манайхан мэднэ дээ, жишээ нь энгийн банкны зээл авахад ямар олон шаардлага тавьдгийг. Бичиг баримтын бүрдүүлэлтээс авахуулаад өөрийн орлогоо бодитойгоор тодорхойлуулах гэх мэт. Гэтэл дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татахад үүнээс хол давсан шалгуур тавих нь ойлгомжтой. Эдгээр хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд тавьдаг шалгуур нь хөрөнгө оруулалтын орчин нь хэр тогтвортой, ойлгомжтой байна вэ гэдгийг хардаг. Манайхны хэт улс төржилтийн үр дүнд бий болсон өнөөгийн нөхцөл байдал нь хамгийн энгийн энэхүү шалгуурыг хангаж чадахгүйд хүргээд байна. Өөрөөр хэлбэл, энэхүү байдал нь хөрөнгө оруулагчдыг илүү эрсдэл багатай сонголт хийхэд хүргэж Монгол улс руу ирэх мөнгийг шууд зогсоож байна гэж хэлж болохоор байна. Үүнийг заавал засаж, залруулах ёстой.
Саяхан Оюу Толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн байна. Үүнийг том зургаар нь харвал Монголын хөрөнгө оруулалтын орчинд гадагшаа чиглэсэн эерэг сигналь боллоо гэж харж байна. Миний энэхүү дүгнэлт нь зөвхөн хөрөнгө оруулалтын орчин талаас нь л хэлж байгаа юм. Нарийн тооцооллын асуудал дээр өөр өөр байр суурь байдаг л байх.
Ашгийн тухайд, хувьцаа эзэмшигчид үндсэн хоёр хэлбэрээр ашиг олох боломжтой. Нэгдүгээрт ногдол ашиг авах хэлбэрээр, хоёрдугаарт хувьцааны үнийн өсөлтөөс. Үүнийг ашигт ажиллагааг сайжруулснаар бий болгодог. Хэрэв ашигт ажиллагааг сайжруулсан хөрөнгө оруулалтыг хийвэл мэдээж хувьцаа эзэмшигчид ашиг хүртэнэ.
-Сүүлийн үед Таван толгойн талаар өрнөөд байгаа талцлын талаар асууя. Тендерийн нөхцөл муу байснаас маргаан үүсээд байна уу? Магадгүй шүүмжлээд байгаа хүмүүс үнэхээр ард түмний тал байгаа ч юм бил үү?
-Компанийн менежментийн хувьд тендерийн асуудлыг улс төрийн шийдвэр гэж харж байгаа. УИХ-аар хэлэлцэж байгаа нь ч үүнтэй холбоотой байх. Миний харж байгаагаар улс төрчид өөр өөрийн өнцгөөс асуудалд хандаж байх шиг байна. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг талаас нь харж дүгнэж байгаа нэг хандлага байхад нөгөө талаасаа улс орны эдийн засагт нөлөөлөх талаас нь асуудалд хандаж байх шиг байна. Аль аль нь зөв байх. Ямартаа ч УИХ-аас гарах тендертэй холбоотой шийдвэр нь улс орны ирээдүй, ард түмнийхээ эрх ашигт нийцсэн шийдвэр болж чадна гэж бодож байна. Нийгэм ч адил хүлээлттэй байгаа байх. Харин “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн доторхи хувьцаа эзэмшлийн бүтцийн асуудал дээр өөрчлөлт оруулж шийдвэрлэе, ямар ч байсан хөрөнгө оруулагчийн асуудал шийдэгдэх эсэхээс үл хамаарч, Тавантолгойн төслөөс Монголын иргэдийн хүртэх хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй бол болохгүй болсон гэж л тодотгон хэлмээр байна.
-Сүүлийн жилүүдэд “Эрдэнэс-Таван толгой” ашигтай ажилласан гэсэн пиар нэг хэсэг явсан. Таван толгойн хэрүүл дундуур энэ мэдээлэл цацагдахаар эргэлзээ төрж байсан л даа?
-Нүүрсээ хаана хүргэж өгч байна вэ гэдгээс хамаарч “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн нийт зардлын 80 хүртэл хувийг тээврийн зардал эзэлдэг. Үүн дотор татвар, хураамж, ложистикийн холбогдолтой зардлууд, хорио цээр, тэр ч бүү хэл хил дээр түгжирч зогсох хугацаа хүртэл нөлөөлдөг. Заримдаа жолооч нар хилээр гарах гэж тав хонодог байсан. Бид энэ олон дамжлагыг багасгах, хилээр хурдан нэвтрэх боломжийг нээх гэж хичээж ажилласан. Таван толгойн амнаас нүүрсээ ачаад Хятадын гаалийн баталгаат бүс болох Ганц модны боомтод хүргэх тээврийн зардал нь тонн тутамд 30 ам.доллар байсныг өнөөдөр 17-19 ам.доллар болгож бууруулсан. Өөрөөр хэлбэл, тээвэр, ложистиктой холбоотой зардлуудыг тултал нь бууруулж ирлээ. Төмөр замтай болох хүртэл бид чадлынхаа хэрээр зардлыг буруулж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд арга хэмжээ авахаас өөр аргагүй юм.
Эцэст нь хэлэхэд, би энэ компанид сүүлийн 6 жил ажиллахдаа үйл ажиллагаа, хувьцаатай холбоотой хийж хэрэгжүүлье гэж бодсон, суурийг нь тавьсан ажилуудынхаа үр дүнг үзмээр байна. Тавантолгойн орд газрын нүүрсийг дэлхийд өрсөлддөг, үр ашгаа өгдөг нүүрс байгаасай гэж бусад монголчуудын адил хүсч байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд миний баримтлах зарчим бол үүсээд байгаа асуудлыг яриад цаг алдаад суух биш, шийдлийг хайж ажиллах. Ингэхдээ асуудлын угшлыг зөв тодорхойлж тохирох бодит гаргалгааг бодож олж, түүнийгээ хэрэгжүүлж ажиллана.
-Ярилцсанд баярлалаа.
Д.ТӨВ