Хуучин нийгэмд сонин, хэвлэлийн бүтээгдэхүүн бүрийг хэвлэл, утга зохиолыг хянах газар буюу Главлит гээчид аваачиж нэг бүрчлэн уншуулж шалгуулдаг ёстой байж билээ. Энэ байгууллагын гол зорилго нь юу гэхээр  төрийн нууцад хамаарагдах стратегийн шинж чанар бүхий тоо баримтыг ил гаргах, нам засгийн эсрэг үйл ажиллагааг сурталчилахгүй байх, садар самууныг үл сурталчлах зэрэг бусад үй олон хориг хаалт тавьсан ийм механизм үйлчилдэг байж.

Бид мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дэргэд орос хэлээр гардаг “Новости Монголии” сонинд ажилладаг байсны хувьд дугаар бүрийг хэвлэх үйлдвэр рүү шилжүүлэхээс нь өмнө Главлитэд ээлжлэн аваачиж хянуулдаг байлаа. Сүйдтэй ч юм болохгүй л дээ. Миний найз нар ч тэнд ажилладаг байсан. Цалин авч байгаа юм чинь уншилгүй л яахав, шалгалгүй л яахав. Ажил нь тэр байлаа. Гэхдээ энэхүү үйл явцын цаад гүн утга нь бол хэвлэн нийтлэх эрх чөлөөг үзэл суртлын хувьд ерөнхийдөө хааж боосон ийм л механизм байсныг нуух юун. Олон улсад бол “цензур” хэмээх нэр томьёогоор ойлгогдоно.

Өдгөө энэхүү хаалт үгүй болсон. Ардчиллын тулгуурт зарчмуудын нэг нь цензургүй болох явдал юм. Өнөөгийн үеийнхэн бол үүнийг ойлгох ч үгүй. Цензурт хамаарагдсан бас нэг салбар нь урлагийн салбар байв.

Тэрэн дотроо жишээ нь дуу бүтээх үйл явц багагүй саад тотгорыг давна даа. Ая дангийн хувьд хөгжмийн зохиолчдын байгууллагын хатуу шүүлтүүрээр орно. Өөрөөр хэлбэл аялгуу дээр хяналт тавина гэсэн үг юм. Одоо бодоход монгол аялгуу, Пентатоник буюу таван эгшигт Азийн ая данг хамгаалах арга нь байжээ. Би бээр анхны ая дуугаа зохиох гэж ядаж байсан үедээ залуу, омогтой байсныг ч хэлэх үү монголын хөгжмийн бурхад болох ахмад үеийнхэнтэй нэг муу завсрын аккорд-ны төлөө улайран хэл ам хийж байсныг санахад одоо ичдэг юм. Хожим хойно яг дууны хувьд ийнхүү хянадаг байсан нь нэг өнцгөөс харахад зөв ч байж дээ гэж бодогдох болсон шүү. Би одоо үүнийг тайлбарлахыг хичээе.

1990 онд бидний хувьд жинхэнэ эрх чөлөө ирсэн. Бүх “клапануудыг” нээж өгсөн. Сад тавьсан. Хүн болгон дуртай дуугаа дураараа дуулж, чадаж л байвал дуу зохиохын хувьд чөлөөтэй болсон. За тэгээд эхэндээ гайгүй танагтай байснаа сүүл рүүгээ эмх замбраагаа алдсан даа. Өнөөдөр гадаад дууг тэр чигээр нь хуулаад дуулна. Зарим аранжировщикууд (дууны найруулга хийдэг хүмүүс) ичгүүр сонжуургүй солонгос, япон дууны найруулгыг хуулчихаад “мандан бадраад” байх нь яана. Элдэв тэмцээн наадамд шагнал хүртээд л.. “Аа энэ муу тэнэг ард түмэн юу мэддэг юм” гэсэн байдалтай. Ард түмэн чинь мэддэг л байхгүй юу. Түмэн чихээрээ сонсож, мянган нүдээрээ харж байдгийн хувьд. Сүүлийн үеийн дуу гэж үнэндээ ихэнхдээ сэтгэл зүрхэнд үлдэх юм үгүй болсныг зөндөө хүн хэлээд өгнө дөө. Хэлбэр маяг хөөцөлдсөн, гял цал болсон, хагас нүцгэн шалдан хүүхнүүд юу ч дуулаад байгаа юм... Хүний ой тоонд юу ч үлдэхгүй. Нэг сонсоод хараад л өнгөрнө.

Чухам энэ байр сууринаас авч үзэхэд тэр хэдэн хөгшин буурлууд маань ямар зөв шаардлага тавьдаг байсан юм бэ?  гэж бодогддог. Одоо сайн анзаарвал тэр үеийн хатуу шүүлтүүрээр орсон дуунууд л өнөөдөр урт настай амьдарч байна. Дууны үгний хувьд бол арай өөр, хуучин цагт дууны үгийг мөн л уран сайхны зөвлөлөөр оруулж батлуулдаг журамтай байлаа. “Инээмсэглэл” хамтлагийн урын санд байдаг зарим дуунууд хөөрхий бас их хохирдог байж билээ. Жишээ нь “Алтан хавчаар” гэдэг дууг “алтан хавчаар” гэдэг үгнээс болж радиогоор явуулж чаддаггүй. Эд материалыг тахин шүтэхэд хүргэх аюултай ч гэх шиг, эсвэл миний “Хослон дуулья” дуунд байдаг “үерийн ус шиг оргилсон хайраа” гэсэн үгийг үерийн аюулыг сурталчиллаа гээд байдаг. “Би цас ороход дуртай” гэдэг дууг цас зудыг сурталчиллаа хэмээн хэл ам гарч байсныг одоо санахад гунигтай бас хөгжилтэй санагддаг юм. Энэ бол ёстой нөгөө “абсурд” гэж байдаг даа. Дууны шүлгийг батлалцдаг хүмүүс дунд дарга нарын өмнө ажлаа сайн хийж буй дүр эсгэх гэж ядсан дунд шатны хөгийн түшмэлүүд бас байдаг байжээ.

Нөгөө талаас нь бодоход өнөөдрийн залуучууд амандаа орсныг хэлж дуулж байна. П...да гэсэн оросын адгийн муу хараалын үгийг задгайдаа хэлж орилж гуугачиж байвал яахав? Энэ ч арай дэнднээ. Дүгнээд хэлэхэд “Мод хоёр үзүүртэй” гэж байдаг. Манай рок попын зарим залуучууд “Биднийг энэ соёлын яам ерөөсөө анхаарахгүй юмаа” гээд уруу царайлчихаад энд тэнд гаслаад явдаг. “Рок поп урлаг бол өөрийнхөө жамаар хөгждөг юмаа хө. Соёлын яамны анхаарал халамжийн хүрээнд багтаж буцаад хяналтанд нь орох гээ юу. Дээвэр дор нь оронгуут энэ дууг ингэж ч дуулж болохгүй, тэгж ч хэлж болохгүй гээд л эхлэнэ шүү дээ. Дахиад цензурдүүлмээр байгаа юм уу? Тэгэх тусмаа өдгөө энэ төр засаг хувийн хэвшлийнхнийг дарамталж бүх юмыг булааж буй цагт бүр болохгүй. “Төрөөс холхон, эрх чөлөөгөө эдлээд, сурсан дуугаа дуулаад л явж байх хэрэгтэй” гэхээр гайхсан байдалтай “нээрээн ч тийм юм уу” гээд буцдаг.

Мэдээж олж авсан эрх чөлөөгөө юу гэж алдахыг хүсэх вэ дээ. Дураараа дуулж, аманд орсноо хэлэх шиг сайхан юм гэж хаа байхав. Гагцхүү уран бүтээлч хүн өөрөө өөртөө өндөр шаардлага тавьж, өөрөө өөрийгөө цензурддэг байх ёстой л гэж би боддог. Өнөөх л жудагтай байх хэрэгтэй гэсэн үг. Харин төр засгаас юу хийх хэрэгтэй гэхээр ард түмний боловсрол, түүн дотроо хөгжмийн боловсролыг нь дээшлүүлэх талаар маш цэгцтэй нарийн бодлого явуулдаг байвал зүгээр. Бусдыг нь бол зах зээл нь шийдээд өгнө. Тэгсэн цагт энэ замбраагүй олноор төрж буй гадаадаас хуулбарласан,. хулгайлсан дуу дэлгэрэх нь багасч, сонсохоо ч болино. Жинхэнэ монгол, урт настай дуу ноёлох болно.

Б.ДОЛГИОН