Бразилийн улс төр, нийгмийг донсолгосон авлигын хэргийн тухай эрэн сурвалжлах сэтгүүлч, зохиолч Владимир Нетогийн бичсэн “Машин угаалга” ном 2016 онд хэвлэгдэж, тэр даруйдаа хамгийн гүйлгээтэй, шилдэг номоор шалгарчээ. Бразилийн нэр нөлөө бүхий улс төрчид, бизнесийн бүлэглэлүүдийн сүлбэлдсэн эл авлигын хэргийг 2014 оноос эхлэн шалгаж өнгөрсөн хугацаанд 232 хүнийг сэжигтнээр татаж, 160 хүнийг саатуулан хорьж, 10 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг царцаан, улс төрчдийн оффшор данснаас мөнгийг нь татан авч улсын орлого болгосоор байна. Миний бие Бразил Улсад ажиллаж байхдаа эл номын зохиогч Владимор Нетотой нөхөрлөн, номын гол баатар, шүүгч Сержио Моротой уулзах завшаан тохиосон бөгөөд “Машин угаалга” номын ерөнхий агуулга ба тухайн үеийн хэвлэлийн мэдээ болон улс төрчид, судлаач нарын сэтгэгдэл, дүгнэлтээс сийрүүлэн Та бүхэнд цувралаар хүргэж байна. 


Шүүгч Сержио Морогийн ялалт


Энэ номын зорилго бол Бразилийн улс төр авлигадаа хэрхэн идэгдсэн, хичнээн бохир заваан болсон тухай өгүүлэх гээгүй болов уу. Харин хараат бус шүүх засаглал, өргөсөн тангарагтаа үнэнч шүүгчийн эр зориг шударга ёсыг хэрхэн эргүүлэн тогтоодог тухай өгүүлсэн ном юм. Тийм ч учраас эл номын хавтас эдүгээ сая сая бразилчуудын бахархал болоод байгаа залуухан шүүгч Сержио Морогийн зургаар гоёсон байдаг. Эл номын зохиогч, сэтгүүлч Владимир Нето нэг бус удаа “Моро бол бразилчуудын ёс суртахууны хэм хэмжээ, үлгэр дуурайл болсон хүн” хэмээн цохон тэмдэглэсэн нь номын үнэ цэнийг илэрхийлсэн төдийгүй шударга шүүх, шүүгчийн ёс зүйг өргөсөн хэрэг буй за. 

Мөнгө угаах гэмт хэргийн их мастер Алберто Иойссеф төдийгүй Бразилийн нөлөө бүхий улс төрчид, бизнесийн магнатууд тэр ч байтугай ард түмний хайртай Ерөнхийлөгч асан Лулагийн эрлэг болсон шүүгч Сержио Фернандо Моро гэж хэн бэ? 

Тэрээр Парана мужийн Маринга хотод жирийн багшийн гэр бүлд 1972 онд төржээ. Дунд сургуулиа төгсөөд мужийнхаа Их сургуулийн хуулийн ангид суралцан дүүргэж, 24 настайдаа шүүгчийн сонгон шалгаруултанд тэнцэн улмаар эрүүгийн хэргээр ажлынхаа гарааг эхэлсэн тэрээр 2003 оноос хойш мөнгө угаах гэмт хэргээр мэргэшсэн байна.

Тус улсад хэдэн жилийн өмнө мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцэх сайн дурын бүлэг байгуулагдсан бөгөөд түүнд эрэн сурвалжлах сэтгүүлчид, хуульчид, иргэний нийгмийн зүтгэлтнүүд харъяалагдаж үе үе уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Тус бүлгийн үйл ажиллагаанд Моро идэвхийлэн оролцож илтгэл тавих дуртай байж. 

2010 онд “Мөнгө угаах гэмт хэргийн тухай” номоо хэвлүүлсэн нь эдүгээ хуульчдын гарын авлага болжээ. Тус номондооБразилийн гурван шатны шүүх хүнд суртал ихтэй, цаг их алдсанаар хэрэг сунжирдаг тул авлигын хэрэгтнүүд хожиж, харин ард иргэдийг залхаахад хүргэдэг болохыг онцолжээ. Ялангуяа зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тулж ажиллахын тулд шүүхийг шинэчлэх шаардлагатай гэдгийг удаа дараа нотлон бичиж байв. 

Сержио Моро бол үзэл бодолдоо үнэнч, хатуу чанд зарчимтай, эр зоригтой шүүгч. Харвардын их сургуульд “Мөнгө угаах зохион байгуулалттай гэмт хэрэг”-ээр мэргэшсэн түүнийг “Машин угаалга” ажиллагаа идэвхжих үеэр “Америкийн тагнуул” хэмээн хочилж нэг хэсэгтээ цуурав. Мэдээж энэ бол Морогийн нэр хүндийг унагах зорилготой эсрэг талын аргаа барсан үйлдэл байсан тул тэгсхийгээд намжив. 

Моро нийслэл Бразилиа хотноо Дээд шүүхийн шүүгч Роза Веберийн туслах шүүгчээр жил гаруй хугацаанд ажиллахдаа “Менсалао” хэмээх мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хариуцажбагагүй туршлага хуримтлуулжээ. Дээд шүүхэд ажиллаж байхдаа өглөө 10 цагт ирж,орой 19 цагт ажлаасаа тардаг тэрээр хариуцсан ажлаараа бусдаас ялгарч Роза шүүгчийн анхаарлыг татаж амжсан гэдэг. 

Түүнийг 2013 онд Парана мужийнхаа Дээд шүүхэд шүүгчээр томилогдон очих үед Росалво Франко хэмээх хурандаа цагдаагийн даргаар дэвшин ирсэнтэй цаг хугацааны хувьд таарчээ. Цагдаагийн шинэхэн дарга Мород хандан “Манай мужид мөнгө угаах гэмт хэргийг сүүлийн жилүүдэд илрүүлээгүй байгаа нь бид сайн ажиллаагүй гэсэн үг. Би таныг дэмжиж, цагдаагийн шинэ багийг бүрдүүлэн өгнө” хэмээн амласан нь түүний хувьд маш том дэмжлэг болсон аж.

“Машин угаалга” ажиллагаа авлигын цайзын хаалгыг ийнхүү дөнгөж тэмтчин нээж байх үед мужийн Прокурор Жозе Соарес гэгч муж бүхэнд салаалан сүлжээ үүсгэсэн энэ хэрэг нь Паранад хамаарахгүй тул нийслэл рүү шилжүүлнэ хэмээн мэдэгдсэн нь аянга буухтай адил болов. 

Шүүгч Моро ба цагдаагийн багийнхан тус хэргийг муждаа шийдвэрлэх шаардлагатайг батлан, хүн хүч нэмэгдүүлэх хүсэлтээ төвдөө илгээсээр байлаа. Аз таарч нийслэлээс Ерөнхий Прокурорын газрын 34 настай, Харвардын их сургуулийн хуулийн ангийг саяхан төгссөн залуухан прокурор Делтан Далланол “Машин угаалга” мөрдөн шалгах ажиллагааны багийг Парана мужид үргэлжлүүлэн ажиллахыг дэмжиж, Ерөнхий Прокурорын газраас өөрийн биеэр хариуцах болсоныг мэдээлжээ. 

Авлигын эсрэг тэмцэл бол зөвхөн мөнгөний эсрэг биш, эрх мэдлийн эсрэг тэмцэл юм. Тиймээс олон оронд, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад эрх мэдэлтнүүдийг ялан дийлж, яллан шүүх тохиолдол тун ховор. Чухамхүү “Машин угаалга” ажиллагааны амжилт бол цагдаа, шүүх, прокурор хамтран нэг баг болон ажиллаж чадсанд л байгаа болов уу. 1988 оны Үндсэн хуулиас хойш бэлтгэгдсэн шинэ үеийн хуульчид гар нийлэн хамтын багийг бүрдүүлэн ажилласан бөгөөд тэдний манлайлал авлигын эсрэг төдийгүй шүүх засаглалын шинэчлэлийг эрчимжүүлсэн юм.


Хамтарсан багийн анхны ялалт

Алберто Иойссефоор дамжуулан дараагийн сэжүүрийг цагдаагийнхан тун амархан атгаад авав. Тэдний дараагийн бай бол олон улсад нэртэй Петробрас хэмээх хий, газрын тосны төрийн өмчит корпорацийн Хангамжийн дэд захирал асан Пауло Роберта Коста байлаа. Иойссеф, Коста нар олон жил нөхөрлөсөн андууд. Андуудын ард бизнесийн ашиг сонирхол байсан нь мэдээж. Нарлаг нэг сайхан өдөр тэд хамтдаа зугаацан машин арилжааны газрын хажуугаар өнгөрөх үед “Нэг л өдөр би ийм машин унахыг мөрөөдөж байна” хэмээн цоо шинэ Рейнж Ровероос нүдээ ч үл салганКостаг хэлэхэд 

-Яагаад заавал ирээдүйн нэг өдөр гэж би чамд одоо аваад өгье л дээ хэмээн Иойссеф хариулсан гэдэг. Маргааш нь найзынхаа мөрөөдлийн төмөр хүлгийг худалдаж авсан 250 мянган реалийн төлбөрийн баримтаа цахим шуудангаар нь илгээжээ. Коста хүссэн тоглоомоо ааваараа авахуулж чадсан жаахан хүү лугаа адил хөөрөн баярлаж байсан бол харин эхнэр нь сэтгэл зовниж байлаа. Магадгүй эмэгтэй хүний зургаа дахь мэдрэхүйгээр энэ машин сайныг авчрахгүйг зөгнөө биз. Үнэхээр ч энэ машины төлбөрийг Иойссеф төлсөнийг цагдаа нар даруй тогтоон Костаг баривчлах далим болгожээ. 

Костаг баривчлах үедээ түүнийг бичиг баримтуудаа зөвлөх компанийнхаа өрөөнөөс авчрахыг шаардав. Гэтэл ааваасаа нууцаар үүрэг авсан охидууд нь дөрвөн хайрцаг бичиг баримтуудыг өрөөнөөс нь зөөж, устгасан нь цагдаагийн хараанд өртөв. Ийнхүү нотлох баримтуудаа устгасан нь түүний хамгийн том алдаа болсон гэдэг. Коста тэтгэвэртээ гараад тун удаагүй байсан бөгөөд газрын тосны чиглэлээр зөвлөх компани байгуулаад ажиллаж байсан юм. Түүнээс Алберто Иойссефийг таних уу хэмээн асуухад -Танина, гэхдээ бизнесийн холбоо байхгүй. Манай компаниас нэг удаа зөвлөх үйлчилгээ авч байсан. Түүнийхээ хөлсөнд надад машин авч өгсөн хэмээн хариулжээ. 

Костагийн гэрт нэгжлэг хийхэд 180 мянган ам доллар, 10 мянган евро, 750 мянган реалийг олжээ. Гэрт нь ихээхэн хэмжээний бэлэн мөнгө байсан, хэргийн баримтуудаа устгасан болон хахуулийн машин авсан хэргээр түүнд шүүгч Сержио Моро яллах төлөвлөгөө бэлтгээд байв.

Бразилийн газрын тос, хий, шингэн түлшний бүтээгдэхүүн олборлон үйлдвэрлэдэг Петробрас (Brazilian Petroleum Corporation) нь 1953 онд байгуулагдсан төрийн өмчит компани юм. Эдүгээ Америк, Европ, Ази, Африкийн олон оронд хөрөнгө оруулалт хийн ажиллаж байгаа дэлхийд данстай том корпораци. Хувьцааных нь 54 хувийг Бразилийн Засгийн газар шууд эзэмшдэг бол Баялгийн сан, Хөгжлийн банкаараа дамжуулан 10 хувийг шууд бусаар нэмж эзэмшинэ. Өдөртөө 2,3 сая баррел тос олборлодог, жилдээ 87.0 тэрбумын орлоготой, 90 мянга шахуу ажиллагсадтай тус компанийн удирдлага улс төрчдийн гарт ороод уджээ. Тэгэхлээр Костагийн түүх бол хэн нэг шуналтай даргын тухай гэхээсээ илүү улс төрчид төрийн өмчит компаниар дамжуулан хэрхэн мөнгө саадаг тухай бүхэл бүтэн загварчлал болой.

Пауло Роберта Коста хийж бүтээх хүсэл тэмүүлэлдээ ид хөтлөгдсөн залуу байхдаа сонгон шалгаруулалтад амжилттай тэнцэн Петробраст анхлан хөл тавьсан аж. Тэрээр тус корпорацид 35 жил тасралтгүй ажилласан бөгөөд 1995 оноос хойш өөрийн идэвхи зүтгэлээр өсөн дэвшиж явлаа. Гэсэн ч ахлах ажилтнаас цааш тэрээр “шилэн тааз”-тай тулсан юм. Нүдэнд үл үзэгдэх энэхүү шилэн таазыг гагцхүү мэдлэг чадвараар нэвтлэн шатлан дэвших ямар ч боломжгүй. Энэ бол өөрөөс шалтгаалах асуудал биш тул дээрээс хэзээ, хэн түүнийг татахыг хүлээх үлдлээ. Тун удалгүй аз таарч Лулагийн Засгийн газрын үед Парана мужаассонгогдсон Төлөөлөгчдийн танхимын гишүүн “Үндэсний дэвшил нам”-ын дарга Жозе Жанена дуудаж Хангамжийн газрын дэд даргын албыг хаших санал тавив. Мэдээж Коста ч дуртайяа зөвшөөрөв. Ийнхүү тэрээр Петробрасын Хангамжийн газрын дэд даргын албан тушаалыг Үндэсний дэвшил намын нөмөр нөөлөг дор 2004-2014 оны хооронд хаших боллоо. Коста ийнхүү улс төрийн утсан хүүхэлдэй болон хувирав. Түүнд өөр арга зам байсангүй. Учир нь Петробрасын удирдах албан тушаалуудыг намууд аль хэдийнэ хуваагаад авчихсан тул тэдний гар хөл нь болж байж л даргын албан тушаалд очих нь хэнд ч ойлгомжтой хэрэг. 

Петробрасын бүх газар, хэлтсийг улс төрчид эрхшээгээд удаж буй. Тухайлбал: Засгийн эрх барьж буй Хөдөлмөрчдийн нам удирдлага, үйлчилгээ, хий ба эрчим хүч, олборлолт ба үйлдвэрлэл, санхүүгийн газруудын, Үндэсний дэвшил нам хангамжийн, харин Ардчилсан Хөдөлгөөний нам гадаад харилцааны газрын дарга ба дэд даргад төлөөний хүнээ томилуулдаг бичигдээгүй хууль үйлчилдэг. 

Мөрдөгчид Костагийн өрөөнөөс нэг чухал баримт олжээ. Тэр их чамбай менежер байсан тул бүх зүйлээ бичиж тэмдэглэдэг зуршилтай. Тэрээр Петробрастай холбоотой ажилладаг хувийн компаниудыг хүснэгтэд байршуулан тэдний захирлын төдийгүйхолбоотой ажилладаг ажилтнуудын нэрсийг жагсаан хамтран ажиллаж байгаа, эсвэл төлөвлөж байгаагаа ангилсан байж. Энэхүү хүснэгтээс мөнгө угаах хуйвалдаанд ямар компаниуд хэзээнээс хэр зэрэг жин даран оролцож эхэлсэн, эхлэх гэж байгааг төвөггүй ойлгож болно.

Нотлох баримтууд хангалттай бүрдсэн ч Коста үнэнээ мэдүүлэхээс эрс татгалзаж байв. Учир нь түүнийг нэг л өдөр хамсаатнууд нь суллуулах болно гэдэгт итгэлтэй байсан хэрэг. Үнэхээр түүнийг баривчлагдаад 59 хоносны дараа Дээд шүүхээс гэнэт суллах шийдвэр гарсан юм. Коста ч суллагдмагцаа хамгийн нэртэй сонингуудад өөрийгөө ямар ч буруугүй, хилс хэргээр хоригдож байгаад гарлаа хэмээн ярилцлага өгч эхлэв.

Түүний гэртээ хадгалж байсан бэлэн мөнгөний тухай асуухад -Хүн яагаад гэртээ бэлэн мөнгөтэй байж болохгүй гэж хариулсан гэдэг. Коста татвараас зайлсхийж, багахан мөнгийг гэртээ нууж байсан хөнгөн хэргээр өөрийгөө аргалах дотоод бодол агуулж байсан бололтой.

Костаг баривчлагдмагц Петробрасын нууц задарч эхэллээ. Нэр нь холбогдсон улс төрчид сандарч өөрсдийгөө ямар ч гэм зэмгүй хэмээн хэвлэлээр ээлжит ярилцлагаа өгсөөр байв. 

Конгрессийн гишүүд авлигын хэрэгт олноор холбогдох болсон тул Конгресст “Машин угаалга” нэртэй Хяналтын сонсгол хийж эхэлжээ. Коста ч суллагдсаны дараа тус сонсголд очиж гишүүдийн асуултад хариулсан бөгөөд бүгд худлаа гүтгэлэг хэмээн дахин дахин батлан хэлж байлаа. Түүний хариултад олон гишүүд сэтгэл хангалуун үлдсэн гэдэг.

Дээд шүүхээс Костаг суллах төдийгүй “Машин угаалга” ажиллагааны бүх хэргийг Дээд шүүх рүү татан авах шийдвэрийг шүүгч Теори Заваский гаргасан байна. Шалтгаан нь Конгрессийн гишүүд олноор холбогдож эхэлсэн бөгөөд Үндсэн хуульд заасны дагуу Дээд шүүх л гишүүдийн хэргийг шалгах эрхтэй. Ийнхүү “Машин угаалга” эхлээд хоёр сар гаруй болоод хаагдах нь гэсэн битүүхэн айдас олон нийтийг түгшүүрт автуулав. Костаг сулласнаар бусад холбоотнууднь ч удахгүй суллагдана гэдэгт итгэлтэй болов. Тэр дундаа Иойссеф бүр ч их хүлээлттэй байсан нь мэдээж. 

Дээд шүүхээс Костаг суллах мэдэгдлийг хүлээн авсан Моро хүнд цохилтод орж, хаалгаа тас хаан, өрөөндөө өдөржингөө ганцаараа үлдэв. Тэр тун хүнд байдалд орсон байлаа. Морогийн найдвартай гараас хэргийг мултлан авч, нийслэл Бразилиад байрлах Дээд шүүхэд шилжүүлэх шийдвэр нь үйл явдлыг хачирхалтай болгов. Шалгагдаж байгаа Конгрессийн гишүүдийн өмгөөлөгчид хэдийнэ нэгдээд Дээд шүүхэд нөлөөлөх төлөвлөгөө бэлтгээд эхэлчихэж. Хамтарсан багийн нөр их хөдөлмөр ингээд төгсгөл болох гэж үү? гэх мэт элдвийн бодолд автсан Моро цайндаа ч оролгүйөдөржингөө компьютерт юм бичиж суусан байдаг. 

Дээд шүүхийн шийдвэрийг мужийн Дээд шүүхийн анхан шатны шүүгч эсэргүүцэх эрх байхгүй тул ажлынхаа явцыг танилцуулан зааварчилгаа авах хүсэлт байдлаар албан бичгээ төлөвлөн шүүгч Заваскийд илгээжээ. Моро дээд шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлэхийн ялдамд нөгөө талаар Коста, улмаар Иойссеф, Кодама зэрэг мөнгө угаах гэмт хэргээр гаршсан этгээдүүдийг суллах нь нийгэмд хичнээн аюултай болохыг батлан ойлгуулахыг хичээв.Мэдээж дээд шатны шийдвэрийг өөрчлөнө гэдэгтээ итгэл муутай байсан биз. Анхан шатны шүүхээс ийм хүсэлт илгээх нь их л ховор тохиолдол. Гайхалтай нь Морогийн тайлбарыг уншаад Дээд шүүхийн шүүгч Теори Заваский шийдвэрээ өөрчилсөн төдийгүй нэмж найман хүнийг суллах гэж байсан төлөвлөгөөгөө ч зогсоосон аж.

Дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар“Машин угаалга” ажиллагаанд орооцолдсон Конгрессийн гишүүдтэй холбоотойгоос бусад хэргүүдийг Парана Мужийн Дээд шүүхэд үргэлжлүүлэн шүүхийг зөвшөөрч улмаар Костаг баривчлах эрхийг эргэн Мород шилжүүлсэн нь бүрэн ялалт боллоо.

Авлигын сүлжээнээс атгасан барьцаа алдаад, амралтаа авчихаад байсан Моро энэхүү шийдвэрийг сонсмогц гэр бүлээрээ Испани руу аялах тийзээ тэр даруй цуцалсан болоройны зурагтын мэдээ үзсэн Коста тэр шөнөдөө унтаж чадсангүй.

Анхны ялалтаа байгуулсан шүүгч Морог одоо хэн ч зогсоож чадахгүй нь тодорхой боллоо.


Үргэлжлэл бий.

Ч.СОСОРМАА