Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Бондоос санхүүжилт авсан үйлдвэр монголчуудыг дулаацуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ
Бондын мөнгө буруу зүйлд зарцуулагдсан, ирээдүйдээ их өр үлдээж байна гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөсөн энэ үед “Чингис” бондоос санхүүжилт авсан үйлдвэрүүд хэр ашигтай ажиллаж, ямар бүтээн байгуулалт өрнүүлж байгаа нь олны анхаарлын төвд байна. Нийгэмд ийм хүлээлт байгаа учраас бид бондын мөнгө хэр зөв зүйлд зарагдаж байгааг сурвалжлан хүргэхээр шийдсэн юм.
Бондын мөнгө буруу зүйлд зарцуулагдсан, ирээдүйдээ их өр үлдээж байна гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөсөн энэ үед “Чингис” бондоос санхүүжилт авсан үйлдвэрүүд хэр ашигтай ажиллаж, ямар бүтээн байгуулалт өрнүүлж байгаа нь олны анхаарлын төвд байна. Нийгэмд ийм хүлээлт байгаа учраас бид бондын мөнгө хэр зөв зүйлд зарагдаж байгааг сурвалжлан хүргэхээр шийдсэн юм Эхлээд сонгосон газар маань ноос угааж, эсгий үйлдвэрлэж эхэлсэн GSF компани. 888 төслөөс санхүүжилт авсан олон үйлдвэрүүдийн зөвхөн нэг нь. Эдний үйлдвэр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрладаг юм байна. Олны ярьдагаар бол арьс ширний цагаан хаалганы цаахна талд. Биднийг очиход томоо хашаанд үйлдвэрийн ажил ид өрнөж байна. Хашаагаар оронгуут үйлдвэрлэл явагдаж байгаа бололтой, их дуу чимээ угтав. Үйлдвэрийн байрны хана дагуулан өрсөн хэдэн зуун эсгий хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Хашааны баруун хойд талд нэг давхар байр үйлдвэрийн оффис бололтой. Биднийг өрөөнд ороход төслийн менежер Ч.Мөнхжаргал, компанийн гүйцэтгэх захирал Э.Алтантөр хоёр өмнөө нөүтбүүк тавьчихсанзавгүй сууцгааж байв.
Хаягдал төдий байсан ноосыг угааж эсгий хийж байна
Эдний үйлдвэр арьс ширний технологийн хаягдал гэгддэг ноос, ноолуурыг боловсруулдаг юм байна. Ийм ноос, ноолуурыг завод гэж тодотгодог аж. Арьс ширний үйлдвэрүүд хонины нэхий, ямааны арьсны дээр химийн бодис түрхэж ноос, ноолуурыг нь зумлаж авдаг гэнэ. Өмнө нь хаягдал төдий байсан завод ноос, ноолуурыг бондын санхүүжилт авснаас хойш ашиглаж эхэлжээ. Химийн хортой бодистой ноосыг угааж ашигладаг нь энэ үйлдвэрийн онцлог юм байна. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн хавар захирамж гаргаж хортой бодис шингэсэн ийм ноосыг угаая гэвэл Харгиа урьдчилан цэвэрлэх байгууламжтай холбогдсон байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. GSF компанийнхан хотоос тавсан энэ шаардлагыг биелүүлжээ. Ноосонд шингэсэн химийн хорт бодисыг технологийн дагуу угаагаад урьдчилан цэвэрлэх байгууламжид цэвэрлэж, зөвшөөрөгдөх төвшинд хүрэнгүүт нь төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг аж. Өмнө нь энэ зах зээл дээр голдуу хятадууд ажилладаг байж. Гэхдээ хууль бусаар. Цэвэрлэх байгууламжид холбогдоогүйгээс гадна угаасан ноосоо шууд урагш нь гаргадаг байсан гэнэ. Килограмм тутамд нь хорьхон центээр бодож татвар төлөөд л ноосоо гаргачихдаг байж. Долоо, найман мянган төгрөгөөр үнэлэгдэх ноосыг 300 гаруйхан төгрөгөөр мэдүүлж хил давуулдаг байсан гэсэн үг. Харин одоо монгол ноос энддээ үлдэж, барилгын материал, эсгий болон хэрэглэгчдэд хүрч байгаа аж. Өмнө нь далд байсан эдийн засаг ил болж монгол ноос үнэд хүрч эхэлжээ.
Ноос угаах үйлдвэрүүд Чингис бондоос санхүүжилт авахын өмнө манай эсгий үйлдвэрлэгчид завод ноосыг 1200-1500 төгрөгөөр худалдаж авдаг байсан гэнэ. Харин өнгөрсөн жилээс монголчууд өөрсдөө завод ноосоо технологийн дагуу угааж барилгын материал үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрийнхэндээ 700-900 төгрөгөөр нийлүүлдэг болж. Эсгий хийдэг жижиг цехүүдэд ч нийлүүлж эхэлжээ. Сүүлийн үед эсгийний үнэ буурч чанар сайжирсан нь ийм учиртай юм байна.
GSF компанийн хувьд “Чингис” бондоос дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт авах юм байна. Эхний шатанд 800-гаад сая төгрөгийн анхны хөрөнгө оруулалт авсан гэнэ. Өнгөрсөн зуны уртын ноос худалдаж авахад 400 сая төгрөгийг нь заржээ. Хөдөө орон нутагт амьдардаг 37 төлөөлөгчөөрөө дамжуулаад түүхий эдээ бэлдчихдэг гэж төслийн менежер Ч.Мөнхжаргал ярив. Ирэх жил үйлдвэрлэлдээ хэрэглэх ямааны хялгас худалдаж авах мөнгөө ч урьдчилаад хийчихэж. Эргэлтийн хөрөнгөө бүрэн шийдсэн гэсэн үг. Хоёр ч газар ажиллуулдаг эсгийний үйлдвэрийн зарим тоног төхөөрөмжөө бондын мөнгөнөөс шийдэж чаджээ. Ингэснээрээ өмнөхөөсөө илүү хэмжээний эсгий үйлдвэрлэх чадалтай болжээ.
“Чингис” бондоос “Чингис хаан” банкаар дамжуулж зээл авсан гэнэ. Үр өгөөжөө шууд өгөөд эхэлсэн учир эргэн төлөлтөн дээр ямар ч асуудалгүй гэж компанийн гүйцэтгэх захирал ярьж байв. Үйлдвэрлэлд хэрэглэх ноосны мөнгөө тушаачихсан учир түүхий эд үнэд орлоо ч ямар нэг эрсдэл хүлээхгүй аж. Түүхий эд нь бэлэн учраас үйлдвэрлэл нь зогсохгүй үргэлжлэх боломжтой болжээ. Эсгийний хувьд хүмүүс гэрээ дулаалахаас гадна өдөр тутмын хэрэглээндээ ч өргөнөөр ашигладаг болсон гэнэ. “Хүмүүс сүүлийн үед урд хөршөөс орж ирсэн сентфонон гудас хэрэглэхээ больж эхэлсэн байна. Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаар нь эсгий их авч байна. Гутлын улавчнаас эхлээд дулаалгын зориулалтаар ахуйдаа их хэрэглэх болж. Өмнө нь гэрийн дулаалгын хугацаа дуусахад эсгийгээ зарагдахаа больдог байсан бол одоо иймэрхүү хэрэглээ үүссэн. Тэгэхээр бидний борлуулалтад эерэг, давуу талууд гарч ирсэн гэсэн үг” гэж Э.Алтантөр ярилаа. Нэмж сонирхуулахад гутал үйлдвэрлэгчид уллагаандаа эсгий худалдан авч ашигладаг болжээ. Эсгийний эрэлт багасаад ирэхээр угааж прессэлсэн ноосоо барилгын үйлдвэрүүдэд зардаг байна. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллаж, бүтээгдэхүүний борлуулалт байнга хийгддэг болохоор бондын зээлийн эргэн төлөлт дээр ямар ч асуудал гарахгүй гэж үйлдвэрийнхэн ярьж байв. Биднийг очих үеэр ч барилгын дулаалгад ноос ашиглах гэсэн хоёр ч хүн ирж, мэдээлэл аваад явсан юм. Эсгий худалдаж авах гэсэн иргэд бол байнга утасддаг юм билээ. Төслийн менежер Ч.Мөнхжаргал “Борлуулалт сайн учраас зээлийн эргэн төлөлт асуудалгүй. Чингис бондоос өмнө үйлдвэрлэгчид зээл авъя гэхээр хүү нь өндөрбайсан л даа. Тийм учраас эргэж төлөхөд асуудал гардаг байсан. Харин бондоос өгч буй зээлийн хүү бага учраас дарамт байхгүй болсон. Тэгээд ч эсгий, угаасан ноос гэдэг онцлогтой бүтээгдэхүүн. Эдийн засаг хямарлаа гээд борлуулагдахгүй байна гэж үгүй. Ямар ч үед дулаан байна гэдэг хүний амин чухал хэрэгцээ. Бид ийм онцлогтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас борлуулалтан дээр ямар асуудал байхгүй” гэж ярилаа.
Төслийн менежер, гүйцэтгэх захиралтай хамт үйлдвэртэй танилцахаар оффисоос гарлаа. Оффисынх нь ердөө хажууханд ноос угаах үйлдвэр ид ажиллаж байна. Чангахан ярихгүй бол үг сонсогдохооргүй нүсэр чимээтэй зааланд нэг булангаас нөгөө булан хүрсэн том тоног төхөөрөмж суурилуулжээ. Угаах онгоцны энэ цех хоногт зургаан тонн ноос угаах хүчин чадалтай гэнэ. Хатаах, угаахдамжлага дээр нэг эмэгтэй дэвтээх онгоц руу ноос хийгээд завгүй ажиллаж байв.Х.Даваасүрэнгийн зав чөлөөгүй ноос хийж буй онгоц нь ноос дэвтээх зориулалттай аж. Хоёр, гуравдугаар онгоц нь савантай угаалга бол дөрөвдүгээр онгоц нь зайлах үүрэгтэй. Зайлах онгоцноос гарч байгаа цав цагаан өнгөтэй нооснууд хатаах дамжлага руу шилждэг юм байна. Хатаахын дараагийн дамжлага нь баглах хэсэг. Хатсан нооснуудыг зуу гаруй жинтэй болгож нягтруулаад пресслэж гаргадаг юм байна. Харахад алимны хайрцгийн хоёр нугалсантай тэнцэх хэмжээтэй ч баргийн хүн дийлэхээргүй хүнд эд юм. Энд баглагдсан нооснуудын нэг хэсэг нь хажууханд нь байх эсгийний цех рүү, зарим нь барилгын дулаалгын материалын үйлдвэрүүд рүү ачигддаг байна.
Ноосоор хөөсөнцрийг бүрэн орлосон дулаалгын материал үйлдвэрлэдэг
GSF компанийн гүйцэтгэх захирал Э.Алтантөр “Ноосоор хийсэн барилгын материалыг хөөсөнцөрийн оронд ашигладаг юм. Дулаан хадгалах чадвар сайтай. Хивс ханандаа хадчихад дуу чимээ тусгаарладаг даа. Ноосоор хийсэн барилгын материалд ч ийм давуу тал бий. Хонины ноосоор хийсэн учраас галд тэсвэртэй. Ноосноос өөр материал ордоггүй учраас зуун хувь эко бүтээгдэхүүн. Манай компани барилгын дулаалгын материал үйлдвэрлэдэг “Нэхээсгүй эдлэл” гэдэг компанитай гэрээ байгуулж ноосоо нийлүүлж байна. Үүнээс гадна өөр хэд хэдэн компани бий. Чингис бондын санхүүжилтээр ийм материал үйлдвэрлэдэг компаниуд байгуулагдаж байгаа” гэж сонирхууллаа. Барилгын дулаалгыг хөөсөнцөрөөр хийдэг байсан бол ноос угаах үйлдвэрүүд ажиллаж эхэлснээр хөөсөнцрийн оронд ноосыг ашиглах болжээ. Хөөсөнцрийн хувьд амархан шатдаг, эко биш, дулаан хадгалах чанараараа сайнгүй, дуу чимээ хадгалах, тусгаарлах талдаа муу бол ноосоор дулаалгын материал хийснээр сая дурдсан асуудлууд бүрэн шийдэгдэж эхэлсэн гэнэ. Хүмүүс ноосоор хийсэн барилгын материалыг илүү сонирхон авч байгаа гэсэн мэдээллийг харилцагч компанийнхан нь өгчээ. “Барилгын дулаалгын материал худалдан авдаг хүмүүс ноосоор хийсэн дулаалгыг илүү сонирхож байна гэдэг бол бидний хувьд сайн мэдээ. Монголчууд хэдэн мянганаар хэрэглэж ирсэн учраас ноосны чанар дээр реклам сурталчилгаа хэрэггүй юм байна. Ноосоор хийсэн дулаалга гэхээр л чанарыг нь хэлүүлэхгүйгээр ойлгочихож байна л даа. Хэрэглээд үзсэн хүмүүс чанарыг нь мэдээд бусдадаа хэлдэг гэсэн. Авсан хүмүүс ахиад ирдэг гэхээр хэр сайн бүтээгдэхүүн гарч байгаа нь тодорхой харагдах байх” гэж Э.Алтантөр ярилаа.
Эдний компанийн угаах үйлдвэр гурван ээлжээр 24 цаг ажиллаж өдөрт 5-6 тонн цэвэр цагаан ноос угаах хүчин чадалтай аж. Хоногтоо 50-60 пресс ноос гаргачихдаг юм байна.
Эсгийний чанар сайжирч үнэ хямдарчээ
Эсгийний цех рүү очиход үйлдвэрийн мастер П.Долгорсүрэн биднийг угтлаа. Арьс ширний салбарт арваад жил ажилласан хүн гэнэ. “Манай үйлдвэр хялгастай эсгий гэдэг технологоор ажиллаж байгаа. Чанартай бүтээгдэхүүн гардаг давуу талтай технологи л доо. Ноолууртай ямааны хялгасыг самнаж оруулж байгаа гэдгээрээ манай эсгий чанартай. Саяхан манай компани дүүрэгтээ болсон үзэсгэлэн худалдаанд оролцсон юм. Хүмүүс чанарыг нь мэдэрчихжээ. Манай эмблемний зургийг барьж ирээд эсгийгээ авч байна” гэсээр цехээ танилцуулж эхэллээ. Эдний компаниэндээс гадна Биокомбинатад эсгийний үйлдвэр ажиллуулж эхэлжээ. Эсгийний үйлдвэрт нь нийлээд тавиад хүн ажилладаг гэнэ. Хоёр үйлдвэр нь сардаа 4000-5000 эсгий өлхөн гаргачихдаг аж.
Эсгий хийх үйлдвэрийн хувьд малчдын эсгий хийх процесстой төстэй юм. Бидний орсон тоос шороо ихтэй хэсэгт малчдаар яривал савааддаг процесс өрнөж байлаа.Саваадах ажлыг хүн биш машин хийчихдгээрээ ялгаатай юм. Саваадах хэсэгт орсон ноосыг самнах цех рүү шилжүүлдэг юм байна. Энэ хэсгээс зулхай маягийн эд болоод гарсан ноос найман метр урт, хоёр метрийн өргөнтэй болдог аж. Бэлэн болсон зулхайг эсгийнийхээ жинд тааруулж нягтаршуулах хэсэгт оруулаад л бидний хэрэглэдэг эсгий бэлэн болдог аж. Биднийг цехэд ороход зулхайг халуун усаар норгож ороож байгаад нягтаршуулж чангаруулахын тулд эргүүлдэг процесс өрнөж байв. Малчид эсгийгээ чангаруулахдаа мориор чирч давхидаг процессыг машин хийчихэж байгаа нь энэ аж. Бэлэн болсон эсгийнд чанарын тэмдэг дараад хатаадаг байна.
Монголчууд өөрсдөө завод ноосоо угаагаад эсгий хийж эхэлсний өгөөжөөр эсгийний үнэ хямдарчээ. Өнгөрсөн онд ноос үнэтэй байсан учраас эсгийний өөрийн өртөг 36 мянган төгрөг, борлуулах үнэ нь 45 мянган төгрөг байж. Харин энэ жил эсгийний өртөг 26 мянган төгрөг болж буужээ. Борлуулах үнэ нь 33-36 мянган төгрөг болж. Өмнө нь эсгийний үйлдвэрүүд бохир ноосоор шууд хийчихдэг байсан учраас үйлдвэрийн эсгий үнэртэй, чанар муутай гэж шүүмжлүүлдэг байсан гэнэ. Угаасан ноос аваад хийе гэхээр үнэтэй байдаг учраас химийн хорт бодисоос нь салгаагүй ноосоор эсгий хийдэг байж. Монголчууд жилдээ найман сая орчим хонь ямаа төхөөрдөг гэнэ. 4.5 сая орчим нь хонины арьс гэнэ. Үйлдвэрийн мастер “Ийм тооны арьсны химийн хорт бодисыг тооцож үзвэл өчнөөн кг шохой, натри гэх зэрэг хорт бодис гарч таарна аа даа. Тийм хортой усыг шууд Туул гол руу юмуу төв цэвэрлэх байгууламж руу хаядаг байсан. Хотын засаг даргын зархирамж гарсанаа дараахнаас бүх зүйл стандартын дагуу явагдаж байгаа нь олзуурхмаар хэрэг шүү” гэж ярилаа. GSF компанийн гүйцэтгэх захирал “Бидний эхлүүлсэн ажил хэрэгжихгүй байх аргагүй төсөл л дөө. Арьс ширний үйлдвэрүүд түүхий эдээ авчихдаг юм байж гэж бодъё. Ямааны нэг арьс гэхэд л 25 мянган төгрөг. Хөрснийх нь үнэ 5000 төгрөг. 20 мянган төгрөгийн ноолуурын агууламжтай хялгасаа яах вэ гэдэг эдийн засгийн хувьд том асуудал. Арьс ширний үйлдвэрүүд өөрсдөө боловсруулж чадахгүй. Бас зарах аргагүй. Бид арьсан дээрх ноосыг нь угаах ч юм уу, худалдаж авч байж арьс ширний үйлдвэрүүдийн хөгжлийг түргэсгэж өгнө. Манай компани арьс ширний үйлдвэрүүдтэй тохиролцоод ажилладаг гэсэн үг. Хөрсийг нь угаагаад өгсөн ч болно. Нэг үйлдвэрт хоногт дунджаар 4000 ямааны арьс боловсруулдаг. Хялгасных нь өөрийн үнэ гэхэд л 80 сая төгрөг. Хоногт 80 сая төгрөг гүйж байна гэхээр ямар их мөнгө эргэлддэг салбар гэдэг нь тодорхой харагдах байх. Арьс ширний үйлдвэр биднийг дагаж л явахгүй бол зогсонги байдалд орно. Нэг зүйл онцлоход Засгийн газар ноосны урамшуулал олгож эхэлснээс хойш өмнө нь хаядаг байсан завод ноосыг үнэтэй авдаг болсон юм. Бохир ноосоор хийдэг байх үед эсгийний нэр хүнд унасан байсан бол өнөөдөр огт өөр болсон” гэж ярилаа.
Тус үйлдвэр өвөл, зунгүй ажиллах гэнэ. Өвөлдөө арьс ширний үйлдвэрүүдээ дагаад завод ноос угаана, зундаа уртынхаа ноосыг авч боловсруулаад эсгий хийх юм байна. “Чингис” бондоос санхүүжилт авч үйлдвэрээ өргөтгөснөөс хойш ажилчдынх нь тоо бараг хоёр дахин нэмэгджээ. Өнгөрсөн жил хориод хүн ажиллаж байсан бол энэ онд 53 хүн ажиллаж байгаа аж. Өдөртөө цалин хөлсөө аваад явдаг гэрээний хориод хүнээ оруулбал ная орчим хүн эдний үйлдвэрт ажиллаж байна. Ирэх жил ажилтныхаа тоог нэмж зуу гаруй хүнийг ажлын байраар хангахаар төлөвлөж байгаа гэнэ.