Би энэ асуултыг тавих их дуртай. Газар зүйн хувьд Цагаан нуур нь Монголд байдаг, Балатон нуур нь болохоор Европын төвд, Унгарт байдаг. Балатон нь тэр бүсдээ алдартай амралтын газар, Цагаан нуурыг одоо л тойроод амралт, жуулчны баазууд байгуулагдаж эхэлж байгаа.

Нууруудын тухай гол нь биш ээ. Өөр сэдэв хөндөх гэсэн юм. Балатон гоё л доо. Ялангуяа үйлчилгээний соёлын хувьд. Нэг дутагдал нь хүн ихтэй. Цагаан нуур маань тэгэхэд цэлийгээд, тунгалаг ус нь гялалзаад, хаашаа л харна эрх чөлөө. Балатоны ус нь булингартаад, хаашаа л харна хүн. Чанга дуугарч ч болохгүй. Чимээ шуугиан гаргавал хажуу хүнийхээ амгалан тайван байдлыг алдагдуулсан хэмээн асуудалд орж болно.

Цагаан нуурын хөвөөнд чи хоолойгоо сөөтөл хашгирч болно, дуулна, хөл  нүцгэн гүйнэ, дуртай газраа “морь харна”, “зуу” татна, зодолдож ч болно (за энэ бол арай хэтэрнээ). Агаар салхи, зүлэг ногоо, үнэр нь юутай сайхан бэ? Хамгийн гол нь эрх чөлөө!

Эрх чөлөө гэснээс 2004 онд Вашингтонд явж байхдаа нэг нутгийн залуутай танилцаж билээ. Нэрийг нь хэлэхээ болье. Энэ залуу яасан гэхээр монгол найз охинтойгоо муудалцаж л дээ. Сэтгэл санаа нь тавгүйтээд жоохон шар айраг ууж. Тэгээд Монгол таунд байдаг бүсгүйн гэрт очтол нөгөөдөх нь залууг согтуу байна гээд хаалгаа тайлдаггүй. Халамцуу залуу чанга дуудаж, монгол маягаараа хаалгыг нь нүднэ. Нээх сүртэй балбаж бариагүй авч тун удалгүй цагдаа, онцгойгийнхон, түргэн тусламжтайгаа ирээд нөгөө залуугийн гарыг мушгиад аваад явах нь тэр. Найз бүсгүй нь өнгөрсөн хойно хичнээн учирлаад нэмэргүй. Цаг тийм ч орой биш байсан гэж байгаа  юм аа. Хөршүүд нь 911-руу утасдаад л гүйцээ. За тэгээд болоогүй ээ, залууг шүүхээр оруулаад 3 жилийн цалингүй хөдөлмөр хийх “ялаар” шийтгэжээ. Нөгөө залуу бүр тураалд орчихсон, надтай зовлонгоо хуваалцсан нь энэ.

Нэг талаас зөв боловч, нөгөө талаас авч үзэхэд эрх чөлөө гэдэг ойлголт бас харьцангуй байгаа биз. Монголдоо энэ залуу хаалгыг нь балбана, орилно. Хөршүүд нь зохицуулчихыг бодно. Нилээн юм болж байж цагдаа нар ирнэ. Эрүүлжүүлэхэд аваачиж хийнэ. Маргааш өглөө нь бүсгүй бараг өөрөө гүйж очоод найз залуугаа авна.

Америкт байгаа монгол хүүхдүүд гэж аав  ээж нь гар хүрч болдоггүй, их зантай, хүмүүжилгүй хүмүүс мэр сэр бий болж буй нь худлаа биш. Би энд хууль бус, бүдүүлэг ёсыг сурталчлаад байгаа юм огтхон ч биш шүү.

Эрх чөлөө гэдэг чинь маш эмзэг юм байдгийг л хэлэх гээд ядна. Олдсон эрх чөлөөгөө бид аажимдаа боомилчих вий л гэж боддог юм. Монгол маягаараа л амьдрах юм шүү. Ухаан мэдлэг, чадвар нь мөхөс манай зарим хууль тогтоогчид бусад орны хууль журмыг дэндүү механикаар шууд хуулж Монголын хөрсөнд буулгах гээд байдаг нь худлаа биш.

Америкт бол ээж нь хүүхдээ 10-хан минут орхиод эмийн сан гүйгээд ирэхийн хооронд хөрш нь цонхоороо хараад цагдаад мэдээлэл өгнө. Ээж хүүхдээ ганцааранг нь орхисон хэмээн хэрэгт орох жишээтэй. Тэр “бууны нохойны” ертөнц бидэнд хэрэггүй.Бид өөрийн гэсэн ахуй амьдралтай хүмүүс. Гадны хууль, дүрэм, журмыг сохроор хуулж Монголд нэвтрүүлснээр эрх чөлөө маань хумигдах вий. Цагаан нуурынхаа эрэг дээр тааваараа амьдрах минь гэсэн л санаа юм даа.

Б.ДОЛГИОН