Энэ 7 хоногт
Хоосорсон оюун санаанд шинэчлэл хэрэгтэй (II хэсэг)
Хүний л нийгэм юм чинь, хүн л оршин амьдарч буйгаас хойш үй түмэн асуудал тулгарна. Зарим хүн нийгмийнхээ асуудалд мэдрэмжтэй хандаж, тулгарсан асуудлыг дэлгэн тавьж, энэ тухай бусаддаа мэдээлж, анхааруулах юм.
Энэ хэсгээс хүн сүргийн шинж илэрч байна. Учир нь эх үндэс рүүгээ, байгаль руугаа,байгалиас анх заяасанбайдал төлөв рүүгээ буцсан байна. Оюун санааны хоосролын дагуулсан үр дагавруудын нэг нь энэ.Энэ үйл явц монгол хүнийг хэдэн мянган жилийн өмнөх тэр үе рүү буцаан шидэж, байгалийн анхдагч төлөв байдалд аваачиж, байгалийн амьтан, балар эртний адгуус, араатан төлөвт нь унагажээ гэсэн үг л дээ.
Энэ үйл явц дараах учиртай. Хүмүүс хийгээд бүх төрөл зүйлийн амьтад байгалийн нэг хэсэг, түүний бүтээл учир байгалиасаа нэг л өгөгдөлтэй байдаг билээ. Байгалийн “Амьтан” бол тэр өгөгдөл нь. Байгалиасаа тууурга тусгаарлаж, нийгэм гэх өөрийн оршихуйг бий болгож, оюун ухаан, зүрх сэтгэлээ боловсруулж, байгалийн “Амьтан” - аас нийгмийн “Хүн“ болох үйл явц мянга мянга жилийг дамнан явагдсан биз.
Гэвч энэ удаад хоосролын сөрөг нөлөө нь оюун ухааны хатуу чанд хяналтан дор үйл ажиллагаа нь хазаарлагдаж, идэвхгүй байдалтай оршдог дотоод сэтгэл дэх байгаллаг шинж, амьтанлаг төрөлх өгөгдөл, эрээ цээргүй, ил задгай адгуусан, зэрлэг балмад араатан зөн сэрэхүйг хэт идэвхжүүлсэн байна. Бие махбодийн хувьд хүн боловч дотоод ертөнцийн хувьд амьтан гэсэн үг. Улс орны нөхцөл байдал, нийгмийн харилцаа, өдөр тутамд өрнөх үйл явдал,бусад хүмүүсийн амьдралд тулгарсан асуудал гээд аливаа зүйлийг бид амьтныхаа өгөгдөл, зөн сэрэхүйгээр харж, хүлээн авч, хариу үйлдэл үзүүлдэг болсон ийм хандлага түгээмэл ажиглагдаж байна.
Хараал урсгаж, хаа сайгүй хэрэлдэж маргалдаж, үгийн муухайгаар хараан зүхэж, өөрөөс хүччадал дорой, эд хөрөнгө дутуу нэгэндээ эрэлхүү дээрэнгүй хандаж, үзэл бодол, шашин шүтлэг, итгэл үнэмшлээр нь адлаж гадуурхаж, өмссөн хувцас, барьсан утас эд зүйлээр нь ялгавартай хандаж,өнгөгүй доройг гоочлох, бусдаас байнгад өө сэв хайх эдгээр үйлдэл хандлагууд маань амьтны зөн сэрэхүйн идэвхжлийн нөлөө юм. Эдгээр хандлагыг амьтны ертөнцөөс, ялангуяа сүрэглэн амьдардаг амьтдын амьдралаас харах боломжтой. Ганц ялгаа нь тэд амьтныхаа хэлээр хуцаж, ульж, архирна. Нэг нь хүн, нөгөөх нь амьтан, хэлбэр, харагдах байдал өөр боловч гаргаж буй ааш авир, хандлага, аяс нь хоорондоо нэг л утга санаа, шинж болно.
Болж бүтэхгүй бүхий л зүйлд бусдыг буруутгах, буруу явдлаа ч өмгөөлөн хамгаалах, хэтэрхий гэмээр хар сэр мөн л амьтны зөнгийн идэвхжил. Буруутгах, өмгөөлөн хамгаалах, хардалт сэрдэлт болбайгалиас амьтан ба хүнд өгөгдсөн төрөлх өгөгдөл. Хүний нийгмийн харилцаанд зааг ялгаатай хэрэглэх ёстой. Нөхцөл бүрдсэн үед л бусдыг буруутгаж, өөрийгөө өмгөөлж, хардаж сэрдэнэ гэсэн үг. Гэтэл энэ үндсэн нөхцлийг эс хайхарч, нөхцөл бүрдээгүй буюу буруутгах үндэслэл үгүй атал буруутгаж, өөрийн буруу атал өрөөлийг буруутгаж, хардах шалтгаан үгүй атал хардаж сэрдэх зэргээр хэт хавтгайруулан хэрэглэж байна. Энэ бол бодит байдалд буруутгах хийгээд эс буруутгах, өмгөөлөх хийгээд үл өмгөөлөх, хардах хийгээд эс хардахын зааг ялгаа, нөхцөл, агуулга, утга санааг нь ялгахгүй буйн шинж юм.Тэгэхээр бид төрөлх зөнгөө амьтных нь ухамсаргүй хэв шинжээр нь хэрэглэж байна биш үү.
Ална хядна гэсэн үгийг амны уншлага болгосон, юм л бол занаж сүрдүүлж байх санаатай, ер нь бол дийлээд, өөрийн эрхшээлдээ байлгаад байх сонирхол бол амьтны өгөгдөл, араатанлаг зөн сэрэхүйн идэвхжил шүү. Айлгаж сүрдүүлэх гэдэг амьтан ба хүнд заяагдсан амиа хамгаалах төрөлх зөн аж. Зэрлэг байгалийн нөхцөлд амьтан дайснаа айлган сүрийг үзүүлж, амь биеэ, оромж үүрээ хамгаалах зорилгоор энэ аргыг хэрэглэдэг. Наад зах нь муур гэхэд нуруугаа нумруулж, сүртэй гэгч нь сүүлээ өргөж,муухай дуугаар мяулж, сүрийг үзүүлэх бол чоно, нохой араа шүдээ ярзайлгаад л архирна, хуцна. Төрөлх зөнгөө амьтан зөв хэрэглэдэг бол хүмүүс бид бусдыг эрхшээх санаа сэдлээр, буруу хэрэглэж байна. Хүний нийгэмд бус зэрлэг байгальд амьдарч буй мэт санаж, орчин тойронд чинь хүмүүс бус амь насанд халдах дайсан байгаа мэт л харьцаад байна гэсэн үг. Хүний нийгэмд араатанлаг зөнгөөрөө хандаж, бусад хүмүүсийг дайсан гэж хардагийнх. Хүн харагдавч, дотоод ертөнц, зөн мэдрэмж, сэтгэлгээ, үйлдэл хандлага нь араатных болж гүйцжээ. Ийм хүмүүс мөнчиг их байна даа.
Хүний л нийгэм юм чинь, хүн л оршин амьдарч буйгаас хойш үй түмэн асуудал тулгарна. Зарим хүн нийгмийнхээ асуудалд мэдрэмжтэй хандаж, тулгарсан асуудлыг дэлгэн тавьж, энэ тухай бусаддаа мэдээлж, анхааруулах юм. Гэвч ойлгож дэмжих хүн өдрийн од шиг цөөн харин ч эсрэгээр үйлдэж, хэл ам, хэрүүл зарга хийж, үзлийн муухай үгээр дайрч давшилж, сүрэглэн бөөнөөрөө дайрдаг нь угтаа бол нухчин дарахын төлөөх улангасал юм.Энэ хандлага дараах учиртай. Зэрлэг байгалийн орчин нөхцөлд төрөл зүйлээс бусад нь дайсан учир амь нас, биеэ хамгаалахын тулд хөдөлж буй, идэвхтэй буй зүйлрүү хар зөнгөөрөө дайрч, өөрийгөө хамгаалдаг. Бид энэ зөнгөөрөө харж бас хандаж байна даа. Зүй нь бол нийгэмд асуудал үүсчээ, тэр асуудлыг зайлшгүй шийдэх ёстой, шийдэхэд би бодитоор оролцож, өөр өөрийн хувь нэмрийг оруулж, өөрийнсанаа оноог дэвшүүлэх учиртай хэмээн ухамсартай хандах учиртай байв. Энэ бол хүний нийгэмд орших хийгээд амьдрахад зайлшгүй шаардлагатай ойлголт, хандлага билээ. Гэвч бодит байдалд энэ ойлголт, ухагдахуун оюун санаа, сэтгэлгээнд бүрэлдээгүй хэвээр үлджээ. Энэ шалтгаанаар нийгэмдээ хандах бидний хандлагабайгалиараа, амьтныхаараа байгаад байна.
Эндээс дараах зүйлийг ажиглаж, ойлгосон байх. Дийлэнх маань байгалийн шинж, амьтныхаа зөнгөөр нийгмийн харилцаанд хандаж байгаа биз. Улс орон, нийгэм, ажил албандаа ч гэсэн адилхан ийн ханддаг болсон. Хүн сүрэг биш гэж мэтгэж, өөрсдийгөө өмгөөлөх аргагүй болсон.Хүн сүрэг хүний нийгмийн орчин нөхцлийг хүчтэй нь хүчгүйгээ эрхшээдэг ширэнгийн хууль үйлчилсэн байгалийн хахир хатуу зэрлэг орчин болгон хувиргасан байна. Нийгмийн амьдрал, уур амьсгалыг гэхэд хэрүүл уруул, хов жив, хар бараан аяст мэдээлэл, хараал зүхэл зонхилсон орчин хар бараан аяст, хүчирхийлэл гаарсан, айдас хүйдэс нэвчсэн орчин нөхцөл болгоно гэдэг дотоод амьдрал, үйл ажиллагаа, орчинг нь эвдэж сүйтгэж байна гэсэн үг.Хэлбэр, харагдах байдалдаа хүмүүс оршин амьдарч буй учир нийгэм гэж харагдах боловч агуулга, орчин нөхцөл, амьдрал, үйл ажиллагаа, аяс, шинж талаас нь харвал зэрлэг байгалийн орчин аж. Мөн чанараа алдсан манай нийгэмхүний оршихуй бус зэрлэг байгалийн орчин нөхцөл болж өөрчлөгджээ. Энэ явдал тэгэхээр нийгмийн оршин тогтнох үндэс суурийг үгүй хийж, эс орших байдалд хүргэж буй хэрэг. Хүн оршин амьдрах боломжгүй нөхцөл гэсэн үг.
Араатанлаг, адгууслаг хандлага, авир араншин, байгалийнхаараа төлөв гэдэг орчин үеийн нийгэмд зүй бус, буруу хандлага, эвдрэл гэмтэл, эрэмдэг зэрэмдэг үйлдэлд тооцогдоно. Энэ бүх шалтгаанаар тэд нийгмийн харилцаа, улс оронд тулгарсан асуудлыг шийдэх, гэр бүлийн амьдралааа бүтээхээс эхлээд бүх зүйлд гологдож, ширвэгдээд байна.
Улс орон, улс төр, эдийн засаг, байгаль орчин, ан амьтан, гол ус, салбар тогтолцоо, яам тамгын газар бүх зүйлд зөвхөн өөрийн төлөөх асар явцуухан, бэртэгчин үзэл, эрх ашиг, ашиг сонирхлоороо хандаж, дотоод үйл ажиллагааг нь гажуудуулж, хямрааж, завхрааж, сүйтгэж сүйдэлж байна. Улс оронд орших хийгээд амьдрах чадамжгүй аж.
Хууран мэхлэлт, иш үндэсгүй, утга учиргүй хардалт сэрдэлт, шалиг явдал, зугаа цэнгэл хөөцөлдсөн хандлагаараа гэр бүлийн амьдралаа үрэн таран хийж, архидалт, хүчирхийллээр дүүргэж, утга учиргүй тамын амьдралтай болгож, сүйтгэж байна. Гэр бүлийн амьдралд ч тэнцэхгүй аж. Зуны улиралд дотооддоо аялал жуулчлахдаа очсон газар нутаг, орчноо бохирдуулж, завууруулж, байгаль орчинг сүйтгэдэг.
Тухайн зүйлийг дотоод тал, амьдрал, үйл ажиллагааг сүйтгэж буй энэхүү хэлбэрийгагуулга, утга санаа, учрын хувьд “Өөрөө өөрийгөө сүйтгэх” гэж нэрлэдэг буй явдал бөгөөд соёлт оюунлаг хүн төрлөхтөн ийм явдлыг ертөнц дэх хамгийн утга учиргүй явдалд тооцдог доо. Ер нь нийгэм, улс орон, гэр бүл оршин амьдрах оршихуй маань юм. Оршихуйгаа сүйтгэж эс орших байдалд аваачна гэдэг өөрөө өөрийгөө сүйтгэж буй үйл явц юм. Ер нь бол араатанлаг, адгуусан төлөв, амьтны зөн сэрэхүй гэдэг зэрлэг байгальд амьдрахад зориулагдсан төлөв тул орчин үед, хүний нийгэмд, нийгмийн орчин нөхцөлд орших хийгээд амьдрахад уялдаж, зохицож, таарч, нийцэхгүй байх нь аргагүй юм. Зохицол нийцэлгүй байдал гэдэг зөрчлийн эх сурвалж, үндэс байдаг билээ. Өөрөө өөрийгөө сүйтгэнэ гэдэг шийдвэрлэх боломжгүй эрс зөрчилд тооцогддог учиртай. Энэ мэтээр өөрсдийн оршихуйг, өөрөө өөрийгөө сүйтгэсээр эс орших байдлаа өөрсдөө бий болгож байна, бид.
Алив үйл явц нөхцөл тохироо бүрдсэн үед явагддаг жамтай. Тэгэхээр хөгжиж төлөвшиж, нийгэмшсэн, өндөр ухамсартай улс орон, ард түмнээс энэ үйл явцыг харах боломжгүй юм. Бага хэмжээнд орших боловч нийгмийн шинж холилдсон байдаг. Харин манайд оюун санааны хоосрол нөхцөл тохироог нь бүрдүүлж өгч, хүмүүс бидний төрөлх өгөгдөл, байгаллаг шинж маань хэдэн мянган жилийн өмнөх байгалийн анхдагч төлөв, баларлаг байдлаараа ил гарч ирсэн юм байна гэж энэ үйл явцыг дүгнэсэн. Үйл явц талаасаа бол нийгмийн “Хүн“ –ээс байгалийн “Амьтан“ руугаа буцаж, хүний хөгжлийн хувьд хэдэн мянган жилээр хойш ухарч буй явц юм. Орчин үеийн нийгэмд ч гэсэн байгалжиж, балмаджиж, зэрлэгшиж, золбиншдог гэдгийг, техник технологи, мэдээллийн эрин зуунд ч гэсэн байгалийн амьтныхаа төлөв рүү буцах бүрэн боломжтой юм байна, ийм зүй тогтолтойюм байна гэдгийг л нотлон харуулж буй хэрэг л дээ. Энэхүү үйл явц нь байгалийн “Амьтан” - г нийгмийн “Хүн” болгон бүтээх шаардлагатай болжээ гэдгийг бидэнд сануулж байна бус уу?
(Үргэлжлэл бий)
Ч.ТУЯА
Яг үнэн