1989.12.10 МоАХ анхны цуглаанаа хийж БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид, эрх баригч МАХН-ын Төв Хороонд гаргасан өргөн барих бичигтээ олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд Ардчилсан хувьсгалын эхэлснийг зарлан тунхаглаж байхад би бээр Монголын үндэсний телевизэд сэтгүүлч болох гараагаа эхэлж байлаа.

Тухайн үедээ хамгын их үзэгчтэй байсан “Цаг үе залуучууд” нэвтрүүлгийг хөтлөн хийдэг байсан сэтгүүлч З.Алтай тухайн үеийн телевизын дарга байсан Ю.Эрдэнэтуяа нар надад нэг дугаар хийх эрх өгсөн юм.

Энэ бол шинээр телевизэд ороод удаагүй байсан надад асар том завшаан болсон бөгөөд би Алтайгаагаар нэвтрүүлгээ 600 хэмээх том студын тавилга сэлт оруулдаг асар том төмөр хар хаалганы өмнө эхлүүлээд З.Алтай надад микрофоноо шилжүүлэхэд тэр хар хаалгаар гарч Налайхын уурхайн лифтэнд сууж газар доор орж нэвтрүүлгээ эхэлж байгаа мэтээр монтажлан бүхий л нэвтрүүлгээ “хоймор” гэсэн санаанд зангидаж хийж билээ.

Харамсалтай нь тэр нэвтрүүлэгийг Ю.Эрдэнэтуяа дарга болон удирдлагууд үзээд хэдийгээр сонинд зарлагдсан байсан ч гаргахыг зөвшөөрөөгүй юм.

Тэр үед “Хонгилын үзүүрт гэрэл харагдана” гэсэн үг их л хүчтэй бас горьдлоготой сонсдож байсан болоод олон хэсэг сурвалжлагуудаа тэгж хонгилд эхлэж нэвтрүүлэг төгсөхдөө Пинк Флойд хамтлагын дуун дээр нэвтрүүлгийн баг уурхайн цахилгаан шатаар дээш явж байгаагаар төгсгөж байж билээ. Нэвтрүүлэгт тухайн үедээ бүгд сүм музэй байсан хийдүүдийг хурал номтой болгох тухай, Танай гэрийн хоймор аль талдаа байна вэ? хоймортоо та юугаа залдаг вэ? гэсэн асуултаар холбож байлаа. Хүмүүс хойморт маань В.И.Ленины ботиуд бий гэх буюу манай хоймор зүүн зүгт байдаг...орон сууцны хоймор гэж байхгүй шүү дээ...Улсын хоймор бол Сүхбаатарын талбай л байх... гэх мэтээр хариулж байлаа. Бас тэр нэвтрүүлэгт Дожоодорж агсан Ю.Цэдэнбал даргаас очиж ярилцлага аваад эвлүүлгийн шатандаа явж байснаас хэсгийг авч оруулсан нь бүр ч бурууддаж дарга нар ганц үзээд шууд хааж билээ.

Нийтэд зарлачихсан нэвтрүүлгийг одоо яанаа... гэж сандралдаж байсан ч азаар ч гэхүү Анхны өлсгөлөн яг тэр нэвтрүүлэг зарласан өдөр эхлэж энэ тухай цаг үеийн мэдээ сурвалжлагууд орж ирээд өнөөх асар их үзэгчтэй байсан “ Цаг үе залуучууд” нэвтрүүлэг тасарсаныг хэн ч анхааралгүй өнгөрч би ч ажлаасаа халагдах шийтгэл хүлээх байсан хэрэг замхарч одсон юм.

Өнөөдөр “Ардчилсан хувьсгал” хэрхэн эхэлсэн яг ямар хүмүүс анх эхэлүүлсэн тухай залуучууд бараг мэдэхгүй болжээ. Ердөө хорин таван жил өнгөрсөн ч асар хурдтай болж өнгөрсөн хувьсгалын тухай зөв буруу ярих бичих нь олширчээ. Иймээс энэ үйл явдалын тухай уран сайхны кино хийх цаг эрт, одоо ч тэр хүмүүс амьд байгаа ,бас асар их өртөгтэй кино болно гэж цааргалсаар 25 жил өнгөрсөн ч ядаж баримтат уран сайхны хэлбэрээр кино хийх цаг болсон гэж бодно. Тухай үед хийгдсэн 3 хан баримтат кино байдаг. Ж.Солонго найруулагчын хийсэн “ Найм хагас” одоогын “Зохиомж” сургуулийн захирал Б.Цогтбаярын найруулж миний зохиол, текст бичсэн “Халуун салхи” мөн 1994 онд болсон өлсгөлөнгийн тухай С.Ононбат Р.Тулга бид хэдийн хийсэн “Дөрвөн жилийн дараа” гэдэг 3 баримтат кино, хэсэг бусаг мэдээний дүрс л өнөөдөр сонгууль болохоор ашигладаг юм болон үлдэж хоцорчээ.

Тухайн үедээ түүх бичилцэж байна ч гэж бодож байсангүй тэгээд ч тэр үед телевиз хальс цөөн өмнөх нэвтрүүлэгийнхээ хальсыг дарж дараагын нэвтрүүлэг хийдэг байсан болоод өнөөх “Цаг үе залуучууд” нэвтрүүлгээс ч үлдэж хоцорсон нь цөөн ажээ. Бараг байдаггүй гэж З.Алтай ярьж байна билээ.

1989.12.17 МоАХ-ны 2 дах цуглаанд 2000 гаруй хүн оролцож байсан бол хоёрхон сарын дараа 1990.02.11 МоАХ-ны 5 дахь цуглаанд 30 000 гаруй хүн оролцож ердөө сарын дараа  1990.3.4 МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ны хамтран 100 мянган хүн оролцсон цуглаан, сүрт жагсаал зохион байгуулж Ардчилсан хувьсгал шуудрах замруугаа орсон юм.

Ийм хурдтай өдөр сараар хүчирхэгжсэн хувьсгалын нэг гол түлхэх хүч, эхлэл нь  “Залуу уран бүтээлчидын улсын 2 дугаар зөвөлгөөн” байлаа.

Тэнд анх бүгд бие биетэйгээ уулзалдаж зохион байгуулалтад  орж билээ.


Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн

1989 оны арваннэгдүгээр сарын 24. Баасан гараг. Мэдээж теливизынхэн тэнд хамгын түрүүн очсон хэрэг. Теле кино үйлдвэрийн найруулагч Жамьяан анх надтай таараад “Сүхбаатар гэж нэг өндөр залуу маш дайчин шүүмжлэл хэлж бусдыгаа манлайлж байна” гэв.

Харайгаад ортол танхим дүүрэн залуучууд суучихсан улс орны байдлын тухай, цаашид яавал зохих тухай их өргөн сэдвээр санал шүүмж хэлж маргаан өрнүүлж байв.  Хурцхан шүүмжлэл сонсогдож байнаа. Олонх нь  танихгүй залуучууд юм. Тэдний дундаас хэдэн ахимаг насны хүн содон харагдсан нь ажил төрлийн холбоотой байдаг зохиолч Ж.Барамсай, Г.Аким, С.Оюун, Ж.Пүрэв, И.Цэрэнжамц, зураач Ц.Байды нар байлаа.   

Зураачид, барималчид, архитекторчид, зохиолчид, яруу найрагчид зэрэг  уран бүтээлчид энд цуглаад санал бодлоо солилцож байв. Олонх нь  энэ Дугуй танхимын дэргэдэх “Залуучууд” зочид буудалд байрлажээ.  Арван найман аймгаас төлөөлөгчид иржээ.

Энэ бол чухам хувьсгалын тохироо бүрдсэн явдал байсан юм.

Тэгтэл удалгүй тэндээс нэг залуу босоод “Шинэ Үе”-ийн хүний үгийг сонсъё гэлээ. Сэтгүүлч С.Амарсанаа  босч “Шинэ үе”-ийнхээ тухай ярьж өгөв. Ухуулах хуудас нааж Хүний эрхийн түгээмэл тунхаглал сурталчлахыг, мөн ардчилал, хэвлэлийн эрх чөлөөг   шаардсан тухайгаа, НАХЯ-нд баригдсан тухайгаа тэр ярив.

Эд нар бол анх ухуулах хуудас нааж явсан С.Амарсанаа С.Цогтсайхан Э.Батүүл нарын байгуулсан бүлэг байсан юм билээ.

Тэр зөвөлгөөнд зориудаар үймүүлэх даалгавартай хүмүүс ч байсан юм.

 Нэг намхавтар нуруутай офицер хэлэлцүүлгийг хөтөлж байх бөгөөд түүний яриа их л зоримог байсан тул хажуугийн залуугаасаа асуув. Түүнийг “Улаан Од” сонины сурвалжлагч Элбэгдорж гэдэг гэв. Ойролцоо нь суугаа хоёр өндөр залуугийн туранхайг нь Сүхбаатар, махлагийг нь Энхээ гэнэ. Тэд олон удаа босож шүүмжлэл өрнүүлж төлөөлөгчдийг дэмжиж байв.   

Цаг орой болж төлөөлөгчид ажил тарахаас өмнө зарим дарга нартай уулзаж ярилцъя гэцгээв. Ингээд хэд хуваагдан нэг хэсэг нь Улсын дээд шүүхийн дарга Л.Ринчин, бусад нь Д.Бямбасүрэн, К.Зардынхан нартай уулзахаар явцгаасан юм.
Яг энэ өдрүүдэд өргөн олон түмний шаардлагаар Чехословакийн Коммунист Нам засгийн эрх мэдлээ өгч нэг намын тогтолцооноосоо татгалзаж буйгаа зарласан тухай мэдээ “Орбит” сувгаар цацагдлаа. 

Зөвлөгөөний  цаг дуусаж орой болсон тул Дугуй танхим хааж энэ үед нэг зураач миний урланд очъё гэсэн санал гаргав. Бид  Пионерийн ордны арын жижиг цайвар байшинд байх Хайнзангын Цэгмидын тэр урланд нь очиж халуун яриагаа шөнө болтол үргэлжлүүллээ.

Энэ яриа их л халуун бас тийм нэг нууц байдалд болсон бөгөөд эцэстээ Ц.Элбэгдорж эсвэл намайг удирдагчаар сонгох тухай хэлэцэх болоход тэр үед дөнгөж үзэл сурталын дайчин зэвсэг Монголын үндэсний телевизэд сэтгүүлч болох гэж хэдэн жил зүтгээд бүтэх шатандаа орох маггдлалтай байсан миний бие  шууд нэрээ татаад найруулагч Жамьяантай хамт шөнийн харанхуйд тамхи баагиулан их л хөөр баяртай алхасаар гэртээ харьж билээ.

Энэ зөвөлгөөний дараагаас ёстой л хувьсгалын халуун салхи тэр хүйтэн өвөл өдөр өдрөөр салхилсаар асар богино хугацаанд хувьсгал болон хувирсан билээ.

Түүхийг тэхэд тийм юм болсон бол гэдэггүй билээ. Тэр үед Ардчилсан хувьсгалд над шиг идэвхигүй оролцож байгаад холдсон олон хүн бий. Гэхдээ тэр цагаас өнөөг хүртэл өөрийхөө хийж буй ажлаар дэмжсээр ирсэн хүн ч бас олон бий билээ. Харин сүүлийн үед энэ хувьсгалд манлайлан оролцож байсан мэтээр ярьдаг, бичдэг хүмүүс олширсоноор барахгүй худлаа тэр үеийн Ардчилсан холбооны үнэмлэх хуурамчаар хийгээд гүйж ирдэг хүмүүс ч бас олширсон гэж сонссон билээ.

Үүнийг тэрлэгч миний хувьд “Цаг үе залуучууд” нэвтрүүлгээ хаалгасаны дараа Ардчилалын буянаар сэтгүүлч гэх эрхэм алдарыг Монгол телевиздээ хүртэж “Товч толь “ теле сэтгүүлийг хийж байгаад хэт ардчилсан нэвтрүүлэг ямарч цензургүй хийсэн учир халагдаж өнөөх Ардчилсан холбооныхоо цагаан байшинд нүүж очоод нэвтрүүлгийнхээ нэрээр сонин гаргах болсон нэгэн билээ.

Тухайн үедээ Монголын радиод хамт ажиллаж байсан С.Цогтсайхны хамт сонин гаргаж байх үедээ Э.Батүүлээс МоАХын гишүүний үнэмлэх аваад өнөөг хүртэл тэр байгуулагын гагц харъяалалтай өнөөг хүрчээ. Харин энэ өчүүхэн нийтлэлээ тэр үеийн анхны зохицуулаг нарын нэрсээр өндөрлөхийг хүсэж байна.

Ардчилсан холбооны анхы зохицуулагч нар


МоАХ-ны Анхдугаар их хурлаас 35 гишүүнтэй Ерөнхий зохицуулах зөвлөлийг сонгож баталсан юм. Үүнээс С.Зориг, С.Амарсанаа, Я.Батсүх, И.Жавхлант, Д.Нинж, Д.Сосорбарам, Дарь.Сүхбаатар, Ц.Элбэгдорж, Ц.Энхтүвшин нарын 9 хүнийг тэргүүлэгч гишүүнээр; Э.Бат-Үүл, Д.Баасан, Б.Базарагчаа, Б.Батбилэгт, Д.Батзориг, Б.Батцэнгэл, Б.Билэгт, Б.Болд, Г.Бошигт, Б.Галсандорж, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан, Ч.Машбат, А.Мурат, Л.Нямсүрэн, П.Нэргүй, Н.Нямгарав, О.Очиржав, Д.Төмөр-Очир, Л.Хадбаатар, Х.Цэгмид, Д.Цолмон, Д.Энхбаатар, В.Энхболд, Б.Энхтүвшин, Д.Ганзориг нарыг ЕЗЗ-ийн гишүүнээр сонгосоны МоАХ-ны 9 тэргүүлэгч гишүүн нам бус байсан юм.

2 дугаар сарын 23 –ны чуулганаар Улаанбаатар хотын МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулах зохион байгуулалтын асуудал хэлэлцэж Зохицуулагчид Баяраа, Жаргалсайхан, Төмөрбаатар нар нэр дэвшиж, Төмөрбаатар нэрээ татсаны дараа нууцаар сонгууль явууллаа.

МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүн Б.Галсандорж сонгуулийн дүнг танилцуулав. “Говь” комбинатын МоАХ-ны Салбар зөвлөлийн зохицуулагч Шаравдоржийн Баяраа олонхын санал авч Улаанбаатар хотын Салбар зөвлөлийн зохицуулагчаар сонгогдов. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд

1.Р.Түмэнцогт (Гутлын үйлдвэр),
2.Оюунгэрэл (Түргэний эмч),
3.Д.Дашдорж (СМУ Буроводстрой),
4.Ш.Баяраа (Говь комбинат),
5. Ш.Цогсайхан (Техник Импекс ),
6.Д.Нямхүү (Гутлын үйлдвэр),
7.Ш.Алтангэрэл (СОТ 2),
8.Даваа (багш),
9.Ш.Төмөрбаатар (Телефон Радио Ашиглалтын Хороо),
10.Р.Самбараазана (Троллейбусны комбинат),
11.Б.Хишигбат (84 –р сургууль),
12.Батсүрэн,
13. Очирбат (Монел),
14. Ганзориг (Зоос гоёл),
15. Жаргалсайхан- (НААҮ-г УЕГ),
16.Цолмон (Нисэх) зэрэг  үйл ажиллагаа нь нэгэнт олонд танигдсан манай хамгийн идэвхтэй салбар зөвлөлүүдийн зохицуулагч, гишүүн зэрэг 16 хүнийг сонгосон билээ.

Цагаан морин жилээс хөх морин жил хүртлэх хугацаанд зарим улс орны олон зуун жилд болж өнгөрөх үйл явдал болж өнгөрчээ. Гэхдээ түүхэнд тийм байсан бол гэсэн ухагдахуун байдаггүй болоод дээрхи хүмүүсийн нэрсийг жагсааж энэхүү бичвэрээ өндөрлөж байна. Дээрхи хүмүүсээс ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүс ч байгаа, одоо сайн сайхан явж байгаа хүмүүс ч байгаа. Бас тийм ч сайнгүй яваа, мартагдсан нэгэн ч байгаа билээ.

Ардчилсан хувьсгалд шууд бөгөөд дам утгаараа Монголын иргэн бүр оролцсон бөгөөд энэ бол түүхэн үнэн билээ. Энэ янзаараа дараа гэсээр хойшлуулсаар байвал түүх түүх биш болж мэдэх учир хөх морин жилийн анхны дугаарт энэ тухай цухас дурдахад ийм байна.

МоАХолбооны анхны гишүүдийн нэг, сэтгүүлч Д.Төрмөнх