Өнгөрсөн өвлийн нэг орой  зурагтын захын сувгийг нээж үзвэл, сурвалжлагч годгор бүсгүй “ аа аа, тэгээд тэгээд, одоо одоо... тэгсэн байгаа, ингэсэн байгаа” гэж ээрч, дүлж ярихад нь дургүй хүрэн дараагийнх нь суваг руу тэмтрүүлээ илгээвэл нэлээд ахимаг насны улс төрч эхнэр “нэг ширхэг хүн, нэг ширхэг уулзалт” гэх зэргээр барин тавин донгосч эхлэхэд нь бүр ч урам хугарлаа. Монголд уг нь хүнийг битгий хэл малыг ч ширхэгээр тоолдоггүй дээ. Сэтгэл сэргээх үг яриа гарч магадгүй гэж дахиад нэг суваг руу ороод үзвэл, монголоор орчуулсан америк кинонд, нэг эр  нүдэнд дулаахан бүсгүйтэй тааралдаад “Та их тачаангуй юм аа” гэж хээвнэг хэлж байх юм. Эмэгтэй хүнийг мөн ч муухай доромжиллоо доо гэж бодтол цаад бүсгүй нь ер эмзэглэсэн шинжгүй ганц нэг үг солиод зогсоод байх юм. Тэгэхээр, англиар “to look sexy” гэдэг нүд булаам, дур татам харагдах гэсэн хэллэгийг монголоор хөрвүүлэгч нь “тачаангуй” гэж орчуулан мундраа дэлгэсэн  юмсанж. “Sexy “ л гэвэл бүсэлхийнээс доогуур аваачиж ойлгоод байж болохгүй шүү дээ.

Телевизийн нэг сурвалжлагад “тамхины үнэр, жорлонгийн үнэр нар” хоёр муухай үнэрийг “нар” гэсэн дагавраар тодотгож байх юм. “Нар” гэсэн олон тооны дагаврыг хүн төрөлхтөнөөс бусад зүйлд үл хэрэглэнэ гэдгийг орчуулагч нь энэ насандаа дуулаагүй бололтой. Ингэхээр хүүхэд багачууд “үхэр, хонь, тэмээ нар”, “үзэм, гоймон, хэвийн боов нар” гэж ярих нь арга ч үгүй л юм даа.

Аанай  л зурагтын олон сувгаар:
-Хонины сайн сайхны төлөө /хонио онд мэнд оруулахын тулд/,
-Хэцүүгийн эсрэг тэмцэх хэрэгтэй юм /бэрхшээлийн өмнө сөгдөхгүй/,
-Ногоон амьдралаар амьдрах /мод зүлэг тарих/,
-“Нүхтэй толгойтой /сийрэгхэн ухаантай/,
-Нэхэмжлэл хангах /нэхэмжлэл барагдуулах/,
-Шороон шуурганд ач холбогдол өгч сэрэмжтэй байхыг анхааруулъя /шороон шуурга тавихыг онцгой анхаарч сэрэмжтэй байна уу/,
-Агаарын бохиролд хувь нэмрээ оруулж байна /агаарын бохиролд нэрмээс болж байна/,
-Болгоомжлохгүй бол амиа алдах боломжтой /болгоомлохгүй бол амиа алдахын осолтой/ гэх мэтчилэн орчуулж, ярьж, бичих нь тоймоо алдлаа. Үгүй ер, амиа алдахын аюул хүний хүсэл мөрөөдөл  юм шиг. Үүнийг бичигчийн тэмдэглэснээр лав иймэрхүү хэлгий үг хэллэг лав хоёр зуу гаруй хуудас болсон дог.

Тоглоомонд хожигдоод “даагаа нэхэх” гэдгийг залуучууд “өшөө авах” гэж ярих болжээ. Монголын ёсоор “галд тос өргөх” гэдэг нь бэлгэ дэмбэрэлийн утга чанартай юм. Гэтэл муу үйлд нэрмээс болохыг “галд тос өргөсөн хэрэг болов” гэж  ярьж бичих нь түгээмэл зүйл болов. Уг нь “галд дарь хийх”, “дайран дээр нь давс хийх” гэх зэргийн яг таарсан хэлц үг бий дээ, монгол хэлэнд. Бас, үйлс нь бүтэлтэй, аз нь гийсэн хүнийг “од нь харважээ” гэж ярих болж. Эртний ойлголтоор хүн бүхэн тэнгэрт нэг одтой гэдэг байсан тул шөнө  од харвахыг хараад нэг хүн үхлээ гэж шившлэг хийдэг ёс одоо ч хөдөөнийхөнд бий. Ингэхээр золбоотой яваа хүнийг үхүүлж орхидог сэтгүүлч сурвалжлагч мөн хөөрхийлөлтэй еэ.

Муу юм модон улаатай гэгчээр малчин хүмүүсийн үг яриа хүртэл ийм ад хачин хэлний нөлөөнд автаад  “мал төллөлт”, “хүйтрэлт явагдаж байна”,  “хурга мэндлэв”, “гол мөрөн мөснөөсөө чөлөөлөгдөж байна” , “цасан бүрхүүл тогтов” гэх зэргээр  албаны маягийн  үхширсэн муухай хэлээр ярих болжээ. Сүүлчийн өгүүлбэрээр жишээлж хэлэхэд “газар дэлхий цасанд хучигдлаа” гэж манай монголчууд лав хэдэн мянган жилийн турш ярьсаар ирсэн нь лавтай шүү дээ. Үйл үг, үйлт нэр, хийсвэр нэрэнд –лт” гэдэг дагавар хар муйхраар тулгаж залгаснаас саяхь “төллөлт”, “хүйтрэлт” гэх мэтийн үг тархжээ. Өөр нэг жишээ гэвэл шинээр баяжсан хотын худалдаачин борчуул  “үнэгүй хүргээд өгнө гэхийг “хүргэлт үнэгүй”, “урилга оройтсон” гэхийг “урилт оройтсон” гэх зэргээр рекламдах нь наад захын хэрэг болсон мэт.

Эцсийн бөлөгт олон нийтийн мэдээллийн хэрэгслийн, ялангуяа телевизийн орчуулгын маягийн олиггүй хэл ард түмний тунамал сайхан хэлийг бузарлаж байгаа юм байна, орчуулга хийдэг, юм бичдэг хүмүүсийн олонхи нь эх хэлнийхээ зүй тогтол, дотоод ёс зүйг хайхрахгүй, өнгөц мэдлэгийнхээ хэмжээгээр гөрдөж аргацаадаг нь улс үндэстний хэтийн үйлсэд гай тарьж байгаа юм байна гэж бодлоо.

Улаанбаатар эдүгээ олон соёл иргэншил, шашны бэлчир газар болжээ. Монгол орныг морин дэл дээр яваа,  хээрийн салхи үнэртүүлсэн цайлган сэтгэлтэй бүсгүйтэй жишвэл энэ бүсгүйг газар газрын хүмүүс тал талаас нь чангаагаад байна. Үүнд юу хэлэх гээд байна вэ гэвэл соёлын энэ давалгаанд бид яахаа мэдэхгүй баахан цочирдоод байх шиг. Нүүрс түлээ, орон байр, дулаалга гэх зэрэг өдөр тутмын ахуй амьдралын  юмандаа санаа тавьсаар явж  байтал  үндэстний оршин тогтнохын амин сүнс болсон эх хэлээ ч цаагуураа идэгдээд эхэлчихсэнийг бид төдий л анзаарахгүй байгаа  юм шиг. Тэгвэл олон соёл иргэншил манай нийгмийн бодол санаанд хэрхэн нөлөөлж, тэр нь эргээд үндэсний ухамсарт ямархан янзаар тусч байна вэ гэдгийг социологийн үүднээс судлууштай л юм даа. Улаанбаатар хотын энэ олон үйлчилгээний газар бараг цөмөөрөө хаяг зэргээ гадны хэлээр бичиж, орчин үетэйгээ хөл нийлүүлж яваа мэтээр гайхуулах  гэдгийг бас юу гэж үзэх вэ?

Зарим нэг судалгаагаар, манай иргэд өдөр тутмын  мэдээллийнхээ 70-80-аад хувийг орчуулгын зүйлээс олж авдаг нь хэл соёлын бодлого боловсруулдаг төрийн түшмэдүүдэд нэг юм бодогдуулах болов уу. Бага сургуулийн хүүхдийн сурах бичиг, хэрэглэгдэхүүнд зарим нэг ухагдахууныг тайлбарласан нь хүүхэд байтугай үүхэд ч ойлгохооргүй зүйл харагдаж байна билээ. Жинхэнэ монгол логикоор бодож сэтгээгүй, зээлдмэл маягийн хэлээр хүүрнэсэн нь үзвээс илт. Тэгэхээр, боловсрол бол хиймэл бус, хөрсөн дээрээ буусан байх ёстой гэсэн зарчим маань хөсөр хаягдаж байна гэсэн үг.

Улс төр, түүх, хууль цааз, худалдаа арилжааны холбогдолтой  ном зохиол орчуулж буй боловч олонхийнх нь мөн санаа жинхэнэ монгол хэлээр буугаагүйгээс унших гэхэд явж өгөхгүй, урам хугарч, хогийн сав руу  шидчихмээр санагдлаа гэж олон хүн над ярьж байсан. За, энэ чинь л монгол хэлийг шинжлэх ухааны талын хэрэгцээнээс нь аажмаар шахан гаргах цондон нүүрлэж байгаа хэрэг дээ. Муу орчуулагчийн нүглийг тоочивч баршгүй. Улс түмний туршлагаас үзэхэд, аливаа хэл  яагаад доройтож явцгүй болдог вэ гэвэл  гадны хэлний боолчлолд нэрвэгдээд /махчилсан муу орчуулгын гайгаар/ ирвэл бадрангуй сайхан хүч чадал, амт шимт нь эрлэгт тонилоод үндэсний хүн нь  тэр хэлээ  шимтэн дурлахгүй тийшээ ханддагт учир начир нь байдаг  ажээ.

Өөр нэг зүйл гэвэл үндэсний уран зохиол хэлээ тэтгэж тэнхрүүлж явдаг нь хөдөлшгүй үнэн. Тэгвэл манай одоогийн уран зохиол орчин үеийн залуусын оюуны хэрэгцээг гүйцэж, эх хэлний хөгжилд дэм үзүүлж чадаж байна уу? Өргөн олныг шуугиулж, уншигчдыг хошууран гүйлгэдэг ном зохиол  аль хир олон гарч байгаа бол?  

Монгол хэлний яруу сонсголон, эрхэм сайхныг бахдах сэтгэл хүүхэд залуучуудад хомсдолоо гэх үг яриа чих дэлссээр удаж байна. Оюутан залуучуудын дийлэнх гар утас, интернетийг шүтээд , махарч эрдэм боловсрол эзэмших тухай бодохгүй, юмыг аль болохоор бие зовоохгүй аргалах гэдэг болсон нь  бидний сонгож авсан нийгмийн гол хөдөлгүүр болох жинхэнэ “өрсөлдөөн” нь Монголд хараахан өрнөөгүйн харгаа буй за. Энэ нь монгол хэлэнд  бүр ч хамаатай. Жишээлбэл, албан газар шинээр хүн шалгаруулж авахдаа гадаад хэлний боловсролыг нь голчлон харахаас биш эх хэлнийх нь мэдлэгийг төдий л тоодоггүйг хэлж болно.

Ийм цаг үед Боловсрол, Шинжлэх ухааны Яам сургуулиудад монгол хэлний боловсролыг өөд татах арга сүвэгчилж байгаа нь тун ч баярлууштай. Үүнд хүүхдүүдийг кирилл үсгээр зөв бичиж сургахын тулд Осор нарын толь бичгийг дахин хэвлүүлэх гэж байгаа гэж сонссон. Гэхдээ ганц энэ толь бичгээр “асуудлыг шийдэх” нь юу л бол. Давын өмнө кирилл үсгийн дүрмийн доголдлыг засч яриа, бичгийн хэл мохохын цаад урхагыг арилгах хэрэгтэй болов уу. Кирилл үсгийн одоогийн дүрэм шинжлэх ухааны үндэслэл муутай, тогтолцоогүй, тодорхой зарчимгүй тул хүүхдийн авцалдаатай сэтгэж сурахад саад учруулаад байна гэж аль 1957 оноос эрдэмтэн судлаачид ярьсаар ирсэн юм билээ. Тэгвэл, жинхэнэ хэл шинжлэлтэн нарын санал болгосноор нэлэнхүйд нь эс хөндлөө гэхэд хэсэгчилсэн маягаар засч яагаад болохгүй гэж? Зориг гарган хөдлөхгүй юм бол аяндаа бүтэх юм гэж ховор  биз дээ. Ядахдаа, үгийн язгуур үндсийг бичигт хэвээр байлган, гээгдэх эгшиг зэрэг зохиомол дүрмийг халаад хаячихвал дүрэм маань арай дээрдээд л ирнэ дээ. Хүүхэд сурагчдын дүрэмд толгой эргэх нь эрхбиш багасна даа. Тэглээ гээд өмнөх үед нь кирилл үсгээр хэвлэсэн ном бичгийг дараагийн үеийнхэн нь уншиж чадахгүйн зовлон яагаад ч гарахгүй. Энийг хэл судлаачид цөм мэдэж байгаа.

Монгол хэлний хичээл мөн уйтгартай яа гэж аль социализмын үед хүүхдүүд ярьж байсан юм шүү. Энд хүүхдийн буруу гэж юу байх вэ. Багшийн арга ухаан, авъяас чадвар  л дутагдаж байгаа хэрэг. Хэлийг монголчуудын аж амьдрал, үндэсний соёл, ёс, зан заншилтай  холбож заах арга нэвтрээгүйн улмаас зүйр цэцэн үг, хэлц, хэллэгийг олонхи залуучууд ойлгохоо больжээ. “Бэлгийн морины шүдийг татдаггүй /үздэггүй/ гэж юу гэсэн үг вэ? гэж 24-30 нсны хориод залуугаас асуухад тайлж мэдэх хүн гарсангүй. Тэгэхээр нь  “ааш гэж адсага” гэж юуг хэлж байна вэ? гэвэл там тум ойлгоод байх шиг. За, тэгвэл, “адсага” гэж юу вэ? гэвэл цөмөөрөө таг. Бидний нүдний өмнө залуучууд ийм л болж хувираад байна шүү дээ.

Хоёр жилийн өмнө монгол хэлний багш нарыг мэргэжлээр нь  шалгахад 10-20  хувь нь дүрмийн алдаа гаргалааа гэж зурагтаар нэвтрүүлж байсан нь одоо миний тэмдэглэлийн дэвтэрт байдаг юм. Ерөнхий баримжаагаар бодоход, энэ нь тоо, физикийн хичээлдээ тааруухан сурагч монгол хэл, түүх зэрэг нийгмийн ухааны сургуулийг амарчилж сонгодгоос үүдэлтэй юм биш биздээ? Хэрэв энэ үнэн бол монгол хэлийг “элэг бариулахгүй”, энэ хэлний сургалтыг залхуу, авъяас чадваргүй хүнд даатгадгыг халах цаг болсон байх аа. Өмнөд Солонгост, солонгос хэлний ангид аль сурлага сайтай, сэргэлэн, авъяаслаг хүүхдийг элсүүлж, төгсөхөд нь зэрэглэлийг нь өргөн, нэр хүндийг нь дээшлүүлж, цалин хангамжийг нь дээгүүр тогтоодог гэж Сөүлд олон жил суусан, солонгос хэлний мэргэжилтэн Баттөр багш ярьж байсан. Үүнийг, үндэсний хэл улс гэр батжин тогтнохын нэгэн гол багана  гэж боловсон чийрэг улсууд аль эртнээс ухаарсны жишээ хэмээн үзэлтэй.

Манайд хэтийн үйлсээ бодож салбар бүрийн шинжлэх ухааныг цаашид ч монгол хэлээр хөгжүүлэх бодлого бий гэж бид бүхэн итгэж байгаа. Ер нь  тэгж  гэмээнэ манай монгол үндэстэн өрөөл бусдаас илүүгүй юм гэхэд дутахгүй гэдгээ ертөнц дахинд харуулж яваандаа хөгжингүй орнуудын зиндаанд хүрч чадах байх.
 
1990 оноос хойш дөрвөн уулын дунд шинэ сэтгэлэг, шинэ саналга өргөн дэлгэр урсан орж ирэв. Үүнийг дагаад монгол хэлэнд  шинэ үг үй олноороо нэвтэрч эхлэв. Тэгвэл энэ бүгдийг тэр чигээр нь  зээлдэн хэрэглэх үү? Монгол хэлэнд тэр олон үг, нэр томъёо ямархан байдлаар хэвших ёстой вэ? Орчуулах уу, ориг маягаар нь хэрэглэх үү? Аль эсвэл өөрийнхөө хэлний авиан  зүйд тохируулж авах уу? Орчуулж хэрэглэхэд адармаатай нэр томъёог эрхбиш “үрчлэн” авахаас өөр аргагүй биз. Үүнд Азийн хөгжингүй  улсуудын үлгэр жишээ ямар байна вэ? Тэгтэл энэ бүгдийг залж зангидаж чаддаг газар Монголд байна уу гэвэл үгүй бололтой. Төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс англи-монгол, франц-монгол, хятад – монгол, солонгос-монгол, япон-монгол толь бичиг зохион хэвлүүлдэг болж. Гэтэл ганц нэр томъёог гэхэд л янз янзаар оноож орчуулдаг нь наанадаж хэрэглэх хүнийг төөрөлдүүлж, цаанадаж улс орны шинжлэл судалгааны ажилд саад учруулдаг гэнэ. Нэгхэн жишээ дурдахад, concentration гэдэг хувилахуй ухааны /химийн/ нэр томъёог олон толь бичигт концентрац, өтгөрөл, бөөгнөрөл, төвлөрүүлэлт гэх мэтээр оноожээ. Үүний зарим нь нүдээ нэг их олоогүй мэт. Гэтэл бидний өмнөх нийгмийн Улсын нэр томъёоны комиссын мэдээнд, жишээлбэл, “концентрированное удобрение” гэдгийг аагшуулсан бордоо гэж тун мэргэн орчуулсан байх юм. Чингэхээр толь бичиг зохиох, нэр томъёо боловсруулах  гар хөлийн үзүүрээр хийх ажил биш гэдэг нь тодорхой.

1950-иад оноос Улсын нэр томъёоны комисс эх хэлдээ үнэн сэтгэлээс хайртай эрдэмтэн өтгөсийн түмэн алжаал зүтгэлээр олон салбар ухааны 150 000 гаруй нэр томъёо зохион мөрдүүлж байсныг одоо дурсах хүн өдрийн од мэт ховор болжээ. Тэдний ачаар монгол хэл өмнөх үеэ бодвол овоо цэгцэрч байсан юмдаг. Одоо, эсчётчиг гэхгүй тоолуур, яавлаг гэхгүй алим, вино гэхгүй дарс, өгөрций гэхгүй өргөст хэмх гэх зэргээр ярьж бичдэг болсон нь тэр л Комиссын хаялаг юм шүү дээ. Гэтэл эдүгээ шинээр нэвтэрч буй үй түмэн нэр томъёог яах вэ гэдэг асуудал хайхрах эзэнгүй болчихоод байгаа юм.

Ямар ч атугай хэдэн жилийн өмнө орчуулагч миний бие “Үндэсний шуудан” сониноор дамжуулан “Монгол хэлний Академи” байгуулах саналаа хэлж байсан. Ер, манайхаас бусад улс орон бултаараа эх хэлний Академитай юм байна шүү. 2010 оны хавар Францын Утгазохиол орчуулагчдын олон улсын Төвийн урилгаар тус улсын өмнөд нутгийн Арл хотод хоёр сар ажиллах хугацаандаа би Франц, Израйль, Швед зэрэг орны орчуулагч дуун хөрвүүлэгч нөхөдтэй  ярилцахад тэдгээр улсын Академийн адбиш зорилго нь эх хэлээ мандуулахын сацуу хамгаалахад оршдог гэж байж билээ.

Тийм Академи алдар нэрдээ сэтгэл ханасан архайж тархайсан томчуудын ихэрхэж цэцэрхдэг газар биш,  бүтээл туурвил нь  амьдралд хүртээмжтэй, олон нийтийн хэрэгцээг шууд хангахад чиглэх ёстой гэнэ. Тодруулсхийж  хэлбэл,  өргөн олны дав даруй хэрэглэх үгийн санг бүртгэн шинээр авах үгийг боловсруулж нэмэн  жил бүр  тэрийгээ зарлан тайлбар толь бичгээ  хэвлүүлдэг тогтсон аргатай юм  байна.  Олон нийт, оюутан сурагчид тэр Академийн толь бичгийг гарын авлагаа болгож заншсан юм байна. Монгол хэлний бүрэн тайлбар толь,  иж /синоним/ хийгээд тонгоруу /антоним/ үгийн толь одоо хир нь гараагүйг бодоход хийж амжаагүй ажил манайд мөн их байгаа бололтой. Хэрэв бид тийм Академитай болбол нуруун дээр нь  ирэх бас нэг ачаа  юу вэ гэвэл олон салбар шинжлэх ухааны нэр томъёог тухай тухайн мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор нягтлан боловсруулах нөр их ажил юм.  Бас, эрдэмтэн судлаачдын зохиох толь бичгүүд уг Академийн хяналтаар заавал дамждаг байх учиртай. Чингэвээс гадаад үг, нэр томъёог дур зоргоороо орчуулж хэлний эмх замбараагүйг үүдэн олон нийтийн толгойг эргүүлдэг явдал арилна. Эцсийн бөлөгт, монгол хэлийг эвдэн гутаагчид, дураараа дургигчдын жолоог баахан хумиж өгнө. Нийтийн гэгээрэлд ч  нэмэр тустай.

Бид чинь Төрийн сүлд дууллаа аялахдаа “Үндэс язгуур, хэл соёлоо үеийн үед өвлөн бадраана” гэсэн үгэнд нь зоригждоггүй гэж үү? Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “хэл соёлоо бадраана” гэснийг уншаад урам ордоггүй гэж үү?  Тэгвэл хэлээ хөгжүүлэх, хамгаалах талаар доривтой, бодитой юм хийхгүй суугаад байвал ямархан хувь тавилан биднийг хүлээж байна вэ? Хожим гэмшивч нэгэнт оройтсон байх вий.

Түүхч, орчуулагч, МУСГЗ   Т.Төмөрхүлэг.
2013 оны гуравдугаар сар.