Энэ 7 хоногт
Д.Хатанбаатар дүлэгнэж, С.Цэрэндорж гэлмэгнэж, Шагдарын Дулмаа шаг хийж байсан нь
Би 1982-1985 онд Орос хэлний Дээд Сургуульд лаборантаар ажилласан. Гэхдээ миний ажлын албан ёсны нэр нь кабинетийн эрхлэгч – заведующий кабинетом. Лаборантаасаа хамаагүй гоё сонсогдож байгаа биз. Андуурч сонссон хүн-д бол заведующий кафедрой – тэнхимийн эрхлэгч. За энэ ч арай хэтэрнэ ээ, ер нь тэгээд андуурч сонсоосой гэж “битүүхэн мөрөөдчихсөн” надаас өөр хэн ч андуурч сонсох билээ дээ.
Би 1982-1985 онд Орос хэлний Дээд Сургуульд лаборантаар ажилласан. Гэхдээ миний ажлын албан ёсны нэр нь кабинетийн эрхлэгч – заведующий кабинетом. Лаборантаасаа хамаагүй гоё сонсогдож байгаа биз. Андуурч сонссон хүн-д бол заведующий кафедрой – тэнхимийн эрхлэгч. За энэ ч арай хэтэрнэ ээ, ер нь тэгээд андуурч сонсоосой гэж “битүүхэн мөрөөдчихсөн” надаас өөр хэн ч андуурч сонсох билээ дээ. Орос хэлний Дээдийнхэн маань жил бүр “Орос хэлний баяр”-аа хийнэ. Оюутнууд орос дуу дуулаад л, хуурдаад л, бүжээд л, авьяасаа үзүүлээд л, анги бүр дор дороо бэлдээд л, хоорондоо хөөрхөн өрсөлдөөд л, гоё оо гоё. Ажилд ороод анхныхаа “Орос хэлний баяр”-ыг үзээд сэтгэл хөдлөөд “Орос хэлний баяр” гэсэн сурвалжлага – тэмдэглэлээ “Залуучуудын Үнэн” сонинд илгээв ээ, хө. “Байн байсаар бүх Дэлхийг Агуу их Октябрийн хувьсгал бүрхэж зөвхөн нарыг хэвээр үлдээхийн цагт орос хэл бүх Дэлхийн хэл болно, “Орос хэлний баяр” – бүх Дэлхийн баяр болно” гэж ирээд л авч өглөө. Нуулгүй үнэнийг хэлэхэд 1982 оны байдлаар, аль 1974 онд 10 төгссөн ажилчин залуу миний бие энэ бичсэн зүйлдээ бол итгэж байсан юм шүү. Америкийн империализм чинь улам улам ялзран мөхөөд л хэзээ хэзээгүй л сүйрчих гээд байлаа шүү дээ. Хэзээ ба хэрхэн сүйрэх нь л тодорхойгүй болохоос. Гэхдээ яахав дээ, юм бичнэ гэдэг чинь ямар нэгэн сонин сайхан санаа олж авсныгаа цаасан дээр буулгахыг хэлж байгаа юм. Зөвхөн наран хэвээр үлдэхийн цагт Орос хэлний баяр – бүх Дэлхийн баяр болно гэсэн санаагаа би их олзуурхаад тэрэндээ баярлаад байгаа болохоос яг тэгж 100 хувь итгэчихсэн, Павел Корчагин шиг болчихсон байсан уу гэвэл бас ч үгүй л байх. Ер нь тэгж яривал миний бичсэн зүйл Монголын нэг том төвийн хэвлэлд гарч, шагналын мөнгө авах нь л надад илүү чухал байсан болов уу. Тэр үеийн андууд маань бүгд “бичигчид”.“Пөөх, Баги! Чиний бичсэн юм “Залуучуудын Үнэн”-д гарчихаж!” гэх юм биз дээ. Шагналын хэдэн цааснаас ч илүү гоё нь энэ ч байсан байж магадгүй. За тэгээд л “Залуучуудын Үнэн” сонины шинэ дугааруудыг анаад байдаг, миний бичсэн байдаггүй дээ. Тэгэхээр нь сонины газар руу нь яваад очлоо. Тэр үеийн сонинууд дотроос хамгийн балай нь “Залуучуудын Үнэн” байсан бөгөөд гэхдээ би энэ үгийг зөвхөн нэвтэрч ороход хэцүү гэдэг ганцхан талаас нь хэлж байна л даа. “Залуу. Үнэн” бол “Үнэн” сониноос ч дор байсан. “Үнэн” сонинд бол үүднийх нь хүнтэй уулзаад тийм редакцийн тэр хүнтэй уулзаж ийм мэдээ, сурвалжлага өгөх гэсэн юм гээд л орчихож болдог байв. “Спортын мэдээ”, “Улаан Од”, “Утгазохиол”, “Хөдөлмөр”, “Найрамдлын зам” бүгд нэвтэрч ороход ямар ч төвөггүй. Би л лав “Улаан Од”-ын өрөөнүүдээр хэсээд дэслэгч Д.Чинбатаас авахуулаад хошууч “Жамуха” Жамсрантай уулзаад явдаг байлаа. Гэтэл “Залуучуудын Үнэн” болохоор шал балай, МХЗЭ-ийн Төв Хороотойгоо нэг дор байрладаг болоод ч тэр үү, пропуск бичүүлж барьж байж орно. Би ийм мэдээ өгсөн юм гэвэл Д.Хатанбаатар, С.Цэрэндорж нартай уулз гэв. Уулзлаа. Тэр хоёр хоёулаа л нэг сонин гэлмэгнээд, дүлэгнээд байх юм.
- За ер нь одоо бол, ер нь бол орос хэл бол, ер нь тэгээд бол ... гэхчлэн их л болгоомжтой түг таг гээд гэлмэлзэж байснаа харц нь бүүр доогуур гөлөлзөөд дуугаа бүүр намсгаж ирээд:
- Яг энүүхэндээ гэж хэлэхэд ер нь бол одоо, орос хэл бол одоо, яг одоо бол одоо Дэлхийд бол одоо үнэхээр одоо тийм чухал хараахан биш л байна шүү дээ. Одоо энэ хөгжилтэй том гүрнүүд бол одоо англи хэлээр л бол одоо ярилцаж байна шүү дээ гэв.
Яг иймэрхүү үгийг тэр хоёр яг иймэрхүү байдлаар хэлээд, би бөөн төвөг удаж байж орсон “Залуу. Үнэн”-ий байрнаас гарч одсон. “Аргагүй дээ, хөөрхий. Одоо ухаан нь би нэг тийм хэнхэг сэнтэг “коммунист” амьтан байсан бол “Та нар яагаад миний бичсэнийг гаргадаггүй юм? Та нар Ильичийн хэлийг чухал бус гэж байна уу?!” гээд л өөдөө өгсөөд, дээшээ цамнаад гүйх юм бол тэр хоёрын дээр суугаа нэг үзэлсуртал хариуцсан дарга суудлаа алдчих вий гэхдээ “Та хоёр ийм сайхан чухал зүйлийг яагаад нийтлээгүй юм? Та хоёр одоо агуу Зөвлөлтийн эсрэг үзэл гаргаж байна уу?!” гээд л нударгаа зангидаж байгаад ширээгээ балбаад буучихад Д.Хатанбаатар маань “Залуучуудын Үнэн” хэмээх төвийн том хэвлэлийн хэлтсийн эрхэлэгчээсээ хусагдаад хөдөө аймгийн сонины сурвалжлагчаар очих бол энүүхэнд, С.Цэрэндоржийг бол бүр малчин болгохоо ч ядахгүй. Ойлгож байна аа, би, та хоёрыгоо. Гэхдээ мань нь тийм хэнхэг “коммунист” амьтан биш л дээ” гэж дотроо бодож явлаа. Дашрамд хэлэхэд энэ “төвийн хэвлэл” хэмээх их чухал мундаг үг тэр үеийн сонин хэвлэл, радио телевизээс салдаггүй сэн. Улаанбаатарт гардаг хэдэн сонин бол төвийн хэвлэл, аймгуудын сонин бол төвийн хэвлэл биш гэж л би лав ойлгодог сон. МХЗЭ-ийн Төв Хорооны байрнаас гараад тэр үед сая гаруй хүнтэй, хагас сая шахам машинтай болоогүй байсан Улаанбаатарынхаа цэлгэр саруулхан гудамжаар алхаж явтлаа 4 жилийн өмнөх нэг тохиолыг гэнэтхэн саналаа шүү. 1978 онд гэсэн үг. Тэгэхэд би нэг мундаг улстөрийн сэдэвтэй шүлэг бичсэн юм. Америкад, бүр Нью-Йорк-д нь ч билүү, Мери гэж бүсгүй, Жон гэж хайртай залуутайгаа амьдарч байтал Жоныг нь цэрэгт татчихдаг. Тэгээд л ...
... Хонгор Жоны оронд
Хуудас цаас иржээ
Золгүй Мерийн зүрх
Зовлонгийн далайд живлээ ... гэж байгаа юм. Жон нь АНУ-ын империалист булаан эзлэх түрэмгий дайнд яваад алагдчихгүй юу даа. Тэгсэн ...
(Ямар, ямар яасан)
Ангийн тэмцэлд Мери нэгдэв
“Атомын оронд талх!” гэж
Аянга мэт нүргэлүүлэв гээд дуусч байгаа юм аа. Бодвол “Үнэн” сонины үүдээр гарч явсан тул эл шүлгээ санав уу, эсвэл, ээ дээ, Д.Хатанбаатар, С.Цэрэндорж хоёртой л холбоотой байх аа даа. Тэр шүлэг бол их л “цаг үеийн сэдэвтэй” шүлэг. Тэр үеийн цаг үе бол ямагт бузар булай АНУ-ын империализмийн эсрэг байв. Энэ шүлгээ хаана өгөх вэ гэж бодлоо. “Утгазохиол”-д гологдоно л доо. Тэнд чинь
Хар дайн харагдахгүй мөртлөө
Харандаа үзэг гараас булааж ...
Дайн бас дайралдахгүй мөртлөө
Даавуу дээлийн өнгө хуулж
Улаан дүнс, ногоон цайны
Уутыг хүртэл эргүүлж гөвлөө ... гэхчлэн бичдэг Д.Пүрэвдорж нарын аваргууд сууж байгаа. Миний шүлэг бол сэдэв нь чухал шүлэг. Сэдэвтээ дулдуйдсан шүлэг. Үгүй, яагаад “Үнэн” сонинд өгч болохгүй гэж? “Үнэн” бол “Утгазохиол” биш шүү дээ. “Үнэн” бол “Цог” сэтгүүл биш. “Үнэн” бол сэдвийн сонин. “Үнэн”-д бол, ээ дээ, сэдэв чухал, аан. Ингээд “Үнэн”-д өгчихлөө. Бичигч андууд маань: “А-я-я, чиний шүлэг “Үнэн”-д гарчихаж!” гэлцэх юм биз дээ. Гэтэл байдаггүй дээ. Утасдаад асуувал “Таны шүлгийг тавихгүй ээ. Та шүлгийнхээ талаар асууя гэвэл Ш.Дулмаатай уулз” гэв. Үгүй, яадгийм, яруунайрагч Шагдарын Дулмаа шүлгийг минь юу гэхнэв гээд яваад очлоо. Энэнээс дор юмнууд энд тэнд гарчихсан л байдаг ш дээ гэж замд бодогдож байна. Ламжавын Лувсандорж найрагч: “Чи одоо Их Сургуульд ор. Ах нь нэг амьтан хүн-д үзүүлэх ромбо, хавтас хоёртой болоодох сон чинь л ахынх нь шүлгүүд энд тэнд гараад эхэлсэн шүү” гэж хэлж байсан нь санаанд орж байна. Дөнгөтийн Цоодол найрагч: “Дүү хүү, Дээд Сургуулийн тэр хавтас нь, тэр бумага нь амьдралд хэрэг болдог юм аа” гэж надад аминчлан хэлж байсан нь ч бас бодогдлоо. Дээд Сургуульгүй болохоор цалин мөнгө ч багахан, шүлэг зохиол минь ч гарахгүй, аан, гээд яах вэ, амьдрал сайхан ш дээ, Монголын нэг яруунайрагч хүүхэнтэй уулзаж шүлэг зохиол ярьсан шиг, аан. Ш.Дулмаа найрагч:
- Тэгж их тэмцээд байдаг юм бол тэр Америк чинь (тэр капитализм чинь ч гэлүү) тэгээд яагаад нураад уначихдаггүй юм?! гэсэн шаг хийсэн, зоригтой хариулт өгөөд намайг гаргаж билээ.
Аа, Ш.Дулмаа “Залуу. Үнэн”-ий хоёроос их өөр байсан учраас 3-4 жилийн өмнөх эл тохиолыг тэр өдөр би гэнэт санажээ дээ, янз нь. Тэгээд одоо тэр үеийн сэхээтнүүд жир ажилчин залуугаас арай өөр, арай дөнгүүр сэтгэж байжээ гэх гээд байгаа юм уу, яруунайрагч хүн гэдэг хэзээд яруунайрагч байдаг юм байна гэж гэнэтхэн Шагдарын Дулмаад хайр хүрээд явчихав уу, хэрвээ “Орос хэлний баяр” маань гай болоод хэвлэгдчихсэн бол өдийд тэрнийгээ хараад ичиж суух байжээ гэж Д.Хатанбаатарах, бурхан болооч С.Цэрэндорж хоёртоо баярлав уу, Ш.Дулмаад ч гэсэн бас, аан, бүү мэд ээ, ямар ч гэсэн нэг ийм дурсамж биччихлээ.
Л.Батбаяр.
Зочин
жж
батийр
Зочин
Зочин
Зочин