1980-1990-ээд оны Монголын удирдлагад хамгийн залуу бөгөөд өөрчлөлт шинэчлэлийн бодлогыг шийдэмгий дэмжигч нь Ц.Намсрай байлаа. Тэрээр сэтгүүлч, улс төрч хүний хувьд цаг үеийг соргогоор мэдэрч, түгжигдмэл бугшсан нийгэмд шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх тухай ахин дахин ярьж байв. 1990 онд дэлхийн социалист систем нуран унахад коммунист удирдагчид эрх дархаа хадгалахыг хичээн хүч хэрэглэснээр олон оронд иргэний дайн, тэмцэл хямрал, цуст хядлага гаарсан юм. Харин эсрэг тэсрэг нийгмийн шилжилт Монголд айвуу тайвуу өрнөж, тэгснээр улс орон хөтлөгдөн замнах зүг чигээ ээдэрч тэмтрэлгүй олж чаджээ. Үүнд Ц.Намсрай хийгээд түүний санаа нэгт нөхөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Гэвч үймж бужигнасан он жилүүд тэдний түүхэн гавьяаг мартан бүдгэрүүлэхэд хүргэжээ.

...Намсрай 1939 оны өвөл Хөвсгөлд малчин айлын гэр бүлд мэндэлжээ. Эцэг, эх нь удам дамжсан малчид байсан бөгөөд төрж өссөн уугуул нутагтаа нүүдэллэн аж төрдөг байв. Намсрайн эцэг Цэрэндаш тэр үед шинэ содон зэвсэг гэгддэг байсан Их бууны цэрэгт алба хааж, хөдөө нутагт хамгийн боловсролтой нэгэнд тооцогдох болжээ. Тэрээр цэрэгт уйгаржин болон латин үсэг, химийн томьёо, математикийн энгийн аргачлалуудыг заалгасан ажээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын дунд сургуулийг төгссөн Намсрай Ленинградын Их сургуулийн сэтгүүлчийн ангид хуваарилагджээ. Сурагч байхдаа олон нийтийн ажилд манлайлан оролцдог байсан идэвхитэй зан төрх нь оюутан цагт нь улам тодорч, тэрбээр МХЗЭ, МАХН-ын гишүүнээр элсэв. Орос хэлийг төгс эзэмшсэн нь түүнийг үе тэнгийнхнээсээ ялгагдах онцлог чадвартай болгосон гэлцдэг. Таван жилийн дараа дипломоо өвөртлөн эх орондоо эргэн ирэхэд Монголд сэхээтний шинэ давхарга дөнгөж бүрэлдэн тогтож байлаа.

1930-аад онд хядагдсан сэхээтнүүдийг амьдралын цөлх ухаантай залуучууд залгамжилж байсан бол хорь орчим жилийн дараа тэд шахагдаж, орыг нь Монгол, Зөвлөлтөд дээд сургууль төгссөн шинэ цагийн сэхээтнүүд эзэлсэн билээ. Дээд боловсролтой тэдгээр цөөхөн залуус практик ажилд удтал дадлагажиж, хожим хөгжил дэвшлийн зүг эрчлэн тэмүүлэх Монгол орныг удирдан залуурдах болсон юм.   

Хорин гурван настай Намсрай «Үнэн» сонины Дорноговь аймаг дахь сурвалжлагч, улмаар «Монцамэ» агентлагийн Бээжин дэхь сурвалжлагчаар томилогдон 1967 он хүртэл ажиллав. Мао Зэдун-ы заавраар Хятадын өөрөөр сэтгэгчдийг хомроголон хядаж, дэлхий даяар дуулиан шуугиан тарьсан  «Соёлын хувьсгал»-ын үймээн самуунт үйл явдлыг сурвалжилж, ул суурьтай нийтлэл бичдэг байсан залуу сэтгүүлчийг МАХН-ын Төв Хороо анхааралдаа авчээ. Хятадын дотоод хямрал, удирдагчдын зөрчил, ард олны эсэргүүцлийн тухай дүн шинжилгээ хийж, ихээхэн уялдаа авцалдаа бүхий дүгнэлт, таамаглал дэвшүүлсэн түүний нийтлэлүүд дипломатчдыг гайхшруулдаг байв. Удалгүй Намсрай МАХН-ын Төв Хороонд гадаад харилцааны ажил эрхлэх болж, улмаар Москвад сурвалжлагчаар томилогджээ.

Тэрээр эрдмийн зэрэг хамгаалахаар махран ажиллаж, хувь заяагаа сэтгүүлчийн замналаар төсөөлж явтал засаг төр түүнийг өөрийнх нь хувьд огтын санаандгүй байсан улс төрийн амьдралд татан оруулжээ. 1972 онд Намсрай Төв Хорооны Ерөнхий хэлтсийн дарга болов.

Нам төвтэй төрийн тогтолцоо бүхий тэр цаг үед Төв Хороо улс орныг бүхэлд нь удирддаг байлаа. Намын Төв Хороонд харьяалагддаг Захиргааны, Боловсон хүчний, Аж үйлдвэрийн, Барилгын, Эдийн засгийн, Боловсролын, Үзэл сурталын хэлтэсүүд хариуцсан салбараа бүхэлд нь хянаж, Улс төрийн Товчоонд захирагддаг байв. Харин Ерөнхий хэлтэс нь эдгээр хэлтэсүүдийг холбон зангидаж чиглүүлдэг, өөрөөр хэлбэр Тамгын газрын үүргийг гүйцэтгэдэг байжээ. Идэр залуудаа төрийн өндөрлөгт огцом дэвшсэн Намсрай шинэ албандаа ихэд хичээн ажиллаж, Ю.Цэдэнбалын баруун гар гэгдэх болсон юм. Төв Хорооны нарийн бичгийн дарга асан Ц.Балхаажав «Яагаад ч юм бэ, Цэдэнбал дарга Ц.Намсрай, Б.Ламжав хоёрын үг, зөвлөгөөг бусдаас илүү сонсдог байсансан» хэмээн дурссан нь бий.

Гэвч Намсрайн улс төрийн нэр нөлөө, удирдагчийн зоримог байдал нь 1980-аад оны үед илүү тодорчээ. Тэгэхэд тэрээр МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч даргын албыг хашиж, дээд зиндааны улс төрч болсон байлаа. Түүний удирдлагад боловсон хүчин, засаг захиргаа, хууль хүчний бүх байгууллага, төв, орон нутгийн намын ажил, Үйлдвэрчний эвлэл, Эмэгтэйчүүдийн байгууллага багтдаг байжээ.
    
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүд, орлогчид (Цаанаас гуравдах нь Ц.Намсрай). 1984 оны 8 дугаар сар. Төрийн ордон

М.Горбачевын сэдсэн өөрчлөн байгуулалт ягшмал үзэл суртлыг эвдэж, мухардалд орсон системийг засахаар шаргуу оролдож байлаа. Гэвч Монголын удирдлага олон зүйлд тулгамдаж, өөрчлөн байгуулалтыг яаран хэрэгжүүлэхийг азнаж байжээ. Төрийн тэргүүн Ж.Батмөнх аливаа зоримог өөрчлөлт хийхээс удтал цааргалж байсныг хамтран зүтгэгчид нь олонтаа дурссан байдаг.

Чухам тэр үед Намсрай улс төрчийн хувьд биеэ даасан шийдэмгий нэгэн болохоо харуулсан байдаг. Тэрээр дээд удирдлагын эргэлзэж тээнэгэлзсэн, болгоомжилж цэгнэсэн үйл ажиллагааг шүүмжилж, өөрчлөлт шинэчлэлтийг яаравчлахгүй азнавал ээдрээтэй нөхцөл байдалд хүрч болзошгүйг ахин дахин анхааруулжээ. Түүний хэлсэн үг, илтгэлийг эргэн уншиж суухад бодит бус томьёолол, амны уншлага болсон лоозон биш, харин сэтгэл зүрхнээс нь оргилон гарсан үндэсний ухамсар, нөхцөл байдлыг өөрчлөхөд хүч мөхөсдсөндөө гутарсан шаналал мэдрэгддэг.

Тэрээр «Эх оронч үзэл бол хүрээлэн буй бодит ертөнцийг бүхэлд нь ухааран сэтгэхээс үүсч, улс орон, ард түмэн чиний төлөө гэсэн сэтгэлээр илэрдэг өвөрмөц мэдрэмж» хэмээн тодорхойлж, «Монголыг улс шиг улс болгохсон» гэж санааширч, «Өөрчлөн байгуулалтыг Монгол ухаанд түшиглэн хийх ёстой» тухай сануулж, «Хуучин систем, хуучин удирдлагын балагтай арга барилыг өвлөн авч хоногшсон үхширсэн сэтгэлгээнээс салахыг оролдохгүй байгаад хамаг уршиг оршино. Энэ бүхнээс болж олон түмний бухимдал нэгэнт үүссэн»-ийг сэрэмжлүүлж, «Бие дааж ажиллах чадвартай, дайчин давшингуй, жинхэнэ Монгол бодолтой хүмүүс л удирдлагад орох нь зүйтэй. Би үүнийг Монголоо байх ёстой ёсоор нь сэргээе гэсэн үүднээс л хэлж байгаа юм» хэмээн мэдэгдэж байжээ. Үзэл суртлын хатуу номлолд хүлээслэгдсэн тэр цаг үед Намсрайн зоримог санааг ихэнхи сэхээтнүүд талархан хүлээж авч, дээд удирдлагын зарим гишүүд ч дэмжиж байв. – «Таны бодсончлон авах ёстой бүх хүнээс санал авч, ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгосон бол хэн энэ албанд сонгогдох байсан бол» хэмээн Улс төрийн Товчооны гишүүн П.Дамдингаас асуухад «Намсрайг. Олонхи нь дэмжиж байсан» хэмээн итгэлтэй хариулжээ.

Намсрай Монгол орныг «нам төвт» улсаас «төр төвт» системд шилжүүлэхэд алгуур бэлтгэж байлаа. Нэн эрсдэлтэй уг асуудлыг тэрээр онолын үндэслэлтэйгээр тайлбарлаж «Нам бол пролетарийн диктатурын зэвсэг учир нам нь төрийн ямар ч үүргийг гүйцэтгэх эрхтэй гэж алдаатай үзэж байв. Энэ нь яваандаа нам бол нийгмийн улс төрийн цөм гэх оновчгүй томьёолол болон хувирч, угтаа жинхэнэ цөм нь болох ёстой төрийн роль алдагдсан» гэж үзжээ.

1989 оны өвөл... Дэлхийн социалист систем гүнзгий хямралд автаж, Дорнод Европын орнуудад шинэ засаг тогтлоо. Монгол оронд нийтийг хамарсан жагсаал цуглаан, эсэргүүцэл тэмцэл өрнөхөд дээд удирдлагын өмнө шийдэхэд хэцүү сонголт тулгарчээ. Тэгэхэд л Намсрай болон шинэчлэлийн бодлогыг тууштай дэмжигчид өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэхээс удтал цааргалж байсан Төв Хорооны Ерөнхий нарийн даргад хүчтэй нөлөөлснийг үгүйсгэх аргагүй. Намсрай Төв Хорооны ээлжит бус Бүгд хурал дээр «Улс төрийн Товчоогоор дэнчин тавьж, хэн нэгэн албан тушаалдаа үлдэхийг зөвшөөрөхгүй» гэж шууд мэдэгдсэн нь хуучин удирдлага цөм огцорч, шинэ хүчинд байр сууриа тавьж өгөх ёстойг сануулсан хэрэг байлаа. Түүнтэй Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Ш.Гунгаадорж, НАХЯ-ны сайд, генерал А.Жамсранжав, ГЯЯ-ны сайд Ц.Гомбосүрэн болон бусад дарга нар санаа нэгдэн нийлжээ. Удалгүй Намсрайн угтан харсан нь биелж, засаг төр солигдож, олон намын системд шилжин, «төр төвт» улс орон боллоо. Хэрэв Улс төрийн Товчоонд шинэчлэлийн бодлогыг шийдэмгий дэмжигчид үгүйсэн бол, тэд бусад социалист орны удирдагчид шиг хүч хэрэглэсэн бол, «цагаан морин жил» чухам юу болж өрнөх байсныг бурхан л мэдэх биз ээ.

Намсрай 1990 онд нас нөгчжээ. Тэрээр Монголчуудад тулгарсан асар ярвигтай зорилтыг шийдээд тэнгэрт халин одсон юм. Өрнөх бүртээ цус асгаруулдаг хувьсгалын харгис жамыг үгүйсгэж, хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд нэгдэн, үндэстний өвөрмөц онцлог, хүмүүнлэг ардчилсан, тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхий дахинд тунхаглажээ. Он цагийн холбиромтгой шуурганаас улс орноо айвуу тайвуу авч гарсанд Ц.Намсрай болон түүний үеийнхний ач гавьяа оршдог юм. Түүний үр дүн нь бидний амьдарч буй амар жимэр өнөө цаг билээ.

Ч.Содбилэг