Банк дампуурах тухай яриа явсаар “төр дампуурах” тухай болон хувирч байна. Төрийн банкийг санхүүжүүлэх зориулалтаар 100 тэрбумын бонд гаргах асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороон дээр ярилцах үеэр “Анод”-д зориулагдсан бондын сэдэв хөндөгдсөн. Дахиад хоёр ч банк удахгүй дампуурч болзошгүй гэсэн “шум” албаны эх сурвалжийн амнаас уналаа.

Эдийн засагч Р.Амаржаргал “улс төрчийнхөө хувиар” хэвлэлд бичсэн нийтлэлдээ “банкны салбарт үргэлжилж буй дампуурал” гэсэн томъёолол ашиглав. Жилийн өмнө батлагдсан Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хууль энэ салбарт нэгэнт бүрдсэн статус квог өөрчлөх процессийн эхлэл байжээ гэж ойлгогдохоор тайлбарыг тэрээр хийж байна. Эрхэм гишүүний нотолж буйгаар энэ хууль Зоосыг дампууруулсан. Байнгын хороон дээр яригдсан “удахгүй дампуурах хоёр банк” болон Р.Амаржаргал гишүүний иш татсан “банкны тоо олон гэсэн албаны хүмүүсийн мэдэгдэл” санхүүгийн салбарт хуй салхи дэгдсэнийг яах аргагүй илэрхийлээд байна.

Зоосын сайн активыг ялган авч Төрийн банк байгуулсныг олон нийт мэдэж байгаа. Харин тэрхүү “сайн актив”-таа зориулан 100 тэрбумын Засгийн газрын бонд гаргахаар хөөцөлдөөд байгаагийн учир шалтгаан бүрхэг үлдээд байна. Байнгын хорооны хурал дээр гишүүд яг энэ талаар төв банкныхнаас лавлахаар өнөөдүүл нь “нууцын зэрэглэлтэй мэдээлэл” гэсэн утга учиргүй тэнэг юм ярьж тэдний амыг таглалаа. Уул нь тэд парламентын гишүүдэд “хариулах үүрэгтэй” субьектууд л дээ. Гишүүд ч гэж гишүүд, ийм балай яриа сонсоод амаа таглуулж л байдаг.

Бонд бол үндсэндээ Засгийн газрын олон нийтээс авч байгаа зээл. Энэ зээлэндээ Засгийн газар хүү төлнө. Эцсийн эцэст Засгийн газрын мөнгө гэж байдаггүй. Төсвийн хөрөнгө л гэж бий. Төсвийг татвараар бүрдүүлдэг. Татварыг ард түмэн төлдөг. Эцсийн эцэст аль нэг арилжааны банк дампуурснаас үүдсэн хохирлыг татвар төлөгч бид төлөх болж байна л даа.

Анх Зоосыг “өөрчлөн байгуулж” байхад Сангийн дэд сайд Т.Очирхүү, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нар муу зээлийг салгаж тусгаарлаад, өрийг эргэн төлүүлэх ажил хийж байгаа гэж ярьж байсан. Тэрхүү “муу зээл”-ийн хэмжээ 80 тэрбум байгаа тухай ч дурдсан. Харин хувьцаа эзэмшигчдийн хохирлыг төр хариуцахгүй гэж мэдэгдсэн санагдаж байна. Тэгэхээр энэн 80 тэрбумын муу зээл Төрийн банкинд ямар ч хамаагүй. Магадгүй, тухайн үед Т.Очирхүү, Л.Пүрэвдорж нар багцаагаар дээрх тоог хэлсэн байж мэдэх юм. Өнөөдөр төв банкны дэд ерөнхийлөгч Б.Энххуягийн мэдээлж байгаагаар, “Зоос” (Төрийн банк биш, муу зээлийг салгаж авсан хэсгээ ингэж нэрлэж байгаа)-ын хувьд 26,8 тэрбумын хэвийн бус, 28,8 иэрбумын эргэлзээтэй, 43,5 тэрбумын муу зээл байгаа юм байна. Нийтдээ 99,1 тэрбум буюу үндсэндээ 100 тэрбум болж байна.

Төрийн банкийг санхүүжүүлэх гэж байгаа Засгийн газрын бондын хэмжээ Зоосын муу активын хэмжээтэй тохирч байгаа нь ямар учиртай юм бол? Уул нь эдгээр (сайн, муу) активыг салган тусгаарлачихсан баймаар.

Сангийн сайд С.Баярцогтын тайлбарлаж байгаагаар Төрийн банк бондыг, хүүгийн хамт эргүүлэн төлөх бөгөөд тус банкыг сайжруулсны дараа хувьчлах юм. Зоост бүтцийн өөрчлөлт хийж байх үед долоо хоногт 40 тэрбумын хадгаламж татагдсан тухай мэдээллийг Л.Пүрэвдорж тухайн үед хийж байсан. Түүнээс хойш хэчнээн хэмжээний хадгаламж нэмж татагдсаныг мэдэхгүй. Хаа нэгтээ, ямар нэгэн тоо байгаа л байх. Мөн энэ асуудал сөхөгдөж эхлэсэн цагаас хойш өч төчнөөн хэмжээний мөнгөн хөрөнгө тус банкинд орох байснаа больсон байх магадлалтай. Үүнийг “үргэх” гэж нэрлэдэг. Эдийн засагчдын хэлдгээр “алдагдсан боломж” гэж ойлгож болох юм. Чухам санхүүчид үргэсэн хөрөнгийн хэмжээг яаж тооцдогийг мэдэхгүй байна. Би л хувьдаа буцааж татагдсан хадгаламж, харилцахын хэмжээнээс нэг их дутахгүй болов уу гэж таамаглаж сууна.

Мөн л тухайн үед буюу Зоосыг татан буулгаж (үнэндээ бол дампуурсан гэж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бичсэн) байхдаа холбогдох хүмүүсийн мэдээлж байснаар, тус банкны муу активыг Анодын өртэй нийлүүлээд нэг бүтцээр (Б.Энххуягийн яриад байгаа Зоос банк) хамтад нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр Анодын хадгаламж, харилцахтай холбоотой 140-170 тэрбум бондын асуудал тун ойрын үед дахин сөхөгдөнө. Өнөөдөр ярьж байгаатай нийлээд 270 тэрбум болно. Засгийн газарт УИХ-аас олгосон 300 тэрбумын бондын эрхтэй нийлүүлбэл 570 тэрбум гэсэн “данагар” тоо гарч байна. Гэтэл улсын төсөв маань ирэх онд уртаашаа 2300 тэрбум төгрөгийн орлоготой байна. Дээр нь 2800 тэрбумын зарлагатай, 360 тэрбумын алдагдалтай байх тооцоотой байгаа. Үүн дээрээ 570 тэрбумын бондын ачаалал үүрч дийлэх эсэх нь үнэхээр эргэлзээтэй.

Ингээд бодохоор яах аргагүй бид “төрийн дампуурал”-ыг яриад суугаа хэрэг биш гэж үү? Эдгээрийнхээ араас “удахгүй дампуурах хоёр банк”-ны асуудлыг нэмж тооцох хэрэгтэй.


Сэтгүүлч Д.Энхболдбаатар