Монгол Улсын тусгаар тогтнолд хамаарах хамгийн гол үйл явдал бол 1921 оны ардын хувьсгал биш, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн байсныг эдүгээгийн түүхийн залруулга нотолж буй. Энэ хөдөлгөөнийг санаачлан, нууцаар удирдсан зургаан хүний нэг, Богд хаант Монгол Улсын анхны Сангийн сайд асан, Түшээт Чин ван Г.Чагдаржавын 140 жилийн ой энэ онд тохиож байна.

Г.Чагдаржав 1869 онд Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошууны засаг ноён Гааданбалын хөвгүүн болон мэндэлжээ. 28 насандаа эцгээсээ угсаа залгамжлан хошуу ноён болсон тэрээр 1900 оноос аймгийнхаа чуулганы дэд дарга, 1909 оноос чуулган даргаар ажиллаж байсан юм. Энэ хугацаанд түүнд Манжийг эсгүүцэх, тусгаар тогтнол, эрх чөлөөг эрхэмлэх үзэл бодол төлөвшсөн байна. Улмаар тэрээр ихэс дээдэс, том лам нар, ноёдын хүрээний дэвшилтэт үзэлтнүүд болох Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, гүн Хайсан зэрэг хүмүүстэй хамтран 1911 оны зургадугаар сард зохион байгуулсан Богд Жавзундамба хутагтад бат оршил өргөх ёслолынхоо ард Манжийн сөрөн тэмцэх нууц ажиллагааны эхлэлийг тавьсан юм. Цаашлаад Хаант Оросоос тус дэм авах зорилгоор төлөөний хүмүүсийг томилон явуулах, Манжийн засгийн газрын шинэ бодлогыг эсэргүүцсэн мэдэгдэл бичиг шийтгэн илгээх зэрэг олон ажлыг тэр гардан гүйцэтгэжээ. Энэ бүхэн харийн дарлалаас Монгол улсаа чөлөөлөх бослогын бэлтгэл ажил байсан юм. Мөн оны 11 дүгээр сарын 30-нд монгол ноёд Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар байгууллаа. Энэ нь чухамдаа салан тусгаарласан хэрэг байлаа. Тус Түр газрыг Түшээт хан Г.Чагдаржав толгойлон ажиллах болсон бөгөөд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний бүхий л бэлтгэл ажлыг энэ газарт хангасан юм.

Түр газрыг даргалан, бүхий л ажлыг гардан хариуцан ажилласан Г.Чагдаржав Засаг ноёныхоо хувиар Түшээт хан аймаг орчмоос олон зуун цэрэг татаж, эсэргүүцэлд бэлтгэсэн байна.

Чингээд ганцхан далайлтаар нэгэн зэрэг хөдөлж, хүрээнд суух Манж амбан Сандод тулган шаардах бичиг хүргүүлж, хөөн явууллаа. Амбаны эд юмс, хүрээний холбоо, цахилгаан станцыг (С.Баатар. "Тэргүүн сайд, Түшээт Чин ван Гааданбалын Чагдаржав" танилцуулга. 6-р тал) мэдэлдээ авч, хятадын хар цэргийн зэвсгийг хураав. 12 дугаар сараас Манж Чин улсын тооллыг халж, монгол тоололд шилжлээ. Өвөр Монгол болон Буриадад элч зарж сэрэмжлэн хамгаалах талаар анхааруулах бичиг хүргүүлэв. Халхын дөрвөн аймгийн хэтэрхий дөрвөн зэрэгтэй дээдсүүд болон гүн, засаг ноён, чуулган дарга, туслагч жанжин, хамба, шанзудба нарын Манжаас олгосон тамгыг өөрчлөв. Улмаар VIII Богдыг хаан ширээнд нь залах бүх бэлтгэл хангагдлаа.

1911 оны 12 дугаар сарын 29-ний билэгт сайн өдөр Жавзундамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, тусгаар улсаа тунхаглав. Мөн өдрөөс “Олноо өргөгдсөн” хэмээх монгол тооллыг эхлүүлж, Их хүрээг Нийслэл хүрээ гэж нэрлэлээ. Тусгаар Монгол Улсыг ийнхүү тогтоох үйл хэрэгт Г.Чагдаржавын оруулсан хувь нэмрийг үнэлж Богд хааны зарлигаар засаг төрийн Жүн ван хэргэм, улбар шар жолоо шагнасан байна.

Богд хаант Монгол Улс засаг төрөө төвхнүүлж анхны таван яамыг байгуулахад Г.Чагдаржав Сангийн хамаг хэргийг Бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайдаар тохоон томилогдсон юм. Энэ үүргийг анх удаа хүлээн авсны хувьд түүнд өндөр хариуцлага оногдсон юм. Г.Чагдаржав ч энэ хариуцлагыг ухамсарлан шинэтгэлийн томоохон ажлуудыг хэрэгжүүлжээ. Юуны өмнө тэрээр хамжлагын болон хааны сан хөмрөгийн ёс горимыг халав. Чингээд улсын сан хөмрөг үүсгэж, түүнийг захиран шийтгэх шинэ зарчимд орох эхлэлийг тавилаа. Энэ нь чухамдаа улсын төсөв зохиох, орлого, зарлагыг тооцох, төрийн сангийн бодлого явуулах өнөөгийн тогтолцооны эхлэл байсан юм.

Түүнчлэн тэрээр Манж-Хятадад татвар төлөхийн эсрэг хүчтэй тэмцэв. Улсын сан хөмрөгт хуримтлал үүсгэх татвар гэх мэт эх үүсвэрийг бий болголоо. Бий болсон хөрөнгийг хураах, хадгалах, тавьж олгох, үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийг эрхлэх, цалин хөлс олгох, гадаадын иргэдээс түрээс хураах, улсын эд баялгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс мэргэжилтэй ажилчин бэлтгэх зэрэг шинэ шинэ арга ажиллагааг тухайн үеийн шинэхэн Сангийн яаманд нэвтрүүлж эхлэсэн ажээ. 1912, 1914 онуудад Хаант Орос улстай эдийн засгийн асуудлаар гэрээ байгуулан тохиролцоход Г.Чагдаржав гол үүрэг гүйцэтгэсэн байна. Эдгээр гэрээнүүдэд зээл авах, төмөр зам тавих, цахилгаан мэдээний газар байгуулах гэх мэт олон асуудал тусгагдаж байжээ.

Сайд Г.Чагдаржав улсын сан хөмрөгийг арвижуулахад ихээхэн анхаарал хандуулж, ашигт малтмал олборлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс хайгуул судалгааны ажил эхлүүлж байлаа. Мөн монгол ардаар газар тариалан эрхлүүлэх, ойн санг ашиглах, үнэт чулуу, алт олборлолтоос улсад авах хувийг нэмэгдүүлэх гэх мэт бодлогын алхмуудыг хийсэн байна.

Тэрээр сангийн сайдаар зогсохгүй цэргийн жанжин байлаа. Манай улсын зүүн өмнөд хязгаараар 1913 онд цөмрөн довтолсон Хятадын хар цэргийн эсрэг тэрээр цэрэг удирдан мордсон юм. Өмнө хязгаарын дахиныг илбэн тохинуулах, цэргийн хэргийг бүгд захирах сайдаар тохоогдон, гарамгай байлдсан түүний гавъяаг Богд хаан өндрөөр үнэлэн Чин вангийн зэрэг шагнаж байв.  

1914 оны 9 дүгээр сараас, 1915 оны 6 дугаар сар хүртэл бүтэн 15 сарын турш үргэлжилсэн гурван улсын гэрээ байгуулах ажилд Г.Чагдаржав Монголын талын бүрэн эрхт төлөөлөгчөөр тасралтгүй ажилласан юм. Энэ хэлэлцээ Монголын төлөөлөгчдийн хувьд туйлын хүнд хэцүү болсон. Элдэв шахалт, хавчилтыг даван туулж, улс орноо, Монгол төрөө амь бие хайргүй халхлан хамгаалсан тэр хүмүүсийн үйл хэргийг бид үеийн үед мартах учиргүй. Тэдний хүчин чармайлтаар Монгол улс өөрийн эзэн хаантай, үндэсний Засгийн газартай, дотоод асуудлаа бие даан шийдвэрлэх эрхтэй, хил хязгаартай, өөрийн цэрэгтэй, худалдаа ба үйлдвэрийн салбарт олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах онц эрхтэй болж чадсан юм. Г.Чагдаржав тэргүүтэн ноёдын цөхрөлтгүй шаргуу шаардлагын хүчээр гэрээнд “Монгол Улс” хэмээх нэрийг албан ёсоор томъёолон оруулсан юм.

Гурван улсын гэрээнд Монгол Улсыг тусгаар байдлаар ийнхүү оруулсан нь одоогийн Монгол Улсыг дэлхий дахин хүлээн зөвшөөрөхийн үндэс болсныг доктор, профессор С.Баатар энэ хүний тухай судалгааны өгүүлэлдээ онцгойлжээ. Үнэхээр энэ хэрэг явдал бидний улсын хувь заяаг тэгшитгэсэн түүхэн ач холбогдолтой, Г.Чагдаржав тэргүүтний гавъяат үйлс юм. Ийм агуу их хэргийг бүтээснийх нь төлөө Богд хаан түүнд үе улиран Засаг, хошой Чин вангийн зэрэг шагнасан юм. Харин өнөөгийн та бид энэ эрхэм хүнээ “юугаар шагнах” вэ?


Сэтгүүлч Д.Энхболдбаатар