Энэ 7 хоногт
АЛДААГ ДАВТАХГҮЙ ТУХАЙ
Нэгэн зүйл. Улаанбаатар хотоос 54 км зайтай орших “Цонжин болдог”-т Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их эзэн Богд Чингис хааны морьтой хөшөө сүндэрлэнэ. Домогт өгүүлэх нь, идэр Тэмүүжин өөрийн Бөртэг мэргидүүдэд хүчээр булаалгасны дараа эцгийн анд Хэрэйдийн Тоорил вангаас тусламж гуйгаад буцах замдаа “Цонжин болдог” хэмээх газраас ташуур олжээ. Тэмүүжин ташуур олсондоо урамшиж, дагуулж явсан дүү Хасар, Бэлгүтэй нартаа хандаж “Ирээдүйн аугаа үйлсийн эхлэл боллоо” гэж бэлгэшээж байжээ.
Агуу бэлгэдэл, утга агуулсан энэ газарт Чингис хаан ташуураа тулан морин дээрээс алсыг харах сүрлэг хөшөөт цогцолборыг бий болгохоор санаачилсан, зураг төслийг боловсруулсан, бүтээн байгуулсан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бүх хүнд гүнээ талархаж байна. Энэ бүтээн байгуулалт бол Монголчууд бидний хойч үедээ өвлүүлэн үлдээх түүх, соёлын бахархалт үйл хэрэг мөн. Дэлхийн хамгийн өндөрт тооцогдох морьтой хөшөө гэж онцлох тус цогцолбор нь манай оронд ирж байгаа гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид болон дотоодын аялагчдын заавал очиж үзэх газруудын нэг болон хэвшжээ. Хөшөөт цогцолбор 2008 онд нээлтээ хийсэн бөгөөд үзэх хүсэл сонирхлоо тээсээр 2009 онд гадаадаас ирмэгцээ анх гарч сонирхсон билээ. Тэр цагт хөшөөт цогцолборын эргэн тойрон алс үзэсгэлэнтэй, унаган байгалиараа байсансан. Харин саяхан гарч сонирхтол нэгэнт биш болж. Хөшөөн дээрээс хүмүүс өөрийгөө тэртээ 800 гаруй жилийн тэртээх Чингис хааны адилаар төсөөлж, эргэн тойронд алсыг бараалах торгон мэдрэмжийг үгүй хийжээ. Хөшөөн дээрээс алсад тал нутаг, байгалийн сайхан харагдахгүй, харин суурин иргэншил, өнгө үзэмж муутай шавар барилгууд, ногооны хүлэмж хүртэл үргэлжлэн харагдана. Газар мундсан биш. Газар хамаагүй олгосон нутгийн захиргааны төлөвлөлт алсыг харж чадсангүй. Даанч харамсалтай. Гадаадууд Монгол орныг өргөн уудам тал нутгаар минь төсөөлдөг. Гэтэл хөшөөн дээрээс алс харагдахуйц газруудыг нэгдмэл төлөвлөлтгүй тарааж гүйцээжээ. Засаж чадахгүй алдаа. Харин битгий давтагдаасай.
Нөгөө зүйл: Чингис хаан олон улсын нисэх буудал Хөшгийн хөндийд баригдсан. Бүтээн байгуулалтын санаачилга, төрийн бодлого, төслийн баг хамт олон, санхүүжүүлж дэмжсэн Японы Засгийн газар, гэрээгээр гүйцэтгэсэн Солонгосын компаниудад талархаж байна. ОХУ, БНХАУ гэсэн супер гүрнүүдийн дунд орших, далайд гарцгүй, хөгжиж байгаа Монгол орны хувьд агаарын орон зай нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд стратегийн нэн чухал ач холбогдолтой. Аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа өнөө цагт гадаадын жуулчид Монгол орныг үзэж сонирхох үүд хаалга энэ олон улсын нисэх буудал билээ. Монгол орныг анх удаа зорьж ирсэн гадаадын аялагч, жуулчдын Монгол Улсын талаарх анхны сэтгэгдэл энэ онгоцны буудлаас эхэлж, Улаанбаатар хүртэлх хурдны замын туршид үргэлжилнэ. Дээр дурдсанчлан, гадаадууд Монгол орныг унаган байгаль, уудам тал нутгаар төсөөлдөг. Шинэ нисэх буудлаас Улаанбаатар хүртэлх хурдны замын хажуугаарх төлөвлөлтийг алсыг бодож хийгээсэй. Унаган байгалиар нь үлдээгээсэй. Монгол бол аргагүй тал нутгийн орон гэсэн имижийг үгүй битгий хийгээсэй. Чингис хаан олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хүртэлх хурдны замын хажуугаар нэлэнхүй байшин барилга, гэр хороолол битгий болгоосой. Шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд, төр, нутгийн захиргааны байгууллагууд анхааралдаа авахыг хүсье.
Б.БАТБААТАР