Монголчууд бид 3.4 саяул. Жижиг зах зээлтэй, цомхон эдийн засагтай. Гэвч эдийн засгийн идэвхтэй хүн ам маань бүр цөөн, тодруулж хэлбэл, Монгол Улсын ажиллах хүч ердөө 1.4 сая. Нийт хүн амын 40 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд бүрдүүлж байна. Монгол бол дэлхийд Энэтхэг, Япон, Хятад, Грек, Франц зэрэг эртний цөөхөн үндэстнүүдийн нэг боловч залуу хүн амтай улс гэр. 

1.4 сая хүнийг ажлын байраар хангах тийм боломжгүй зорилт юм гэж үү? Ажлын байр бий болгох, түүнийг тогтвортой хадгалах гэдэг мэдээж амаргүй. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд асуудлыг өөр өнцгөөс харах шаардлага тулгарч байна. Нийт ажиллах хүчний 1.4 сая хүн, үүнээс төрийн албанд 226.5 мянга, мал аж ахуйн салбарт 298.3 мянган малчин, гадаадад ажиллаж амьдардаг 300 гаруй мянга, хөгжлийн бэрхшээлтэй 115 мянга гээд задлаад үзвэл манай дотоодын хөдөлмөрийн зах зээл туйлын тодорхой дүр зурагтай. 


Олон улсын үндэстэн дамнасан корпорацууд, томоохон компаниудаас сонирхвол, манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амаас олон ажиллагсадтай 5 компани байна. Үүнд: АНУ-ын Волл март дэлгүүрийн сүлжээнд 2.2 сая, Их Британийн эрүүл мэндийн үндэсний үйлчилгээнд 1.7 сая, Хятадын төрийн өмчит Чайна Нейшнл Петролиум Корпорацид 1.6 сая, Хятадын Стэйт Грид Корпорацад 1.5 сая, Энэтхэг улсын Төмөр замд 1.4 сая хүн ажиллаж байна.


Асуулт: Монгол Улсын хөдөлмөрийн яам салбарын бодлого барих, хэрэгжүүлэх талд дээрх компаниудын хүний нөөцийн хэлтэстэй зэрэгцэн тэнцэж ажиллах нөхцөл боломж байхгүй юм гэж үү. Хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний зохицуулалтын арга хэрэгслийн хувьд харин ч уян хатан нөхцөлд байгаа даа. Хандлага сэтгэлгээгээ өөрчилж, асуудлыг том зургаар шинээр харах хэрэгцээ шаардлага тулгарч байна. 

Улс орны хөгжлийн явц, үр дүнг илэрхийлэх хэдэн суурь үзүүлэлт бий. Үүний нэг нь ажилгүйдлийн түвшин. 2008-2009 онд шилжих мөчид Германы сэтгүүлч тухайн үеийн Германы канцлер Меркелээс шинэ онд ямар тэргүүн зорилт тавьж байгааг асуухад ганцхан өгүүлбэрээр “ажилгүйдлийн түвшнийг бууруулна” гэж хариулж байсныг санаж байна. Ажилгүйдлийн түвшин буурна гэдэг хариултын цаана улсын эдийн засгийн өсөлтийг хангана, ажилтай орлоготой иргэн ядуурлаас ангид байна гэсэн агуулга бий. Ийм л энгийн. Гэтэл манай улсын удирдагч нар ядууралтай дайн зарлана, авлигатай тэмцэнэ гэж байв даа тэр цагт. 

Монгол Улсын түүхэнд 126 гишүүнтэй шинэ парламент бүрдэж, шинэ Засгийн газрын бүтэц, яамдын нэр ямар байх вэ гэдэг дээр хэлэлцүүлэг хэрхэн явсныг харлаа. Хөдөлмөрийн яамгүй ч болчхож магадгүй нөхцөл байдал, оруулж ирсэн саналыг өөрчилж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай болсонд талархаж байна. Газар, хөдөлмөр, капитал, менежментийн шинэчлэлгүйгээр хөгжсөн улс орон гэж үгүй. 

Монгол Улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 2028 он гэхэд 10 мянган ам долларт хүргэх тухай Эдийн засгийн хөгжлийн сайд мэдэгдэл хийчихлээ. Эдийн засгийг тэлж хөгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийн, ажиллах хүчний хэрэгцээ шаардлагаа хэрхэх вэ? Шинэ Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа олон мега төслийн үр дүнд хэдэн арван мянган ажлын байр бий болох тухай мэдэгдлүүд явж байна. Ажиллах хүч бэлэн байна уу. 


Ажиллах хүчний нөөц багатай орны хувьд эдийн засгийн идэвхтэй 1.4 сая хүнээ хэрхэн үр дүнтэй ашиглах нь хөдөлмөрийн бодлогын үндсэн зорилт байх учиртай. Хөдөлмөрийн зах зээл нь уян хатан, ажиллагсад нь хөрвөх чадвартай, эдгээрийн дэмжсэн боловсролын тогтолцоотой байхыг манай хөгжил шаардаж байна. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар удаан хугацаанд, мөн Боловсролын сайдаар ажиллаж байсан, хувийн хэвшлийн жаргал зовлонг мэдэх хүнийг Хөдөлмөрийн сайдаар томилсонд олзуурхаж, дараах хэдэн бодлогын асуудлыг дэвшүүлж байна. Анхаарна уу. 

  1. Гадаадаас ажиллах хүч зайлшгүй ихээр импортлох бол аль улсаас авах вэ гэдэг дээр туйлын болгоомжтой, анхааралтай хандах. Исламын шашинтай орнуудаас авах нь урт хугацаанд хэт эрсдэлтэй, нийгмийн хөгжил, соёлын төлөвшилд сөргөөр нөлөөлж магадгүй юм. Харин англи хэлтэй Филиппин, ахуй, шашин соёлын хувьд ойролцоо Непал, Мьянмар зэрэг орнуудтай хөдөлмөрийн харилцааны хэлэлцээрт орж болох. Холбооны Герман улс хөгжихөд Турк, Өмнөд Солонгос хоёр улсаас ихэнх ажиллах хүчнээ хангасан. Солонгосчууд буцсан, харин Туркчууд Германд бэхжиж үлдсэн. Берлин хот бол оршин суугаа Туркчуудынхаа тоогоор Стамбул, Анкара, Измирийн дараа орох Туркийн 4 дэх том хот гэсэн хошигнол ч байдаг даа.
  2. Ажиллах хүчний хэрэгцээ, орон зайгаа Өвөрмонголчууд, Халимаг, Буриад, Шинжааны Монголчуудаар нөхөх, Монголчуудаа татах бодлогыг хөдөлмөрийн бодлогоор дамжуулан хэрэгжүүлж болох юм. Соёл, хэл, уламжлал, гарал угсаа нэгтэй Монгол үндэстний хөдөлмөрийн нэгдмэл бодлогыг аялал жуулчлалын салбарт татаж болно.
  3. Гадаадад суралцаж, ажиллаж, амьдарч байгаа 300 гаруй мянган Монголчуудаа эргүүлж татах хөдөлмөрийн харилцааны зохицуулалтыг бий болгох. Хөдөлмөрийн таатай нөхцөл, боломжийн цалин хөлс. Хуучин хэрэгжиж байсан ч удаан үргэлжилж чадаагүй “Зөгийн үүр” зэрэг хөтөлбөрийг сэргээх. Гадаадад ажиллаж байгаа Монголчууд маань жилдээ ДНБ-ий 3 орчим хувийг бүрдүүлэх хэмжээний гадаад валютыг эх орондоо шилжүүлдэг байна. Хөдөлмөрийн хөлс өндөртэй орнуудад ажиллах хүчнээ илгээх нь богино хугацаанд үр дүнтэй, харин урт хугацаанд сөрөг нөлөөтэй байдаг тухай судалгаанууд бий. Гадаадад ажиллаж байгаа Монголчуудаа эргүүлж татах ухаалаг бодлогыг хэрхэн бодох нь өнөөгийн шийдвэр гаргагчдын өмнө тавигдах жинхэнэ сорилт. Үүний тулд гадаадад байгаа Монголчууд маань тухайн улсдаа яг ямар салбарт ажиллаж байна вэ гэдэг дээр суурь судалгаа хиймээр байна. Энэ судалгааг технологийн дэвшил ашиглаад админ суурьтай биш харин хэрэглэгч суурьтайгаар маш хялбархан, хурдан хугацаанд хийх боломжтой. Судалгааны дүнгээс Монголдоо ирж ажиллах боломжтой ажиллах хүчний шаардлага, мэргэжлийн чиг хандлага, хөгжүүлэх боломжтой жижиг дунд үйлдвэрлэл, Монголчуудаар дамжуулж татах боломжтой аялал жуулчлалын хэтийн дүр зургийг харчхаж болно. 
  4. Хүн ам цөөнтэй хэрнээ хөдөлмөрийн зах зээлд уян хатан бодлого баримталж, хөрвөх чадвартай ажиллах хүчнийг дэмжих стратегитай Исланд улсаас суралцах. Хөдөлмөрч, хичээнгүй, шаргуу зан Исландчуудын цусанд шингэсэн гэлтэй. Ердөө 382 мянган хүн амтай тус улсын хөл бөмбөгийн шигшээ баг нь хэдхэн жилийн өмнө Европын аварга, Дэлхийн аваргын тэмцээнд шуугиан тарьж байсан даа. Гэтэл Исландын ихэнх хөл бөмбөгчид хагас мэргэжлийнх байлаа. Шигшээ багийн бүрэлдэхүүнд шүдний эмч, кино найруулагч гээд төрөл мэргэжлийн хүмүүс бас оюутнууд тоглож байв. Хөрвөх чадвар гэж энэ. Манай улсын барилга, уул уурхай, зам тээвэр, аялал жуулчлал, газар тариалангийн зэрэг улирлаас хамааралтай салбарын ажиллах хүчийг өвлийн улиралд түр ажлын байраар хангах хөтөлбөр дэвшүүлэх. Энэ их ажиллах хүчийг өвлийн улиралд ашиглах боломжтой салбар юу байж болох вэ? Давхар хөдөлмөр эрхлэлтийг дэмжье. 
  5. Технологийн дэвшил нь ажил эрхлэлтэй урвуу хамааралтай. Технологийн хөгжих бүр ажлын байр хумигдана. Технологийн хөгжил нь тодорхой цоо шинэ ажлын байр нэмэгдүүлж болох хэдий ч уламжлалт ажлын байрны бууралттай харьцуулшгүй. Энэ суурь асуудлыг олон улсад эрдэм шинжилгээ, судалгааны салбарт хэдийн хүлээн зөвшөөрсөн, харин ажлын байрыг нэмэгдүүлэх нь аль ч орны улс төрийн намын сонгуулийн хөтөлбөрт багтдаг учраас улс төрчид хүлээн зөвшөөрч чаддаггүй. Технологийн дэвшил нь Хятад, Энэтхэг, Индонези зэрэг ажиллах хүчний нөөц ихтэй орнуудын хувьд шинэ сорилт авчирч, харин манайх шиг хүн ам цөөнтэй орнуудад боломж олгоно. Боломжийг хэрхэн ашиглах нь харин сонголт. Технологи суурьтай жижиг дунд үйлдвэрлэлийг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх үү эсхүл ажлын байр түлхүүтэй бий болгох өрхийн үйлдвэрлэлийг дэмжих үү. 
  6. Хөдөлмөрийн биржийг эрс өөрчлөх хэрэгтэй. Цөөхөн Монголчууд нэгнээ мэднэ, танина. Аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарын ажлыг хэдэн хүнийг ажлын байраар хангав, хангах нөхцөл боломж бүрдүүлэв гэдгээр ил тод дүгнэдэг жишиг нэвтрүүлмээр байна. Хөдөөгийн жижиг сумдад хэн хэн ажилгүй байгааг бүгдээр мэддэг дээ. Ажил эрхлээгүй хүн бүрийн тоогоор эдийн засгийн боломж алдагдаж, нийгэмд бүтээгдэх баялаг, бүтээмж устаж байгаа гэдгийг ойлгуулмаар байна.
  7. Тэтгэвэртээ гарсан, гарах хугацаа нь ойртсон хүмүүст өөр салбарт, хүссэн, сонирхсон ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нээх хэрэгтэй байна. Хариуцлагатай, сэтгэлтэй, бүтээмжтэй, мэдлэгтэй, туршлагатай энэ фронтыг шууд хаячхаж болохгүй. Эрчимтэй хөдөлмөрлөж байсан ахмадууд шууд хаягдаад сэтгэл санаа, эрүүл мэндээр хохирч байгааг анхаарч даруй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. 
  8. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Гадаадаас ажиллах хүч оруулсны ажлын байрын төлбөрийн зарцуулалт зэргийг ил тод болгох. 
  9. Хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэдийнхээ судалгааг нарийвчилж, хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг хүсэл сонирхлынх нь дагуу ажлын байраар хангах нийгмийн хариуцлагатай хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Зарим улс оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ шинэ мэргэжил эзэмшүүлж, интернэт суурилсан бизнесийн орон зайгаар хангаж, ажилтай орлоготой, нийгэмдээ орон зайтай амьдрах нөхцөл боломж бүрдүүлдэг байна. Энэ талаар анхаарах нь зүй. 
  10. Эдийн засаг өсөн тэлж, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган долларт хүрэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, дундаж цалин хэдэн долларт хүрч өсөх вэ? Энэ асуултын хариултаар угтсан хөдөлмөрийн бодлого хэрэгжүүлж болох уу? Цалинг зоригтой нэмбэл хэрэглээ нэмэгдэнэ, импорт нэмэгдэнэ, дагаад амьдралын чанар сайжрах уу? Цалин хөлсийг өдрөөр, цагаар тооцох механизмд албан ёсоор шилжих.


Монголын хөдөлмөрийн форумыг жил бүр хийж хэвших. Энэ нь шинэ сайдын салбартаа үлдээх бодлогын легасиг хэлэлцүүлэх арга хэрэгсэл байж болох юм. Энэ форумаар хөдөлмөрийн зах зээл, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, гарц, шийдэл, бодлого, стратеги, орох, гарах, шилжих урсгал, төгсөгчид, сургалтын захиалга, төлбөр, цалин, төлбөр, тэтгэмж гээд олон асуудлыг авч үзэж болно. Сургуулиуд мэргэжил сурталчлах өдөрлөгүүд хийгээд л байдаг үр дүн муутай. Ажил олгогч нар нөгөө талаасаа бас ажиллах цаг үеийн шаардлага тулгараад байна. 


Б.Батбаатар