Монголчууд өөрсдөөсөө болж сул дорой улс болжээ
Монголын хөгжлийг хэн зогсоов. Монголчууд өөрсдөө зогсоосон. Монголыг хэн доройтуулав. Монголчууд өөрсдөө доройтуулсан.. Монголчууд хэнээс болж зүүн хойд азидаа хамгийн ядуу дорой улс болов. Монголчууд өөрсдөөсөө болсон. Монголчууд эх оронч бус, эв нэгдэлгүй, алсын хараагүй, авилгач, атаач, хулгайч, хэрүүлч, урвагч зангаасаа болж доройтсон гэдэг нь түүхээс харагдаж байна.
Монгол улс яагаад сүүлийн 500 жил сул дорой улс болсон юм бэ. Дэлхийд хамгийн том их Эзэнт гүрэн байгуулсан монголчууд яагаад дахин сэргэн мандаж чадсангүй вэ. Дэлхийд маш том хүчирхэг Эзэнт улс байгуулсан британичууд, оросууд, туркууд, арабууд, италичууд эдүгээ орчин үед дахин сэргэн мандаж орчин үеийн хүчирхэг улс болчихсон байна. Энэ бол их чухал бодууштай асуудал. Монголчуудын ихэнхи нь улс орон ньхөгжлөөрөө, хүчин чадлаараа сул дорой болсноо хоёр хөрш улсаас боллоо хэмээн үздэг. Зарим нэг нөхцөл байдал 2 хөршөөс болсон ч гэсэн гол нөхцөл өөрсдөөс нь болсон байдаг.
Монголчуудын хамгийн хүчирхэг байсан үе бол 13 дугаар зуун. Энэ зууныг монголын зуун гэдэг. Энэ зуунд дэлхийн хамгийн хүчирхэг улс бол Их Монгол улс байсан. Газар нутаг нь зүүн тал нь Солонгосын хойг, баруун тал нь Адриатын тэнгис, хойд тал нь Байгаль далай,Якут Саха, өмнөд тал нь Ява Суматра арал хүртэл 33 сая квадрат км газарнутагтай байлаа. Монголчуудын байгуулсан Алтан орд улс Их Орос улс байгуулахын суурь нь болж байв. Монголчуудын байгуулдсан Их Юань улс Их Хятад улс байгуулахын суурь нь болж байв.
1368 онд Их Монгол улс яагаад задран мөхсөн юм бэ.Их Юан улсын Эзэн хаан Тогоонтөмөр дотоодын зөрчил болонулс орон дахь хятад тариачны бослогоос болж улс орноо удирдахад улам төвөгтэй болж байв. 1360- аад оноос түүний хүү Аюушридар нь эцэг хааныхаа сэнтийг булаах оролдлого удаа дараа хийж байсан нь Юань улсын хүчийг мохооход хүргэж байв. 1351 оноос Хятадад Хань Шантун, Лю Футун нараар удирдуулсан улаан алчууртны бослого дэгдэж эхэлсэн нь улс оронд муугаар нөлөөлөв. Энэ үед Юань улсын дотор дотоодод хагарал тэмцэл гарах болсон нь Юань улсыг мөхөлд хүргэв. Энэ бослого улмаар улам бүр хүчээ авсаар 1368 онд босогчид 1368 оны 1-р сард өөрийн эзэлсэн газраа Мин улс хэмээн нэрлээд Нанжин хотоор төвлөрсөн засаг захиргааны зохион байгуулалт хийв. Тогоонтөмөр хаан бослогыг амжилттай дарж байсан монгол цэргийн нэгэн жанжнаа албан тушаалаас нь буулгасан нь маш том алдаа болов. Хятадын босогчид Юань улсыг мөхөөх дайны бэлтгэлээ хийж дуусгаад Мин улсын их цэрэг, Юань улсын харьяанд байсан Хэнань, Шаньдун муж, Дайду хотын орчмыг эзлэв. 1368 оны 9-р сарын 26- ны өдөр хятадын босогчид Дайду хотыг эзлэн авснаар монголчуудын байгуулсан Их Юань улс мөхөв. Үүнээс хойш монголчуудын хүч чадал улам доройтсоор сүүлдээ 17-р зуунаас эхлэн эзэн хаангүй, төргүй 200 жил бусдын нөлөөнд орших болжээ.
1600-1780 он хүртэл хойд хөрш Орос улс улам хүчирхэгжиж, европын Швед улс , ойрхи дорнодын Турк улстай дайн хийж улмаар ялж, тэдний газар нутгийг булаан авч, 100 000 квадрат км газар нутагтай Московит улс газар нутгаа хэд дахин тэлэв. Орос улс газар нутгаа тэлсээр хорьдугаар зуунд Зөвлөлт улсын үед газар нутаг нь 22 сая квадрат км болж тэлсэн юм. Энэ их газар нутгийн нилээд хэсэг нь монголын унаган газар нутаг байлаа.
Монголчууд 17- р зуунд Байгаль далай хүртэлхи монгол унаган нутгаа хүчин мөхөсдсөнөөс болж хаант Орост алдсан юм. Тэр үед Галдан бошигт Оросын Федор Головинтой холбоо тогтоож Оросын талд үйлчилж байв. Хойноосоо хаант Орос улс, баруун талаасаа Ойрдын Галданд шахагдсан Халх Монгол удаа дараагийн тулаанд ялагдаж Халх Монгол эзэн хаан ч үгүй, газар нутаг ч үгүй болж Манжийн хаанд дагаар орохоос өөр замгүй болсон гэдэг. Хэрэв тэр үед Монгол улс эзэн хаантай, төртэй, хүчирхэг улс байсан бол газар нутагаа Орост алдахгүй байх боломж байсан. Гэвч нэгэнт эзэн хаангүй, төргүй болсон Монголд ямар ч орчин үеийн цэрэг арми, зэр зэвсэг байсангүй. Халх Монголд байсан ганц Түшээт ханы монгол цэргийг Галдан сөнөөчихөв.Хаант Орос хүчирхэг армитай, их буу, галт зэвсэгтэй байхад тэр үед Халх монголын хүчирхэг арми гэж бараг байсангүй.
Тэр үед Монгол улс эзэн хаантай, төрт улстай, орчин үеийн хүчирхэг армитай байсан бол Оросын түрэмгийллийг зогсоох боломж байсан. Монгол улс тэр үед Манжид дагаар орох бус Манж Чин улстай гэрээ байгуулж холбоотон байдлаар Оросын эсрэг хамтарч Оросын түрэмгийллийг зогсоох тактик барих байсан юм. Казахын ноёдтой ч хамтарч Оросын түрэмгийлийг эсэргүүцэж болох байсан юм. Харамсалтай нь Дундад азид казахуудыг Галдан шахаж байлаа. Эцэстээ монголчууд Халх,Ойрд хэмээн өөр хоорондоо байлдаж хүч нь сул дорой болсон юм. Эзэн хаангүй, төрт улсгүй болсон Монголыг хаант Орос тэр үед хялбархан хойд нутгийг нь булаан авч байлаа. Тэр үед монголчууд галт зэвсэгтэй орчин үеийн хүчирхэг армитай байсан бол түүх өөрөөр эргэх байлаа. Төргүй, Эзэн хаангүй болсон монголчууд 200 жилийн турш газар нутгаа, хүн ардтай нь харийн улсад алдсаар үлэмж их хохирол үзсэн юм.
Оросууд анх монголын Зүчи хааны эзэмшил нутаг Сибирийн хаант улс руу 1581 оны 9-р сарын 1-ний өдөр казакын атаман Ермакийн отряд дайралт хийснээр оросууд хойд монголын нутгийг эзлэх аян дайн нь эхэлсэн юм. Ермак эхлээд Урал руу довтолж дараа нь 1582 онд Сибирийн хаант улс руу довтлов. 1563 онд Сибирийн хаант улсын хаанаар Зүч хааны удам Кучум болов. Кучум Ермактай 1598 он хүртэл байлдаж эцэстээ ялагдав. Оросууд 1661 онд Эрхүүд хүрэв. 1665 онд Сэлэнгэд хүрэв. 1666 онд Дээд Үдэд хүрэв.1650 онд казакын атаман Хабаров Амар мөрөн хүрэв. 1645 онд казакууд Сахалинд хүрэв.
1703 онд Москвагийн вант улс Буриад Монголыг өөртөө цэргийн хүчээр нэгтгэжээ.
Ийнхүү хаант Орос тэр үед Уралаас наашхи монголын харьяанд байсан сибирийн бүх улсуудыг устгаж хүн амыг нь хөнөөж алт мөнгөөр баялаг нутгийг нь булаан авав. Оросууд эзэлсэн газартаа татвар ногдуулж христийн сүм барьж оросын казакуудыг суурьшуулж уугуул нутгийн иргэдээс газар нутгийг нь булаан авлаа. Оросууд бүр Амур мөрөн, алс дорнод, Номхон далай хүртэл давшсан юм. Тэднийг Монгол, Манж нар зогсоож чадаагүй юм.
Монгол улс өмнөд монголын унаган нутгаа Хятадад алдаж маш их хохирол үзсэн юм. Монголын 6 сая монгол хүн, 2 сая квадрат газар нутаг Хятадын хилийн дотор оржээ. Зүүн гар улсын 2 сая квадрат км газар нутаг Орос, Казах, Хятадын мэдэлд очжээ. Зүүн гарын нутгаас Монголын мэдэлд юү ч үлдсэнгүй.
Монголын хоёр хөршөд алдсан монголын унаган нутгийн хэмжээ хамгийн багаар бодоход 4 сая квадрат км газар нутаг болжээ. Алдсан монгол хүний тоо 7 сая гаруй болжээ.
Монголчууд ингэж хорьдугаар зуунд 10 сая хүн амтай, 4.0 сая квадрат км газар нутагтай хүчирхэг улс болох боломжоо өөрсдөө алдсан юм.
Ганц жишээ хэлэхэд Богд хаант Монгол улс 1913 онд 5 замын байлдаан хийж Өвөр Монголыг Хятадаас бүрэн чөлөөлсөн боловч Орос, Хятад улсын шахалтад орж Хиагтын гэрээ байгуулан цэргээ Өвөр Монголоос гаргасан юм. Оросууд Монголын талд тэр үед Өвөр Монголоос цэргээ гаргахгүй бол буу сум монголын талд өгөхгүй гэсэн шахалт үзүүлсэн. Монгол улс тэр үед буу, сумаа хаант Оросоос авдаг байсан тул аргагүйн эрхэнд сумгүй болчихсон армиа Өвөр Монголоолс татаж, чөлөөлсөн эх нутгаа дахин харьд алдсан юм. Гэвч монголчууд энэхүү түүхэн алдаандаа дүгнэлт хийж алдаагаа засаж чадсангүй. Монгол улс одоо болтол 100 жил өнгөрөөөд байхад армидаа бууны сум үйлдвэрлэх ганц үйлдвэр байгуулж чадсангүй. Бүх буу сум зэвсэг, шатахуунаа Оросоос авдаг хэвээрээ 100 жил болжээ. Ийм гутамшигт явдал хэнээс болов гэвэл монголчууд өөрсдөөс нь болжээ. Монголчууд өөрсдийгөө хамгаалах орчин үеийн хүчирхэг армитай болж чадсангүй 100 жил болжээ. Хүчирхэг эдийн засагтай болж чадалгүй 100 жил болжээ. Аж үйлдвэржилт хийж чадалгүй 100 жил болжээ.
Хорьугаар зуунд Монгол улс 1911 онд туурга тусгаар улс болсон. Гэвч 1919 онд монголын урвагч ноёдын балгаар хятадын гамин цэргийг нийслэл Хүрээнд дуудан ирүүлж автономит монгол төрөө устгажээ. Энэ эмгэнэлт явдал бол монголчуудын өөрсдийнх нь урвалтаас болсон юм. Тэр үед Богд хаан монгол төрөөсөө урвасан монгол ноёдод ямар ч арга хэмжээ авдаггүй байснаас болж монгол ноёд бүр цадигаа алдаад байсан юм. Монголчууд “Та монголын хаан болооч” хэмэн Богд хаанаас гуйж хаан болгочихоод дараа нь хуйвалдан хааныгаа хятадтай хавсарч буулгаж монгол төрөө устгасан байгаа юм. Богд хаан гэрийн хорионд байхдаа дэлхийн хүчирхэг улсуудаас гамин цэргээс чөлөөлөх тусламж хүссэн захидал явуулсан боловч хэн ч түүнд тусалсангүй. Харин ганц хүн түүнд тусалсан вм. Тэр бол Барон жанжин байлаа.
Барон жанжин нийслэл Хүрээг гамин цэргээс чөлөөлж монгол орныг гамин цэргээс 1921 оны 4-р сар гэхэд бүрэн чөлөөлөв. Богд хаант монгол төр 1921 оны 2-р сарын 24-ны өдөр өдөр дахин сэргэн босов. Монгол төр ийнхүү дахин сэргэж үйл ажиллагаагаа явуулж байтал гаминг устгах зэвсэг гуйхаар Зөвлөлт Орос улс руу явсан Ардын намынхан улаан Оростой хуйвалдаж 15 000 улаан орос цэрэг дагуулан 1921 оны 7-р сарын 6- ны өдөр нийслэл Хүрээг түрэмгийлэн эзэлж Богд хаант монгол төрийг устгалаа.
Монгол улс хорьдугаар зууны эхээр арайхийж босгосон монгол төрөө ийнхүү алджээ. Монгол ийнхүү Оросын улаантан большевикуудын хараат улс болов. Улаантнууд Монголын бүх сор нь болсон сэхээтэн ардыг устгаж монголын соёл шашин, ёс заншил бүхий л сайн сайхныг нь устгав. Энэ харгислалыг гаднаас ирж хийгээгүй. Монголчууд өөрсдөө монгол төр, монгол соёлоо устгасан юм. 70 жил харийн дарангуйлал дор хэрхэн амьдарснаа монголчууд өөрсдөө сайн мэдэж байгаа. Монголчууд хамгийн их амь үрэгдсэн, хамгийн их хэлмэгдсэн он жилүүд бол тэрхүү 70 жилийн улаантны харгислалын үе байлаа.Шүтдэг шашныг нь устгаад сор болсон сэхээтнүүдийг хөнөөгөөд хамаг мал сүргийг нь хураан авчихаад монголчуудыг улаантны боол болгов. Эрх чөлөөгүй, өмч хөрөнгөгүй монголчууд доройтохын дээдээр доройтов. Хайран 70 жил.
Монгол улсад 1945 онд Өвөр Монголоо өөртөө нэгтгэх боломж байсан. Өвөр Монголыг зөвлөлтийнармитай хамтарч чөлөөлсөн монголын арми Өвөр Монголоо өөртөө авна хэмээн найдаж байсан. Чойбалсан ч гэсэн Өвөр Монголоо нэгтгэнэ хэмээн найдаж байлаа. Гэвч Зөввөлтийн уирдагч Сталин Өвөр Монголыг Хятадын улаантан Маод өгч, Порт- Артурыг мөн Хятадад өгчээ. Сталин хоёр Монгол нэгдвэл маш аюултай хэмээн үзэж Монголыг Ар, Өвөр хэмээн хоёр хуваахыг илүүд үздэг байсан юм. Сталины явуулсан монголыг монголоор нь хөнөөлгөх бодлого амжилттай хэрэгжиж байв.
Нэг анхаарах асуудал байдаг. Монголчууд бид өөрсдийгөө 1921 онд туурга тусгаар улс болсон хэмээн бодоод байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ Зөвлөлт Орос улс Монголыг автономит мужийн хэмжээнд авч үздэг байсан юм билээ. Зөвлөлтийн удирдагчид дуртай цагтаа Монголд зөвлөлтийн цэргийг оруулаад л, дуртай цагтаа Монголын Ерөнхий сайд нарыг нь Москвад дуудаж буудан хөнөөгөөд л, дуртай цагтаа монголын газар нутгийг булаан аваад л / 1958 онд Зөвлөлтийн элчин сайд В.Молотов монголын 2500 квадрат км газар нутгийг булаан авч байв /, дуртай цагтаа Монголд ураны нууц үйлдвэр байгуулж ураныг нь ямар ч үнэгүй авч зөөгөөд л Монголыг улс гэж үздэггүй байсан юм билээ. Энэ байдал 1946 он хүртэл үргэлжисэн юм . 1961 онд Монгол улс НҮБ -д элсэж байж л тусгаар улс гэсэн статусаа олон улсаас авсан байдаг.
Гэхдээ Монгол нь Зөвлөлт улсын дагуул улс хэвээрээ бараг 1990 он хүртэл байсан юм. Харин 1990 оноос хойш Монгол улс жинхэнэ туурга тусгаар улс болж бүх асуудлаа Монголдоо өөрсдөө шийддэг, ард түмэн нь төр засгаа ардчилсан зарчмаар сонгодог, ард түмэн нь эрх чөлөөтэй болсон юм.
1990 онд Монголд ардчилал ялав. Гэвч өнгөрсөн 33 жилийн хугацаанд Монгол улс хөгжиж хүчирхэг улс болж чадсангүй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг эх орноососс хөөж, олигархиуд хагартлаа баяжиж хамаг боломжоо алдсан ард түмэн ядуурчээ. Улс орон нь нэг ч үйлдвэр барьж чадсангүй. Нефтний ганц үйлдвэр барина хэмээн арваад жилийн өмнө Энэтхэг улсаас нэг тэрбум долларын зээл авч ажлаа эхлүүлсэн боловч дахин бараг нэг тэрбум доллар нэмж аваад ч үйлдвэрээ барьж чадсангүй. 500 сая доллараар барьчихдаг нефтний үйлдвэрийг ийм их мөнгөөр барьж чаддаггүй, дахин дахин их мөнгө нэхэх аж. Юунаас болж ийм их мөнгө нэхээд байгааг хэн ч үл мэднэ. Бүх юм нууц. Монгол улс эрчим хүчний хараат байдлаасаа гарч чадсангүй. Одоо болтол Монгол улс жил бүр 120 сая доллөрын эрчим хүч гадаадаас авсаар байна. Нефть шатахуунаа Оросоос бараг 100 хувь авч байна. Хятад улсаас бараг бүх бараагаа авч байна. Эрээн боомт хаагдвал Монгол улс сүйрэх хэмжээнд очоод байна. Энэ бүх бүтэлгүйтэл доройтол монголчуудаас өөрсдөөс нь болсон юм. Монголчууд аж үлдвэржиржиж томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж аж үйллвэрийн парк байгуулж чөлөөт эдийн засгийн бүс байгуулж чадсангүй. Харин хөгжихийн оронд төрийн мөнгийг хулгайлж, талцаж намчирхаж хэрүүл хийж засгийн эрхийн төлөө тэмцэлдэж Засгийн газар нь 1.2 жилийн настай байлаа. Төр нь тогтворгүй тул улс орон нь тогтворгүй байлаа. Саяхан байгуулагдсан эвслийн шинэ Засгийн газар аравхан сарын настай байв. Монголын төрд засрах шинж алга. Монгол улс авилгал, хулгай дээрэмд автаж газрын баялгаа гадаадад хямдхан гаргаж эдийг засаг нь дорой хэвээрээ байна. 3.5 сая хүн амтай Монголын нэг хүнд ногдох ДНБ нь 5000 ам доллар байгаа нь зүүн хойд азийн бүс нутагтаа хамгийн доогуур үзүүлэлт юм. Монголын хойд хөрш 146 сая хүн амтай Орос улсын нэг хүнд ногдох ДНБ 12 600 ам доллар,1.4 тэрбум хүн амтай өмнөд хөрш Хятад улсын нэг хүнд ногдох ДНБ 13 000 ам,доллар, баруун хөрш 19 сая хүн амтай Казахстан улсын нэг хүнд ногдох ДНБ 13 000 ам,доллар болжээ.Монгол бол энэ бүс нутагтаа хамгийн ядуу хоцрогдсон улс хэвээр үлджээ. Энэ бүхэн монголчуудаас өөосдөөс нь болсон юм. Хэн Монгол улсын хөгжлийг гацааж, хэн аж үйлдвэржилтийг зогсоож, хэн монголын эдийн засгийг сүйрүүлж байна вэ. Монголчууд өөрсдпөө. Ямар ч улс гадаадын хөрөнгө оруулалтыг өөртөө татаж, аж үйлдвэржилтийг хийж хөгжсөн байдаг. Гэтэл Монголын төр засаг өөрөө гадаадын хөрөнгө оруулагчдийг хөөж, аж үйлдвэржилтийг гацаав. Хайран цаг хугацаа. 20 жил бол ямар ч улс хөгжиж болох цаг хугацаа юм.
Дэлхийн цөөхөн хүн амтай Казахстан, Израйль, Сингапур зэрэг улс хүнээ хөгжүүлж, эдийн засгаа өөд татаж, үндэстний бодлогоо зөв тодорхойлж, ард иргэнийнхээ хүний эрхийг нь хамгаалсан байдаг. Казахстан улсын хүн амын 30 хувийг 1990 онд казахууд бүрдүүлдэг байсан бол эдүгээ казах хүн амын тоо 70 хувьд хүрч хүн ам нь 19 саяд хүрчээ. Израиль улсын хүн ам 1960 онд 2.0 сая байсан бол эдүгээ 9.7 сая болжээ. Гэтэл Монгол улс гадаадад амьдардаг монгол хүний эрхийг хамгаалах талаар төрийн бодлогоо сайжруулж чадсангүй. Ганц жишээ хэлэхэд 2023 онд Орос улсад эрх нь зөрчигдсөн халимаг монгол үндэстэн В.Баатар Монголд ирж улс төрийн орогнол хүсэхэд түүнд монголын төрөөс хэн ч туслаагүй юм. Харин түүнийг Орос улс руу буцахыг шаардаж байсан гэдэг. Жараад онуудад хятадын соёлын хувьсгалаас зугатааж Ар Монголд дүрвэж ирсэн олон мянган өвөр монголчуудыг ар монголчууд “хятадын тагнуул, хужаа энэ тэр” хэмээн ихэд доромжилж дорд үздэг байсан даа. Монголын төрд гадаадад амьдардаг монгол хүнийнхээ эрхийг хамгаалах ямар ч бодлого алга.
Монголын хөгжлийг хэн зогсоов. Монголчууд өөрсдөө зогсоосон. Монголыг хэн доройтуулав. Монголчууд өөрсдөө доройтуулсан.. Монголчууд хэнээс болж зүүн хойд азидаа хамгийн ядуу дорой улс болов. Монголчууд өөрсдөөсөө болсон. Монголчууд эх оронч бус, эв нэгдэлгүй, алсын хараагүй, авилгач, атаач, хулгайч, хэрүүлч, урвагч зангаасаа болж доройтсон гэдэг нь түүхээс харагдаж байна.
Одоо л бид ухаан зарж улсаа хөгжүүлэхгүй бол орчин үеийн өрсөлдөөнт ертөнцөд тэсэж үлдэнэ гэдэг бэрх асуудал болоод байна. Монгол улс эдийн засаг болон дэд бүтцээ хөгжүүлэх нь чухал байна. Монгол улс монгол ертөнцийн төв болж монголчууд гадаадад хэдэн зуун мянгаараа дүрвэн гарах бус, Монголдоо ирж ажиллаж амьдрах нөхцлийг нь хангах, монголын эдийн засгийг сайжруулж, иргэдийн цалин орлогыг нь баталгаатай болгож нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монгол хүн бүр Монгол эх орондоо татагдах нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Монголын хөгжил монгол хүнээс шалтгаална. Монгол улс мандан бадрах болтугай. .
Доржийн СҮХБААТАР 2025.07.18
Монгол