Японы ард түмэн эзэн хаандаа хоёр мянган жилийн турш үнэнч байсан, одоо ч үнэнч хэвээр байна. Японы эзэн хаан Мэйжийн өөрчлөлтийн үед ч, дайны хүнд жилүүдэд ч , хүйтэн дайны жилүүдэд ч , эдийн засгийн хямралыг үед ч ард түмэнтэйгээ хамт, ард түмнийхээ эв нэгдлийн билигдэл болж хямарсан төр засаг, дайнд нэрвэгдсэн эх орноо аврахад түшиг тулгуур нь болж ард түмнийхээ эцэг нь болж байлаа. Японы Эзэн хаан бол ганц японы бахархал төдийгүй бүх хүн төрөлхтөний бахархал юм. Учир нь хүн төрөлхтөн хорьдугаар зууны эхээр элдэв буруу үзэлд автаж, хувьсгал, үймээн самуун хийж,эзэн хаанаа үр удмаар нь хөнөөсөн эмгэнэлт явдал нилээдхэдэн оронд гарч байлаа. 

Домогоос үзэхэд Японы эзэн хаан нь Нарны Бурхан Аматэрасугийн удам хэмээн үздэг ажээ. Аматэрасу Бурхан ач хөвгүүн Нинигийг Японы арлуудыг хаанчлуулахаар тэнгэрийн орноос илгээх болжээ.Замд явахад нь зориулж хэрэг болох 3 зүйл өгчээ.Энэ нь хүрэл толь, үнэт чулуугаар хийсэн зүүлт, хурц сэлэм гурвыг өгчээ. Хан хүү Ниниги тэнгэрийн орноос Кюсю арлын Такатико ууланд буужээ. Нинигигэрлэж үр хүүхдүүдтэй болов.Ниниги ач хөвгүүн Дзиммугаа Японы анхны Эзэн хаан болгож үнэт гурван зүйлээ гардуулж өгчээ.Ингэж Японы анхны Эзэн хаан Дзимму манай эриний өмнөх 660 онд Тэнно хаан болжээ.

Тэнно гэдэг нь Тэнгэрийн эзэн, тэнгэрийн эзэн хаан гэсэн утгатай үг. Японы эзэн хааны засаглалыг цаг хугацааны хэмжүүрээр авч үзвэл 2600 гаруй жил үргэлжилж байна. 20 гаруй зууныг дамжин өртөөлсөн энэ урт удаан хугацаанд угсаа залгамжилсан хаадын тоо эдүгээ 126 хүрээд байгаа.Хаант засаглалын хувьд Япон улс нь хамгийн эртний сайхануламжлалтай улс юм.Эдүгээ ази тивийн зургаан улс хаант засагтай байгаагийн хамгийн ахмад нь, хамгийн эртний түүхтэй нь Япон улс юм. 

Япончууд самурай нараараа бахархдаг. Тэд бол Мейжийн эрин үеэс өмнө энэ орны засаглалыг гартаа барьж байсан цэрэг улс төрийн эрх мэдэлтнүүд бөгөөд тэднийг Шёогүн нар хэмээн нэрлэдэг байв. Харин Мейжийн үеэс эхлэн Японы эзэн хаад нь төр засаглалын дээд эрх мэдэлтэй, болсноор жинхэнэ эзэн хаан хүний ид хаваа үзүүлж эхэлжээ.Эзэн хаан Мэйзи 1864-1912 онуудад хаанчилсан. Чухам энэ үед Япон улс өрнөдөд хаалгаа нээж өрнөдийн технологийг хурдан хугацаанд эзэмшиж дэлхийн хүчирхэг аж үйлдвэржсэн орон болсон юм. 

Мейжийн үеэс хойшхи 130 шахам жилд Японд таван эзэн хаан үе залгамжилсан байдаг.Эдгээрээс Эзэн хаан Акихито бол тэрхүү шинэ үеийн дөрөв дэхь эзэн хаан юм. Түүний эцэг Эзэн хаан Хирохито  хорьдугаар зуунд хамгийн  удаан хугацаанд хаан төрөө барьж байсан билээ. Тэрбээр 1989 онд 87 насандаа таалал төгссөн. Эзэн хаан Хирохитогийн он тооллын үе нь Шова эрин гэж нэрлэгдэж байв. Хирохито удам угсаа залгамжилсан өмнөх үеийн хаадуудаасаа хамгийн удаан хугацаагаар төр барьсан төдийгүй, дэлхийн эзэнт улсын хаадуудаас хамгийн өндөр нас сүүдэр зооглосон хүн байсан гэдэг.Шовагийн эрин үед Японд цэргийн дэглэм тогтож, Ази Номхон далайн бүс нутагт дайн хийж байв. “Азийнхан азидаа” гэсэн уриа гаргаж Япон улс хорьдугаар зууны эхэн гэхэд хүчирхэг улс болж өрнөдийн хөрөнгөтөн хүчирхэг улсуудаас айхгүй болсон байна.

Хорьдугаар зууны эхээр Япон улс Хятад, Солонгосын эсрэг дайтаж энэ  дайн 15 жил үргэлжилж Япон улс дайнд ялсан байдаг. Хорьдугаар зууны эхээр Өрнөдөөс дутахгүй хөгжиж хүчирхэг болсон Япон улс хүчирхэг Оросын Эзэнт улстай нууц гэрээ байгуулж зүүн хойд азийг хувааж эзлэхээр тогтсон боловч Орос улс гэрээгээ зөрчин Хятадын Порт- Артур боомт хүртэл төмөр зам тавьж, Порт Артурыг мэдэлдээ авч, Манжуурт нөлөөгөө тогтоохыг оролдож, улмаар Солонгосыг нөлөөндөө авахыг санаархжээ. Оросын азид хийсэн энэхүү түрэмгийлэл Япон улсад огт таалагдахгүй болж Япон улс 1905 онд Оростой дайн хийж,  хаант Оросын армийг хуурай газар дээр болон далай дээр бут цохиж ялав. 1940 өөд оны эхээр Японы Эзэнт улс Манжуур болон зүүн хойд Хятадыг эзэлж Порт Артурыг бүслэн буулгаж авлаа.  Японы Эзэн хааны цэргүүд Филиппин болон Британий колони байсан Малайз, Сингапур, Бирм, францын колони  Вьетнам зэрэг зүүн өмнөд азийн орнуудыг эзлэв. Японы эзэнт улс хамгийн хүчирхэг болсон үе чухам энэ л үе байлаа. Япон улс дэлхийн хоёрдугаар дайнд Германы холбоотон болж, Америкийн эсрэг дайн зарлаж анхны атомын бөмбөгийн цохилтонд өртөж дайнд их хохирол үзэж байлаа. 

Энэ байдлаас үндэслэн Эзэн хаан Хирохито 1946 онд дээд тэнгэрийн язгууртан гэдгээсээ татгалзан "Нийтийн адил эгэл хүн" хэмээн өөрийгөө зарласан гэдэг. Дайны дараа Японы шинэ Үндсэн хууль батлагдаж. Эзэн хааны өндөр дээд эрх хэмжээг хязгаарлан шинэ төр, өнөөгийн засаглалын хэлбэрийг тогтоожээ.

Эдүгээ Японы Эзэн хаан нь Үндсэн хуульд заасны дагуу "Ард түмнийхээ хүсэл бодлыг илэрхийлэгч, төр улс,ард түмнийхээ эв нэгдлийн бэлэг тэмдэг" нь болсон бөлгөө.Япон улсын Эзэн хаан нь Төрийн тэргүүний хувьд Үндсэн хуулийн дагуу дараах эрх үүргийг хүлээдэг ажээ.Үүнд: "Парламентаас сонгогдсон Ерөнхий сайдыг томилон батламжлах, Сайд нарын Танхимын саналаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох, Парламентын чуулганыг зарлан хуралдуулах, төлөөлөгчдийн танхимыг тараах, бүх нийтийн сонгуулийг зарлах зэрэг гол гол үүргийг гүйцэтгэдэг байна.Түүнчлэн Эзэн хаан төр засгийн хууль, зарлиг, гэрээний батламж зэргийг зарлан тунхаглах, Үндсэн ба бусад хуулийг нийтлэх, засвар оруулах эрхтэй. Мөн Засгийн газрын гишүүдийг томилон батлах, огцруулах, бүрэн эрхт Элчин сайд нарын жуух, баримт бичгийг батлах, гадаад улсын Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах, мөн гадаад орны төрийн тэргүүн нар албан ёсны айлчлал хийх үед хүлээн авч уулзан хүндэтгэлийн зоог барих, өөрийн орны иргэд хүмүүстээ төрийн гавьяа шагнал хүртээх, гэмт хэрэгтний ялыг хөнгөвчлөх, хэлтрүүлэн,өршөөл үзүүлэх, хууль зүйд өөрчлөлт оруулах” зэрэг эрх үүрэгтэй ажээ.Энэ бүх үйл ажиллагааг төрийн гүйцэтгэн захирамжлах, үүрэг эрхэлдэг Сайд нарын Танхимын зөвлөмж,зөвшөөрлийн дагуу гүйцэтгэдэг ажээ.Япон улсын Эзэн хаан, Хааны ордны өдөр тутмын ажил хэргийг эрхлэн явуулах асуудлыг Сайд нарын Танхимын дэргэдэх Хааны ордны зөвлөл хэмээх тусгай байгууллага хариуцдаг байна. Тэрхүү Хааны ордны зөвлөлийн бүрэлдэхүүнд Хааны гэр бүлийн гишүүн, Ерөнхий сайд, Парламентын дээд, доод танхимын дарга, дэд дарга нар, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Дээд шүүхийн нэг гишүүн зэрэг хүмүүс ордог байна.

Японы эзэн хаан Акихото бол орчин үед уян хатан, аядуу бодлогоороо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хаант засаглалын ховорхон төлөөлөл болж чадсан юм. Акихитог хаан ширээ залгамжилсан цагаас Японы гадаад бодлогын Хятад болон Азийн орнуудтай харилцах харилцаанд аядуу уур амьсгал зонхилох болсон юм.Азийн төдийгүй бусад орны удирдагчид язгууртнуудын дунд Японы эзэн хаанАкихитогийн даруу төлөв байдлыг ихэдгайхан биширдэг байжээ.2011 онд Японд асар их хөнөөлтэй цунами болж, гамшиг, сүйрэл дагуулахад Акихито ард иргэддээ дахин хөл дээрээ босох итгэл найдвар төрүүлсэн үг хэлсэн юм. Акихито япончуудын хүндлэл бишрэлийг төрүүлсэн эзэн хаан төдийгүй нэртэй эрдэмтэн байв. Түүний молекулын биологийн талаархи олон судалгаа нь шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хэвлэгдэж байв.Акихито 1933 оны арван хоёрдугаар сарын 23-нд Японы эзэн хаан Хирохито болон гүнж Нагако нарын гэр бүлд төржээ.  Түүнийг багад нь хунтайж Цугу хэмээн дууддаг байсан боловч хожим нэрийг нь өөрчилсөн ажээ. Акихито эзэн хааны гэр бүлийн ууган хүү байжээ. Тэр багадаа гэрээр хичээл заалгадаг байсан ч удалгүй Японы язгууртнуудын хүүхдүүдийн сурдаг сургуульд элсэн орж, 12 жил суралцав. Энэ хугацаанд ирээдүйн эзэн хаан англи хэл сурахаар гадаадад түр суралцсан гэдэг. Тэр бээр 1940-1952 онуудад гэрийн багшаар хичээл заалгаж сургуульд суралцав. Түүнд америкийн хүүхдийн ном зохиогч Элизабет Грей Вининг багш хичээл заадаг байлаа. Хан хүү англи хэлийг сайн сурч өрнөдийн соёлыг заалгав. 1952 онд Акихито Гакушуин их сургуулийн эдийн засаг улс төрийн факультетад элсэн орж 1956 онд их сургуулиа амжилттай төгсөв.1952 онд Токио хот дахь эзэн хааны ордонд Акихитог угсаа залгамжлах хунтайжаар зарлав.Акихито Японы угсаа залгамжлах хунтайж болсноосоо хойш нэг жилийн дараа 1953 онд Их Британийн цог жавхлант хатан хаан II Элизаветын хаан ширээг залгамжлах ёслолд улсаа төлөөлөн оролцжээ. Тэрхүү аяллынхаа үеэр Акихито АНУ болон Европын хэд хэдэн орноор зочилсон гэдэг. Акихито хан хүү гадаад улсынтөр, засгийн урилгаар дэлхийн 37 оронд зочилсон ажээ.1989 онд Японы эзэн хаан Хирохитог нас эцэслэсний дараа Акихито хаан ширээг залгамжилсан билээ. 1990 оны 12-р сарын 12-ны билэгт сайн өдөр Акихито Япон улсын эзэн хааны ширээнд залрах ёслол болж дэлхийн 158 орны төлөөлөгчид хүндэтгэл үзүүлж оролцсон ажээ.Акихито хаан ширээнд залрахдаа Японы эзэн хааны удмын 125 дахь залгамжлагч болсон гэдэг. Эзэн хаан Хирохитог нас эцэслэснээс гурван сарын дараа Акихито Японы өдүүлсэн дайны төлөө Азийн улс орнуудын ард түмнээс уучлал гуйсан юм. Акихитогийн уучлалыг хүлээж авсан эхний улс нь Хятад байв.Эзэн хааны үүрэгт олон ажлын зэрэгцээ Акихито далай тэнгисийн биологийг ихэд сонирхон судалж байв.  Түүний судалгааны томоохон ажлууд Японы төдийгүй олон улсын нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн юм. Тэр бээр далайн амьтны судлалаар 25 бүтээл туурвижээ. Эзэн хаан Акихито түүх сонирхдог ,теннис тоглож, морь унах дуртай байлаа. Акихито эзэн хаан бол Японы Шинто шашны дээд төлөөлөгч. Эзэн хаан жил бүр Нарны Аматэрасу бурханд зориулж барьсан Исэ сүмд ёслол хийдэг.Японы үндэсний Сумо бөхийн тэмцээнд түрүүлсэн бөхөд Эзэн хааны цомыг жилд 6 удаагардуулдаг заншилтай.Акихито 1959 онд гурил тээрмийн компанийн эзний охин Мичико Шодатай гэрлэж, Нарухито, Фумихито нэртэй хоёр хүү, Саяако Курода нэртэй охинтой болсон билээ. Мичикотой теннис тоглож байхдаа танилцсан гэдэг. Эзэн хаан Мичико хоёр хааны ордны элдэв дэг жаягт захирагдалгүй, чөлөөтэй, энгийн амьдралаар амьдарч гурван хүүхдээ ямарч асрагч, туслагчгүйгээр өөрсдөө өсгөн хүмүүжүүлсэн гэдэг.Японы эзэн хааны гэр бүлд олон зээ охин төрж, бүл нэмэгдсэн боловч 2006 онд ач хүү төрөхөд ард түмэн эзэн хаанаасаа дутуугүй баярласан гэдэг. Энэхүү баяр хөөрийг хааны гэр бүлд 41 жилийн дараа төрсөн ач хүү Хисахито авчирсан ажээ.Акихито жирийн ардын охинтой гэр бүл болсон Японы эзэн хааны удмын анхны хүн болсон юм. Эзэн хаан болсноосоо хойш тэрбээр Японд олон зуун жил дагаж мөрдөж ирсэн олон хуучин ёсыг халсан байдаг. Эзэн хаан Акихито 84 насыг зооглож насөндөр болж, төрийн хэргийг цаашид явуулахад бэрх болсноос хаан ширээнээс буух хүсэлтээ 2018 оны наймдугаар сард мэдэгдсэн ажээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлдэг хааны ордны зөвлөл хуралдаж, Акихитог 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хаан ширээнээс буулгаж, 2019 оны тавдугаар сарын 1-ний өдөр түүний хүү, угсаа залгамжлах хунтайж Нарүхитод хаан ширээг шилжүүлэн өгөх шийдвэрийг гаргажээ. 

Угсаа залгамжлах ханхүү Нарухито бол Японы эзэн хаан Акихито, хатан Мичико нарын ууган хөвгүүн юм. Токиогийн Тогу ордонд 1960 оны хоёрдугаар сарын 23-нд мэндэлсэн ханхүүг багад нь Хиро-но Мия буюу Хиро ханхүү хэмээн нэрлэдэг байжээ. Нарухитогийн өвөө, эзэн хаан Хирохитог тэнгэрт хальсны дараа 1989 оны нэгдүгээр сард түүнийг угсаа залгамжлагчаар албан ёсоор зарласан байна.
Хунтайж Нарухито Гакушюины их сургуулийн уран зохиолын факультетийн түүхийн ангид орж, 1982 онд бакалавраар төгсчээ. Энд тэр бээр дундад зууны үеийн Японы тээврийн түүх гэсэн сонирхолтой сэдвийг сонгож мэргэшсэн байна. Ханхүү удалгүй хилийн дээс алхлаа. Их Британийн Оксфордын их сургуулийн Мертон коллежид аспирантурт элсэн, XVIII зуунд алдарт Темза мөрнөөр хөвж байсан аянчин наймаачдын урсгал буюу тээврийн талаар судаллаа.
Ханхүү Англид өнгөрүүлсэн тэрхүү хоёр жилийнхээ талаар “Темза ба би” нэртэй ном бичиж хэвлүүлсэн байдаг. Оксфордод оюутан байх зуураа Европын хэд хэдэн оронд хөл тавьсан төдийгүй Ромын Пап агсан II Иоан Павел, Английн тухайн үеийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер зэрэг олны танил хүмүүстэй уулзсан нь ханхүүгийн амьдралд мартагдашгүй дурсамж болжээ. 

Хан хүү 1991 онд шинжлэх ухааны хүндэт доктор цол хүртав. Тэр бээр өдгөө Түүхийн судалгааны их сургуулийн төвийн гишүүн, Дэлхийн усны комиссын хүндэт гишүүн, Дэлхийн ус түншлэлийн идэвхтэн юм.Мөн Японы Засгийн газрын дээд Зөвлөл болох Төрийн зөвлөлийн гишүүн. Тус зөвлөлийг Акихито хаан тэргүүлдэг. 1991 онд угсаа залгамжлах ханхүүгээр албан ёсоор өргөмжлөгдсөн цаг мөчөөс эхлэн эзэн хаан Акихитогийн гэр бүлийн төлөөлөгчийн хувьд ханхүү хилийн чанадад албан ёсны айлчлал олонтаа хийжээ. Тухайлбал, Норвег, Марокко, Бразил, Их Британи, Балба, Бутан, Энэтхэг, Герман, Бельги, Испани, Венесуэл, Мексик зэрэг оронд зочилсон. Мөн ханхүү хүмүүнлэгийн үйлст сэтгэл гарган оролцдогоороо нэртэй. “Хирогийн сонголт” буяны ажлыг нь япончууд андахгүй.

Ханхүү агаарт аялах, гүйх, уул хаданд авирах, теннис, бэйсбол тоглох, морь унах дуртай. Бас хийл хөгжим сайхан тоглоно. Дөрвөн настайдаа утсан хөгжмийн хаан гэгддэг эл зэмсгийг эзэмших эрдмийг заалгаж, хожмоо Гакушюины их сургуулийнхаа оркестрт эрдүү хийл хөгжим тоглож явжээ. Нарухитогийн хамт сурч байсан дунд сургуулийн нөхөд нь түүнийг биеэ барих чадвар сайтай, маш шийдэмгий хүн хэмээн тодорхойлсон нь бий.
Наран улсын эзэн хааны гэр бүлийн гишүүдийн амьдрал төрсөн цагаасаа авахуулаад олон түмэнд нээлттэй байдаг. Тиймээс ч ууган ханхүүгийн ирээдүйн амьдралын ханиа сонгох асуудал бүх япончуудын анхаарлын төвд байсан гэж хэлж болно.
Ханхүү ирээдүйн гэргий Масако Овадатай 1986 онд хүлээн авалтан дээр танилцжээ. Хатагтай Масако бол Японы Гадаад хэргийн дэд сайд, тус улсаас АНУ-д суух Элчин сайд зэрэг албанд ажиллаж байсан, Хисаши Овадагийн гурван охины ууган нь ажээ. Нэртэй дипломатч эцэгтэйгээ хамт бага насныхаа чамгүй хэсгийг хилийн чанадад тухайлбал Москва, Нью-Йоркт өнгөрүүлсэн Масако 1971 онд эх орондоо буцан ирж, Токиогийн нэр хүнд бүхий хувийн сургуульд оржээ. Дунд сургуулиа дүүргээд Харвардын их сургуульд эдийн засгийн ухаан судалсан. Эцгийнхээ нөлөөгөөр дипломатч болохоор шийдсэн Масако 1986 онд сургуулиа төгсч ирээд Токиогийн их сургуульд ажиллах болсон байна. Жилийн дараа мэргэжлийн шалгалтууд өгдөг хүндхэн давааг ажралгүй давж, Японы Гадаад хэргийн яамандалба хашдаг болжээ. Масако хоёр жилийн дараа ГХЯ-ны шугамаар Оксфордод суралцаад, эх орондоо ирж ГХЯ-ны Хойд Америкийн II хэлтэст ажиллаж эхлэв. Үнэнийг хэлэхэд ажил хэрэгч, мэргэжилдээ хайртай эл бүсгүйг гэргийгээ болгох гэж Нарухито нилээд хугацаа зарцуулжээ.. Масако дуртай ажлаа орхиж, хатуу чанд дэг жаягтай, хааны гэр бүлтэй хувь заяагаа холбохоос эхлээд шулуухан татгалзаж байсан гэдэг. Бүр хоёр ч удаа ханхүүд татгалзсан хариу өгчээ. Эхэндээ ч хааны хүрээлэл хүүгийнхээ сонголтод дурамжхан байсан гэдэг.Ханхүү Нарухито, Масако нар1992 оны өвөл ойр ойр болсон уулзалтуудын үр дүнд сая нэг “тохиролцоонд” хүрчээ. Ингээд арванхоёрдугаар сард Масаког хаан эзэн, хатан хоёрт танилцуулж, дараа жилийн нь зургадугаар сард Токиод эзэн хааны ордонд  шинто шашны ёсоор хуримлав. Европын бүх хаад, сонгуулиар томилогдсон төр, засгийн тэргүүнүүд заларсан хуримын ёслолд 800 зочин оролцож, дэлхийн 500 сая хүн телевизээр үзжээ.
Гэрлэснээс хойш найман жилийн дараа буюу 2001 оны арванхоёрдугаар сарын 1-нд хааны гэр бүлд анхны хүүхэд нь төрлөө. Гэвч бяцхан гүнж Аиког төрсний дараа уламжлал, ёс заншилдаа үнэнч япончуудын дийлэнх нь 1947 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өөр гарц олдохгүй нь хэмээсэн дүгнэлтэд  хүрсэн юм. Өөрөөр хэлбэл хаан төрийн хэлхээг тасалдуулахгүйн тулд  бүсгүй хүн төрийн толгойд залрах эрхийг Үндсэн хуулиараа баталгаажуулахаар орон даяар ажил хэрэгч, халуун яриа эхлүүлэв. Харин ашгүй Нарухитогийн дүү, ханхүү Акишиногийнд  хааны угсаа залгах нуган үрмэндэлснээр япон түмэн сая нэг уужуу амьсгаа авч, магнай тэнийжээ.

Нарухито дэлхийн усны нөөцийн асуудлаар Японд болсон 2003 оны дэлхийн усны форумд үг хэлсэн, 2006 онд Мексикт болсон дэлхийн усны форумд “Эдо ба усан тээвэр” сэдвээр үг хэлсэн, 2007 онд Японд болсон Ази Номхон далайн уулзалтад лекц хийсэн. Нарухито Олон Улсын Олимпийн хорооны гишүүн, Японы Улаан Загалмай нийгэмлэгийн хүндэт дэд ерөнхийлөгч юм.  Эзэн хаан Нарухито 2021 онд Токио хотод зуны 32 дугаар олимпийг ёслол төгөлдөр нээжээ.

Нарухито эзэн хаан болохын өмнөхөн нэгэн удаа “ Би орчин үед нийцсэн шинэ үүргийг гүйцэтгэхэд бэлэн байна. Орчин үеийн Эзэн хаан бол ард түмэнтэйгээ жаргал, зовлонгоо  хуваалцдаг хүн байх ёстой” хэмээн хэлж байжээ. Энэ сайхан үг бол түүний үзэл бодол юм.

Ийнхүү Японд 2019 онд Нарухито Япон улсын 126 дахь Эзэн хаан болсноор  "Хэйса" эрин халагдаж, шинэ "Рэйва" эрин 2019 оноос эхэллээ. "Рэйва" гэдэг нь “Цэцэглэн хөгжиж буй ертөнц” гэсэн утгатай үг юм. 

Ийнхүү Нарны  Аматэрасу бурханы удам, Наран улсын эзэн хааны угсаа  Замбуутивд  үүрд оршин тогтнож, ард түмнийхээ эцэг нь болж, ард түмнээ ивээн тэтгэсээр байна. Эзэн хаанаа хүндэлдэг ард түмэн, ард түмэндээ эцэг нь болсон эзэн хаантай улс соёл, шашин, ёс заншил, уламжлал, түүхээ олон мянган жилийн турш хадгалан үлдэж, өндөр хөгжилтэй, эв нэгдэлтэй, хүчирхэг улс болдог юм байна гэдгийг Япон улсын жишээ тодоос тод харуулж байна.

Доржийн СҮХБААТАР       2025.07.1