МАХН-аар жолоодуулсан төр Монголын ард түмнийг удирдан социализмыг байгуулж улмаар коммунизмд дэвшин орно. Бид ийм мөрөөдөлтэй байлаа. Монголчуудын амьдралын зорилгыг ингэж тодорхойлж байв. Энэ бол 1992 оныг хүртэл үйлчилж байсан Үндсэн хууль.

1992 оны Үндсэн хуульд Монгол улсын иргэдийн чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх, шилжин явах, өмчлөх, сонгох, сонгогдох эрх нь хуулиар хамгаалагдсан байна гэж заажээ. Энэ бол ирээдүйд хүрэх зорилго биш. Энэ бол хүрснийхээ дараа дараагийн зорилгыг тавьдаг үе шат биш. Өнөөдөр өдөр тутмын амьдралын хэм хэмжээг ийм байлгах зорилго. Энэ бол ардчилал. 

Шинэ Үндсэн хууль хүн бүрт хүн гэдгээ мэдрэх боломжийг олгосон юм. Өөрийн хувь заяаг өөрөө шийднэ гэсэн үг. Эрх чөлөө үүрэг хариуцлага хамт байх аж. Бусад хүн бас эрх чөлөөтэй учир чи тэдэнтэй шударгаар өрсөлдөх учиртай. Ямар нэг зорилго тавиад түүнээ биелүүлэхийг амжилт гэвэл ялалт чиний өөрийн гарт байна. Чамаас л хамаарна. Үндсэн хуулийн энэ үзэл санаа бидэнд олон зүйлийг өгсөн. 1990-ээд он бол соц. систем нуран унаснаар гадаад худалдаа бүрэн зогсож, үйлдвэрүүд зах зээлд зохицож чадаагүйгээс наад захын хэрэглээний зүйлсээр хүмүүс дутагдаж картын бараагаар гол зогоож байсан үе. Тэр үед ганзаганд бор зүрхээрээ явагсад хоосон лангууг дүүргэж, солонгос болон бусад оронд ажиллагсад валютын нөөцийг голлон бүрдүүлж эхэлсэн билээ. Цаашлаад хүмүүсийн анхны хуримтлалд өмч хувьчлал өргөн боломж олгов. Улмаар худалдаа, үйлчилгээ болон банк санхүүгийн секторыг хувийнхан хөл дээр нь босгож, холбоо харилцааны салбарт ч шинэ дэвшлээс хоцролгүй дэлхийтэй хөл нийлүүлэн алхах болов. Одоо монголчууд өөрсдөө дэлхийн стандартад нийцсэн хүнсээр иргэдээ хангах, орчин үеийн орон сууцыг бүтэн хорооллоор нь барьж байгуулах ажилд дэвшин оржээ. Мэргэжлийн спорт тэр дундаа сумод Монгол хүн од болж, олимпын аваргууд ч төрж, сонгодог, рок поп болон урлагийн бусад салбарт хэнтэй ч өрсөлдөнө гэдгээ харуулж чадаж байна. Бас монгол хүн хэний ч сурдгийг сурч оюун ухаанаар хэнтэй ч өрсөлдөхөд бэлэн гэдэгтээ итгэлтэй болсон нь боловсролын салбар харьцангуй эрх чөлөөтэй, өрсөлдөөнтэй явж ирсний үр дүн юм. Дараагийн ялагчид бизнес, технологи, инновацын чиглэлээр бэлтгэгдэж байна. 

Энэ бүхэн төрийн оролцоогүй, төрийн менежментгүй бүтсэн зүйл. Эдгээр амжилтад хүрсэн хүмүүст эрх мэдлийн хэрэг огт байгаагүй. Эрх мэдэл төрд л байдаг. Харин энэ хооронд төрийн оролцсон олон ажил удааширч, зогсож, нурж байлаа. Гэтэл төрийн нэрийн өмнөөс ажил хариуцсан хүмүүст үргэлж мөнгө, эрх мэдэл дутагдаж, ямар нэгэн давахын аргагүй саад тохиолдсон болж таардаг. Ер нь тэдний үгээр бол асар олон дайсан байгаа гэнэ. Дайсныг ялахад “эв нэгдэл” хэрэгтэй, эв нэгдлийг хангахад “удирдагч” хэрэгтэй, удирдагч төрөхөд “дайсан” хэрэгтэй. Төрийн эрх мэдэл рүү зүтгэгчдэд ийм л логик үйлчилж байна. УИХ-д нэр дэвшигчид бол “удирдагч”-д горилогчид! Тиймээс нэр дэвшигчид попордог. Тэд төрөө дайснаас аварна, хамгаална, чадваржуулна, хүчирхэгжүүлнэ тэгээд та нарыг жаргаана гэж амладаг. Гэтэл сонгогчдод ийм горилогч хэрэггүй. Тодорхой үзэл баримтлал, хөтөлбөр бүхий нам хэрэгтэй. Одоо байгаа намууд яасан гэж үү? Тэд үзэл баримтлалгүй болсон, тэд эрх мэдэлд улайрагсдад эзлэгдсэн, тэд хоцрогдсон, хорвоогийн жамаар тэдний үе өнгөрсөн. Эрх мэдэлд шунагсад намдаа багталцахгүй шинэ нам байгуулж байгаа ч тэдэнд ёс суртахуун, үзэл баримтлал алга. Өнөөдөр шаардлага хангасан нам хараахан бий болоогүй байна. Харин энэ жилийн сонгуулиар удаа дараа их хуралд сонгогдож, элдэв бохир юманд хутгалдаагүй, үндсэн хуулийнхаа үзэл санаанд үнэнч, зөв бодолтой, зөв хүн, зөв эвслийг сонгох шаардлагатай байна. Ингэснээр орчин үеийн чиг хандлага, шаардлагад нийцсэн зөв зохион байгуулалт, зөв үзэл баримтлал, хөтөлбөр бүхий зөв намууд шинээр бий болох үндэс суурь тавигдах юм. 

Шинэ Үндсэн хуулийг бий болгож баталсан 90-92 он бол тоталитар дэглэм унасны дараах монгол хүний эрх чөлөөг мэдрэх мэдрэмжийн үе. Дэглэмийг удирдаж байсан МАХН дэлхийг хамарсан өөрчлөлтийн салхинд туугдан аргагүйн эрхэнд нэг намын дарангуйллаас татгалзан зүүний баримжаа бүхий нам болж ардчиллыг хүлээн зөвшөөрч байх үе. Нөгөө талаас барууны үзэл баримтлал бүхий шинэ намууд парламентад хүчтэй сөрөг хүчин болж нийгмийн дэмжлэг авч байсан үе. Улсын Бага Хурал болон Ардын Их Хурал гэсэн парламентын хоёр танхимд олон намын баруун-зүүн үзэл бодлууд тод ялгарч, хоёр жилийн турш Үндсэн хуулийг нухацтай хэлэлцэж баталсан үе. Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болон сонгогдсон анхны ерөнхийлөгч үүргээ үнэнчээр биелүүлж байсан үе. Элгээрээ хэвтсэн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас хувийн өмч бүхий зах зээлийн эдийн засагт шилжих ажлыг эвслийн Засгийн газар эхлүүлж эрч хүчтэй ажиллаж байсан үе. Хараат бус шүүхийг байгуулж, Үндсэн хуулийн цэц гэдэг шинэ байгууллага бий болж, шүүгч хэнээс ч үл хамааран бие даан шийдвэр гаргахад суралцаж байсан үе. Хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглал болон хөгжих суурь тавигдсан үе. Нэг ёсондоо олон зуун жилийн дараа Монголчууд хувь заяагаа өөрөө шийдсэн торгон мөч байлаа. Иймээс ч бидэнд заадаг, чиглүүлдэг, удирддаг, халамжилдаг засаг төр, удирдагч, том ах хэрэггүй бид өөрийн дураар амьдралаа өөрсдөө авч явна гэж зоригтой тунхаглаж чадсан юм.

Энэ бүх зөв эхлэл маань яагаад буруу тийшээ явчихав? Авлига шударга бус байдал яагаад газар авчихав? Яагаад хар жагсаалтад орчихов?

Энэ бүхний хариуцлагыг төрийн нэрийн өмнөөс эрх мэдлийг хэрэгжүүлж байсан албан тушаалтан бүр хариуцах нь зүйд нийцнэ. Эрх мэдэлд шунагчдад хязгааргүй их эрх мэдэл хэрэгтэй учраас тэд төрийн эрх мэдлийн зааг ялгааг зориуд арилгах гэж оролддог. Тэд шүүхийн хараат бус байдлыг хамгийн том дайснаа гэж үздэг. Тэд хэвлэл мэдээллийн чөлөөт байдал, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг үл тэвчин эмзэглэж өөрсдийн хэвлэл мэдээллээр монополчлохыг санаархдаг. Үүнийхээ төлөө эрх мэдлээ хугацаагаар хязгаарлуулалгүй үргэлжлүүлэн сонгогдож байхыг хүсдэг. Тэгээд монгол төрийнхөө төлөө чөмгөө дундартал тэмцэж байна гэж сайрхацгаадаг. Тэд давхар дээлийг дахин дахин өмсөх өвчин туссан байдаг. Мөн төрийн албан хаагчдын дархлааг эвдэн тэднийг улс төр, намын дарамт шахалтад оруулдаг. Тэд төр бизнест оролцох шаардлагагүй гэсэн Үндсэн хуулийн үзэл санааг бусад хуулиар баталгаажуулахын эсрэг үргэлж ажиллан хувьчлалыг зогсоодог. Тэд хөрөнгө захиран зарцуулах эрхийн хойноос улайран зүтгэцгээдэг. Төрийн нуруун дээр элдэв хэрэггүй ачаа овоолж байхыг хичээдэг. Ингэснээр төрийн дарангуйлах эрх мэдлийг болж өгвөл нэг гарт төвлөрүүлж, дээр нь бас мөнгө, санхүүд төрийн нэрээр хяналт тогтоон төр олигархижих замыг засдаг. Цаашдаа дарангуйлагч болохыг санаархана.

Эрх мэдэлтний дайсан бол ардчилал. Гэхдээ тэд ардчилалд илтээр дайн зарлаж чадахгүй. Аман дээрээ ардчилал яриад ачир дээрээ эсрэг ажилладаг. Тэд ардчиллын төлөө тэмцсэн хүмүүсээс алдаа олсноороо ардчиллыг гутаана гэж горьдоцгоож байна. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ардчилагчид гэгдсэн хүмүүст хэрэг тохох гэж эрээ цээргүй аашилж байна. Эцсийн эцэст ардчилсан тогтолцоог сулруулах нь л тэдний гол зорилго.

Гэхдээ ардчилал бол хэн нэгний өмч биш нийтийн эрх ашиг, ололт амжилт гэдгийг Монголын ард түмэн сайн мэддэг билээ. Тиймээс ч нийгмийн шаардлагаар МАН санаачлан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэх алхмыг хийлээ. Ингэснээр парламентад олонх болсон намын томилсон ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлэн ажиллаж сонгуулиар намаараа хариуцлага хүлээнэ. Зөв үзэл баримтлал бүхий намын үүрэг роль улам бүр шаардлагатай болж байна. Парламентын засаглал бүхий өндөр хөгжилтэй орнуудад бие даагчдын парламентад эзлэх хувь болон үүрэг роль маш бага, ёс төдий байдаг. Харин сөрөг хүчний үүрэг хаиуцлага улам өндөрсөнө. Парламентад намуудын бодлого үйл ажиллагаа голлосноор эрх мэдэлтэн хуулийг үл тоомсорлох, дураар авирлах нь хязгаарлагдаж төрд буй их эрх мэдлээс хувь хүнийг хамгаалах үндэс суурь бэхжинэ. Засгийн газрын үйл ажиллагаа нь хувь хүний аюулгүй, эрүүл амьдрах таатай орчныг бүрдүүлж, нийгмийн эмзэг хэсгийг халамжлан нийгэмдээ үйлчлэх үндсэн үүргээ хэрхэн биелүүлснээр дүгнэгдэх болно.

Ардчиллыг хамгаалснаар бид эрх чөлөө, шударга ёсыг амьдралынхаа хэм хэмжээ болгонхүн гэдгээ мэдэрч, хүн шиг амьдрах мөрөөдлөө биелүүлж чадна. 

Мөрөөдөлдөө үнэнч байцгаая.

Р.БАДАМДАМДИН