(Асуулт шүүмж)


Зохиолч Д.Норовт:

Хүний сэтгэл рүү өнгийж, дайчдын ар гэрийн сэтгэхүйн түмэн саадыг дэлгэж тавьсан монгол бүтээл Дэлхийн II дайнысэдэвт зохиолуудаас хэд бол? Ялангуяа бүсгүй хүнийтэсвэр хатуужил, тэмцэл цөхрөлийн тухайд ярууссан нь хэр олон бэ? Ээжийн нь захиас охинд хичнээн чухал болохыг зохиолын эхэнд шигтгэн илэрхийлсний учиг юу байв? Ертөнцийн юмс үзэгдлийг охиндоо тайлбарлахдаа зулзагаа барьж иддэг ангирын тухай хэлсэн нь ямар учиртай юм? Дайнд мордохын урьд шөнө хүүхэд нь төрөөгүй байсан (мэдэгдэхүйц бондойсон гэдсээ илүүлэн) атлаа дайны зар ирэхийн өмнө хэвлийд байсан үр нь хэлд орж (харцагад хөөгдсөн болжмор гэрт нь орж ирэхэд цочсон охин нь “ааваа” гэж дуудсан) буйгаар цаг хугацааны гажилт хийсэн алдаа юунд байв? Эдгээр асуултад зохиолч Далхаагийн Норов та “Мөнхийн дуудлага” (1983) туужаараа ямар хариу өгөх вэ? 

Уншигч олонд:

“Халих жигүүртэн гэрт орж амь хоргодох ч дээ сайны ёр биш дэг ээ, гээд яахав, охин маань аавыгаа дуудаж, чи сайхан үйл хийж суух, билигтэй ч өдөр юм уу” гэсэн Ханд эмгэний үг бэлгэдлийн ямар утга агуулав? Аавыгаа ирэхээр энэ хувингаар ус авч өгөөрэй хэмээн охиндоо захисны учрыг хэрхэн ойлгож байна вэ? Аавынхаа хуриманд бэлтгэж ус зөөв үү, ижийгээ дурсан эмээдээ тусалж байв уу? Охин ижийгээ санахад хаана нь өвддөг гэж усанд шивнэв? Зохиомж, уран сайхны онцлог нь юунд зангилагдаж байна вэ? Олон жил аавгүй өссөн ч “аав” гэж хэлд орсныг зохиолд хэрхэн урнаар илэрхийлэв? Эх, охин хоёрын сэтгэлийн ертөнц усны толио (худгийн)-нд ямар бэлгэдлээр холбогдож байна вэ? Охин аавыгаа өвчсөн мэт адилхан төрснийг туужид хэрхэн яаж дүрсэлсэн бэ?Хишгээг зуурдаар нас нөхчихөд хүргэсэн шалтгаануудыг тоочвол: “Айлын хүүхнүүдийн яриа”, “архи хүртсэн орой”, “тусч Базарыг дутуу таньсан итгэл”, “хадам ээждээ халгаж гомдсон сэтгэл” зэргээс өөр юу юу байж болох вэ? Хурдан хар морио хайрлалгүй өгч гэмээнэ дайн хурдан дуусч эр нөхөр нь эсэн мэнд ирнэ гэж ижийтэйгээ санал зөрсөн нь Хишгээгийн зөв үү? Ер нь эр нөхрөөамьд ирүүлэхийн тулд Хишгээ ямар ямар алхмууд хийсэн бэ? “Хоёр морио фронтод илгээсэн”, “Арван хонио нэмж өгсөн”, “Хос сувдан даруулгаа бэлэглэсэн”, “Хөдсөн дээл оёж явуулсан”,“Мянган төгрөгөө бас хандивласан”, “Мэдэж болох хүмүүсээс сураг ажиг тавьсаар байсан”, “Аймаг орж архив шүүлгэсэн” зэргээс өөр ямар бодлууд төрж байна вэ? Дэлэг бичиг үсэг мэддэг байсан болов уу? Захидлыг өөрийн гараар бичсэн эсэх талаар бодож үзсэн үү? Үнэнчээр он удаан хүлээхэд нь Хишгээд юу юу нөлөөлсөн бэ? “Захидал”, “итгэл”, “гэр бүл буюу охин”, “хадам ээж”, “нэр төр” зэргээс өөр юу юу бодогдож байна вэ? Зохиолын гол дүрийг сонго гэвэл алийг нь нэрлэх вэ? Хишгээ өөртөө дээл хийж бэлдсэн нь зөв үү, буруу юу? Хэрэв зөв бол монгол ёс заншил, бэлгэдэл, төлөөлөл зэргээс өөр ямар нөлөөллүүд байж болох вэ? Бүсгүй захидлуудаа хаана хаана хадгалдаг, яагаад авч явдаг байв?Зохиолын төгсгөлд “ааваа” гэж анх удаа дуудаж, гүйн очдог нь:Ижийнхээ заавал хэлээрэй гэсэн захиасыг хэлэхийн тулд уу?, Зохиолчийн шийдэл буюу уран тайлал төдий юу? Төрсөн эцгийгээ ухааран “таньсан” зөн совингийн илэрхийлэл байв уу? Архи ууж алдаа гаргах болсон бүсгүйн шалтгааныг нэрлэвэл: “Дэлэгийг нас барсан гэх Дашийн үгэнд гомдсон”, “Эмэгтэйчүүдийн дэл сул үг сонсоод шар нь хөдөлсөн”, “Хадам ээждээ хөөгдсөндөө гоморхсон”, “Базарт итгэсэн” зэргээс аль нь вэ? Ханд эмгэнд бэрийнхээ сэтгэл санаа, нөхцөл байдлыг ойлгох ямар үндэслэлүүд байв? Хишгээ, түүний охин хоёрын нэгдмэл ба ялгаатай тал юунд оршиж байна вэ?“Чи миний аав биш мэдэв үү” хэмээн хэлэхэд хүргэсэн зүйлс юу юу байв?

-“Ээжээ та ир л дээ. Эсвэл намайг аваач,

-Болохгүй, охин минь болдоггүй юм

-Тэгээд би яах юм бэ?...” гэсэн эхлэлийн эл хэсэг, үйл явдлыг нэхэн дурсаж байна уу, урьдчилан зөгнөж байна уу? 

Дэлэг, Базар хоёрын (дүрийн) ялгааг тодруулан ярилцвал юуг нэмж ойлгох вэ? “Эр цэргийн тангараг” (эхнэртээ бичсэн)-тайгаа зөрчилдсөн Дэлэгийг зөвтгөх үндэслэл бий юу? Хэлсэн амандаа хүрэхгүй, хийх үйлдлээсээ буцахыг тангарагаасаа няцсан гэж ер нь ойлгож болох уу? Аавыгаа “сайн хүн үү?” гэж асууж буй нь ямар санаа илтгэсэн уран шийдэл байв? Зохиолыг нь дахин уншиж суралцмаар, киног нь давтан үзсэн ч уйлахгүй байх аргагүйн нууц юунд оршино вэ?

Охины сэтгэлд хургасан айдсуудыг жагсаан бичвэл уншигчдад юу бодогдох бол оо? 

Тиймээс:

Нөхрөө санан гансарч хүлээхдээ ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөн ярьж байсан жишээдийг эргэцүүлэн нэг бодвол? Хүн чулууд (зургаан ширхэг)-ын бэлгэдэл зохиолын утга санаанд ямар нөлөөтэйг анзаарвал? Зохиолын гол санаа, утгыг илэрхийлэх үгсийг түүн бичвэл? Хүн чанар, ёс суртахууны асуудал дэвшүүлсэн дүр, үзэл санааг тодорхойлбол? Өөрт төрсөн бодол, эргэцүүллээ шүлгэн хэлбэрээр найруулан зохиовол? Базар, Даш хоёрын дүрийн хэв шинж, ялгааг тоочин нэрлэвэл?Дүрүүдийн ялгаа, тэдгээрийн холбоо хамаарал, зөрчилд хүргэж буй үндсэн шинжүүдийг харьцуулбал? Зохиолын гол үйл явдал, агуулга нь дайны хор хөнөөлийн тухай юу, эсвэл хүний сэтгэлийн тэмцэл, тэвчээрийн тухай юм болов уу? Энэ талаар эргэцүүлэн бодоход ямар санаа сэдлүүд төрөх бол? Зохиолын үндсэн агуулгыг тодорхойлох хэсгийг онцлон нэрлэ гэвэл? Зохиолын тайлал болсон үгийг тодотгон ярилцвал? Ижий нь хүүдээ ногоон цай хадгалан өөрөөсөө ч харамлан байсныг нийгэм, цаг үетэй нь холбон тайлбарлавал? Хишгээгийн дүрийн талаар өөрийн бодлоо илэрхийлж харилцан маргавал?Ханд эмгэний бэрээ хөөх болсон шалтгаан юу байв? “Бэрдээ итгээгүй, түүнд гомдсон”, “Хүүгээ хүлээж цөхсөндөө цухалдаж”, “Бэрээ хайрлаж амьдралаа бодог гэсэндээ” гэсэн хувилбаруудаас өөрямар санал дэвшүүлэх бол? Хишгээгийн амьдралд Базар эерэг, сөргөөр хэрхэн нөлөөлснийг ялган салгаж, дүгнэвэл? Охины ээж, аавтайгаа ярилцах, холбогдох сэтгэл зүйн шинж, ялгааг тоочин нэрлэвэл? гэсэн асуултууд бие биеэсээ урган гарч ирж буйд та бүхэн хариулт өгч чадах уу?

Багш, судлаачдад:

Зохиолын эхэнд дайны зарыг Базараар хэлүүлж буй нь дүрийн оролцоо, зан төрхөд ямар нөлөөтэй бүтээгдэв? Дүрийн сэтгэл зүйг зохиолч ямар аргуудаар хэрхэн илрүүлж байна вэ?Охин усанд цагаа оруулчихвал ижийнхээ захиасыг мартчихна гэж яаж ийм уран төлөөлүүлэв? Өнчрөл, хагацал үе дамжиж буйн учир шалтгаад юу юу байв? Охиныбиеийн болоод сэтгэлийн зовлонг давхцуулан дүрсэлсэн уран чадвар юунд оршино вэ? Дэлэг өөр бүсгүйтэй гэрлэсэн нь зөв үйлдэл мөн үү, үгүй юу гэсэн бодомжид уншигчдыг хөтөлж, зохиолын агуулгын цөм, үйл явдлын сэжим болгож чадсаны учиг юунд байна вэ? Зохиолчийн үг хэл, уран сайхны шийдэл зэрэг нь эл сэдвийн бусад зохиолоос цаг хугацааны хувьд түрүүлж сэтгэсний илрэл гэж ойлгож болох уу? Охины бодолд аав, ажаа хоёрыг нь зэрэгцүүлэн дүрсэлсэн учир юунд зангилагдаж байна вэ? Дүр хоорондын холбоо хамаарал болон ялгаатай тал юунд оршино вэ? Ханд эмгэн бэрдээ итгэж дотносон, төрсөн хүүгээсээ илүү хайрлах болсон үүдэл, дүрслэлийг зохиолч хэрхэн урнаар шигтгэв? Дайнд хүнд шархдан амьдрал, мөхлийн үнэ цэнийг нүдээр үзэж, биеэр амссан Дэлэгт, гэртээ ирсний дараа үхлийн талаарх ойлголт хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Хишгээг хадамд гарахад хойт эхийн нь дуулсан дуу дүрийн хувь заяанд ямар нөлөөтэй байв? Аавыг нь ирэхээр өмсөнө гэж бэлдсэн цэнхэр торгон дээл зохиолын үйл явдал, бэлгэдэлт зохиомжид ямар оролцоотой бүтээгдэв? Зургаан сар хамт амьдарсан атлаа зургаан жил хүлээн тэвчиж буйг монгол гэр бүлийн уламжлалт ёс, зан заншилтай холбон уран чадварлагаар дүрслэн бичсэн нууц юунд оршиж байна? Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг, өтөл, идэр, балчир гурван үе (нас)-ийн гурван өөр хүлээлт ямар ялгаатай бүтээгдсэн бэ? Амьдрал, үхэл, хүлээлт энэ гурав хүн бүрийн үг, үйлдэлд хэрхэн өөрөөр илэрхийлэгдэв?

Тиймээс:

Домог зүй, зүүд, ёр билгийн шинжүүдийг илтгэх дүрслэл, үг хэллэгийг бүртгэж, эргэцүүлэн бодоход юу суралцах бол? Орчин, нөхцөл нь дүрийн зан төрх болоод зохиолын сэдвийг тодруулахад ямар нөлөөтэйг бодож үзвэл? Ижийгээ өөд болсонтой эвлэрч чадахгүй байгаа үйлдлүүдийг анзаарвал дүрийн сэтгэл зүй, зан төрхийн урлалд ямар нөлөөтэйг ухаарах бол? Дүрүүдийг тоочин нэрлэж, бүгд эмгэнэлт дүр болж буйн учир шалтгаадыг дараалуулбал? Хүн хүлээх, хүнд итгэх хоёр ямар ялгаатай вэ? Хүлээлт юунд суурилж, юу юу дагуулж, ямар үр дүнд хүргэдэг бол? Оновчтой буюу зохиолчийн уран чадварыг илтгэх үг хэллэг (“харамч нулимс” г.м)-үүдийг жагсаавал?Зохиолын далд утгыг шинжилж, хам сэдвийн хүрээнд хэлэлцэн дүгнэвэл нэмж юу юу ойлгох бол? Дайн, Уянга-сэтгэл зүй, Эмгэнэлт гэсэн сэдэв, төрөл зүйлүүдээс зохиолд хамааралтай үндсэн шинжийг ялган онцолбол? гэсэн асуултуудхариу нэхэгдсээр ирснийг орхиж болно гэж үү?

Энэ мэт асуулт даалгаврууд зохиолчийн туурвил зүйн чадамж, зохиолын уран сайхны боловсруулалтыг тодорхойлох түвшинд бэлтгэгдээд байсан (энэхүү асуулт шүүмж тэрлэгчээр) ч уран зохиолын сурах бичгийн хөтөлбөрөөс хасагдсан (IX анги, 2017) учир юу байв? Дайн тулаанд бус “цагийн илд”-нд хохирсон “энхийн буудлага” уянга сэтгэхүйн “мөнхийн дуудлага” болсон буюу эгэл энгийн үгс зүрхэнд шивнэж чадсан уран тайлал юунд байв аа? Чухам иймээс Засагт ханы хөх харчуудаас заяагаар төрсөн зохиолч, уран бүтээлчийн нэг хэмээн үнэлж яагаад болохгүй гэж?

“Асуулт шүүмж” (Critique questions) хэмээх төрөл (not the critical thinking question) уран сайхны шүүмжлэлд буюу дэлхийн утга зохиолын нэр томьёо, онолын бүтээлүүдэд үгүй ч “захидал шүүмж” (Criticism letter)-ийн нэгэн шинэ хэлбэр болгон (эдгээр асуултыг) илгээж болохсон болов уу? Ийм төрөл, зохиомжийг шинээр үүсгэлээ гэж уг зохиолыг үнэлж болох уу?


Асуулт өргөж, асуудал дэвшүүлсэн
Д.Цэвээндорж Доктор (Ph.D), (ШУА, ХЗХ)