ЗХУ задарснаар Соц. систем гэх дэглэмд коммунизм байгуулах албадлагын мөрөөдөлтэй байсан орос болон бусад үндэстнүүдийн өөрийнхөөрөө мөрөөдөх эрх нь нээгдвэй.

Хоосон хүний эхний мөрөөдөл мөнгөтэй болох. Энэ мөрөөдөл дээр МММ, Русский дом селенга зэрэг санхүүгийн пирамидууд босож нийтээр нь хуурч, хохироож бас сургамж өгсөн түүх бий. Манайд ч бас Жи Тайм мэт нь мэдрүүлсэн. 

Мөрөөдлийн дараагийн шат нь бусдын эсвэл ард түмний гэх эзэнгүй баялгаар тэжээлгэж амьдрах. Ингээд ард түмнийхээ төлөө л амьдардаг мундаг, шударга, сайн удирдагч ер нь бол хаантай болж аваад жаргах мөрөөдөлд нийтээрээ хөтлөгдөнө. Африк, Латин Америк, Араб, Төв Азийн байгалийн баялагтай ихэнх орны иргэд ийм л мөрөөдлөөр амьсгалж амьдардаг нь ажиглагддаг. Тэнд засгийн эрхийн төлөөх тэмцэл хайр найргүй. Зарим оронд нь сонгууль явагддаг боловч амлалт, попрол, луйвраас эхлээд зэвсэгт тэмцэл болоод явчихна. Ялсан тал нь дарангуйллаа тогтоож үндсэн хуулиар түүнээ баталгаажуулах гээд үзчихнэ. Хамгийн гол нь удирдагч ард түмэнд хуваарилан мөрөөдлийг нь бага багаар биелүүлж, өөртөө ч хангалттайг хуваарилах “баялаг” засгийн мэдэлд байж байх ёстой.

Бидний Монголчуудын ихэнх нь мөрөөдлийн энэ шатан дээрээ явна. Харин ч ардчилсан үндсэн хуулийнхаа ачаар бид дээрх орнуудын араас хол явж амжаагүй байна. 

Гэтэл Канад, Австрали, Норвег улсууд байгалийн баялгаа зохистой ашиглан хөгжлийн өндөр түвшинд хүрчээ. Тэнд байгалийн баялгийг Торонтогийн, Австралийн болон бусад биржээр дамжуулан гадаад, дотоодын компани, хувь хүмүүс, сангуудад эзэмшүүлдэг. Биржийн дүрэм нь компанийг удирдах менежментийн багийн үйл ажиллагааг ил тод байлгаж хувьцаа эзэмшигчдийн зүгээс хяналт тавих боломжоор бүрэн хангаж өгдөг. Төрийн байгууллагууд нь уул уурхайн компаниудтай роялти буюу нөөц ашигласны, нефть, байгалийн хийн хувьд бүтээгдэхүүн хуваах гэрээний зэрэг төлбөрүүд, татвар, байгаль орчныг хамгаалах болон аюулгүй ажиллагааны асуудлаар л холбогдоно. Ингэснээр авлига, шахаа, цавчаа, албан тушаалд хүн томилох зэрэг зохисгүй үйлдлээс төрийн албан хаагчдыг хол байлгах нөхцөл бүрддэг байна. Канад, Австралийн уул уурхайн компаниудад төрийн оролцоо байдаггүй. Норвегт төрийн өмчит компани болон баялгийн сангийн тусгай хуулиудтай бөгөөд засгийн газар нь тэдний үйл ажиллагаанд дур мэдэн оролцох эрхгүй байдаг. Эдгээр орнуудад засгийн эрхийн төлөө яахаас ч буцахгүй тэмцэлдээд байдаггүй ба засгийн газар нь ардчилсан сонгуулиар байгуулагдан хуулиа дээдлэн ажиллаж байдаг.

Монголчууд бидний хувьд Таван толгойн хувьцааг иргэдэд шууд эзэмшүүлж байгаа нь том дэвшил бөгөөд иргэдээ биржийн ажиллагаанд суралцуулан цаашид Эрдэнэт, Оюутолгой зэрэг бусад ордыг ч ийм байдлаар ашиглах нь зүйтэй болов уу. 

Тэгэхээр бүгдээрээ Австраличууд, Канадчууд, Норвегчууд шиг мөрөөдөцгөөе.

Байгалийн баялгаар хомс орны иргэд арай өөр мөрөөдөлтэй байх нь аргагүй. Тэдний гол баялаг бол хүн өөрөө, түүний боловсрол, мэдлэг, чадвар, хөдөлмөрч, иргэншсэн байдал юм. Япон, Солонгос, Тайвань хүмүүс баялаг бүтээхэд оролцож амьдралаа өөрсдөө авч яваагаараа бахархацгаадаг. Тэнд Тоёота, Мицибүши, Самсунг, Хьюндай, Асер зэрэг том компаниуд нь эдийн засаг, технологийн хөгжлөө тэргүүлж авч явдаг. Тэдгээр компани нь хувийнх бөгөөд эзэн хүн өөрийнхөө буруу үйлдлийн төлөө хариуцлага хүлээх болохоос манайхан шиг компанийг нь татан унагаах юм уу, баян байгаагийнх нь төлөө шийтгэх гээд байдаггүй харин ч эгзэгтэй үед төр засаг нь итгэл хүлээлгэж дэмжиж ирсэн байдаг. Жижиг дунд үйлдвэрлэл нь ч эднийгээ дагаж хөгжин эдийн засагтаа үлэмж байр суурь эзлэх болжээ. Төр нь учиргүй өмч хөрөнгө эзэмшин бизнест оролцохгүй учир эрх мэдлийн төлөө алалцаад сонгуулийн булхай луйвар болоод байдаггүй. Иргэдийнх нь аж төрөх соёл сонгуульдаа буурьтай, тайван хандаж, ирээдүй, хойч үедээ хандсан зөв сонголтыг хийж байх суурь нөхцөл нь болдог ажээ.

Бид ч үндэсний үйлдвэрлэлээ эдний жишээгээр хөгжүүлмээр байна. 

Япончууд, Солонгосчууд, Тайваньчууд шиг мөрөөдөцгөөе.

Бас манайх шиг цөөн хүн амтай Швейцар, Сингапур, Хонконг, Голланд, Люксембүрг зэрэг орнууд татварын таатай орчин бүрдүүлж гадны хөрөнгийг өөртөө татсанаар нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр бусдаас хол тасран амьдралын түвшингээр дэлхийд тэргүүлж байна. Тэнд хөрөнгө оруулагчдаас элдэв зүйл шаардахгүй зөвхөн бүртгэх хэмжээнд төрийн оролцоог хязгаарлан цөөн төрлийн бага татвар авч хүнд суртал гаргах, авлига нэхэх үүд хаалгыг хаасан байдаг. Мөн шүүх засаглалын хараат бус байдал хангагдсанаар шүүх нь элдэв нөлөөнд автахгүй хуулиа яс мөрдөж ажилладаг. Тиймээс оруулсан хөрөнгийн нууцлал, бүрэн бүтэн байдал баталгаатай хангагддаг. Зарим этгээд хууль бус хөрөнгө мөнгөө тэнд байршуулах сонирхолтой байдаг нь нууц биш. Тэдгээр орны хуулиар мөнгөний эх үүсвэрийг сонирхох нь тэдний үүрэг биш байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь хууль бусаар мөнгө олж татвараас зугтаалган, орлогтоо мэдүүлэлгүй нууж буй этгээд болон түүнд нь хяналт тавих үүрэг бүхий талын хариуцлагын асуудал юм. Оффшор гэгддэг эдгээр орнуудын ард иргэд бол өндөр мэдлэг боловсролтой, үйлчилгээний өндөр соёлтой, хууль дүрмээ яг таг мөрддөг, хөдөлмөрч, хариуцлагатай хүмүүс байдаг. Ардчилсан сонгуулиар байгуулагддаг засгийн газрууд нь ч хуулийн дагуу иргэдийнхээ болон хөрөнгө оруулагчдийн эрх ашгийг дээдлэн ажилладаг.

Манайд бол чөлөөт бүсийг эдний туршлагаар хөгжүүлж болмоор.

Мөн Швед маягийн социализм буюу Скандинавын орнуудын нийгмийн хамгаалал, халамжийн системийг бид шагшин магтацгаадаг. Тэд бас л ардчилсан тогтолцоотой, парламентын засаглалтай, олон үндэстний биш цөөн хүн амтай, хүйтэн цаг агаартайгаараа бидэнтэй төстэй. Харин 90 оноос өмнө бидний амьдарч байсан социализмаас бол ялгаатай. Эдгээр орны засгийн газрууд нь ард иргэдээ удирддаг биш тэдэндээ үйлчилдэг байгууллага. Үндсэн хууль болон бусад хуулиуд нь хувь хүний эрх ашгийг бүхний дээр тавьж хүний амьдрах таатай орчныг бүрдүүлэх, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн байдаг. Тэнд иргэн хүн, хуулийн этгээд, засгийн газрын байгууллагууд хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй, аль нь ч бусдаас давуу эрх эдлэхгүй хуулийн дагуу л оногдсон үүргээ биелүүлнэ. Иргэн хүний татварт төлсөн мөнгө сонгох болон хянах боломжтойгоор янз бүрийн тэтгэвэр, нийгмийн хамгаалал, халамжийн сангуудад байрших бөгөөд эргээд л нийгмийн үйлчилгээ болж хүндээ очдог. Сангийн мөнгийг хадгалах, өсгөх, зориулалтын дагуу зарцуулах менежментэд засгийн газар нь оролцдоггүй. Сангуудын бие даасан байдлыг хуулиар хамгаалсан байдаг. Тэнд мөн ёс суртахууны бичигдээгүй хуулийг ч хүмүүс нь хариуцлагатайгаар дагаж мөрдөн хувь хүний нэр төр өндөр түвшинд баталгаа болж байдаг. Энэ бүхэн нь сангуудын найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангадаг.

Монголчууд бид үндсэн хуулийнхаа үзэл санаанд тулгуурлан Скандинавын орнуудын замаар замнахад болохгүй гэх газаргүй.

Татварын таатай нөхцөлтэй болон өндөр татвартай Ази, Европын эдгээр орнуудын иргэдийн амьдрал төр засгийн толгойд хэн байгаагаас нэг их хамаардаггүй учраас тэд нар сошиал, тролл, амлалт, попролд авталгүй хуулийн дагуу сонгуульдаа оролцож зөв хүнээ сонгож чаддаг. 

Сайны жишээ болж буй дээрх бүх оронд төр засаг нь нуруун дээрээ элдэв илүү ачаа үүрэлгүй, иргэдийнхээ амьдралд байж болох хамгийн бага түвшинд оролцон хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхийг зорьж ажилладаг. Тиймээс тэнд намууд болон сонгуульд нэр дэвшигчид нь “бид засаг аваад та нарт тийм ч юм өгнө, баяжуулна, жаргаана” гэж попрон мөнгөөр уралдах шаардлага байдаггүй. Албан тушаалтнууд нь ч хамгаалалттай машинаар давхилдаж тууз хайчлан өмнөх засгаа яллах гэж улайрцгаадаггүй. Төрий албан хаагчид нь сонгуулиас үл хамааран тогтвортой ажиллаж иргэдийнхээ дунд даруухан амьдарцгаадаг.

Тэд цэнгэлийн манлайд хүргэх нам, засаг, удирдагчийг биш өөрсөдтэйгээ хамт, эрх тэгшээр хуулийн дор амьдрах засгийг мөрөөддөг. 

Тэдэн шиг мөрөөдөцгөөе.


Р.БАДАМДАМДИН
2020.04.14