Буруу ярьсан ч бухаад л дайрчихдаг экс ерөнхий сайд Алтанхуягаас засаг хүлээн авсан  даруйдаа улс орон, эдийн засаг гүнзгий хямралд нэрвэгдээд буйг  хамгийн түрүүнд шуудхан хүлээн зөвшөөрсөн  хүлээцтэй, аядуу, хэлтэй устай улстөрч Сайханбилэг хэрүүл уруул, тэмцэл  талцал дунд хэдэн  сар ерөнхий сайдын албыг залгууллаа.

Хаанаас ч харсан өндөр сүрлэг бие хаатай,  залуу ерөнхий сайд маань олон цогтой мэдэгдлийг ард түмэндээ хандаж хийсэн. Гарч ирсэн даруйдаа төрийн шат шатны хүнд суртлыг түүний дотроос Татварын Ерөнхий Газрын дарга, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга нарыг дуудан  учир утгагүй дараалсан олон  шалгалтыг зогсоох чиглэл өгсөн нь тун дажгүй содон ажил болж, татвар төлөгчид, бизнесийхэнд таалагдаж, зоо нурууг нь түр ч гэсэн амсхийлгээд авсан. Татвар төлөгчид, бизнесийн бүлэглэл түүний зүг өнөө хэр нь горьдлого тээсэн нүдээр харж, нийгэмд ихээхэн хүлээлт үүсгээд буй “Эдийн засгийн ил тод байдал”, “Татварын өршөөл”-ийн хууль зэрэг нь хэзээ батлагдаж хэрхэн гялайлгахыг харсаар...

Бас бидэнтэй адил эдийн засгийн хүндрэлтэй хөрш ОХУ-н бизнес эрхлэгчдийн азтай одтой, ерөнхийлөгч Путины мэргэн түргэн, шийдэмгий шуурхайг гайхширч атаархсаар...

Гэвч эдийн засгаа өөд нь татна гэсэн цоглог яриатай ерөнхий сайдын гялалзуур өнгөлөг байдал нь аажимдаа олон зүйлд санаа зовнисон, бодлогоширсон дүр төрхөөр солигдож буйг ард түмэн телевизийн дэлгэцнээс орой болгон харсаар ...

Ерөнхий сайд ийнхүү мэдэгдэл, мэдээлэл хийсний дараа ёс шиг гардаг эфирийн одод  “Ерөнхий тэмцэгч” нарын  халуун эх оронч, уран цэцэн үгс, шийдэмгий царайг бид уйдатлаа үзэцгээж байна. Айл гэрээр бол аав ээж нар нь чиний буруу, миний зөв хэмээн голомтоо самран хэрэлдсэн, хэдэн хүүхдүүд нь хэнийхээ талд орохыг мэдэхгүй гайхширан хэдэн талд бөөгнөрөн царай алдсан ийм л дүр зураг.

Харамсалтай нь нам, засгийн эрх мэдлийг хослон бариагүйн харгайгаар эрх мэдэлтэн, популистууд,  хуучинсаг хэсгийнхэнд  олон удаа ерөнхий сайд маань  амаа алгадуулсан, олон ч ажил нь ажил бололгүй  зогссон.

Гэхдээ ерөнхий сайд энэ хугацаанд багагүй ажлыг амжуулжээ. Ажлаа авмагцаа  Их Наран улсыг зорьж “Иж бүрэн стратегийн түншлэл”-д гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээг  үндэсний үйлдвэрлэгчид, бизнесийнхэн өнөөдөр дэлхийн зах зээлд хөл тавих, тогтвортой том эдийн засагтай, урт удаан хугацаанд түншлэх хамгийн боломжтой гарц хувилбар гэж үзэж  байна. Олон компани бизнес төлөвлөгөөгөө энэ чиг рүү хандууллаа. Одоо дуншиж буй том “Таван толгой”-н  төсөлд японы Сумитомо корпораци оролцож буй нь энэ төслийн гялтайх ганц чимэг нь болоод байгааг монголчууд олонхиороо бараг зөвшөөрөөд байна. Японд хийгдсэн ерөнхий сайдын айлчлалаар Хөшигтийн хөндийн ОУ-н нисэх буудал ч 2016 онд ашиглалтанд орох нь нэгэнт тодорхой болжээ.

Хэдхэн хоногийн өмнө нэг тэрбум 250 сая хүн амаараа дэлхийд 2-т ордог,  хүчирхэг эдийн засагтай Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 05-р сарын 16-18- ны хооронд Монголд айлчилж 14 баримт бичигт  гарын үсэг зуран, монгол улсын байгууллагын хөгжил, дэд бүтэц, хүний нөөцийн хөгжилд зориулан 1 тэрбум  долларын  зээлийн шугам нээв.

“Оюу толгой”  төслийн далд уурхайн  бүтээн  байгуулалтын 6 тэрбум ам долларын  хөрөнгө оруулалт бүхий ажлыг эхлүүлэхээр Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод Монгол улсын Ерөнхий сайд Сайханбилэг “Rio Tinto” –ийн зэс нүүрсний бүлгийн захирал Жан Себастиан Жак нар бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурж, маргаантай  байсан 30 сая ам долларын  татвараа “Rio Tinto”  төлөхөөр болов.  Зогсонги  байдалд орсон далд уурхайн бүтээн байгуулалт  эхэлснээр  далд уурхайн нарийн мэргэжлийн  2000-3000 ажлын байр шинээр бий болно. Улмаар 2019 он гэхэд Оюу толгой төсөл  бүрэн хүчин чадлаараа  ажиллаж эхлэнэ. 

Дараагийн ээлжинд гацаанд ороод байгаа “Таван толгой” төслийг хөдөлгөж чадвал Монголын  эдийн засгийн машин хүчээ аван ажиллаж эхэлнэ.  Шинээр  тавигдах  төмөр зам, хурдны зам, дэд бүтэц, “Таван толгой”-н мега төсөл  энэ бүхнийг хөдөлгөх авьяас, торгон мэдрэмж  түүнд байгаа ч юм билүү.

Монгол улсын ерөнхий сайд энд мэдээлэл хиймэгц Нью Йоркийн хөрөнгийн биржид хөрөнгө оруулагчдын хувьцаа өсөж, монголд “Ерөнхий тэмцэгч” нар  үнэ цэнээ өсгөдөг.

Хамгийн эгзэгтэй үед ажиллаж буй ганган шаазан шиг хэврэгхэн Засгийн Газраа нэг гартаа, олон ашиг сонирхол, хор шингэсэн Мега төслүүдээ нөгөө гартаа барьсаар ерөнхий сайд харь Дубайгаас эх орондоо ирлээ. Аль аль нэгийг нь алдаж унагаах эрх түүнд байхгүй.

Эх орон нэгтнүүд нь аанай л түүнийг горьдсон, тээнэгэлзсэн, бахархсан, эсэргүүцсэн, хардсан байдалтай  угтлаа.

Ямар ч гэлээ  хувийн хэвшил, татвар төлөгчдийн амжилттай ажиллагаа ,гадна дотны хөрөнгө оруулагчдын хүчээр улс орон  хямралаас гарна. Тэр тусмаа Оюу толгой, Таван толгойн төсөл хөдөлж л байж эдийн  засаг өндийнө.

Алсыг зорин хөдөлсөн жингийн их цувааг монголчуудын дийлэнх олонхи зогсоохыг хүсэхгүй байна.

Ямар ч гэлээ Сайханбилэг ерөнхий сайд Сайханбилэг “тэмдэг” биш гэдгийг  бид харж эхэллээ.

Түүнд итгэсэн шиг итгэе.

Гэхдээ ард нь  хариуцлага бий гэдгийг ч бас сануулая.


До.БАТБАЯР
2014 оны 05-р сарын 21-ны өдөр