Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуутай Буддын гүн ухаан, бурхны шашинтай холбоотой сэдвээр товч ярилцлаа.


-Монголчуудын дийлэнхи хувь нь Будда буюу бурхны шашин шүтдэг.Гэхдээ шашныхаа мөн чанарыг ойлгохгүй, мухар сүсгээр хандах нь их байдгийг судалгаа харуулдаг. Тиймээс бурхны шашны талаар зарим нэг зүйлийг бидэнд тайлбарлаж өгөөч. Тухайлбал Бурхан гэж юу юм бэ гэдгийг та энгийнээр хэлж өгөөч. Буддаг бид бурхан гэж шүтдэг. Гэхдээ тэр бол бидэнтэй л адил ертөнцөд амьдарч байсан хүн. Гэтэл бурхны шашинд хүнээс гадна хийсвэр гэх юм уу, ид шид гэх үү бурхан гэсэн ойлголт бас байдаг. Тухайлбал Ямандаг, Очирваань гээд янз бүрийн дүр зүстэй, шавар, төмөр, гууль, цаасан бурхдыг бас шүтдэг шүү дээ? Өөрөөр хэлбэл бурхан гэж хүн юм уу, эсвэл тэр янз бүрийн хачин сонин дүрстэй зүйл юм уу?

- Будда гэж ерөнхий нэр, төгс гэгээрсэн нэгнийг хэлдэг. Гэгээрнэ гэхээр ид шид олж авахдаа биш, муу сэтгэлээ л ялж дийлсэн гэсэн үг. Тэхээр Шагжмүни Бурханыг бид, хүнд байдаг сайн чанар бүхнийг дээд цэгт нь хүртэл хөгжүүлж, аливаа муу сэтгэлээ дарсан хүн гэж итгэдэг. Өөрийн тань хэлсэнчлэн шавар ч юм уу гуулиар Бурхан урлаад түүндээ хүндэтгэл үзүүлж буй нь Төгс Гэгээрсэн нэгнийг бэлэгдэж буй хэрэг, жишээлбэл бид аав ээж, хайртай хүмүүсийхээ зургыг хүндэлдэг шүү дээ. 

-Тэгвэл лам нар ном уншиж засал хийх биш харин бурхны шашны тухай, онол номынх нь тухай хүмүүст таниулж, лекц унших ёстой юм биш үү?

- Яг зөв. Би яг ингэж боддог. Тиймдээ ч Жавзандамба хутагт төвдөө ч өөр газруудад ч байнга лекц уншиж, хүмүүст бурхны шашныг хэрхэн ойлгох талаар тайлбарлаж таниулж явдаг юм. Гэхдээ энүүгээрээ би ном уншихыг бүр хэрэггүй, муу зүйл гэж хэлээгүй шүү. Ном уншуулахын утга агуулга, түүний Буддын онолын зөвтгөлийг би өөр ярилцлагадаа дэлгэрэнгүй тайлбарлаж байсан. Гэхдээ дахиад л өмнө хэлснээ хэлэхэд, ном гэдэг адис авдаг төдий зүйл биш ээ. Нээж үзэж, уншиж ойлгох ёстой. 1000 удаа адис авснаас нэг удаа утгыг нь ойлгох, хэрэгжүүлэх нь шимтэй юм.. 

- Дахиад танин мэдэхүйн шинжтэй нэг юм асууя. Бурхны шашны сахил санваар гэж юу юм бэ, бурхны шашинд эрдмийн ямар цол зэрэг байдаг вэ ?

- Бурханы шашны бүх цол хэргэмийг тайлбарлаж амжихгүй биз. Гэхдээ бүдүүн тоймоор, сахилын, эрдмийн, хурал зан үйлийн, албан тушаалын гэж 4 хувааж болно. Эхний сахил гэдэг бол хүн өөрийн хүслээр, тухайн сахилын төрлөөсөө хамаарч элдэв муу зүйлсийг хийхгүй, эсвэл сайн зүйлсийг хийнэ хэмээн андгай өргөн, тодорхой зан үйлийн дагуу өөртөө авч, нандин хайрладаг өөрийн бие, хэл, сэтгэлийг хянан сахиж буй сэтгэл болон түүний дадал, хөрөнгө сэлтэс юм. Нэлээн хэдэн хэлбэртэйгээс илүү нийтлэг яригддаг нь, тусад гэтлэгчийн сахилууд бөгөөд, нэг өдрийн болон насан туршид сахидаг гэнэн, гэцэл, гэловма, гэлэн зэрэг байна. Эдгээрээс хамгийн олон сахигдахуунтай нь эрэгтэй, эмэгтэй гэлэнгийн санваарууд бөгөөд эрэгтэй гэлэн 250 гаран зүйлс сахиж мөрддөг.

Эрдмийн цолуудын хувьд, суралцаж буй салбараасаа хамаарч, жишээлбэл, тарнийн дацанд сууснаар аграмба, цанид чойрын сургуульд сууснаар дооромбо, равжамба, гавж, лхаарамба, зурхайн дацанд сууснаар зээрэмбэ зэрэг цолийг хүртэнэ. 

-Бурхны шашны цол сахилаас гадна хийдийн албан тушаал гэж байдаг. Хамба лам, цорж, унзад гэх мэт. Цол, албан тушаал хоёр хоорондоо хамаатай юм уу?

- Бидний олонтаа сонссон, унзад, гэсгүй, цорж, човомбо зэрэг цолууд нь хүрээ хийдийн хурал, зан үйлтэй холбоотой, тухайн хурал зан үйлд гүйцэтгэх үүрэг, чиглэлийг тодорхойлсон цолууд юм. Зарим тушаал зөвхөн хурлын зан үйлээр хязгаарлагдахгүй ч тоймдоо ийм юм. Жишээлбэл унзад лам гэдэг хурлын уншлагийг голлон хариуцдаг бол цорж лам нь хурлын үеийн бясалгалыг, човомбо нь хурлын зан үйлийн хэрэглэл, тэр дундаа тахилиудыг хариуцах гэх мэт. Нөгөө талаар эдүгээ хэрэглэгдэж байгаа жишгээр хамба, дэд хамба, даа лам, тамгын лам, шанзав зэрэг нь шашны байгууллын үйл ажиллагааг хариуцсан захиргааны албан тушаалууд юм. Эдгээр хариултыг ерөнхий ойлголтын төвшинд өглөө.

-Та нэг ярилцлагадаа Монголд Ардын хувьсгалаас хойш тасарсан Лхаарамба хэмээх цолыг Монголын хоёр залуу хүртэх гэж байгаа, тэд цолоо хамгаалаад Монголдоо ирэхээр олон юм өөрчлөгдөнө гэж хэлсэн байсан. Таны ярилцлагадаа дурьдсан тэр хүн Жавзандорж лам мөн үү? Ер нь лхаарамба гэж ямар цол юм бэ?

-Буддын гүн ухааны равжамба, гавж, лхаарамба цолууд нь цанид дацангийн сургалтын цөм хөтөлбөр чойрын 5-н ботийг дүүргэсэн оюутнууд олон багш, суралцагчдын өмнө бүтэн өдрийн турш дамжаа барих буюу тэдний асуултанд хариулснаар хамгаалж авдаг цол юм. Гэхдээ равжамба, гавж зэрэг цолуудыг тухайн гүн ухааны сургуулиас өгдөг бол лхаарамба хэмээх цол нь, нэн ялангуяа сүүлийн үед шалгалтын аргачлал нь хөгжөөд, Төвдийн Буддийн гүн ухааны 6-н том гололсон сургуулиуд нийлээд Гэлүгбийн шашны эрдмийн зөвлөл байгуулж, энэ зөвлөлөөс зохион байгуулдаг шалгалтыг 6-н жилийн турш амжилттай өгч байж хүртдэг эрхэм цол. Нэг жилдээ энэ сургуулиудыг 1000 шахуу хүн төгсдөг боловч шигшигдсэн 100 орчим хүн л энэ шалгалтыг өгөх эрх авдаг. Монголоос лхаарамба цолыг хамгаалсан хүн Ардын хувьсгалаас урьд олон гарч байсан боловч, удтал тасарсны эцэст Жавзандорж хэмээх залуу лам уг цолыг удахгүй хамгаалах гэж байна. Тодотгож хэлэхэд тэрээр, Лхаарамба цолыг зүгээр нэг хамгаалаад зогсохгүй өмнөх таван жилд өгсөн шалгалтын дүнгээс харахад энэ жил лхаарамба цол хамгаалах хүмүүсийн нэгдүгээрт бичигдэх магадлал тун өндөр байна. Хувь хүн бүү хэл Буддын гүн ухааны том том сургуулиудын хувьд ч өөрийнх нь төгсөгч нэгд эрэмблэгдсэн лхаарамба болно гэдэг нэр төрийн хэрэг байдаг. Энэ жил хаанахын хэн гэдэг хувраг лхаарамбын нэгд эрэмблэгдэх вэ гэдэг Буддын гүн ухааны хүрээлэл дотроо маш том сэдэв, хүлээлт. Товчхон хэлэхэд, Жавзандоржийн тухай өмнөд Энэтхэгийн Буддын ертөнц шуугиж байна. Дараа жил ч Бат-Итгэл гэж залуу лам лхаарамба цол хамгаалахаар шалгалтуудаа амжилттай өгч байгаа. Ийм эрдэм номтой залуу Лхаарамбууд ирээд сүсэгтэн олонд төдийгүй лам хуврагууддаа ч их зүйлийг хэлж өгөх байх аа. Жавзандорж ламтаны хувьд нутагтаа ирэх бүртээ хүмүүст буддын шашныг хэрхэн шүтэж ойлгох талаар лекц уншдаг, хөдөө аймгуудаар ч явж иргэдтэй уулзаж, лекц уншиж байгаа харагддаг. Энэ маш чухал юм.