Капитализм нь: - хүн ажил мэргэжлийн хувьд ч, хувийн амьдралдаа ч маш тодорхой зорилго тавьж, зорилт дэвшүүлэн, түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэх зүтгэл, өөрийгөө хөгжүүлэх өөдрөгөөр цоо шинээр сэтгэдэг зарчимч хувь хүний чадавхын тогтолцоо юм.

Хүний эрх, эрх чөлөө нэн тэргүүнд тавигддаг, чөлөөт өрсөлдөөнийг өөгшүүлдэг зах зээлийн нийгэмд үр өгөөжтөй ашигтай ажиллаж, хүн хувиа бодож, бодит чиг хандлага, илүү бүтээлч санаачлагатай, үр дүнтэй байдаг бол - тэгшитгэлийг баримталдаг халамжийн тогтолцоотой улсад хүний чадавх, идэвх улам хумигдаад хүн амжилтанд хүрэхийн тулд бусдаас илүү үнэ цэнтэй сайныг бүтээх гэж биш - бүр байчихаад тогтолцоонд буюу тухайн орчинтой нийцэх гэж оромцоглодог. 

Тэгээд л хариуцлага суларна. Зарчим зуларна. Эрсдлээс зайлсхийнэ. Хүний урам зориг мохно. Манай өнөөгийн амьдралын дүр төрх яг ийм болоод удаж ужгирч гүйцлээ. Энэ ужгиршил 2000 оноос хойш 19 жил үргэлжилж байна. Зөв философитой бизнесмэнүүд, аливаа ажил үйлс, амжилт ололт тэр ч бүү хэл, хэцүү бүхнийг, эрсдлийг ямар ч төрийн түшээдээс илүү ухаантай, үр дүнтэй шийдвэрлэж чадна. 

Бүхий л амьдралынхаа турш зөв бодолтой зарчимтай, жудагтай л байвал болох нь тэр. Түүнээс биш, тийм болох гээд л албадаад, хүчлүүлэх юм бол улам ч буруу руу залуурдагдана. Бизнесмэн хүний шийдвэр баримтан дээр тулгуурлаж, бодит хөрсөнд буух нь зөв үнэ цэн авчирна. Рациональ сэтгэх нь чөлөөт өрсөлдөөнд ихээхэн бодитой давуу үйлдэл болно. Зөв философи гэдэг энэ л дээ. Үнэнтэй, бодит үнэ цэнтэй нүүр тулахаас зайлсхийх нь бүтэлгүйтэл рүү хөтөлж, сүйрэл рүү нүүлгэнэ. Монгол Улс ухарч нүүгээд эхэллээ...

Сэтгэж, тархиа ажиллуулж, ажил үйлс аливаад рациональ зөв бие даасан чөлөөт бүтээлч хандлагатай, прагматик бус байсан цагт л бүх чиг баримжаа гийгүүлэлтэй болж... альтуризмын чимээгүй мярааж буй “шоронд” нэрвэгдэхгүй гарах боломж байгаа юм.

Альтуризмын “боолчлол” бусдад туслахыг, хүмүүнд зах зээлийн давуу талаа “төрд” бэлэглэхийг тулгадаг, золиос шаардсан гаж зам мөнөөс мөн. Энэ гажуу гөжүү замаар замнавал самуурал болно гэдгийг дэлхийн түүх нотод харуулж буйг мэдсээр байж, альтуризмд гинжлүүлж, түүгээрээ бахархаад прагматик болж байгаа нь бидний өнөөгийн үйл явцын гажуудал. Тоталитар дэглэмээс салсан боловч гажуудсан ардчилал руу хурдтай дөхөж явна.

Албадлагаар хүүхдэд 20 000 төгрөг, зориудаар шинэ гэр бүлд 500 мянган төгрөг, санаатайгаар Эрдэнэсийн хувь болгож 1.0-1.5 сая төгрөг олгосон шийдвэр бол сонгогчдыг татаж давхар золиослосон альтурист араншин болой.

Дөнгөж саяхан нэгэн альтурист, прагматик улс төрчинцөр жинхэнэ хувьсгал, өөрчлөлт шинэчлэлийг үймээн самуун мэтээр нэрлэж, одоо хувьсгал хийх ухааны сэжим цухайлгана билээ Улсын Их “Хэрүүл”-ийн танхимдаа хэрүүлч хамилеон.

Тэр хамилеоны хэлсэн цагаан морин жилийн хувьсгал “үймээн” нь хүнийг өөрийг нь өөрөөр нь үнэлүүлэх жам ёсны үнэ цэнийг авчирсан түүхэн аугаа үйл хэрэг л дээ. 

Муучлаад байгаа тэр үймээнийхээ ачаар чөлөөтөй хэлэх, ярих, шүтэх, сонгох сонгогдох, тэр ч бүү хэл, солиорох эрх чөлөөтөй болсон шимэгч хамилеон л доо.

Цагаан морин жил яг юу болсныг “түмэн олон, түмэн олон” гэж гонгиногч мэдэх ч үгүй... Эрхэм шимэгч зүг чигээ бас өөрийгөө одоо хүртэл олоогүй нь цаашдаа ч юу болох нь тодорхой.

Учир нь тэр Улсын Их “Хэрүүл” дэх хамгийн мэдлэггүй дорой хамилеон.

Жудаггүйчүүд сайн сайхнаас буянт үйлсийг нь сул доройчууд хүчтэйгийнхээ хүч чадлыг, тэнэгүүд мэргэдийнхээ цэцэн билгийг хулгайлахдаа “бид”, “түмэн олон”, “ард түмэн” гэдэг үгээр халхавч хийж, амьд явагчаа болдог байна. Дашрамд хэлэхэд эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй, альтурист, прагматик Улсын Их “Хэрүүл”-ийг тараасан нь зөв байна гэсэн дүгнэлтэд хүрлээ... 

Атаа жөтөө нэрж, албан тушаал, эрх дархын хэнээ туссан, хорон могой үг зөөж, өс зузаалагч бузар булай булхайгаа дуудалцдаг, бүгдээрээ муу муухайн “гуншинтай”, зусар бялдуугийн “цолтой” бялдага Улсын Их “Хэрүүл”-ийг огцруулья.

-Одоо тийм эр зориг байна уу? 

-Байсныгаа, байгаагаа зүхээд сөнөөгөөд өөдөө гарна гэж андуурч байна даа...

Эгэлгүй суу билигтнүүдээ оломгүй муу муухайн сав руу түлх...түлх... хүмүүн төрөлхтний адгийн авиртангууд тийм юм хойно доо. Тэгсэн хэрнээ тэдний бүтээсэн босгосонд амь хоргодохчоо болж, буй болгосон эрх чөлөөг нь өөрөө цогцлоосон аятай... наадаж наргиж, цэнгэж жаргаж, хулгай луйварт дөрлүүлж явах юм.

Тэгээд ч зогсохгүй өөрийнхөөрөө бус, бусдынхаар хөнгөн бэлэн амьдрал хайж, цүнх барин зүг чиггүй гүйлдэх ажээ. Цүнх нь өөрийнх нь биш, золиос нэхэгчийнх нь сав.

Альтурист байх нь дэмий гээд зарим заримдгууд, бизнес эрхлэгчид хүртэл прагматист болчихдог. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчийн үлгэр.

Манайд одоо хэрэгжих эсэх нь мэдэгдэхгүй байгаа, бас хэрэгжихчээ болж буй ипотекийн зээл дампуурал руу хөтлөнө... Эртхэн хэлчихье. Нэмээд итгэлийн зээл “итгэлгүйн зээл” энэ нь сүйрэл рүү аваачина... Одоо дуулгачихъя. Прагматизм өнөө маргаашаа л боддог. Хэзээ ч холыг хардаггүй...

Бизнесийн эрч хүчийг хөнөөдөг философи бол альтуризм, прагматизм хоёрын нийлбэр юм. Хүн ажил үйлсдээ, мөнгөнд холын хараатай, голч цэгцтэй байр сууринаас хандаж өөрийн хувийн ашиг сонирхлыг рациональ үнэлэх учиртай.

Альтуризм гэдэг нэр томьёог XIX зууны үед Фрацнын философич Август Комте зохиосон түүхтэй юм байна. Латин үгийн “альтер” буюу “өөр бусад” гэдэг үгэнд үндэслэн зохиожээ (“Бизнесийн философи” ном, 8-р хуудас). Альтуризм үгчлэн орчуулвал “бусдын изм – бусдыг бодох үзэл” гэсэн үг. Комте үүнийгээ бусдыг өөрөөсөө өндөрт тавих үзэл гэж тайлбарлажээ. Бүр тодруулвал бусад хүнд туслах боломжтой хүн өөрийнхөө боломжоор сайн дураараа дэм үзүүлэх явдал биш, бүр эсрэгээрээ нөхцөл тавилгүйгээр өөрийгөө золиослон, өөрийн хамаг хүсэл сонирхол, дур таашаал, үзэл бодлоо огоорон байж, бусдыг өөрөөсөө дээгүүр тавих үзэл юм. Альтуризм + прагматизм = дампуурал сүйрэл... эмгэнэл... эзэнгүйдэл...

Монголд энэ хоёр үзлийн үр хөврөл газар авч байна. Прагматик философийг зарчимч үнэ цэнийн эсрэг үзэлт Виллиам Жеймс, Жон Дюи гэдэг хоёр хүн зохиожээ (“Бизнесийн философи” ном, 34-р хуудас). Тууштай бус хандлага бол прагматизм мөн. “Хадан дээр сийлсэн тамга лугаа адил чанд цэгцтэй хүн байхад, усан дээр зурсан зураг адил хүн байна”. Хадан дээр сийлсэн нь рациональ + обьективист, нөгөөдөх нь прагматик + альтурист + иррациональ гэсэн үг.

Тээнэгэлзэж шийргэнэсэн хүний тэнэглэх нь олон... Тийм хүн туйлширамтгай, худал хуурмагийн боол болж, ахуй орчин, хавь ойрынхондоо халтай хэрэг явдал тарьдаг.

Өөртөө итгэдэггүй, ид шидэнд итгэгчид, ээжийгээ шүтдэггүй, бурхан шүтэгчид, өөрийгөө хайрладаггүй, өрөөлийг хайрлагчид, өөрийгөө боддоггүй, бусдыг бодогчид, өөрөөрөө бахархдаггүй, өөр бусдаар бахархагчид л хамгийн туушгүй, байр суурь нь тодорхойгүй, тулхгүй хандлага гаргадаг болой...

Догмидын СОСОРБАРАМ
2019 оны 5-р сарын 29
Токио хот