(“Зугаатай хэл шинжлэл” хэмээх бүлэг ажиллуулж буй туршлагаас)

Миний бие сүүлийн үед өдөр бүр нийтийн сүлжээ, ялангуяа Нүүр номд нэг цагийнхаа ажлыг зарцуулдаг болоод байна. “Зугаатай хэл шинжлэл” гэж бүлэг байгуулсан, тэнд болж буй маргаан, мэтгэлцээнд оролцох, мөн хувийн захидлаар илгээсэн зөв бичих дүрмийн асуултуудад хариулан, тайлбарлах, ийм хоёр үндсэн ажил юм л даа. Нүүр номын буян их юм. Монголдоо байхгүй боловч онлайнаар олон хүнд хэлний зүй тогтол, дүрэм зэргийг хэлж өгөх үедээ өгөөд, сонсож авах үедээ аваад яваад байж болж байна. Дээр үед л зайны сургалт гэж яриад байдаг байсан, тэр нь яг болж байх шиг. Хавтгай дэлхийд бие махбодын байршил хамаагүй болж. Яг олон нийтийн дунд ороод, хүмүүс монгол хэл, бичгийн тухай юу бодож явдгийг өөрийн биеэр сонсох, унших боломж гарч ирж байна. Ингээд энэ удаад ерөөс монгол хэлний бүх салбар, судалгааны тухайд бус, зөвхөн зөв бичих дүрмийн тухайд ард олны дунд буруу зөв ямар ямар хандлага байгааг ажигласнаа хуваалцъя.

    Нэгэн зүйл. Гомдол хэзээ ч тасрахгүй

Санал асуулт, мэтгэлцээн зэргийг харахад буруу зөв бичлэгийн талаарх гомдол бол хэзээ ч тасрахгүй нь тодорхой байна. Ухаан нь "дээрх -дээрхи" гэж хүмүүс хоёр янзаар бичээд байж. Бүр дөч, тавиад оноос, монгол бичгээс кирил үсэгт шилжих үеэс л эхлээд шүү дээ. Нэгэнт л шинэ үсэгт шилжиж байгаа учраас шууд л бүх юм цэгцэрчихнэ гэж байхгүй, зарим нь хуучнаа баримтлаад "дээрхи" гэнэ, зарим нь шинэчлэлээ бариад "дээрх" гэнэ. Тавь тавин хувьтай гэж үзье л дээ, хамаагүй. Монгол бичгээ орхисон нь л буруу болохоос яг энэ тохиолдолд бол хоёр янзаар бичиж эхэлж байгаа хүмүүсийн хувьд тэр энэнийх нь зөв буруу гэх аргагүй юм.

За тэгээд л энэ чигээр нь явуулаад байж болохгүй, хүмүүс уурлаж эхэлнэ. "Аль нь зөв юм бэ? Хэлний мэргэжилтэн гэж байгаа юм уу, иймхэн юмыг зөвийг нь тогтоочхож чадахгүй юм уу?, Шийдчих л дээ, дур дураараа бичээд байна шүү дээ" гээд л. Тэгэхээр нь журамлана даа. Яг уугуул зөв хэлбэр нь энэ гэх мөн чанарын зүйл бол байхгүй, Учир нь хэлзүйн тухайд яривал хүн өөрөө шийддэггүй, аяндаа цэгцэрдэг, зүй тогтлыг нь зөвхөн олж тогтоохоос зохиож болдоггүй тогтолцоо байдаг бол, үсгийн дүрмийн хувьд бол ямар нэг зарчим бариад, зохиочхож болдог, өөрөөр хэлбэл хүн шийдчихэж болдог зүйл юм. Аль нэгээр нь шийдэх нь чухал болохоос алинаар нь шийдсэн нь илүү зөв бэ гэдэг тийм ч чухал биш. Жишээ нь Дамдинсүрэн гуай бол эгшигт гийгүүлэгчийн араас заримдаг гийгүүлэгч эгшиггүй бичигдэнэ гэдэг дүрмээ бариад л "дээрх" гээд шууд шийдчихсэн, журамлачихсан байгаа юм. 1983 онд болсон явдал ярьж байна. За сайхан болов уу? Үгүй шүү. Гомдол тасрахгүй ээ.

"Дээрхи" гэж бичээд хэвшчихсэн улс нь "Хэн, юу солиод, яагаад ингээд өөрчлөөд байдаг юм бэ, хэн дуртай нь ингээд солиод байдаг юм уу? Хэзээ ийм болчив?" гэж гомдоллоно. Юун 1983 онд дунд сургуульд сурч байх, дөнгөж төрж байсан хүүхдүүд хүртэл “Намайг багад дүрэм ийм байсан...” гэж ирээд л. За тэгвэл асууя. Хэрвээ "дээрхи" гэдгээр нь журамласан байсан бол, “дээрхи” нь үнэхээр зөв зүйтэй хэлбэр нь байсан гэж үзсэн бол гомдол тасрах байсан уу? Тэрэн шиг худлаа юм бас байхгүй. "Дээрх" гэж бичиж дадсан улс нь тэгвэл уурлаж эхлэх байсан нь тодорхой. "Яагаад бидний бичээд хэвшсэн байсан зүйлийг өөрчлөв? Хэнд хэрэгтэй гэж хэл шинжээчид ийм юм хийв? Өөр хийх юм олдохгүй байна уу?" гээд л. Журамлахгүй яваад байвал уурлана, аль нэгээр нь журамлачихвал нөгөөхөөр нь бичиж сурсан 50 хувь  уурлана. Тэгэхээр яах вэ? Журамладгаараа журамлаад л, зарим нэгийг нь уурлуулаад л явахаас аргагүй юм даа. Бүх хүнийг баярлуулна гэвэл огт журамлахгүй, дур дураараа бич гээд нэг хаяж болох юм. Үнэнийг хэлэхэд тэгэхээр ч бас уурлах хүн гарна. Өөрөөр хэлбэл нэгэнт л дөнгөж дөчөөд онд шинэ буюу кирил үсэгт шилжсэн улс, асуудал гомдол бол хэнээс ч шалтгаалахгүйгээр нэг хэсэгтээ байсаар л байх болно.

    Нэгэн зүйл. Буруу бичдэгээ “дүрэм өөрчлөгдсөн” гэж бодох нь

Маш олон хүн янз бүрийн шалтгаанаар буруу бичиж хэвшсэн байдаг, гол нь тэрийгээ алдаад байна гэж боддоггүй, үнэхээр тэгж бичдэг байсан дүрэм нь солигдсон гэж бодож явдаг юм байна.  Тээр жил нэг оюутны диплом хамгаалсан явдал санаанд байнга ордог юм. Нэг зохиолчийн уран бүтээлдээ хуучирсан үг хэллэг (архаизм) – ийг хэрхэн хэрэглэсэн тухай ажил байсан юм л даа. Түүсэн үгсийг нь хараад байсан, зарим нь тун сэжигтэй болоод явчихлаа. Тэгэхээр нь “Ингэхэд чи тухайн үгээ хуучирсан эсэхийг ямар шалгуураар шүүж түүсэн юм бэ?” гэсэн олигтой хариулахгүй л байна. Мань эр тэгсэн, уншиж байгаад л өөрөө мэдэхгүй болохоороо “хуучирсан үг” дотор оруулаад байсан байгаа юм. Доржийн тэр үгийг мэдэхгүй байгаа нь тухайн үг “хуучирчихсан” гэсэн үг мөн үү?

Яг л түүний адилаар Батын тэр үгийг буруу бичдэг нь дүрэм солигдчихсон гэсэн үг мөн үү?

Ер нь хэлний багш хүнд бол уг нь яагаад тийн буруу бичээд байгаа нь бол мэдэгддэг л юм. Жишээ нь Ж, Ч, Ш-ийн арын балархай эгшгийг гээдэггүй байсан гэх хүн олон байдаг. “Ажлын, учраас” гэхгүй “ажилын, учираас” гэдэг байсан л гэж хэлж байна л даа. Энэ алдаа нь хоёр өөр дүрмийг нийлүүлээд, гээгдэх эгшгийн дүрэмтэй хольсноос болж байгаа хэрэг. Эхнийх нь 1-р үеэс хойш Ж, Ч, Ш-ийн дараа богино эгшиг бичих хэрэгтэй болбол зөвхөн И бичнэ гэсэн дүрэм. Нөгөөх нь зөөлрүүлэх үүрэгтэй И-г гээдэггүй гэсэн дүрэм. “Танил” гэдэг үгний И зөөлрүүлж байгаа учраас гээгдэхгүй. Энэ хоёр дүрэм холилдоод Ж, Ч, Ш-ийн дараах И-г гээхгүй гэж хүнийг бодоход хүргэдэг аж.

“Авхуулах, явчхаарай” гэх мэт үгийн эгшгийг гээдэггүй алдаа түгээмэл байна. Тэр нь үйлт нэрийн Х-тэй андуураад байгаа хэрэг. Үйлт нэрийн Х-гийн өмнөх эгшгийг хэзээ ч гээдэггүй, харин миний өмнө бичсэн тэр хоёр үгэн дэх Х бол үйлт нэрийн Х биш юм.

“Баяжна, түшнэ, бэхэжнэ” гэх мэт үгийг “Баяжина, түшинэ, бэхжинэ” гэж бичээд байгаагийн шалтгаан нь “Баяжих, түших, бэхжих” гэсэн хэлбэртэй андуураад байгаа хэрэг. Үйлт нэрийн Х заавал өмнөө эгшигтэй бичигддэг дүрэмтэй учраас “Баяж, түш, бэхэж” дээр Х залгахад өмнө нь эгшиг бичих хэрэгтэй болж байгаа юм л даа. Харин тэр гурван үйл дээр “На, Нэ” залгахад бол асуудалгүй, шууд л бичнэ. Энэ мэтээр ихэнх хүний алдааг юунаас болоод байгааг, юутай андуураад байгааг мэдэж болдог юм. Гол хэлэх гээд байгаа санаа бол таны буруу бичдэг нь дүрэм өөрчлөгдсөн гэсэн үг биш юм шүү л гэж.

    Нэгэн зүйл. 1983 оны дүрэм гэхээр тэрнээс өмнө дүрэм өөр байсан гэж ойлгох нь

Өдгөө та бидний баримталж байгаа дүрэм бол 1983 онд хэвлэгдсэн "Монгол үсгийн дүрмийн толь". Ц. Дамдинсүрэн, Б. Осор нарын хамтын бүтээл. Тэгэхээр энэ дүрэм 1983 онд гарсан юм бол өмнө нь эгшигт гийгүүлэгчийг эгшиггүй бичдэг байсан ч юм уу, С, Х-ийн араас Т, Ч-г эгшигтэй бичдэг байж гэж олон хүн боддог аж. 1983 онд нэлээд хэдэн үгийг сүүлийн нөгөө 700 үг гэдэг шиг цэгцэлж журамласан (дэгдээхэй-дэгдээхий, суртхуун-суртахуун гэх мэтээр) болохоос биш яг барьж байгаа дүрэм нь бол өөрчлөгдөөгүй юм л даа. Дамдинсүрэн, Осор нарын өөрсдийнх нь үгээр эш татвал тодорхой болно. Уг номын 7-р талд: "...Бид энэ толь бичигтээ Монгол үсгийн товч дүрмийг хавсаргав. Энэ бол чухамдаа 1951 онд Ц. Дамдинсүрэн, Я. Цэвэл нарын "Үсгийн дүрмийн зөв бичих толинд" хавсаргасан дүрмийг бараг хэвээр нь хуулж бичсэн билээ. Зөвхөн 1951 онд товч дүрэмд тодорхойгүй бүрхэг зүйлийг тодруулсан, орхигдсон зүйлийг нэмсэн зэрэг бага сага засварыг оруулав..." гэжээ. Өөрөөр хэлбэл анх кирил үсэг аваад л үйлчилж эхэлсэн дүрэм хэвээрээ юм. “Өс-өш, төвшин-түвшин” гэх мэтээр өөр өөрөөр бичээд байсан нь бол дүрмийн асуудал биш шүү. Эгшиг хэзээ гээгдэх гээгдэхгүй гэдэг тэр мэт асуудлыг л дүрэм гэж байна.

    Нэгэн зүйл. Сүйрүүлчих гээд байгаа гол асуудал юу билээ?
   
Хүмүүсийн маргааны гол сэдэв, хамаг эрчим хүч аливаа эргэлзээтэй бичигддэг үгсийн аль нь зөв бэ гэдэгт л зарцуулагдаад байх юм. Яг үнэнийг хэлэхэд “бүгчим” гэхгүй “бөгчим” гэчихвэл монгол хэл мөхөх гээд байна уу гэвэл үгүй. Эсрэгээр нь”бөгчим” гэлгүй,  “бүгчим” гэчихвэл ёс заншил, өв уламжлал маань сүйрчих гээд байна уу гэвэл бас үгүй. Гол нь зарим нь “бөгчим”, зарим нь “бүгчим” гээд байгаа нь л ялангуяа ийм олон жилийн бичгийн соёлтой Монгол шиг улсад таатай бус хэрэг юм. Хэдхэн үгийн стандарт тогтоогоод мөрдчихөж чадахгүй гэж гаднын улс түмэн бодохоос гадна бид өөрсдөө дотроо Монгол хэлний шалгалт шүүлгээ засах, түвшин тогтоох, албан бичиг баримт боловсруулах энэ тэр юман дээр асуудал ургана шүү дээ. Тиймээс тэр “журамлаж байна” гээд нэгийг нь сонгоод байдаг бол зөв юм.

    Нэгэн зүйл. Журамлахыг өөрчилж байна гэж үзэх нь

“Гарваль, нэлээд” гэж бичихээр тогтсон нь өмнө нь “угсаа гарвал, нилээд” гэж бичдэг байсан хүмүүсийн хувьд дүрмээ өөрчилчихсөн мэт санагддаг юм байна. Үнэндээ бол эхлээд “гарвал, нилээд” гэж бичье хэмээх дүрэм гаргаад дараа нь хэсэг хугацааны дараа “ өө больё, больё, дэмий юм байна” гээд өөрчилсөн хэрэг биш юм л даа. “Гарвал-гарваль”, “нэлээд-нилээд” гэж хоёр янзаар бичиж хэвшсэн үгсээс аль нэгийг нь сонгож, нэг л хувилбартай болъё гэж байгаа нь тэр. Нэгийг нь нөгөөгөөр нь сольсон хэрэг биш, харин хоёр хэлбэрээс нэгийг нь сонгосон байна. Тэгэхээр аль сонгогдоогүй хэлбэрээр нь бичээд хэвшчихсэн тэр “азгүй” улсын хувьд л “өөрчилчихсөн” мэт санагдаад байгаа аж. Нөгөөдхийг нь сонгосон бол ахиад л тавин хувь “азгүй” улс гараад ирэх нь тодорхой.

    Нэгэн зүйл. Журамлахад бас учир бий

Ер нь бол  тэр 700 үг хэмээгчийн хувьд тун боломжийн журамласан юм билээ. Сонгосон хувилбаруудын хувьд одоо баримталж буй дүрмээ барьсан, уламжлалаа хүндэлсэн зэрэг нь тодорхой байв. Гэвч бас гоомой хийсэн зүйл байна аа байна. 

Хэл бичгийн хувьд хүн бүр өөрийнхөө зөв гэж боддог болсон өнөө үед олон нийт ер нь аливаа өөрчлөлт гараа л бол уурлахад яг бэлэн байгаа юм. Хэлний зөвлөлийн нөхөд маань доошоо бууж, нийтийн сүлжээ сайтуудаар орохгүй болохоор бас мэдрэхгүй ч байж мэднэ. Юу харж уурладаг юм билээ гэж эрэлхийлсэн байдалтай улс ч бий. Яг ийм эмзэг үед учиргүй буруу л хэвшчихээгүй бол заавал өөрчилнө гэж өөрчлөх хэрэггүй юм. Тэгтэл тэр “цээж”-ийг “чээж” болгодог бол тун дэмий шийд болж. Угаасаа монгол бичигтээ Ч-ийн ард И-тэй байсан бол бас яая гэхэв.

“Эмхтгэл, цомхтгол”-ыг дунд нь эгшигтэй болгон, “эмхэтгэл, цомхотгол” хэмээсэн нь өнгөц харахад олон гийгүүлэгч нэг дор орохоос сэргийлсэн, эвтэйхэн шийд болсон мэт боловч баримталж байгаа гол дүрмээ бас л зөрчсөн зүйл болчхож. Одоо ингээд нэг нөгөөгөө зөрчих дүрмийн давхарга бас нэгээр нэмэгдэж байгаа нь энэ. Үндсэн дүрэм нь “Заримдгийн дараа заримдаг эгшигтэй”. Үүнийг зөрчих нь “с, х-ийн араас орсон т, ч эгшиггүй”. Одоо тэгэхээр ахиад үүнийг зөрчих нь “с,х + т, ч = эгшиггүй боловч, эмхэтгэл цомхотгол хоёр эгшигтэй гэх нь. “Эрхтний, төрөлхтний” зэргийг хэрхэх нь тодорхойгүй. Хэчнээн муухай ч дүрмээ дагаад байх нь дээр юм л даа. Эс тэгвээс үг тус бүрийг бичдэг салангид дүрэмтэй болчихно шүү дээ.

    Нэгэн зүйл. Журамлагчид маань өөрсдөө тайлбарладаг баймаар

Ер нь энэ дээр дурдсанаас бусад үгсийн хувьд харин ч гайгүй, хэл шинжлэлийн үндэстэй журамлачихсан байсан гэдгийг өмнө хэлсэн байгаа. Гэвч тэрийгээ тэгээд олон нийттэй харьцаад, сайхан тайлбарлаад өгдөг хүн ер алга юм аа. “Төрийн хэлний зөвлөл”-д тэгж нийтийн сүлжээнд орчихоор хүн байдаггүй бололтой. Тооцоолуурын мэдлэг нь дутагдаад байна уу, эсвэл тэгж амьтан хүнд зөв бичих дүрэм тайлбарлан маргалдаж, доош ормооргүй байна уу, мэдэхгүй (ер нь бол тайлбар хийгээд мэтгэлцээд ирэхээр хааяа үнэхээр доошоо орох нь ч ордог л юм). Аливаа албан газарт “олон нийттэй харилцах алба” гэж нэг юм байдаг даа. Гаргасан шийд, учир журмаа сайхан тайлбарладаг. Тэгвэл Төрийн хэлний зөвлөл, Монгол хэлний талаар хууль боловсруулж байгаа эрхмүүд, бас монгол хэлтэй холбоотой төрийн болоод хувийн их дээд сургуулиудын “олон нийттэй харилцах алба”-ны ажлыг хөөрхий мань хэд л сайн дураараа гүйцэлдүүлж байна гэхэд хилсдэхгүй. Мань хэд гэдэг нь энэ “Зугаатай хэл шинжлэл” бүлгэмийн гишүүд (ялангуяа зөв зүйтэй тайлбар хурдхан өгөөд яваад байдаг тэр хэд нь), дээр нь “Орчуулгын тухай ярилцъя” бүлгэмийг үүсгэгч, Улаанбаатар сургуулийн багш Амараа, “Босоо зурлагатай Монгол бичиг” бүлгэмийг хөтөлдөг Лхагвасүрэн гэх мэт цөөн хэдэн залуу бий. Бид хэд л нэт, сүлжээгээр ийм үгийг ч ингэж бичнэ, энэ нь ч ийм учиртай, ингэж журамласан байгаа, хараад зөв бичээрэй, энд ч хадгалчихсан байгаа, тэнд ч нийтэлчихсэн байгаа гээд л үглээд явна, ядаж байхад та хэд маань “чээж” энэ тэр гээд хүн зовоогоод байх юм даа. Хааяа доошоо бууж ирээд энүүгээр юу болж байгааг нэг харчихмаар сан.


    Нэгэн зүйл. Буруу бичээд байгаагийн шалтгаан юу вэ?

Өөр нэгэн хандлагын тухай одоо ярья. Нэг зүйл тодорхой. Бүх хүн их бага ямар нэг хэмжээгээр алддаг. Харин алдсанаа, өөрөөр хэлбэл зөв бичих дүрэм мэдэхгүй байгаагаа өөрийнхөө буруу гэж хүлээн зөвшөөрдөг хүн маш цөөхөн байдаг юм байна.

Ухаан нь гийгүүлэгчээр төгссөн үгэнд 1-р биеийн Я, Е, Ё нөхцөл залгах боллоо гэж бодъё. Эр эм үгээс шалтгаалаад хатуу, зөөлний тэмдгийн аль нэгийг бичин тусгаарладаг. Нэг их магтаад байхаар сайхан ч дүрэм, учиргүй “мундаг” тэмдэг үсэгнүүд биш л дээ. Гэхдээ л дүрэм нь л тэр юм. “Хүс + е = хүсье” болно. Харин эгшгээр төгссөн үгэнд бол шууд залгачихдаг. “Хүргэ + е = хүргэе” гэнэ. Гэтэл энэ сүүлчийн дүрмийг эхнийхтэй нь андуурч будилаад “ХҮРГЬЕ” гэж бичдэг хүн маш олон байна. Ингэж будилж байгаагаа харин өөрийнхөө буруугаас боллоо гэж үзэж байгаа нь ойролцоогоор нийт андуурагчдын ердөө дөрвөн хувь нь. Үлдсэн 96 хувь нь хэний буруу гэж үзэж байгааг тоймловол:

40% нь Дүрэм өөрчлөгдсөнөөс, “Хүргье” гэж бичдэг байсныг “хүргэе” гэж өөрчилсөн тэр үл бүтэх, муу муухай хэн нэг хэл шинжээчээс (үнэндээ бол эхнээсээ л “хүргэе” байсан, дүрэм өөрчлөгдөөгүй).   
 
20% нь Кирил бичгийн дүрэм их муугаас, ерөөсөө кирил бичгээр зөв бичиж болдоггүй учраас (муу байж магадгүй, гэхдээ тэр муу гэх дүрмийнх нь хүрээн дотор нь бол зөв бичээд байх боломж нь бий. Би өөрөө монгол бичгийн талын хүн л дээ. Ингэж цаг заваа барж байхаар шууд монгол бичигтээ оръё гэж уриалаач хэмээн намайг шүүмжилдэг улстай бол би үнэндээ нэг талынх. Гэвч ядаж монгол бичигт ортлоо кирилээрээ зөв л бичиж байя л даа).

10% нь Монгол хэлний багш нар муудсанаас (Энэ талаар хожим дэлгэрэнгүй бичнэ).


10% нь Радио телевиз, хэвлэл мэдээлэл болон сэтгүүлч нараас.

10% нь Төр засгаас. 

Үлдсэн 4% нь Бусад шалтгаан хэмээх ангилал буюу Боловсролын систем, ардчилал, социализм, Кирил Мефодий хоёр, монгол бичиг, МАН, АН, солонгос кино, Гаамп, Артаньян... зэргээс болж өөрсдийгөө “хүргье” хэмээн буруу бичиж байна хэмээн үзэж байна. Бага зэрэг хошигнол орсон, тоо баримт нь хэт ойролцоо боловч ерөнхий төрх бол ийм л байна. Миний муу энэ хар толгой юм сурахгүй юм аа гээд тархиа шааж, өөртөө бүх бурууг өгдөг байсан монгол ёс нэгэнт устжээ дээ, янз нь.

Дүгнэлт болгон:


Энэ бүхнийг өгүүлэхийн гол учир нь бодлого боловсруулагч, хэлний талаар эцсийн шийд гаргах эрх мэдэлтнүүдэд олон нийтийн хандлага ямар байгааг ойлгуулахад л оршоод байгаа юм л даа. Мөн эрхэм хэлний зөвлөлийнхөн хийгээд хэлний талаар хууль санаачлагч гишүүд, эрх мэдэлтнүүд та бүхнийг  нийтийн сүлжээ зэрэгт орж, юун тухай хэрхэн мэтгэлцээд байгааг хараасай гэж хэмээн хүсэж байна. Тэр дээрээс нэг их хөндий, хол хууль дүрэм гаргах вий.

Нөгөө талаас хэлийг хэрэглэгч, монгол хэлэндээ хайртай залуус та бүхэн эх хэл маань мөхөөд байна, засаг төр болохгүй байна гэж харуусахынхаа сацуу бас энд тэнд юм бичихдээ ганцхан товчлуур дараад л тэр эргэлзээтэй үгсийг журамласныг харчихдаг, ганц ч болов үгийг зөв биччихдэг болчихвол их сайн байна. Төр засаг бүтэхгүй л байгаа байх, телевиз радио онцгүй л байгаа байх, гэхдээ та бид өөрсдөө бас байгаа дүрмээ дагаад зөв бичээд сурчихвал хэлний соёл гээчээ хамгаалах, хөгжүүлэхэд хэчнээн их хувь нэмэр болох сон билээ.