Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн цэц нь:
  • Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьдаг;
  • Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргадаг;
  • Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг магадлан шийдвэрлэх ийм гурван эрх, үүрэгтэй ажээ.
Зөв бичих дүрмийг хэлний “үндсэн хууль” нь, бүгдээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ нь гэж ойлговол “хяналт тавьдаг, дүгнэлт гаргадаг, магадлан шийдвэрлэдэг” нь хэн байх вэ? Мэргэжлийн бус уншигчид бол хэл шинжээчид л гэх байх, гэтэл хэл шинжлэл хэмээх өргөн сэдэвтэй холбоотой хүн бүр зөв бичих дүрмийг магадлан шийдвэрлэчих бас боломжгүй юм. Ухаан нь эртний судар номыг уншин тайлж буй эх судлаач хүн монгол, дөрвөлжин бичигтээ л гаргууд байна уу гэхээс эгшигт, заримдаг гийгүүлэгчийн дүрэмтэй тэр бүр хутгалдаад байхгүй, манж-монгол хэлний үгийн сангийн дундын элементийг олоход бүхий л насаа зориулж байгаа хүн гээгдэх эгшгийн дүрмийг бодон цагаа алдах хэрэггүй л дээ.  Тийм ч учраас хэл шинжээч гэсэн ерөнхий нэрийн дор багтаж буй хүн бүрээс зөв бичих дүрмийн элдэв асуудлыг шалгаах, хариу нэхэх нь утгагүй. Гэтэл хэл гээч өөрөө үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг тогтолцоо юм хойно шинэ содон үг, дүрэм, маргаантай асуудлууд гарсаар л байх болно, гарсаар ч ирсэн, тэр бүрийг журамлах хэрэгтэй болно оо доо. Тэгвэл хэл шинжлэлийн “үгзүй” гээч салбар залгамал монгол хэлний хувьд “үндсэн хуулийн цэц” нь болох учиртай.

Юуны өмнө яагаад заавал залгамал хэлний хувьд “үгзүй” тийм чухал болохыг тайлбарлая. Англи хэлний зөв бичих дүрэмд асуудал тийм ч их гарахгүй. Толиор шийдээд л явчихна. Учир нь хэлзүйн утгыг илэрхийлж буй хэлбэрүүд нь ихэвчлэн салангид үгс байгаа.   “He came from countryside and went to the store” гэсэн өгүүлбэрт  байгаа есөн махбод есүүлээ салангид үгс байна. Монгол хэлний хувьд харин FROM гэдэгтэй дүйх хэлзүйн хэлбэр нь англи хэлнийх шиг тусгай үг биш, үндэстэй нь залгаж бичдэг нөхцөл учраас “хөдөө” гэдэг дээр “-өөс” залгах болно, тэр олон эгшгийн дунд яах билээ, “Н” жийрэглэх үү, “Г” нэмэгдэх үү, “дэлгүүр”-ийн араас “уруу”, “руу”, “рүү”, “лүү” чухам аль нь билээ гээд л хамаг асуудал үндэс дээр дагавар нөхцөл залгах тэр цагт л гарч ирж байгаа юм. Тэгэхээр чин үнэндээ монгол хэлний зөв бичих дүрмийн хамгийн маргаантай асуудал бол “гариг” – “гараг” хоёрын аль нь зөв бэ гэдэг бол биш, аль нэгээр нь тогтоогоод л журамлачихад асуудалгүй, харин юун дээр юу залгахад ямар дүрэм баримталж, хэрхэн бичих билээ гэдэгт л асуудлын гол нь оршино. Чухам тиймийн тул зөв бичих дүрмийн цэцийг миний бие үгийн бүтэц, язгуур дагавар, нөхцөлийн асуудлыг судалдаг “үгзүй” юм хэмээн тодорхойлоод байгаа хэрэг л дээ.

Ганц хоёр тодорхой жишээ дурдъя.

“Санаачилга, оношилгоо” зөв, “санаачлага, оношлогоо” буруу гэдгийг хэрхэн тогтоосон бэ?

Үгийг бүтцээр нь зөв задалж чадвал эхнийх нь зөв болох нь тодорхой харагдана. Сана + аа = санаа, санаа+чил=санаачил. “Санаачил” дээр “-га” нэмэхэд ямар ч асуудалгүй “санаачилга” болох юм. “Санаач” дээр “-лага” залгасан хэрэг биш. Яг үүнтэй адилаар “Оношил-” гэсэн үйл үндэс дээр “-гоо” гэсэн нөхцөл залгаж байна. Харин “санаачлага, оношлогоо” хэмээн буруу бичээд байгаа хүмүүсийн хувьд “бодлого, туршлага” гэсэн үгсийн бүтэцтэй андуураад байгаа хэрэг. “-лага” нөхцөлийг үйл үндэс дээр залгадаг, нэр үндэс дээр залгаж болдоггүйг үгзүй судалж тогтооно, тийм ч учраас “онош” гэдэг нэр үндэст “-лого” гэж шууд залгахгүй, харин “оношил” гэж үйл үндэс болоод дараа нь “-гоо” залгаж байгааг баталж байгаа юм. Яг энэ дүрмээр бодвол “сурвалжлага” биш “сурвалжилга” гэх нь зөв болно. “Сурвалж” хэмээх нэр үндэс дээр шууд “-лага” залгах боломжгүй.

“Нөхдөдөө, малчдадаа” зөв, “нөхөддөө, малчиддаа” буруу болохыг хэрхэн мэдэх вэ?


Бас л эхлээд юун дээр юу залгасан, дараа нь ямар нөхцөл орсон тухай асуудал. “Нөхөд” дээр “-дөө” гэж нөхцөл залгасан уу? “-дөө” гэж өгөх оршихын тийн ялгал байгаа юу? Үгзүйч нар үүнд хариулна. “Нөхөд” дээр юуны өмнө өгөх оршихын “-д” нөхцөлийг залгаж байгаа юм (“дөө” биш). Ингэхэд заримдгийн дараа заримдаг эгшигтэй бичигдэнэ хэмээх дүрмийн дагуу “нөхдөд” хэмээх үг-үндэс үүснэ. Одоо дараагийн асуудал буюу “нөхдөд” дээр “-өө” залгана. Энэ тохиолдолд түрүүчийн гээсэн эгшиг эргэж гарч ирнэ гэсэн дүрэм байхгүй, шууд л залгана – “НӨХДӨДӨӨ”.

“Явчхаарай, явчихыг” хоёрын ялгаа

Өмнөх хэдэн үгийн хувьд тийм ч хэцүү, нарийн юм биш л дээ. Харин “явчихаас, явчхаад” гэх мэт үгийн эгшгийг гээх эсэх нь нэлээд ярвигтай, гагцхүү үгзүйн судалгааны хүрээнд л тодорхойлж болохуйц асуудал юм.  Яг одоо баримталж байгаа дүрмийн дагууд бол “явчихыг” гэхэд “и”-г гээхгүй, “явчхаарай” гэхэд гээнэ. Тайлбарлая.

Үйлт нэрийн Х-ийн өмнөх эгшгийг гээхгүй гэж хэзээ ч зөрчигддөггүй, гажих тохиолдолгүй дүрэм бий. “Явчихыг” гэхэд гээхгүй байна аа гэдэг нь тэр “-х” үйлт нэр гэсэн үг. “Явчхаарай” гэхэд гээнэ гэж байгаа нь тэр “-Х” үйлт нэр биш байна гэсэн үг.

Тэрийг хэрхэн мэдэх билээ?

Монгол хэлний дагавар, нөхцөлүүд ар араасаа орохдоо хаа хамаагүй ордоггүй, юуны араас юу орж болох болохгүй нь тодорхой, нарийн зүй тогтолтой байдаг юм. Бүтээврийн байрлалын асуудал юм л даа. Үйл үгийн бүтцийг хамгийн ерөнхийгөөр тодорхойлбол үйл үндсийн дараа хэв, тэгээд байдал, байдлын дараа холбох юм уу төгсгөх нөхцөл орно. “Яв + өөрөө үйлдэх хэв + чих + аарай”. “Явчих” гэхэд И бол хэрэгтэй. Заримдгийн дараа заримдаг орж байгаа учраас. “Явчих+аарай” гэхэд заримдгийн дараах заримдаг болсон өнөө Х ардаа эгшигтэй болчхож байгаа учраас түрүүчийн И хэрэггүй болж гээгдэнэ. ЯВЧХААРАЙ.

Үйл үгийн бүтцэд тийн ялгал орж ирэх ганцхан тохиолдол бий. Энэ нь үйлт нэр буюу тодотгон холбох нөхцөлийн дараа. Явсныг, явахыг, явдгийг... гэх мэт. Тийн ялгал шууд байдлын нөхцөлийн араас орох тохиолдол огт байдаггүй. “Явзныг, явсхийг” гэж болохгүй байгаа биз. Тиймээс “явчихыг” гэдэг үгийг бүтцээр нь задалбал "яв + өөрөө үйлдэх хэв + чих + х + ыг” болно. Хоёр Х нэг дор орсон учир нэг нь гээгдсэн нь ийнхүү үгийн бүтцийн зүй тогтлоос тодорхой болж байна. Тэгвэл яагаад заавал бүрмөсөн үйлдэх байдлын “ЧИХ”-ын Х гээгдсэн юм бэ? Үйлт нэрийн Х нь гээгдсэн байх магадлалтай бус уу? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Үүнийг аанай л үгзүй судалж, ямар Х гээгдэж болдог болдоггүйг хэлний бусад баримтаар баталгаажуулан тогтооно. Бүрмөсөн үйлдэх байдлын ЧИХ-ын Х гээгддэг, “Явчаарай” гэх мэт, харин үйлт нэрийн Х ингэдэггүй байна. Тиймээс “явчихыг” гэхэд орж буй Х нь үйлт нэрийн Х мөн болох нь тодорхой болох ба үйлт нэрийн Х-ийн өмнөх эгшгийг гээдэггүй дүрэмтэй учир “явчихыг” хэмээн бичих ёстой болж байна. Монгол бичгээр ч тэр “явчихыг” гэж бичихэд тэр сүүлчийн Х нь байдлынх биш үйлт нэрийнх гэдгийг мэдсэн тохиолдолд “ху” гэж төгсгөх нь зөв болно. Яг л Үндсэн хуулийн цэц шиг тогтоож байгаа биз. Ийм учраас л үгзүйг “цэц” гээд байгаа хэрэг.

Тогтворгүй Н-ийн асуудал ба бусад зүйлс

Хэл байнга хувьсан өөрчлөгдөж байдаг учраас дүрэмд тусгаагүй зүйл гараад ирэхийг үгүйсгэхийн аргагүй. Тогтворгүй Н-ийн асуудал бол үүний нэг том жишээ. Зөвхөн эгшгээр төгссөн тодорхой хэдэн үг эрт үедээ угаасаа Н гийгүүлэгчээр төгсдөг байсан , тэр нь хэлний хөгжлийн явцад гээгдсэн боловч олон тохиолдолд эргэн гарч ирдэг. Тогтворгүй Н гэж нэрлээд буй энэ үзэгдэл тэгтэл орчин цагийн монгол хэлэнд нэн хурдацтай тэлж, хэрэглээ нь өргөжин, одоо бүр гийгүүлэгчээр төгссөн үгэнд тохиолдох боллоо. Одоохондоо үүнийг буруу хэмээн журамлаж болох боловч хэлний хөгжлийн тодорхой үеийн дараа зүй тогтол болоод ирэхэд нь дийлэхгүй болно. Дийлэхгүй ч болж ирж байна. Таргаар хийсэн бялуугаа “Тарган” бялуу гэх үү, “тараган” бялуу гэх үү хэмээн маргаж байгаа нь үүний тод жишээ. Уг хэлзүйн дүрмээрээ бол гийгүүлэгчээр төгссөн үгэнд тогтворгүй Н гарч ирэх ёсгүй л дээ. Хүрлээр хийсэн зэвсгийг “Хүрлэн” зэвсэг гэдэггүй, “Хүрэл” зэвсэг гэдэг, мөн “хөргөн биш хөрөг зураг”  гэдгийн адилаар таргаар хийсэн бялууг “Тараг бялуу” л гэх ёстой юм. Гэтэл хэлний амьд хэрэглээ өөрийг хэлээд байдаг. Хэл өөрөө аяндаа цэгцрээд байдаг.

Н заавал нэмэх ёстой гэж үзвэл одоогийн байгаа дүрмээр бол эгшиг нь гээгдэх ёстой. “Тарган бялуу” болно. “Бүдүүн тарган”-тайгаа яг адил болчхож байна. Баримталж байгаа дүрмээ дагана гэвэл ийм л юм. Хүмүүсийн “тараган бялуу” гээд байгаа нь бас л зөв хандлага, өөрөөр хэлбэл ялгах гэж оролдож байна шүү дээ. Энэ бүхэн түүхэн үгзүйн судлах асуудал. Үүгээр зогсохгүй олон өөр асуудал гарч ирнэ. Энэ өгүүлэлд шийдээд явах боломжгүй, тийм ч зорилго тавьсангүй. Гол дүгнэлтээ л хэлье.

Эх хэлний тухай хууль дуншиж байгаа сурагтай. Үндсэн хуулийн цэц шиг хэлний асуудлыг шийддэг дээд байгууллагатай болох бололтой. Тэр нь ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэн болж магадгүй бололтой, бас зарим хүний хэлэх нь Ерөнхийлөгчийн дэргэд “Хэлний зөвлөл” ч байх юм шиг. Хамаагүй, аль нь ч дүрэм тогтоохоор болсон бай, тус байгууллага Монгол хэлний журамлавал зохих нэн олон асуудалд булагдах нь тодорхой, тэр бүгдийн гол хэсэг нь зөв бичих дүрэм байх болно. Зөв бичих дүрмийн хүрээнд харин “бүлэг-бөлөг” хоёрын аль нь зөв бэ гэдэг юу ч биш, аль нэгийг нь сонгоод л журамлачихна, гагцхүү түүхэн болоод орчин цагийн үгзүйн асуудал, үгийн бүтэц л хамгийн чухал нь болох юм. Монгол хэлний “үндсэн хуулийн цэц” нь үгзүйд л орших бөлгөө.