Энэ үгийг эдүгээ манай улс төрчид, жагсагчид, хэвлэл мэдээлэл их хэрэглэх болжээ. Хашгирах гэдэг үгийг тарваганд хэрэглэхдээ хошгирох гэсэн болтой. Хүн хашгирлаа гэдэг шиг тарвага хашгирлаа гэвэл тарвага хүн шиг төсөөлөгдөөд нэг л ёргүй сонсогдох аж. Монгол хэл зүйн нарийн ширийн зах зух энэ.  

Дошин дээрээ тайван нарлаж буй тарвагыг өдвөл хошгирдог. Уур нь хүрээд хуцаж буй юм уу, үзвэр үзээд баясаж буй юм уу таах аргагүй. Тарваганы дотор санааг байтугай хошгирч буй хэлийг тайлах увидас хүнд заяасангүй. Тарвагыг яаж хошгируулдаг гээч? Тарваганы эрлэг чоно. Тарвага чононд маш муу. Бүр үзэн ядна. Тохой хэрийн сахлаг ургамал муусайн паацгар тарвагануудад алсын бараа харагдахгүй өндөр ширэнгэ ой хөвч шиг айдас төрүүлдэг биз. Айдгийн нотолгоо нь тарвага тайван идээшилж чадахгүй ганц хоёр ногоо тасдаад л заавал өндөлзөж, нүд алдам халиуран найгах өтгөн өвсөн дээгүүр эргэн тойрноос ямар дайсан айсуйг тантаж сэрэмжилдэг. Өвсөн дундаас байн байн толгой цогнойлгон тагнуулдаж байдаг нь ийм учиртай.

Ингэж идээшилж явахад нь салхин дороос чоно гуай үнэрээр нь хөөж олоод үмхчихнэ. Гайхалтай үнэрч чононд өтгөн өвсөн дунд тарвага барих түвэггүй. Бүр түүчихнэ. Иймээс дайснаа харсан тарвага дуугай байж тэвчихгүй дээ. Чоно нохой давхихад нүхэндээ амжиж шургахаа баталгаатай хангасан догь тарвага алсын харуул сайтай өндөр дошин дээрээ хойд хоёр хөл дээрээ хүн шиг босож зогсоод цолоо дуудуулж буй бөхийн дүрээр баатарлаг ханхалзаж гарна. Тэгэхээр уурлаж байгаа, бардамнаж байгаа хоёрын аль нь болох нь эргэлзмээр. Нүхнээсээ хол яваа тарвага чимээ гаргаж хошгирно гэдэг тарваганы номд ёстой нүгэл. Дошин дээрээ гарч байж л эсэргүүцлээ илэрхийлнэ. Тарваганы энэ аашийг анчид ашиглан чихтэй малгай, зэгэл хувцас өмсөөд сүүл шиг даллуур годгонуулан боохойн хөдөлгөөнөөр бүжиглээд эхэлмэгц тарваганууд хошгирч сүр бадруулна. Хөөрхий тэд алсаас буудахыг мэдэхгүйдээ анчинг хол явна, нүхэндээ амжиж шургах зай байна гэж гэнэддэг. Хошгирч саваагүйтэлгүй нүхэндээ шууд орчихвол суманд өртөж амиа алдахгүй сэн. Одоо эргэцүүлэх сэдэвдээ оръё:

Тарваганы хошгирох араншин хүмүүст ямар үед илэрдэг вэ? Яагаад сүүлийн 20 гаруй жил монголчууд “хошгирох” гэдэг үгийг хэрэглэмтгий болоо вэ? Намууд сонгуулийн хоосон амлалтаар сонгогчдыг хошгирууллаа гэж амтай болгон үглэдэг. Шалихгүй залинд хууртдаг гэнэн цайлган хошгирогчид элбэг учраас хошгируулагч нар үр дүн хүртээд байна. Нийт сонгогчид хашир бурхины дайтай ухаажвал худал амлалтад хууртан “буудуулахгүй” болино. Тэгэхээр хошгируулж буй хоосон амлалт буруугүй, хоосон амлалтад хошгирдог гэнэн сонгогчид буруутай ч юм шиг. Хошгирох гэсэн үгийг тарвага шиг тэнэг гэсэн ёж утгаар, цаад утга нь хошгируулж байж бууддагийг анхааруулжээ. Болж л байна. Хошгируулдаг мөрийн хөтөлбөр дэлгэрсэн нь хошгирогч мангуунууд элбэгийнх. Тарвагыг хошгируулж байж бууддаг. Сонгогчдыг хошгируулж байж санал бөөнддөг. Хошгируулагч сэргэлэн “гар”-уудыг ивээн тэтгэгчид нь хошгирогч гэнэн “гар”-ууд.

Дурыг нь годгонуулан хошгируулж талдаа татах, дургүйг нь бадраан хошгируулж өрсөлдөгч нараа хагалах, мэдэхгүйг нь далимдуулан хошгируулж утсан хүүхэлдэй болгох гээд хэдэн янзын хошгируулалт бий. Эдгээр нь хошгирогч нарт хэзээ ч ашиг өгдөггүй. Хошгируулагч нар хаа нэг хонжоо олдог ч муу нэр зүүх балаг нь давуу. Төр засгийн эрхэнд гарах гэж бяраа мэдэхгүй донтогсод болон мөн аль нэг намд сохроор зүтгэж албан тушаалд хүрэх гэсэн хөөрхийс-боохойн дүрээр хувцасласан тарвагачин аятай бүжиглэж жүжиглэх нь олны дургүй хүргэхээс хэтрэхээ болив. Нийгэм гэгээрч байна.

“Хятадын аюул” гэж хошгируулах амархан юмны нэг байснаа болиод сүүлийн үед “гурав дахь хөрш” гэж бүжиглэсэн “анчид” нийгмийн сэтгэл зүйг даллаж эхлэв. Уг нь гурав дахь хөрш гэлгүй, гурав дахь түнш гэх нь оновчтой. Хөрш бол газар зүйн байрлалаар яригдана. Түнш бол дэлхийн хаа ч байж болох ХХI зууны үзэгдэл. “Ган бат эвдэршгүй ах дүүгийн мөнх найрамдал” гэж худал нялуурч хошгируулж байснаас “хэн хэндээ ашигтай стратегийн түншлэл” гэх нь амьдралд ойр. Нялуунаас шулуун дээр гэдэг. Муусайн ардчилагчид гурав дахь хөрш гэж онгирч байж орос ах нараа гомдоосон гэж ОХУ-ыг хошгируулах санаатай. Үүнд оосорлуулж хошгирох орос нэг ч байхгүй. ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “Зууны мэдээ” сонины 2014 оны 8-р сарын 14-ний дугаарт ярилцлага өгчээ.

Сурвалжлагч: -Хоёрхон хөрштэй манай орны иргэд хойд их хөрш ОХУ-д хэзээнээс элгэмсэг, дотно хандаж ирсэн бөгөөд одоо хүртэл “Ах нар” гэх нь бий?

И.К.Азизов: -Энэ нь Зөвлөлтийн үеийн уламжлал болов уу. Дорно дахинд ахан дүүс заавал том, бага гэж хуваагддагийг мэднэ. Ах гэдэг том хүндэтгэлийн үг гэдгийг ч гадарлана. Гэхдээ би монгол анд нартаа “Та нар бидний дүү нар, харин бид ах нар чинь шүү” гэсэн дээрэнгүй ч гэмээр эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд энэ нэр томъёог хэрэглэхийг цээрэлдэг. Тэгээд ч ийм байдлаар бидний өнөөгийн харилцааг тодорхойлох аргагүй гэжээ. Үнэнийг анх удаа түс тас хэлсэн ноён элчин сайд Танд баярлалаа. Бид ч гэсэн Тань шиг бодолтой өдгөөг хүрсэн.

Нарийн төмөр замаар хятадууд дайраад орж ирнэ гээд байсан. Энэ хорон хошгиролт БНХАУ-д үйлчлээгүйд баярлах байна. Хоёр хөрш маань биднийг дэлхийтэй харилцахыг хаагаагүй байхад АНУ, Канад, Герман, Япон, Солонгосыг хөөгөөд өгөөч гэх маягийн хошгиролт цухалзуулдаг тэнэг гэхэд багадах монгол бидний дунд байх юм гээч. Барууны технологиос юухан ч сураад ав, брэндүүдийг нь дуурайлган хийгээд үз гэсэн Төрийн бодлогодоо бухимдаад, олныг уруу татаж хошгируулах, тэр ч байтугай, хоёр хөршөө ч энэ талаар хошгируулах санаатай. Сонгуульд ялах хэмжээлшгүй ашигтай ч, сайдын сэнтийд залрах зад баяжуулдаг ч, хөөрхий муу Монголоо ингэж хорлож болох уу? Гурав дахь түншлэлээ бид хоёр хөршийнхөө дээр хэзээ ч тавихгүй. Зэрэгцүүлэх ч үгүй. Тэднийг хөөх санаачилга хоёр хөршөөс бус биднээс гардгийг ойлгохгүй юм. Дэлхийтэй харилцах эрхгүй 70 жил хашигдсанаа мартлаа гэж үү. Америк Японтой дипломат харилцаа тогтоох гэж нам засаг минь түүхэндээ Москваг яаж царайчиллаа.    
Намын дарга О.Бум-Ялагч “Өнөөдөр манай улс урагшаа мах гаргаж байна. Махыг монголчууд биш Монголд амьдарч байгаа мянгат малчин болчихсон хятадууд гаргаж байгаа” гэж нүүрлэн буй зөөлрөл, итгэлцлийг хорлох болчимгүй ярилцлага сонинд өгч Ногоон намынхаа улаан даллуурыг годгонуулсан байх юм. Ногоон намын өдөлтөд Хятад улс хошгирох нь байтугай Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, сонгож авсан хөгжлийн замыг үеийн үед ямар ч нөхцөлд хүндэтгэнэ гэж Си Жиньпин дарга нь УИХ-ын индрээс Монголын ард түмэнд баталгаа өгөв. Их хөршийнхөө энэ мэдэгдлийг хошгирогч, хошгируулагч хоёр хэрхэн хүлээж авсан нь сонин.  

Хошгируулах зорилготой өдөөн хатгасан жиргээг агуу том хоёр хөршийн удирдлага тоож харахгүй нь мэдээж. Энэ бол том гүрний зан. Мөн итгэлцэл, хөгжил дэвшил нүүрлэсний шинж. Муусайн жиргээ хаа сайгүй бий. Хоёр их хөрш найрамдалт харилцаагаа сэргээсэн нь завсар нь орших цөөхөн монголын хувьд олдошгүй завшаан билээ. 1960-аад онд хоёр хөрш муудалцахад БНМАУ аль нэгний талд орохгүй дундыг барих хэцүү байсан. Өдгөө хурдацтай даяарчлагдаж буй дэлхийд нөхцөл зөөлөрч таатай орчин тогтжээ. Хоёр их хөршөө дахин бүү муудалцаасай гэж залбиръя.

Удирдлагаа муутгаж, өөрөө оронд нь залрах гэсэн өчүүхэн хүслээр хоёр их хөршөө хошгируулах гэсэн ичгэвтэр “улс төр”-өө хаяад сонгуульд ялаач. Ялсан болгоныг ард түмэн толгой дээрээ зална. Тарвага хошгирно уу гэхээс ухаант монголчууд хэн нэгний даллуурын тоглолтод хууртаж хошгирохгүй болно. Удахгүй. Даллуур далласан алиа салбадай-анчныг хашир бурхи өчүүхэн ч тоолгүй нүх рүүгээ гулсдаг. Монголчууд түүхэндээ дотоод гадаад янз бүрийн “даллуур”-т мундахгүй мэхлэгдсэн. Одоо бидэнд олон буудуулсан хашир тарваганы ухаан эрх биш суугаа байлгүй.

“Хошгируулах” гэсэн хэллэг дэлгэрсэн нь мэхлээч атгаг санаа, мэхлэгдэх сул талаа шүүмжилж, нийгэм өөрөө цэвэрших гэсэн зүй ёсны “бодисын солилцоо” явагдсныг молхи толхи өвгөн би бээр ийнхүү хожуухан ухаарч сууна. Та нарын минь оюуныг бурхан ямагт тэтгэж баргийн даллуурт хошгирохгүй болох болтугай.      

2014-08-27


Томоор үзэх бол зураг дээр дарна уу.