2014 оны 2 сард АНУ-ын нийслэл Вашингтон хотноо Монгол урлаг, уран зургийг таниулан сурталчилсан нэгэн сайхан үйл явдал болж өнгөрлөө. Учир юун хэмээвээс, уран зургийн үзэсгэлэнг өмнө зохион байгуулж байсан арга хэлбэрийнх нь талаас үзвэл Монголд төдийгүй АНУ-д ч гарч байгаагүй өвөрмөц сонин, тухайлан хэлбэл үзүүлбэр-шоу маягийн, барууны энтэртайнмэнт урсгалд яг зохицсон үйл ажиллагаа болсон юм. Морь зурдаг хоёр монгол зураач морин жилийн шинийн нэгнээс эхлэн хүмүүсийн нүдэн дээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн хэрэг л дээ. Вашингтоны яг төвд орших “Каос он Ф” хэмээх галлерейд. Ингээд яг хорин нэг хоногийн дотор, олны нүдэн дээр туурвисан бүтээлээрээ “2 Horse 1”нэртэй үзэсгэлэн гаргасан юм. Монгол улсын Төрийн Соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Чимэддорж, АНУ-д Монголын урлагийг олон жил таниулж яваа зураач Дамбын Цолмон нарыг ид уран бүтээлээ туурвиж суухад нь галлерейд нь уулзаж, ярилцав.  



Мягмарын Саруул-Эрдэнэ: Бэлэн зураггүйгээр үзэсгэлэнгийн ажил эхэлнэ гэж сонсож байсангүй. Энэ бүх бүтээлийг та хоёр тэгээд энэ хооронд хийчхэв үү?

Дамбын Цолмон: Тийм ээ. Анх энэ үйл ажиллагаа эхлэхэд бид хоёр ерөөсөө зотон, бийр, будагтайгаа ирээд л суусан. Шинийн нэгний өглөө галлерейн эзэн Майкл бид хоёрт бүх түлхүүр сэлтээ хүлээлгэж өгөөд л зурж эхэлсэн дээ. Өдөр тэгээд өөрөө хааяа нэг эргэж ирнэ, бас зүгээр энгийн хүмүүс орж ирж зураг зурж байгааг маань харж сонирхож байна. Галлерей дотроо хоноод л, өдөр шөнөгүй ажиллаж байна.

Шагдаржавын Чимэддорж: Заримдаа амьтны хүрээлэнгийн амьтан шиг сонин санагдах юм (инээлдэв). Хүмүүс үзээд зогсоод байхаар. Яг зурсан зургаасаа илүү яаж зурдаг юм бэ гэдэг нь энэ америкуудад илүү сонин байх шиг байна. Хаячихсан будагны зураг хүртэл аваад байх юм билээ.

М.С: Бас л сонин сэтгэсэн байна шүү? Хэзээ ингэе гэж шийдэв, хэрхэн санаачлав?


Д.Ц: Анхандаа яг ийм юм хийе гэж бодоогүй юм аа. Чимэдээ ахтай хамт Америкт, энэ галлерейд хамтдаа жаахан зураг зуръя л гэж төлөвлөж байсан юм. Хамт уран бүтээл туурвих чинь бас сайхан шүү дээ, нэгнийхээ зургийн талаар ярилцаад, санаа оноогоо солилцоод. Тэгтэл галлерейн эзэн маань үзэсгэлэн болгочхооч гэсэн санал тавьсан. Тэгснээ сүүлдээ ерөөсөө яг энэ америк маягийн live-show хийчихвэл сонин юм байна гээд л эхэлчихсэн дээ. Галлерейн эзэн бол маш их олзуурхсан. Өдөр бүр ирж, бүтээл төрж байгаа агшныг маань буулгаж авч байгаа. Чимэдээ ахын скечнүүдийг, энд тэнд сараачаад хаячихсан юмыг хүртэл зургийг нь аваад л байгаа.

Ш. Ч: Бүр анх бол бид хоёр зураг зуръя ч гэж яриагүй, Хавай, Нью-Йорк энэ тэрээр сайхан зугаалж, урлагийн музей үзье гэж ярьж байсан юм. Тэгснээ зүгээр тэнэж байхаар зургаа хамт зуръя болоод. Тэгээд нэг мэдсэн үзэсгэлэн, бүр амьд шоу болчихсон. Хүн ер нь хорин нэг хоногт юу хийж чаддаг юм, уран бүтээл яаж төрдөг юм, зураг зурах явц ер нь хэрхэн өрнөдөг юм гэдгийг үзүүлэх сонирхолтой шоу болчихлоо. 



М.С: Та хоёр өмнө Монголд хамтран ажиллаж байсан юм уу?


Д.Ц: Үгүй. Анх удаагаа л хамт сууж зураг зурж байна. Би ч бас Америкт удаж байна, ганцаараа сууж юмаа хийсээр байж, нэг мэдсэн бүр сурчхаж. Нэлээд холдчихсон байж. Хүнтэй хамт бүтээл туурвих чинь нээрээ ийм сонирхолтой бил үү гэж бодлоо ш дээ. Зургаа зурж байхдаа санаа оноогоо ярилцаад, нэгнийхээ зургийг хараад л.

Ш. Ч: Хүн ер нь өөрийнхөө юманд нүд дасчихдаг гэмтэй. Тэгэхээр алдаагаа харахгүй. Үгүй бол нэг хэвэндээ л байгаад байдаг. Тиймээс нэгэндээ ингэчихвэл яасан юм бэ гэж хэлэх маш хэрэгтэй. Нэг талаар энэ чинь сургууль, мэргэжил дээшлүүлэх курс болчхож байгаа юм л даа. Бас бид хоёр өдөртөө заавал нэг удаа гарч Америкийн урлагийн музей үзэж байгаа. Тэр бол бас л сайхан өдөөж өгч байна. Хачин гоё музейнүүд байдаг юм байна. Америкийн урлаг ч бас Барууны бусад улсынхаас өөр байна шүү. Хийц энэ тэр нь их өвөрмөц.

М.С: Тэгвэл та хоёр зургаа зураад, үзэсгэлэн гаргаад, нэгнээсээ суралцаад, бас хажуугаар нь урлагийн музей үзээд... Нэг сумаар дөрөв таван туулай буудаж байгаа юм байна аа даа?


Ш.Ч: Үнэхээр энэ нэг сард маш үр бүтээлтэй байна. Ганц сар бол аялаад, идээд л дуусдаг хугацаа шүү дээ. Нэг далай үзвэл үзэх юм, Нью-Йорк явбал явах л юм. Гэтэл тэгэлгүй, ингээд суусандаа их олзуурхаж байгаа шүү. Дунд нь би нэг Чикаго явж гурав хоносон юм. Хамаг цагаа алдаж байгаа юм шиг санагдаад л яараад эргээд ирсэн дээ..

М.С: Үзэсгэлэнгийн чинь нэр “2 Horse 1” гэж, их сонирхолтой юм. Ямар учиртай юм бол?

Д.Ц: Маш олон зүйлийн бэлгэдэл болж байгаа юм аа. Тооны хувьд гэвэл хоёр уран бүтээлчийн хамтарсан анхны буюу 1-р үзэсгэлэн гэж байгаа. Хорин нэг хоног сууж зурна гэж байгаа. Бас хамгийн сонин нь яг шинийн нэгнээс эхлээд 21 хоног суугаад нээлтээ хийхэд, тэр нь 2 сарын 21-нд таарч байгаа юм.

Ш.Ч: За тэгээд морины тухайд гэвэл Морин жилийн шинийн нэгнээс эхэлж зурлаа. Ерөөсөө дан морь зурлаа. Цаанаасаа хүн бодоод тааруулчихсан юм шиг сайхан зохицсон шүү. Яг морин жил морь зурна, яг 21 хоногт зурна гээд хугацаа, сэдэв нарийн, тодорхой чиглэлтэй болоод ирэхээрээ харин ч илүү сонирхолтой, илүү хариуцлагатай болоод, бүтээлд сайнаар нөлөөлдөг юм байна.

Д.Ц: Харин тийм. Дээр нь бас энэ гаднынханд яавал арай илүү үзүүлчих вэ, Монголыг юугаараа өвөрмөц гэж харагдуулах вэ, хүн ер нь хорин нэг хоногт юу чаддаг юм бэ гэдгийг хэрхэн тодорхой харуулах вэ гээд олон эрмэлзэл нэмэгдээд ирж байгаа юм. Бас дан нэг хэмийн бүтээлүүд хийчих биш, энэ хугацаанд нэгнээ эвдсэн, өөр өөр, өвөрмөц бүтээлүүд гаргачихыг чармайж байна.

М. С: Одоо яг энд зурж байгаа зарим нэг бүтээлийн чинь тухай ярилцах уу?

Д.Ц: Бүтээл төрсөн түүх гэвэл өнөөдөр Чимээ ахын зурсан энэ зураг их сонин бүтлээ л дээ. Би Невадад нэг явж ирсэн дээ. Тэгэхдээ нэг ковбой (адуучин) залуутай танилцсан юм. Мань эр сайхан дуулдаг, Си Ди гаргаснаа надад өгч байсан. Тэгээд би тэр адуучны дууг тавьчихсан байсан, Чимэдээ ах нүдээ аниад л байхаар нь унтаж байгаа юм байх гэж бодсон чинь сонсоод байсан юм билээ. Тэгээд англи хэл мэдэхгүй мөртлөө дууны агуулга, учрыг яг зөв мэдэрчихсэн, “Энэ их сайхан хайрын тухай дуу байна, хайрын тухай нэг тийм ногоон зураг хиймээр болчихлоо” гээд босоод ирсэн. Тэр нь энэ зураг. Би тэгээд дараа нь дууных нь тухай, адуучных нь тухай ярьж өгсөн чинь Чимээ ахын мэдрэмж, төсөөлөлтэй яг нийцсэн байна лээ.



Ш.Ч: Яг л нэг адуучны хайрын тухай дуу гэж санагдаад байсан юм л даа. Тэгээд сайхан хайрын тухай ногоон зураг зурмаар болоод. Одоо энэ шар морь, энэ бүхэн хоорондоо уусаад, нэг тогоонд ороод  ирэхээрээ яг нэг гэр бүлийн сайхан хайрыг өгүүлэх юм. Өнөө өглөө эхлээд одоо дуусч байгаа зураг.

Д.Ц: Энэ дуу надтай яриад байна, надад нэг юм хэлээд байна гэж ярьж байсан. Тэр нь зураг болж.Ер нь бид хоёр өдөр бүр нэг дуунд ороод л байгаа. Өнөөдрийн хувьд энэ дуу. Өчигдөр бол “Уяхан замбутивийн наран”-гийн өдөр байлаа. Өдөржингөө ахин дахин сонсоод л зураад байсан. 

М.С. Энэ сонин дээр зураа юу? Сонирхолтой бүтээлүүд байна.

Ш.Ч: Энэ би Чикагод явж байгаад нэг малгайны дэлгүүрт орсон чинь ийм цаасанд малгайгаа боогоод зардаг юм байна. Хаягдал цаас гэсэн үг л дээ. Харсан чинь маш сонин цаас, бүр 1890 оны оригинал принт хуудаснууд. Энийг чинь авч болох уу гэсэн тоож байгаа юм алга, ав ав л гэнэ. Тэгээд баахныг аваад, дээр нь зурсан юм.



М. С. Ингээд харахад зүүн хананд Чимэддорж зураач, баруун хананд Цолмон зураачийн бүтээлүүд. Хоёр монгол зураачийн нэг өрөөнд, адилхан морь зурсан ажил гэхэд өнгө төрхөөрөө ялгараад, сайхан харагдаж байна шүү.


Д.Ц: Чимэдээ ах зөөлхөн, сайхан хайрын тухай зурсан. Минийх болохоор нэлээд хар өнгө орсон, ширүүн тал руугаа байгаа. Яг л эсрэг тэсрэг хоёр өөд өөдөөсөө харсан мэт. Гэхдээ миний энэ хүчтэй хар өнгөний цаана бас хайр яваад байгаа юм шүү. Илэрхийлж байгаа арга нь өөр болохоос цаанаа бол нэг юм байгаа юм.

Ш.Ч: Хүн хүний зургийн хэл, илэрхийлэл ондоо л доо. Би орон зай, агаарт их дуртай. Цээж дүүрэн амьсгалах дуртай. Яг тухайн мөчийн хязгааргүй их баяр баясгалан, аз жаргалыг зурах их дуртай хүн.

гэх мэтээр ярилцсанаас тав хоногийн хойно буюу 2 сарын 21-ний өдөр “2 Horse 1” үзэсгэлэнгийн нээлт болж, урлагт дуртай америкчууд болон Вашингтон хот орчмын монголчууд, мөн АНУ-д оршин суугч Өвөр Монгол, Халимаг монголчууд олноор ирж оролцлоо. АНУ-д суугаа Элчин сайд Булгаагийн Алтангэрэл хүрэлцэн ирж, зураачдадаа баяр хүргэн, үг хэлэв.