1992 онд тусгаар тогтнолоо зарласан, Африк тивийн өмнөд хэсэгт орших, хөгжил буурай, 1-хэн сая хүн амтай Маврикий улсын түүхч, зохиолч Ле Глизио 2008 онд Нобелийн шагнал хүртэж, түүний ном 26 сая хувиар хэвлэгдэж, дэлхийн тавцанд алдаршжээ. 1921 онд эрх чөлөө тусгаар тогтнолоо олсон Монгол Улсад орчин цагийн уран зохиол, түүхийн шинжлэх ухаан хөгжөөд 90 жил өнгөрөхөд хамгийн олон хувь хэвлэгдсэн номоор Марк-Энгельс, Лениний түүвэр зохиолууд тодорсон бөгөөд эдгээр ном 100 мянган хувиар хэвлэгджээ. Бараг л төрөлхийн яруу найргийн авьяастай гэгддэг, 100 хүнд оногдох докторын тоогоороо дэлхийд 5-д ордгоороо цээжээ дэлддэг Монголын эрдэмтдээс 90 жилийн дотор нэг ч түүхч, нэг ч зохиолч дэлхийд нэрд гарч, Нобелийн шагнал ба түүнтэй адилтгах шагнал хүртэж байсангүй. Энэ нь Монголчуудын тархинд үндэсний онцлог зан төрх болтлоо шингэсэн сэтгэлгээний хоцрогдолтой холбоотой бөгөөд үүнийг өөрчлөн шинэчлэх оролдлого бараг гарч байгаагүй, хойшид ч тун бага гарах биз. Монгол Улс хөгжлийн түвшингээрээ Маврикий улсаас 40 дахин өндөр ч, сэтгэлгээний түвшингээрээ 100 дахин бага ажээ. 

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цаг үеэсээ танин мэдэхүйн хүсэлдээ хөтлөгдөж, зуун зууны турш хорвоо ертөнцийн гайхамшгийг бүтээж, шинжлэх ухаан хэмээх зүйлийг хөгжүүлжээ. Чухамдаа шинжлэх ухаан хөгжихийн гол үндэс нь эргэлзээ, шинийг мэдэх хүсэл сонирхол байсан юм.

    Орчин цагийн шинжлэх ухаан үүсэн бий болоод даруй 700 орчим жил болов. АНУ-ын эрдэмтэн Бзежинский “шинжлэх ухааны хөгжлийн хурд” хэмээх онолыг үндэслэсэн бөгөөд тэрээр энэ онолоо тайлбарлахдаа: -“Бид хүн төрөлхтний бүх л түүхийг 100 км-ийн марафон гүйлт хэмээн жишиж үзье. Тамирчин замынхаа 80 орчим км-ийг туулахад түүнд замын туршид юу ч харагдсангүй, зөвхөн эзгүй хээр тал, уул нурууд л харагджээ. Гэтэл 80 км-ийг өнгөрөхөд эртний Египет, Грек, Ромын эрин үе харагдаж, 90 км болоход Английн хүчирхэгжилт, дундад зууны байлдан дагуулагчдын дайн тулаан үзэгдэж, 98 км-т хүрэхэд Леонардо да Винчи, Микеланджело нар гайхамшигт бүтээлээ туурвиж, 99 км болоход үйлдвэр, заводын барилгууд сүндэрлэж, 100 км болоход сансарын хөлөг, цахим технологийн эрин үе эхэлсэн нь харагджээ” хэмээсэн байдаг. Энэ нь хүн төрөлхтөн олон мянган жилийн турш байгаль, нийгмийн олон талт үзэгдлүүдийг тайлж учрыг нь олохын тулд ихэнхи хугацааг өнгөрөөсөн бөгөөд харин сүүлийн 200 жилд өмнөх үеийнхээ нээсэн ололтууд дээр тулгуурлаж, шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийг маш хурдан хугацаанд бий болгожээ гэсэн үг юм.

    Хүн төрөлхтөний шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийн эрин үед амьдарч байгаа өнөө үед Монголчууд бид сэтгэлгээний хувьд энэхүү цаг үеийн ололтоос арай л хоцрогдоод буй юм биш биз хэмээн эмзэглэх сэтгэл төрөв. Техник технологи, цахим хэрэгсэл, байгаль нийгмийн үзэгдлийг судалдаг байгалийн ухааны дэвшил, ахуйн соёл нь үндэстэн угсааг ялгаварлалгүйгээр хамгийн түрүүнд хүрдэг бол оюун санаа, сэтгэн бодоход үйл ажиллагаа нь голчлон чиглэдэг хүмүүнлэгийн ухааны салбар нь тийм биш ажээ.

    16-р зууны үеэс эхлэн Монголд ноёрхсон шарын шашин нь бидэнд сэтгэлгээний үнэмлэхүй хоцрогдмол байдлыг бий болгосон бол сүүлийн 70 жилд оршин тогтносон социалист тогтолцоо нь энэ сэтгэлгээг улам бататгаж, үндэсний онцлог хэв шинж болгожээ. Учир нь шарын шашин нь багш шавийн уламжлалт харилцаан дээр тогтдог бөгөөд шавийн хувьд багшийн хэлсэн үг сургааль нь дагаж мөрдөх хууль мэт, түүнийг ямар ч шүүмжлэлгүйгээр, өөрийн бодол саналыг хэлэх эрхгүйгээр хүлээн авч цээжлэн номлодог. Тиймээс Монголчууд гурван зуун жилийн турш багшийнхаа үгийг эргэлзэж хүлээж авах нь ихээхэн нүгэл мэт бодогдох болсон бөгөөд одоо ч ийм байна.

    Социалист тогтолцооны үед марксист-ленинист үзэл санаа ноёрхож, түүнээс өөрөөр сэтгэх нь гэмт хэрэг гэж тооцогдох болов. Ялангуяа, энэ үеийн түүхчид ганц үзэл сурталд тохируулан түүхийн бүх үйл явдалд дүгнэлт өгч, тэдгээр нь сайн, муу алин болохыг тодорхойлон хэлж, тал нутгийн нүүдэлчин ард түмний нүдийг нээж өгчээ.

 Ийнхүү 400 орчим жил Монголд ноёрхсон энэ тогтолцоо нь бидэнд өмнөх үеийнхээ эрдэмтэд, багш нараас өөрөөр сэтгэж, тэдний санааг шүүмжлэх нь байж болшгүй зүйл гэдэг гажуу сэтгэлгээг тогтоожээ. Бие биенээ дайсагнан үзэж, гал ус мэт харш байсан бурхны шашин, социализм хоёр нэгэн зүйлээр туйлын ижил байсан нь ард түмнийг өөрсдийн сургаалийг үг дуугүй хүлээн авахыг шаарддагт байлаа. Бурхны шашны лам нар өөр шашны хүмүүсийг буруу номтнууд хэмээн дайсагнан жигшдэг бол социализм нь өөрөөр сэтгэгчдийг хувьсгалын эсэргүү гэж хядаж байсан нь угаасаа завсрын дүрийг хүлээж авдаггүй, хорвоод өөгүй сайн хүн, туйлын муу хүн гэх хоёрхон тал байдаг гэдэг сэтгэхүйтэй Монголчуудад туйлын тохирчээ. Ингээд нийгмийн тогтолцоо, нүүдэлчдийн сэтгэхүй хоёр нэгэн зэрэг огтлолцож, Монголчуудыг дэлхийн хамгийн хоцрогдсон сэтгэлгээтэй хүмүүс болгожээ.

Ардчилсан нийгэм тогтсон сүүлийн 20-иод жил бидэнд ахуйн болон соёлын талаар ихээхэн шинэчлэл, хөгжлийг өгсөн ч гагцхүү хүмүүсийн сэтгэхүй л энэ хөгжлийн гадна үлдсэн байна. Энэ нь бид хуучны сэтгэлгээнээсээ ангижирч чадахгүй байгаагийн балаг юм.

    Физик, математик, хими, мэдээллийн технологи зэрэг байгалийн шинжлэх ухаанд эрдэмтэд шинэ нээлт хийж тэр нь эцсийн хөдөлбөргүй үнэн байдаг нь хууль юм. Гэтэл түүхийн ухаанд хэзээ ч эцсийн үнэн гэж байдаггүй бөгөөд түүхчид мөнхөд мэтгэлцэн, маргаж, шинэ санаагаа дэвшүүлж, ухаанаа уралдуулдаг өвөрмөц зүйл билээ. АНУ, Англи зэрэг өндөр хөгжсөн улс орнуудад шинжлэх ухаан ингэж л хөгждөг байна.

    Гэтэл түүхийн цаг үе, үйл явдлаас хамаарч Монголын түүхчид дээр дурьдсан шарын шашин, социализм зэрэг нийгмийн гажуудлаас шалтгаалан орчин цагт нэлээд хөлдүү сэтгэлгээтэй, хоцрогдсон хүмүүс болов. Тэдний бүтээл нь зөвхөн Монголд л, түүхчдийнхээ тогоон дунд л эргэлдэж, хэзээ ч дэлхийн тавцанд гарч ирдэггүй ажээ. Монголын түүхчид урьд өмнөх үеийнхээ түүхчдийн санааг няцаан, шүүмжилж чаддаггүй, тэднийгээ бурханчлан шүтэж, тэдний тавин жилийн өмнө хэлсэн үгийг эцсийн зөв үнэн мэтээр гажуу буруу сэтгэж байна.

    Хамгийн харамсалтай нь Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, професор, магистр, бакалаврын олон хэргэм зэрэг, төмөр тэмдгийг нэгэн биедээ наасан, хөлдүү сэтгэлгээтэй үсэн буурал, нүдэн сохор Монголын түүхчид өөрийн хөлөө хугалах шахам олж авсан хэнд ч хэрэггүй, зөвхөн Монголдоо л нэртэй, алдар хүндээрээ өөрийгөө тойруулан цагаан хэрэм босгосон, хэдэн ном бичээд түүнийгээ эцсийн үнэн зөв гэж үзсээр шүүмжлэл, шинэ санааг хүлээж авахааргүй вирусээр тархи нь дархлагддаг ажээ. Тэд биеэ тоон, өөрсдийгөө бурхан багш мэт үзэж, өөрсдийн үгийг эцсийн хөдөлбөргүй үнэн хэмээн үздэг.

    Ийм хүмүүсээр багшлуулж, бэлтгэгдсэн залуу түүхчид нь шарын шашны багш, шавийн хоцрогдсон сэтгэлгээгээр хүмүүжиж, багшийгаа аугаа хүн, дэлхийн шилдэг эрдэмтэн хэмээн хөөргөн шүтэж, түүний амнаас гарсан үгийг хууль мэт дагаж, мөн л хөлдүү, мөстсөн сэтгэлгээтэй залуу эрдэмтэд болж хүмүүжиж байна. Тэд хэзээ ч шинэ санаа, дэлхийн хэмжээний зүйл сэтгэхгүй бөгөөд гагцхүү зуун жилийн өмнө бичсэн зүйлийг давтан, сэтгэлгээний хоцрогдолд орж, эмгэнэлтэйгээр амьдардаг.

    Үүнийг бичигч мөхөс би түүхч биш, тэгээд ч түүхийн ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр суралцдаггүй. Гэвч энэ шинжлэх ухааныг ихэд сонирхдогын хувьд хэдэн үг хэлье хэмээн бодсон юм.

    Монголын түүхчид ерөнхийдөө түүхийг он дараалсан хронологи маягаар бичдэг. Тэгээд түүхийн үйл явдал, жижиг деталуудыг хэзээ ч мөрдөн мөшгиж судлахгүйгээр ерөнхий том хэмжээний сэдвийг хөнддөг байна. Түүхийн үйл явдлуудыг сайн , муу байсан гэх зэргээр дүгнэлт өгч, тэр нь буруу байсан, энэ нь зөв байсан гэж өөд болсон хүнтэй өнгөрсөн хойно нь маргаж, нэгэнт болоод өнгөрсөн үйл явдлуудын учир шалтгааныг судлахын оронд зөв, буруугын шүүлтүүрээр Эрлэг номун хаан мэт хэмжих ажээ. Эцэст нь өөрсдийн номыг шарын шашны судар мэт үзэж, өөрийгөө бурхан багш, уншигчдыг бурхан багшийн шавь мэт үздэг. Эдгээр түүхчдийн өөдөөс хэн ч сөргөлдөхгүй, түүхч ч энэ явдлыг байх ёстой зүйл гэж үзнэ. Учир нь номыг бичсэн түүхч, номыг унших уншигч бүгд шарын шашин ба социалист үед тогтсон шүүмжлэлгүй хүлээн авах сэтгэхүйтэй.

    Гэтэл АНУ зэрэг өрнөдийн орнуудад түүхийн ухаан нь маш өвөрмөц сэтгэлгээгээр бичигдэн хөгжиж ирсэн байх юм. Эдгээр улс орнуудад аль нэг эрдэмтэн нь түүхийн талаар шинэ санаа дэвшүүлэхэд дараагийн үе нь түүнийг няцаан өөрсдийн саналыг зөрүүлэн дэвшүүлж, бут ниргэдэг аж. Барууны эрдэмтэд оюутнууддаа “Аливаа мэдээлэлд ямагт эргэлзэж, түүний хэр үнэн болохыг өөрсдөө мэдэж хай”  хэмээн сургадаг.

    Үнэндээ түүхийн үйл явдал, түүхэн зүтгэлттний үйл ажиллагааг түүх, цаг хугацаа л шүүн харуулдаг бөгөөд хэн нэгэн эрдэмтэн үнэлэлт дүгнэлт өгөх ёсгүй ажээ. Энэ бол зуун зуун жилийн турш хөгжсөн Өрнөдийн түүхийн ухааны хамгийн наад захын хэмжүүр. Цаашлаад өнгөрсөн цаг үеийн үйл явдлыг өнөөгийн хэмжүүрээр хэмжиж хэрхэвч болохгүй гэдэг нь дараагийн дүрэм. Гуравдахь нь, хэзээ ч үлгэр, домгийн шинжтэй зүйл бичих ёсгүй гэх зүйл.

    Өнөөгийн дэлхий дахинд түүх бичих журам болоод буй энэхүү дүрмүүдийг баримтлан авч үзвэл одоогийн Монголын түүх бичих арга барил нь үнэндээ балар эрт үеэрээ л байна. Өрнөдийн жишгээр түүхийн зарим асуудлуудыг жишээ болгон бичиж үзье.

Монголын эрдэмтэд Хубилай хааныг Хятадын Бээжинд нийслэлээ шилжүүлсэн, хууль бусаар хаан болсон гэж албан ёсны байр суурь илэрхийлдэг. Үүнийг хэн ч зүрхлэн эсэргүүцдэггүй. Тэгвэл Бээжин бол МЭӨ тооллоос 14-р зуун хүртэл нүүдэлчдийн газар нутаг байсан, тиймээс Хубилай Хятадад нийслэлээ шилжүүлсэн гэх үндэсгүй хэмээн няцаах нь түүхийн шинжлэх ухааны эрүүл үзэгдэл болох юм. Монголчууд ах захасаа маш хүндэлдэг байсан учраас Аригбөх дүүгийн хувьд ах Хубилайгаасаа өмнө хаан болох ёсгүй байсан, иймээс Хубилай хууль бусаар хаан болоогүй ээ хэмээн няцаах, эсвэл өөр санаа дэвшүүлвэл жинхэнэ түүхийн ухаан болно. Өнөөдрийн цаг үеийн хэмжүүрээр өнгөрсөнд болсон үйл явдлыг шүүн тунгаах нь тэнэг хэрэг бөгөөд ийм хэмжүүрээр бол Модун шаньюй хаан болохын тулд эхнэр, аавынхаа морь, эцгээ алсныг Модун шаньюй нь хүний эрхийн түгээмэл тунхаглал ба эрүүгийн хуулиар бусдын өмчинд халдсан, хүний амь нас бүрэлгэсэн хэмээн шүүмжилэхтэй адил зүйл билээ. Түүх гэдэг түүхий махтай адил учраас түүнийг эрдэмтэд тал талаас нь сэрээдэн эргүүлж, үргэлжлэн мэтгэлцвэл эцэстээ болсон түүх болох учиртай.

     Үлгэр домгийн мэдээллээр түүх бичих ёсгүй гэж үздэг Өрнөдийн иргэд -“Алунга хатан тэнгэрээс буусан цагаан гэрлээр хүүхэдтэй болсон, тиймээс Монголчууд тэнгэр гаралтай” хэмээн бичсэн Монголын түүхчдийн номыг хэзээ ч ойлгохгүй. Харин Алунгуа хатны нөхөр Добу мэргэн нас баржээ. Тэр үед Монголчууд нөхөр нь нас нөгчвөл дүүтэй нь суух, эсвэл явалдах уламжлалтай байсан учраас Алунгуа хатан Добу мэргэний дүү юм уу, эсвэл хамаатны нэг эртэй холбоотой болсон байна. Хожим Алунгуа хатан хүүхдүүддээ “Шөнө бүр тэнгэрээс цагаан гэрэл орж ирээд үүр цайхад шар нохой мэт шарвалзан оддог” гэж хэлсэн. Энэ нь шөнө болгон цагаан гэрэл мэт царайтай эр хүн орж, шөнө Алунгуатай хоноглоод үүр цайхад шар нохой мэт хурдан түргэн гарч явдаг гэсэн үг юм” гэх зэргийн санаагаар тайлбарлавал дэлхийн нийт ард түмэн ойлгоно.

    Чухамдаа түүх гэдэг нь үргэлж шинэ санаа, маргаан мэтгэлцээнээр л хөгжиж, бүтдэг зүйл бөгөөд Монголын түүхчдийн ном бүтээл яагаад дэлхийн тавцанд гарч ирэхгүй байна вэ гэдэг нь хэд хэдэн учир шалтгаантай байна. Учир нь Монголын түүхчид маш бүдүүлгээр түүхийн үйл явдлуудад дүгнэлт өгдөг, урьдын түүхчдийнхээ үзэл баримтлалыг хэн нь ч няцаадаггүйд гол учир оршино.

    Гэтэл өнөө цагийн өөрөөр сэтгэгч элит сэхээтнүүд болсон Б.Баабар, Ц.Оюунгэрэл хэмээх хоёрхон хүн л үүнийг ухаарч, Монголын түүх, уран зохиолыг дэлхийн тавцанд гаргаж ирлээ. Харамсалтай нь, өнөө л алдар цолоор цайз хэрэм босгосон түүхчид хөгшин залуу бүгдээрээ хоцрогдсон сэтгэлгээнээсээ арилж чадаагүй байж, энэ хоёр хүнийг –“сайн дурын уран сайханчаар”- нь дуудан, ёстой газар дор ортол нь муу хэлж, атаархлаа ил цагаанаар илэрхийлсээр л байна. Харин ард түмнийх нь сэтгэлгээ өндөр хөгжсөн барууны орнууд түүхийн чиглэлээр дэлхийн жишгээр бичсэн биологич Б.Баабарын “Нүүдэл, суудал” номыг 13 орчим хэлээр, хэдэн сая хувиар хэвлэж, бестселлер болголоо. Уран зохиолын сэтгэлгээний шинэлэг бүтээл туурвисан эдийн засагч Ц.Оюунгэрэлын “Ногоон нүдэн лам” зэрэг хэд хэдэн бүтээл нь Азийн уран зохиолын шилдэг шагнал хүртэж, Европт уншигчдын хүртээл боллоо. Заавал түүхч мэргэжилтэй хүн түүх бичих албагүй гэдгийг ч тэд амьдрал дээр нотлон харуулсан билээ. Дэлхий үнэлж, хүн төрөхлтөн бахархаж байхад Монголын мэргэжлийн түүхч, доктор, профессоруудын хэнийх нь ч ном ингэж дэлхийн тавцанд гарч ирж чадаагүй гэдгийг онцлох ёстой. Энэ бол мэргэжлийн түүхчдийн сэтгэлгээний хоцрогдол.

    Ардчиллын 20 жилд бичигдсэн түм буман номыг тооцолгүй, зөвхөн 2011 онд хэвлэгдсэн түүхийн номуудыг авч үзэж, судлахад дэлхийн тавцанд гарч ирэх шалгуур хангасан нэг ч бүтээл байсангүй. Онцлог нь Б.Баабар түүхийн чиглэлээр ном бичээд дэлхийн чихийг сортойлгосноос гурван жилийн дараа шүү дээ. Энэ нь шинэлэг сэтгэлгээ Монголын мэргэжлийн түүхчдийн оюун ухаанд бүрэлдэн тогтоход хэдэн арав байтугай жил шаардана гэдгийг давхар нотолсон хэрэг юм.

    Өрнөдийн түүхчид шинэ санааг ямагт дэвшүүлж, өмнөх үеийнхний санааг бүрэн няцаадаг бөгөөд ингэснээр тэдний ном нь факт ихтэй, маш сонирхолтой болдог. Тэд хайр сэтгэл, адал явдал, романтик орчин, ахуй амьдрал, нэр, цол зэрэг жижиг деталиудыг хүртэл хамарч бичдэг. Бид ном бичихдээ тэр хаан сайн байсан, тэр хаан муу байсан, тэр дайн бол энхийн төлөө дайн байсан мэтээр дүгнэлт өгөх ёсгүй, энэ нь түүхийг гуйвуулсан, өөрийнхөөрөө тайлбарласан хэрэг болно. Түүхчид зөвхөн түүхийн үйл явдлыг тайлбарлан хэлээд дүгнэлт өгөх эрхийг уншигчдад үлдээх нь шударга хэрэг билээ.

Гэтэл манай түүхчид шинэ санаа үзлийг ямагт няцааж, зөвхөн нэг л үзлийг баримтлаад, үүнийг тэр доктор, професор хэлсэн, тэгэхэд чи түүхч биш байж юугаа дэмийрээд байгаа юм гэдэг байдлаар ханддаг.

Их сэтгэгч Цицерон нэгэн удаа “Платон миний найз, гэвч үнэн түүнээс ч эрхэм” хэмээн хэлсэн байдаг. Би Монголын түүхчдийн сэтгэлгээний хоцрогдлыг зүрхлэн шүүмжлэхдээ таньдаг ба эс таньдаг эрдэмтдийн ниргэлтээс эмээхгүй, гагцхүү үнэнийг л хэлэх болно. Мөхөс миний хайр найргүй шүүмжлэн буруушаасныг эрхэм доктор, профессор, магистр эрдэмтэд минь тайван хүлээн авч, Сайн ану миний багш, муу ану миний багш хэмээх эртний мэргэдийн үгийг ямагт санаж, сэтгэлгээний хоцрогдлыг хүч түрэн арилгах ёстой хэмээн бодном.
                

Үүнийг бичигч: Чулуунбаатарын Содбилэг