Дэлхийн сор болсон Луврын цуглуулга дундаас онцгой алдартай нэгэн баримал бий. Милосын Венераг байрлуулсан танхимд дөхөж очмогц тэр бүтээлийг тойрон бүчсэн үзэгчдийг олж харна. Өндөр тавцанд тавьсан тэр бүтээл хүмүүсийн толгой дээгүүр ширтэн, цугласан олны яриан дундаас ер бусын үзэмжит цэнхэр далайн давалгаа, нэгэн цагт тахил нь болон шүтэгдэж байсан сүмийнх нь цагаан боржин багануудыг тойрон бүчсэн чидун моддын навчис мөнгөлөг дуугаар жингэнэхийг олж сонсохоор хичээх мэт харагдана. Түүнд өмнө нь цугласан олон огт хамаагүй. Энэ залуухан үзэсгэлэн төгс бүсгүй зогсоо зайгүй зураг даран бишрэх хүмүүсийг үл ялиг инээмсэглэн доогтой хараад ч байгаа юм шиг...

Гэхдээ түүний инээмсэглэлд тохуурхал үгүй. Харцнаас нь инээмсэглэл олж харахгүй, нүүр царай нь гунигтай бас ухаалаг. Гэхдээ бүхнээ дотроо нуусан мэт... Харцгаа, үзэцгээ, харин та нар хэзээ нэгэн цагт намайг ойлгож, миний ухаан бодлыг мэдэрч, жинхэнэ насыг минь мэдэх байх даа гэж хүлээж байгаа ч юм шиг...

Лувр музейд

XIX зууны эхээр, тодруулбал, 1820 онд Эгейн тэнгисийн үзэсгэлэнт сайхан Милос арлаас тариачид анх олоод хожим Францын тэнгисийн цэргийн дэслэгч Дюмон Дюрвиль худалдан авч Парист авчран Луврт өгсөн байна. Энэ баримал дундаж хүнээс бага зэрэг өндөр буюу 207 см. Хайр сэтгэл, гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр Милосын Венерагийн баримлын суурин дээр түүнийг бүтээгчийн Агесандр (эсвэл Александр) гэх нэр сийлээстэй. Ойртоод очиход үзэсгэлэнт дагины цээж нь таныг бишрүүлнэ. Томбогор хөх, тэгшхэн мөр. Гар нь тасарснаас цээж нь бүрэн тодорч, давуу тал болчихсон ч юм шиг. Милосын Венераг анх олохдоо гарыг нь авалгүй орхисон гэх яриа гарч байжээ. Хаанаас тийм юм байх билээ. Малтлага хийж байхад “хориотой үр жимс” буюу “диваажингийн алим” барьсан алга нь олджээ.

Бэлхүүсээрээ ороосон нөмрөг нь доош унжсан ч хээнцэр дэгжин төрхийг нь эвдээгүй. Нуруугаа үл ялиг эргэсэн нь ер бусын зохис төгөлдөрийг илэрхийлэх аж. Амгалан, бараг мэдэгдэхээргүй дотоод инээмсэглэл, царай төрх нь тэнгэрийн нүцгэн дагина гэх мэдрэмжийг өдөөнө. Цээж нүцгэн байгаа ч гоёлоо өмссөн жирийн эмэгтэй шиг харагдуулна. Баримлыг нэгд нэгэнгүй харж болно. Гэлээ гээд гоо үзэсгэлэнгийнх нь нууцыг нээж дөнгөхгүй. Жинхэнэ урлагийн бүтээл дотроо агуулж байдаг ид шидээ ил гаргахгүй гэхдээ төгс тэнгэрлэг болгож буй нэг зүйл түүнд байгааг хэн хүнгүй зөвшөөрнө биз.

Тэнгэрлэг байдал нь Милосын Венерагийн гоо үзэсгэлэнг мэдрэхэд саад болох нь ойлгомжтой. Энэ барималыг шүтээн болгон бүтээсэн болохоор тэнгэрлэг оршихуй нь мэдрэмжийг ундраана.

Афродита

Платон хоёр Афродитаг  (Ромчууд л Венераг хайр сэтгэл, гоо үзэсгэлэнгийн бурхан болгосон юм) ялган тодруулж өгсөн гэдэг. Афродита Ураниа бол тэнгэрийнх, Афродита Пандемос нь бүх ард түмнийх гэж буухаар Платон ялгаж өгсөн юм. Гэхдээ эрхэм дээд урлаг схемд үл баригдана.

Түүний ихэмсэг амгалан, сонгомол шинж нь эхлээд төөрөгдөл үүсгэсэн билээ. Баримлыг эртний Грекийн урлагийн сонгомол үед хамаарах МЭӨ V зууны бүтээл хэмээн хүлээн авсан юм.

Яагаад тавдугаар зуун гэв? Эмэгтэй хүнийг нүцгэнээр урлах нь Элладын газар нутагт эрэгтэйчүүдийн нүцгэн баримлаас нэлээд хожуу гарч ирсэн юм. Нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурьтай холбоотой нийгэм ба шашны ёс журамтай тэр нь холбоотой байлаа. Хэрэв Дорнын ард түмний дунд нүцгэн эмэгтэйн дүрслэл нь шүтээн гэгдэж байсан бол эртний Грект түүнийг буруу номын гэж үздэг байж л дээ. Грек залуус биеийн тамирын тэмцээн уралдаандаа нүцгэлэн оролцдог байсан бол эмэгтэйчүүд толгойноос өсгийгөө хүртэл битүү хувцастай олон нийтийн газраар үзэгдэнэ. Энэ нийтлэг ёс горимд захирагддаггүй эмэгтэйчүүд нь спартчууд л байсан гэдэг. Спортын уралдаан тэмцээнд оролцож хөл нүцгэлсэн эмэгтэйчүүдийг олон нийт буруутгаж байсан ажээ.

Гэхдээ Эртний Грекийн урлагт эмэгтэйн бие галбирийг бишрэх нь хориотой зүйл биш байсан гэх. Далайн хөөснөөс төрсөн Афродитагийн эртний баримлууд нь биед наалдсан нойтон хувцастай дүрслэгдэн галбирыг нь улам тодруулж өгсөн байдаг.

Гэлээ ч эмэгтэй хүний бүрэн нүцгэн биеийн дүрслэл МЭӨ тавдугаар зуунд гарч иржээ. Дараагийн зуунуудад эдгээр бүтээлүүд төгс төгөлдрийнхөө оргилд хүрсэн байлаа.

Өөр хоёр нээлт грек барималчдад эмэгтэй хүний төгс үзэсгэлэнг гаргахад нь тус болжээ. Тэд зохист хэмжээг гаргаснаар баримал нь бодит байдлаас илүү зохицлыг бий болгож өгөв. Үүний нэг нь баримлын толгой. Бүх баримал тийм долоон босоо хэмжээнд баригдаж байсны нэг нь хөхнөөс гэдэсний дунд хүртэл нөгөө нь тэндээс сүүж хүртэл байв. Эцэст нь тэд ердийн мөртлөө ихэмсэг зогсолтыг олжээ. Биеийн хүндийн жин нь шулуун зогсох баруун хөлд ирж, зүүн хөл нь бага зэрэг урагш тавигдан өвдгөөрөө нугарч алхах гэсэн мэт. Энэ азтай олдвор нь эрэгтэйчүүдийг дүрслэхэд ч ашиглагдаж байв.

Милосын Венераг урласан хүн энэ бүх тогтсон арга барилыг сайн мэддэг байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй. Баримлын шинэ эзэд хайр сэтгэл, гоо үзэсгэлэнгийн охин тэнгэрийн хамгийн анхны нүцгэн баримал гэж бардам бодсон биз. Гэтэл XIX зууны эхээр түүнийг бүтээгч МЭ-ий II зууны сүүлээр амьдарч байсан нь тодорхой болсон билээ. Тэр цаг нь эллинизмын үе бөгөөд Эртний Грекийн урлаг оргилоосоо уруудан өмнөхөө даган дуурайж байсан эрин. Энэ маягаар бол баримлыг зарим талаараа эртний эриний хуулбар гэж хэлмээр. Гэлээ ч мэргэжилтнүүд Венераг өндрөөр үнэлдэг. Мөн Милосын Венера нь Эртний Грекийн аугаа урлагийн сүүлчийн суут бүтээл гэдгийг ч үгүйсгэдэггүй.

Уг баримлыг анх олон нийтэд дэлгэснээс хойш алдар цуу нь тасралтгүй өссөөр хорвоогоор тархжээ. Түүнийг шүлэг, яруу найрагт магтан дуулсаар байгаа. Милосын Венерагийн гандан бууршгүй үзэсгэлэн гоо нь уг баримлын хамгийн гайхалтай нууц юм. Ертөнцөд мөнхийн зүйл үгүй гэдгийг үгүйсгэн Венера бүсгүй хүний гоо үзэсгэлэнгийн мөнхийн жишиг болсоор. Милосын Венера бие галбирынхаа төгс төгөлдрөөр татаад зогсохгүй дотроо агуулсан тэнгэрлэг мэдрэмжээрээ биднийг татна. Хэрэв хүмүүст тэнгэрлэг үзэсгэлэн бишрэх таашаал байгаа л бол гоо үзэсгэлэн, зүй зохист эрмэлзлэл нь  оршсоор байх бус уу?