Э.Бат-Үүлийн гэргий Б.Дэлгэртуяа өөрсдийнхөө туулсан амьдралаар дурсамж ном бичжээ. Ном бүхэлдээ энэ хоёр хүний амьдарлыг хүүрнэх мэт боловч манай нэгэн үеийн, тодорхой хэлбэл, капитализмийг хараан зүхэх коммунист сурталаар хүмүүжиж, хожмоо чухамхүү өнөөх капитализмаа цогцлоон бүтээхээр шамдан яваа үеийнхний үүх түүхийг тэр чигээр нь өгүүлэх ажээ. Энэ ном хуучин нийгэмд өсөж өндийсөн хэн бүхний дурсамжийг сэргээхийн сацуу үнэн түүхийг өгүүлнэ. Харин өнөөгийн залууст үлгэр домог шиг санагдах ч магад. Гэхдээ энэ бол өвөө эмээ, аав ээжийнх нь туулсан бодит түүх билээ. Манай сайт Б.Дэлгэртуяагийн номын сонирхолтой хэсгүүдээс цувралаар тавих бөгөөд доорх номын төгсгөл үгээр эхлүүлж байна.  

Энэ ном маань цаашдаа зөндөө удаан үргэлжилнэ, яг л бид хоёрын амьдралын уртаар, Монголынхоо төлөө чөмгөө дундартал зүтгэж, буурал үстэй толгойгоо, магадгүй, бүр хав халзан болтол нь тэмцэх Үүлийн минь нэгэн үзүүрт үзэл бодлын уртаар шүү. Дуусгах тавилан үр хүүхдэд минь оногдох биз ээ, Мөнхжинд минь, Хуланд минь, Чулуудайд минь! Ер нь ч хүүхдүүд минь л “Та хоёрын амьдрал залууст сургамжтай, инээдтэй ханиадтай. Аав тэртэй тэргүй өөрийнхөө тухай бичихгүй. Та л бич, хэзээ хойно өвгөн эмгэн болсон хойноо бичихэд сонин биш, “урьдын юм ул” болох ёсгүй” гэснээр эхлэхийг нь би эхэллээ. Дуусгах нь тэртэй тэргүй та нарын үүрэг боллоо шүү, ач зээ нарын минь зулайг бидэнд үнэрлүүлж, өвөө эмээ болгосон “нөхөд” минь ээ!

Харин хэн нь ч дуусгалаа гэсэн аавынхаа ариун түүх, үзэл бодлынх нь хат батын төлөө, тэрхүү дуусгасан номоо хоёр гар дээрээ өндөрт өргөн, нүүр бардам зогсох болно гэдэгт би итгэж байна.

Тэгэхээр энэ номыг би яах гэж эхэлсэн билээ, юуны учир нөхрийнхөө ажил албанд хошуу дүрдэггүй дорнын бүсгүйчүүдийн хатуу уламжлалыг зөрчсөн билээ?

Нөхрийнхөө хэд хэдэн сонгуулийн кампанит ажлыг хийлцэж ирснийхээ хувьд “Эхнэр бол улс төрч хүний хамгийн сайн менежер” гэсэн өрнийн улс төрийн бичигдээгүй хуулийг би сайн мэднэ. Гэхдээ нөхрөө зөвхөн дэмжихээс бус, УИХ-ын гишүүн болчихсон хойно нь ч, намын аль нэг өндөр албан тушаалд орсон хойно нь ч үйл бүү хэл, үг нэмэрлэж явсангүй. Ёстой л Үүлийн хэлдгээр “Би тийм арилжаа наймаанд оролцохгүй”,  тийм үедээ надаас үг авдаг нь ч Үүл биш.

Тэгэхээр би энэ номыг яах гэж бичив ээ? “Өөрийгөө хэзээ ч бусдаас өндөрт тавьдаггүй, хамгийн эгэл хүнийг олоод ир” гэвэл манай Үүлийг л чирэх хэрэг гарна байх гэж би боддог юм. Гэхдээ өмнөөс нь нөхрийгөө магтах гэж ч, нөгөөтэйгүүр эзэгтэйн хувиар, ханийнхаа нэрээр өөрийгөө өөд нь татах гэж “БИ”-ийн магтууг дуурьсгах гээгүй юм шүү. Уруудаж өгссөн боловч, шув шулуун явсаар ирсэн Үүлийнхээ тоолбол төгсгөлтэй ч гэлээ туулбал эцэсгүй урт амьдралын тухай бодотоор нь үр хүүхэд, ач зээ нартаа хэлж, аав ээж, эмээ өвөө,элэнц хуланцынхаа түүх намтраар бахархах хувь тавиланг нь хоёр гардан барих гэж бичсэн юм. Нэг нийгэм нөгөөгөөр солигдох хүн төрөлхтний ээдрээтэй замд бид хоёр шиг бие биенээ түшин босч ирсэн сая сая гэр бүл, мянга мянган улс төрчид, бизнесмэнүүдийн туулсан бартаат замууд сүлжилдэн байгааг гарсан өндрийнхөө хэмжээгээр дээрээс харж болно. Ингэж босч ирсэн минь ирээдүй хойчид сургамж болж, сэтгэлийн тэнхээ хайрлаасай гэсэндээ бусдын үнэлэмжээс эмээлгүй, бага зэрэг “золиос” гарган, өөрийгөө ялж, энэхүү номоо бичиж байгаадаа өөртөө бас урам хайрлаж байгаа билээ. Нөгөөтэйгүүр Амьдрал гэдэг чинь дуртай цагтаа, гар сунгаад л авахад бэлэн байдаг час улаан алим шиг байдаггүй юм. Алим эхлээд нов ногоон байдгийн адил амьдралын тэр түмэн нугачаа бүр нь амар хялбар байдаггүй юм байнаа гэдгийг ганцхан өөрсдөө ухаараад, ухаарлаа өөртэйгээ аваад явчихалгүй, капитал байх үедээ сонсох хүмүүст нь ярьж өгвөл тусгаад авах нэгэнд сургамжтай, дурсаад явах нэгэн үеийнхэнд маань хүндтэй байх болов уу хэмээн хичээнгүйлсэн юм. Манай гэр бүл онцгойрч цойлсон зүйлгүй, үр хүүхдэдээ хүний амьдралын жаргадаг зовдог, өвддөг өтөлдөг, үхдэг гэдгийн уламжлалт философийг хэлж сургаж, цагийн жам, ертөнцийн ёсыг мэдүүлж ухааруулахыг хичээдэг жирийн л нэгэн монгол айл. Гэхдээ хань минь улс орныхоо гэрэлт ирээдүй, бүх монголын мянга мянган үрсийн аз жаргалын төлөө түмэндээ үнэнчээр зүтгэж, улс төрийн амьдралын ачааны арай л хүндийг үүрч, Монгол орноо хамгийн сонгодог хэлбэрээр ардчилал зах зээлд шилжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэснийх нь хувьд бичиж дурсах зүйлтэй гэж бодсон юм.

Түүх бол үнэн байх ёстой. Тэр тусмаа гэрчүүд нь амьд мэнд, болж өнгөрсөн үйл явдал нь цэл залуугаараа байгаа өнөө үед хэн нэг нь дур зоргоороо аашлахыг дуугүй харж тэвчсэнгүй. Баабар нэгэн нийтлэлдээ саяхан Америкт Монголын ардчилсан хувьсгалын тухай “Орчин үеийн Монгол” гэдэг ном хэвлэгдсэн талаар бичжээ. Колумбийн их сургуулийн профессор Моррис Россаби гэгч хятад судлаач, хятадын түүхээр мэргэшсэн нэгний Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын тухай чихмэл шиг хиймэл, хачин зохиомол номыг гартаа барьж уншиж үзээд, аугаа Цицероны “Хэрэв чи түүхээ мэдэхгүй бол хэн нэг нь чамд зориулж зохиож өгдөг юм шүү” гэдэг ухаант үгийг эшилсэн Баабартай яг адил зүйлийг би бодлоо. Өөрсдийгөө Ардчиллын “Алтан шаазгай”-нууд (Golden Magpie of Democracy) хэмээн нэрийдэж, Монгол оронд ардчиллыг элит удирдагчид л авчирсан хэмээн бичихдээ, уг номыг англи хэлээр Америк оронд л худалдагдана гэж найдсан бололтой ч уг номын баатрууд нь эдүгээ Монгол орондоо энх тунх амьдарч байгаа монголын иргэд байх юм аа.

Дэлхийд тамгатай Монголын, төрдөө данстай монгол хүмүүс бид Монголынхоо түүхийг өөрсдөө бүтээлцчихээд, хаа холын араб гаралтай америк хүнээр захиалж бичүүлэх ёстой байсан юм гэж үү?! Ямар ч байсан улс орныхоо түүхийн нэгээхэн хэсгээс байгуулалцаж яваа төрийн хүний гэргийн хувьд би өөрийн өнцгөөс үгээ хэлж, үүргээ биелүүллээ. Ардчилал маань одоо ч шинэдээд л, зүтгэлтнүүд нь балчирдаад байна. Эв хамтын нийгмээс зах зээл рүү ингэж ордог юм гэсэн гарын авлага, удирдахуйн онол, яс махаараа туулаад, теорем мэт үнэн болгочихсон юм талын нүүдэлчдэд байхгүй. Өрнийхний туршлага тэр болгон бидэнд таарахгүй. Тиймээс л манай ардчилал алдаа гаргасаар ирсэн, цаашдаа ч бодоход, нэг бусыг гаргах байх. Гэвч энэ бол хөгжлийн жам. Харин монголчууд тулдаа л 20 настай “Ардчилал”-аа өөрсдийнхөө улаан гараараа бойжуулж, хөлийг нь дөрөөнд хүргэчихсэн байна. Монгол улс минь улсын дайтай улс болж, асар сайхан ирээдүйд тун удахгүй хүрнэ гэдэгт монгол хүн бүхэн итгэж, эх орондоо үнэнч явах болтугай!


Их мянган овогт Багаагийн Дэлгэртуяа