Энэ 7 хоногт
Үүл бид хоёр
Э.Бат-Үүлийн гэргий Б.Дэлгэртуяа өөрсдийнхөө туулсан амьдралаар дурсамж ном бичжээ.
Э.Бат-Үүлийн гэргий Б.Дэлгэртуяа өөрсдийнхөө туулсан амьдралаар дурсамж ном бичжээ. Ном бүхэлдээ энэ хоёр хүний амьдарлыг хүүрнэх мэт боловч манай нэгэн үеийн, тодорхой хэлбэл, капитализмийг хараан зүхэх коммунист сурталаар хүмүүжиж, хожмоо чухамхүү өнөөх капитализмаа цогцлоон бүтээхээр шамдан яваа үеийнхний үүх түүхийг тэр чигээр нь өгүүлэх ажээ. Энэ ном хуучин нийгэмд өсөж өндийсөн хэн бүхний дурсамжийг сэргээхийн сацуу үнэн түүхийг өгүүлнэ. Харин өнөөгийн залууст үлгэр домог шиг санагдах ч магад. Гэхдээ энэ бол өвөө эмээ, аав ээжийнх нь туулсан бодит түүх билээ. Манай сайт Б.Дэлгэртуяагийн номын сонирхолтой хэсгүүдээс цувралаар тавих бөгөөд Үүл бид хоёр номын Дөчин мянгатын довон дээр бүлгийн Танилцсан минь хэсгээс...
Нэгдүгээр бүлэг
ДӨЧИН МЯНГАТЫН ДОВОН ДЭЭР
I. Танилцсан минь
Улаанбаатарын бүрсгэр саарал тэнгэрт өвлийн сүүл сарын илчгүй наран баруунаа бараг гудайчихсан өдөр би анх Үүлтэйгээ танилцаж билээ. Далан зургаан оны хоёрдугаар сард л гэхээс биш, чухам хэдний өдөр байсныг одоо мартжээ.
Намайг тэр өдөр хичээлээ тараад ирэхэд урд нь тэр хавиар явах нь харагддаг байсан нэг залуу орцны маань үүдэнд сууж байх юм. Намайг харуутаа босож ирээд,
“Сайн байна уу? Өөртэй чинь танилцах гэсэн юм. Намайг Бат-Үүл гэдэг Танайх энэ байранд нүүж ирээ юү? Урьд нь ердөө харагдаж үзэгдээгүй охин байх чинь” гэдэг байгаа. Тэр үед манайх Нэгдүгээр Дөчин мянгатыг анх баригдахад л ороод, 62-р байрны 4 тоотод бараг 20-иод жил суучихсан байлаа. Одоо ч эндээсээ гараагүй, бүрэн суурьшчихаад л, Бат-Үүлийн гэдэг айлын тогоо, шанага хангинаад байж л байна. За тэр ч яахав.
Тэгсэн чинь харин нэг хар юм хаалга үүд хөндөлдөж зогсчихоод, намайг цоо ширтээд, сая нүүж ирсэн үү? Хаанаас ирсэн юм бэ? гэхчлэн олон юм шалгааж эхлэв. Би харин түүнийг шууд хараад л танилаа, урд талын 77-р байрны нөгөө Бат-Үүл гэдэг залуу мөн байна ш дээ гэж.
Тухайн үедээ түүний нэр энэ хавьдаа алдартай. Гадаадын пянз их цуглуулдаг, янз бүрийн хамтлагуудыг сонсдог, пянзны солио наймаа хийдэг, одоогийнхоор бол эгээтэй л пянзны ченж гэмээр залуу сонсогддог байсан. Тэр үеийн Хөгжим бүжгийн дунд сургуулийн охидын л нэгэн адил сониучхан харцаар зэрвэс гүйлгээд хартал, дөрөв зургаагийн (406 төгрөгийн үнэтэй Зөвлөлт Холбоот Улсад үйлвэрлэв гэсэн шошготой, ид моодонд орсон пальто байсан юм) драпан хар пальтоны энгэрийг задгай тавьчихсан, захыг нь босгоод гадуур нь ноолууран ч гэдэг юм уу, тэр үеийн кашемир ч гэдэг юм уу, цагаан цэнхэр ороолт сул унжуулчихсан, түүнтэйгээ өнгө дүйхүйц, энгэр түрсэн хошуу захтай бариу цэнхэр сорочкин цамц, цэнхэр жийнсэн трапец өмд хослуулаад өмсчихсөн, урт үстэй, ер нь тухайн үеийнхээ моодыг хуулчихсан, нэг үгээр хэлэхэд, Дөчин мянгатын “толгой гэдгэр” залуусын имижийг биедээ аваачаад наачихсан өндөрдүү туранхай, дэгжин маягийн, өөлбөл хамар нь жаахан нахиудуу дажгүй залуу байв. Дөчин мянгатын “толгойнууд” өнөөх Чойномын нэгэн найраглалд гардаг шиг, “Дарайсан шляп, драпан пальто, Дани, Швейцарын алтан цаг зүүх” нь холгүй тийм үе байсан юм чинь. Тэгээд ч манай Хөгжим бүжгийн сургуулийнхан хүнийг ажих сонжих дуртай, зэрвэс хараад л ямархуу зэрэглэлийн нөхөр вэ гэдгийг андахгүй шүү дээ. Сар бүхэн тэтгэлэг авдаг болохоор өөрсдөө ч аятайхан, тэр үеийнхээ моодноос хоцрохгүй платформ ултай гутал, өөрсдийн урласан богино банзал, нарийн хилэн хослолоор гангарчихдаг, үе тэнгийн залуусыг гаднаас нь харснаараа дүгнэх дуртай тиймэрхүү нэг сэхүүн зантай охидын нэгэн байв аа би чинь. Тийнхүү намайг өмнө нь “нүдлээгүйд нь” бардам зан маань хөдөлсөн юм байлгүй, хэллээ л дээ:
– Юу гэж байгаа юм! Манайх энд нүүж ирээгүй. Би энд төрсөн юм шүү. Алив гэртээ ормоор байна гэсэн чинь оруулдаггүй, орцны хаалганы мужинд хөлөө хөндлөн тавьж зогсчихоод:
– Өө, ямар сонин юм бэ, би чамайг урьд нь ердөө хараагүй юм байна гэж байх юм.
– Чи заавал намайг харсан байх ёстой юм уу! Би гэртээ ормоор байна гэж дахиад л хэллээ.
Өнөөх нөхөр чинь харин үг өлгөж аваад урдаас:
– Би ч гэсэн нүүж ирээгүй. Бас л энд төрсөн, энэ л дошны хүүхэд юм чинь. Харин ганцхан чамайг л мэдэхгүй өнөөдрийг хүргэчихлээ гээд “овойгоод” ирлээ. Танилцъя, барья гээд нэр усыг маань шалгаагаад, өөрийнхөө нэрийг дахин дахин хэлээд оруулах янз алга аа. Миний ч бүр дургүй хүрээд явчихлаа. “Чамд нэрээ хэлэх шаардлага ч байхгүй, алив би ормоор байна” гээд хөлийг нь түлхэж хаячихаад, дээшээ гүйчихлээ.
Түүнээс хойш хэд хонолоо. Нэг өдөр хичээлээсээ ирчихээд байж байтал хүн хаалга тогшлоо. Очоод хаалгаа нээтэл нөгөө Бат-Үүл чинь зогсож байна. Гартаа пянз барьчихаж. “Чи яах гэж байгаа юм бэ?” гэсэн чинь нилээд хулгасхийгээд “Үгүй ээ, би чамайг Хөгжим бүжигт сурдаг, пянз мянз сонсдог гэж дууллаа л даа. Энэ “Pink Floyd” гэдэг хамтлагийнх, харин энэ нь “The Beatles”. Чамайг сонсох болов уу гэж бодоод” гээд баахан эг маг юм боллоо. Би ч мөчөөгөө өгөлгүй “Чи намайг яагаад заавал энэ пянзыг сонс гээд байгаа юм бэ?” гэж хэгжүүрхэхэд, “Зүгээр л чамайг сонсох бол уу гээд дурсгаж байгаа юм” гээд өнөөх пянзаа над руу сарвайчихаад зогсоод байх нь тэр. Би ч санаа зовчихлоо. Манай орцныхон дээшээ доошоо явж байгаад харчихвал юу гэх бол ч гэж бодсон биз, хаалгаа онгойлгочихоод нэг урт үстэй хар юмтай толхилцоод байвал эвгүй шүү дээ гэж ч санасан юм уу, “Би юу гэж чамаас бэлэг авч байхым” гэсэн мөртлөө өнөөх пянзнуудыг нь гараас нь угз татан авчихаад бушуухан үүдээ тасхийтэл хаачихлаа. Манай орцонд П. Дамдин ахынх (Тэр үеийн МАХНамын Төв Хорооны нарийн бичгийн дарга), хөгжмийн зохиолч Р. Энхбазар ахынх, дипломатч Оросоо ахынх, Улсын Багшийн Дээд Сургуулийн багш Л. Дамдинжав ахынх, Б. Дэжид гуайн ээжийнх (Монгол Ардын Хувьсгалт Намын Хянан шалгах хорооны дарга), Дашням гуайнх, Гомбожав гуайнх гээд олон сайхан тохитой, томоотой айлууд суудаг байсан юм. Одоо ч бид үр хүүхдүүдтэй нь дотнын найзууд хэвээрээ.
Нээрээ ч тэр үед манай Хөгжим бүжгийнхэн гадна дотнын хамтлагуудын пянз, соронзон бичлэгүүдийг цуглуулах, нэгнийдээ нийлж сонсох дуртай байлаа. Тэгээд ч миний нагац Дандар ах, бэргэн Цэрэндулам эгч, хамаатны Бадарч ах нар маань Москва, Унгар улсад сурч байхдаа магнитофон, “Beatles”-ийн дуунуудтай хальс олныг авчирч өгсөн, “Мелодия” фирмийн пянз явуулдаг, би ч бас дунд сургуулийн багшийн цалинтай ээжийгээ шалсаар байгаад амралтынх нь мөнгөөр тухайн цагтаа асар их үнэтэй “Аккордс” пянз тоглуулагч авахуулчихсан байсныг хэлэх үү, ангийнхан маань ч манайд хөгжим сонсохоор их ирдэг, би ч пянз сонирхогчдын тоонд орчихсон байлгүй яахав дээ. Ямар ч байсан надад жижигхэн, 45-ын хурдтай “Rolling Stones”-ын “Jumping Jack Flash”, нөгөө тал дээр нь “Honky Tonk Woman” гэх хоёрхон дуутай, ганцхан ширхэг оригиналь пянз байсныг түүнийгээ би аминаасаа ч илүү хайрлаж, ах дүү нараа ч хүргэхгүй (Намайг Хөгжим бүжгийн сурагч буюу “мэргэжлийн хүн” болохоор тэд маань ч ойртож зүрхлэхгүй), зөвхөн өөрөө л сонсдог байсан юм болов уу даа.
Ингээд тэр Бат-Үүл гэгчийн өгсөн пянзнуудыг “Аккордс” дээрээ сонсохоор үзсэн чинь “Pink Floyd”-ын дэлгэмэл хар хавтастай, гаднаа гэрлийн туяа хугалсан призмийн зурагтай, дотор нь нугалаад хийчихсэн нэг их том зурагт хуудастай, тэрнийг нь гаргаад үзтэл улаан, шарыг тунаруулсан тайзны манан дунд “Pink Floyd”-ынхон дуулан зогсох, лавтайяа 40х50-ийн хэмжээний нэг тийм сайхан том плакаттай. Тэр альбомны нэр“The Dark Side Of The Moon”. Гуталтай гуталгүй зам хөндлөн гарч яваа дөрвөн залуугийн зураг бүхий пянз нь “The Beatles”-ын “Abbеy Road” концерт байлаа. Урд өмнө нь тиймэрхүү юмыг хуруугаа ч хүргэж үзэх нь бүү хэл нүдэндээ ч хараагүй надад хачин сайхан эд байв. “The Beatles”-ыг хальснаас л ганц нэг сонсож байснаас бус, тэгж Англид үйлдвэрлэсэн, жинхэнэ пянз гээч юмны ясны “үнэр ханхийсэн” зүйлийг анх удаа гартаа барьж үзэх нь тэр. Бид чинь тэр үед “Кругозор”-ын таван төгрөгний үнэтэй, улаан, цэнхэр ялтсан пянзнуудаар л сэтгэл ханадаг байлаа шүү дээ. Тэгээд тэр дуунуудыг нь ямар гээч!
Хамгийн эхлээд “Money” дуу нь. Бутархай мөнгөнүүд кассын машин руу сархийгээд асгарч байгаа чимээ хөгжмийн аяар нүргэлээд явчихлаа. Яаж ингэж хүний сэтгэлийг хөглөж, бусдын сэтгэлийг булгилуулсан юм хийж чаддаг байнаа гэж бодохоос зүрх рүү нэг юм лүгхийгээд орчих шиг. Дараагийнх нь дуу “Time”. гэсэн дуу нь одоогийнхны хэллэгээр бол бүр “цөм аваад хаячихдаг” юм байна. Тэр үе бол залуучуудын сонирхож эхэлсэн “The Beatles”, “The Rolling Stones” энэ тэрийг их хорьдог байсан цаг. Монгол телевизээр “Бийтлз” гээд шал худлаа нэг хамтлагийг үзүүлэх. Нэг нь төгөлдөр хууран дээрээ хөлөө тавьчихсан, бусад нь чарлан хашгирсан, орилон дэвхэцсэн тоглолтыг харуулаад “Ийм л юмнуудыг манай орчин үеийн залуус сонирхох боллоо. Социализмын бүтээн босгогчдын ёс суртахуунд харш, соёл жудаггүй, хөрөнгөт нийгмийн үзэл суртал ханхалсан барууны эсэн бусын зүйлүүдийг ялангуяа манай дипломатуудын хүүхдүүд, оюутан залуучууд гаднаас их оруулж ирэх боллоо” хэмээн буруушаадаг байсан үе. Тэр ч байтугай Их дэлгүүрийн урд талбай дээр албаны хүмүүс отож зогсож байгаад залуучуудын өргөн өмдийг шархийтэл ураад хаячихдаг, урт үсийг тасхийтэл хяргаад авчихдаг байсан цаг. “Энхрий хайрт, Монголын ард түмний манлай МАХН” маань тэгж л өргөн өмдний шуумаг, урт үстэй тэмцэлдэж, социализмыг байгуулж байж дээ хөөрхий.
Сүүлд сонсохнээ, Үүл намайг Хөгжим бүжгийн төгөлдөр хуурын ангид байсан, дараа нь бүжгийн ангид сурдаг болсон, хөгжим сонсох дуртай, ах дүү олуулаа энэ тэр гэдгийг манай байрныхнаас нэмж “тагнаж” мэдчихээд пянз сугавчлаад гүйж ирсэн нь тэр юмсанж.
Маргааш нь би ангийнхаа охидод өнөөх пянзаа аваачиж гайхуулах юм боллоо. Манай ангийн охид голчлон Ч. Алтаагийндаа цуглаж пянз сонсдог, пянзаа ёстой нэг “амталдаг”, өсвөр насны охидын нарийн ширийн зүйл, хов жив, дурлал хайраа харилцан сонирхуулж, тэр өдрийнхөө сонин сайхан адал явдлыг хуваалцаж, одоогийнхоор бол “кайф” авдаг байсан юм. Тэр үеийн бидний насныханд адал явдалгүй өдөр гэж тун цөөхөн байсан санагдана. Алтаагийн аав нь зураач Шийтэр гуай, ээж нь жүжигчин Чойжилсүрэн гуай болохоор соёл урлагаар амьсгалдаг, циркийн баруун талын 14б байрны нэг давхарт таван өрөө байранд амьдардаг айл байв. Нэг өрөөг нь манай Алтаа бүрэн эзэмшдэг, бас л “Аккордс” хөгжимтэй байлаа. Тусдаа өрөөтэй байна гэдэг бол чөлөөт ертөнц л гэсэн үг.
Ингээд яахав дээ, хэдэн охид Алтаагийндаа цуглаад нөгөө пянзаа сонслоо. Ингээд ингээд Бат-Үүл гэдэг залуу бэлэглэлээ гэсэн чинь манай хэд “Өө тэр чинь нөгөө хулигаан ш дээ. Яагаав, ноднингийн нөгөө Хандгайтын зодооны гол эзэн нь байхгүй юу” гээд шаагилдаад явчихав. Л. Ганчимэг маань “Яагаав, өнгөрсөн өвөл бид нар Бага тойргийн Чехийн 36-р байрныхантай Хандгайтад зугаалж явтал аймаар зодоон болоод, хөвгүүд маань нэлээд бэртэж гэмтсээр буцаж ирснийг санахгүй байна уу?” гэж хэлтэл хажуугаас нь Б. Сэргэлэн, Т. Батчулуун нар маань ам булаацалдан: “Яагаав, энэ хэн тэдний Мэндээтэй үерхэж ид бал бурам сар дээрээ байсныг санаж байгаа биз дээ?” гэцгээв...