Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Шинэтгэлийн жил 2010
Засгийн газраас 2010 оныг Бизнесийн орчны шинэтгэлийн жилээр зарлалаа.
Засгийн газраас 2010 оныг Бизнесийн орчны шинэтгэлийн жилээр зарлалаа. Төрөөс улсын төсвийн ихэнхийг бүрдүүлдэг хувийн хэвшлийнхнээ бодлогоор дэмжих нь гэж ойлгож байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг энэ салбарынханд хэдийгээр зовлон бэрхшээл ихэд тохиолддог ч тэд учирч буй хүндрэлийг өөрсдийнхөө хүчээр даван туулсаар өнөөг хүрсэн билээ. Ялангуяа төрийн байгууллагуудын хүнд суртал, ямар ч хэрэгцээгүй олон хуудас цаас, дүрэм журам нь хөгжлөөс хойш татагч хүчин зүйлүүд болдгийг хүн бүхэн мэднэ.
Авлига хээл хахууль, хүнд суртал. Хөгжлийг боомилогч эдгээр асуудалтай дэлхийн улс орнууд өөрсдийн арга барилаар тэмцсээр байгаа ч устаж алга болсон нь үгүй юм. Гэхдээ энэ өвчнүүд ул мөргүй алга болохгүй, хөгжил яваа цагт амь бөх оршин тогтнодог. Харин хэмжээг бууруулах, багасгах асуудал л хамгийн чухал гэж олон улсын мэргэжилтнүүд үздэг. Тэгвэл дээрх өвчнүүд манай улсад хэмжээнээсээ халин аюулт үзэгдлийн хэмжээнд очсоныг олон улсын судалгаанууд харуулдаг. Тухайлбал, Транспаренси Интернэшнл байгууллагын авлигын индексээр Монгол Улс 180 орноос 124 дүгээр байранд оржээ. Өмнөх жилийнхээс 22 байраар ухарсан гэсэн үг. Бид ч авлига хээл хахууль хэрхэн өсөж байгааг мэднэ. Том, жижиг ямар нэг ажил бүтээхийн тулд тухайн холбогдох газрын ажилтанд том, жижиг "бэлэг" өгөхгүйгээр ажил урагшилдаггүй биз дээ.
Авлигатай тэмцэхийн тулд Авлигатай тэмцэх газрыг байгуулсан боловч үр дүнд нь төрийн өндөрлөгүүдээс авахуулаад жирийн иргэд тийм ч сэтгэл хангалуун байхгүй байгаа нь нууц биш. Эдийн засгийн хурдацтай хөгжилд саад болж буй аалзны тор шиг хэрсэн авлигын сүлжээнд цохилт өгөх үүрэг бүхий энэ байгууллагыг хэтэрхий жижиг сажиг юмаар хөөцөлдөж байна гэсэн шүүмжлэл байнга тойрох.
Хүнд суртал гээд ярихын бол хөмсөг зангидаж, ихэмсэг царайлсан төрийн байгууллагуудын шат шатны хүмсүүдийн дүр төрх хамгийн түрүүнд буудаг. Цаг хугацаатай уралдаж яваа бизнес эрхлэгчид төрийн байгууллагуудын хүнд суртлыг гайхаад бардаггүй нь ойлгомжтой. Нэг баримт өгөх гэж ямар ч шалтгаангүйгээр шүүгээндээ хэд хонуулдаг нь ямар учиртай юм бол. Танхимаас явуулсан хүнд суртлын индексээр нөгөө л нэртэй зартай Улсын мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар,Стандартчлал хэмжил зүйн үндэсний төвүүд тэргүүн эгнээнд давхисан хэвээр байна.
УМХГ-ын хүнд суртлын тухай тэртээ тэргүй олонд ил болохоор дахин нуршишгүй нь. Харин тус газар энэ оноос эхлэн шинэчлэл хийх тухайгаа зарласныг хувийн хэвшлийнхэн талархан хүлээн авлаа. 2010 оныг Бизнесийн хяналтыг хөнгөвчлөх жил болгож, шинэлэг менежмент нэвтрүүлэх талаар удирдлага нь ярьж байна. Ерөнхий сайд С.Батболд хэд хоногийн өмнө УМХГ-т зочлохдоо хувийн хэвшлийнхнийг хяналт шалгалтаар далайлгах бус мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтран ажиллахыг захьсан юм.
Бизнесийнхэнд бас нэг дарамт үзүүлдэг газар Стандартчлал хэмжил зүйн үндэсний төв. Хэрэгтэй хэрэггүй баахан стандарт боловсруулж, түүнийгээ мөрдөж мөшгөхийг хувийн хэвшлийнхнээс шахаж шаардана. Мөн л хүнд суртал гаргаж, аливаа бичиг баримтын асуудал үүсгэнэ. Ганцхан жишээ дурдъя. Импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа компани чанарын баталгаажуулалт хийсэн гэсэн бичиг заавал авах ёстой гэнэ. Гэтэл экспортлогч тал тухайн бүтээгдэхүүнээ өөрийн улсынхаа холбогдох газраар шинжлүүлээд баталгаажуулсан бараагаа импортолдог.
Өөрөөр хэлбэл, Францын тал баталгаажсан бичигтэй брэндийн үнэртэй усаа экспортолж байхад манай СХҮТ дахин баталгаажуулалт хийсэн бичиг өгөх гэж асуудал үүсдэг аж. Тэгээд ч Францын брэндийн үнэртэй усыг манай улсын төв лаборатори шинжлээд чанартай эсэхийг нь шалгаж тогтооно гэдэгт эргэлзэх хүмүүс олон аж. Иймэрхүү хүнд суртал үүсгэсэн, хэрэггүй стандартыг дагахыг шаардсан жишээнүүд мундахгүй. Шинэтгэлийн жилд тус газар бизнесмэнүүдийн саналын хүрээнд заавал мөрдөх шаардлагагүй стандартуудаа хүчингүйд тооцож, бизнесийн орчныг хөнгөлөхийн төлөө ажиллах биз ээ.
МҮХАҮТ-аас "Их цэвэрлэгээ" нэртэй телевизийн нэвтрүүлгийг байнга явуулж байгаа. Их цэвэрлэгээний гол зорилго нь бизнест дарамт учруулдаг хэрэггүй хууль, тогтоол, дүрэм журмыг багасгахад чиглэдэг. Янз бүрийн хуулийг баталж гаргасан бол хэрэггүй хууль тогтоолоо ч эргээд хүчингүй болгож чаддаг байх ёстой гэсэн асуудлыг УИХ-д тавьж байгаа юм.
Сингапур улсад нэг л өдрийн дотор компани байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдаг аж. Дэлхийн банкны бизнесийн орчны судалгаагаар Монгол Улсын байр ухарч яваа үзүүлэлтийн гол алдаа нь төрөөс ямар ч реформын чанартай ажил хийхгүй байгаад оршино гэж тайлбарласан. Ер нь сүүлийн үеийн олон улсын судалгаагаар Монгол Улсын байр дандаа ухарсан үзүүлэлттэй яваад дүгнэлт хийх цаг болжээ.
Шинэтгэлийн жилийн хүрээнд хувийн хэвшлийнхэн төрөөс банк санхүүгийн системийг өөрчлөх, хэрэггүй хууль дүрмийг багасгах, хүнд суртлыг арилгах, бизнес эрхлэхэд саад учруулдаг хууль дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах замаар бодитой реформ хийхийг хүсч байна.
Д.Бэхбаяр
өөдөс
Mongol Bool