Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал...

Шатахууны хямрал хэвийн үзэгдэл болж байна. Байн байн шатахуун түгээх газрууд урт дараалалд дарагдах юу ч биш. Улсаараа нөөцгүй. Нөөцийн сав суулга ч байхгүй. Нефтийн ордуудтай атлаа энэ төслүүдийг алгассан. Алт, нүүрсний ордууд түшиглэсэн цөөн төслүүдээ л барьж авсан. Тэднийгээ ч зоригтойнхон эхлүүлж чадахгүй асар их цаг хугацаа алдсан. Сүүлдээ энэ ужиг байдалдаа өөрсдөө дасаж эхэлж байгаа маань аймшигтай. 

Тэгэхээр зориуд манай Төр нефтийн хараат байдлаас гарах бодлогоо хойш тавьснаар ирсэн гэж хардаж, хараан зүхмээр болох юм. Энэ сэдэв дээр мэргэжлийнхний дуу хоолой хаана ч хүрдэггүй, хүргэх замыг хаагдмал байдалтай байлгаж ирсэн юм уу ч гэмээр. Тийм атал “Орос ах нар минь...” гэж залбирч гүйдэг, уран зохиолын түвшний итгэл үнэмшилтэй этгээдүүд бүх сувгаар донгосож харагддаг. 

Манайх ОХУ-аас шатахууны бүрэн хамааралд орсон энэ байдал өнөөдөр л бий болчихсон цоо шинэ нөхцөл байдал биш билээ. Үүнийг бид бүгд мэдэж байвч, энэ зовлонт байдалдаа аажмаар дасаж орхисон нь л хамгийн хүлцэшгүй явдал юм. Үүнийг зориуд хийж ирсэн хүмүүс бол төр засгийнхан. Аливаа Төр хамгийн эмзэг, хамгийн хүнд зовууриа ард түмэндээ ярьж, ард түмнийхээ зүрхэнд шингээж, хамт амьсгалж , хамт түүнийгээ ялахын төлөө улсаараа ажиллацгаадаг. Харин манай Төр бол хамгийн хөндүүр цэгээ аль болох тойрох, халгам үнэнээ нуух, мартагнуулах, түр зуурын бодлогуудаар гол зогоох аргачлалыг сонгож ирсэн.

Энэ нь одоо яаж ч зүтгүүлээд явахаа больж байна. Шууд утгаар хэлэхэд юм хуучнаараа явж болохоо байжээ л гэсэн үг шүү дээ. Орос өөрөө ямар байдалд байгаа билээ. Одоо Европын холбоо ба “Долоогийн бүлэг” Оросын газрын тосонд тавих шинэ хоригийг хэлэлцэж байна. Бүр далайгаар тээвэрлэхийг бүрэн хориглох асуудлыг хэлэлцэж байна. Тэдний газрын тосны экспортын 80 гаруй хувь нь далайн замаар тээвэрлэгддэг. Хэрэв энэ чиглэлд бүрэн хориг тавивал нөхцөл байдал яаж хүндрэх вэ. Экспорт нь багасна. Дагаад зах зээлийн зүй ёсны хямралууд эрчээ авна. 

ОХУ-д нефть боловсруулах олон үйлдвэр нь халдлагад өртсөн. Төмөр замынх нь 4-5 шугам бөмбөгдөлтөд өртчихлөө. Одоо өөрсдөө АИ92 бензинээ дотооддоо хязгаарлаж, зөвхөн гэрээт орнууддаа өгч байна. Байдал илүү хүндэрвэл юун гэрээт орнуудад шатахуун нийлүүлэх. Энэ бол яах аргагүй хүзүүн дээрх хатги. 

Хэдийгээр ОХУ-ын тал хүндрэлтэй байгаа ч Монгол Улсыг шатахуун нийлүүлэлтээр таслахгүй байх талаар байр сууриа хэдэнтэй илэрхийлсэн ч хүзүүн дээрх хэзээ мөдгүй хагарах хатги маань хэвээрээ. Үүнийгээ тооцож бодлогоо боловсруулахыг, шинэ түншлэл, шинэ гарцуудыг чөлөөтэй нэвтрүүлэхийг манай сонин үргэлж уриалж байгаа. 

Юутай ч БНХАУ-ын талтай хэлэлцээр хийж, ирэх сард 15,500 тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо. Үүний дагуу 2.5 мянган тонн дизель болон АИ-92 түлш Хөх хотоос манай руу тээвэрлэгдэж эхэлсэн байна. 

Дэлхий ертөнц өөрөө амгалан биш байна. Орос Украйны дайн эхлээд дөрвөн жил боллоо. Одоо бүр шатахууныг онилж дайтаж байна. Бүх юм хуучин маягаараа явахад хэцүү болсон. Бүх юм өөрчлөгдсөн. Одоо эрх баригчид гарч ирээд “ОХУ-аас бензин ирж яваа. Тэд бидэнтэй хийсэн гэрээгээ таслахгүй гэсэн шүү” хэмээх улиг болсон үгсээ давтахыг нь хараад хэн ч баяр баясал болж хүлээж авахаа байсан гэдгийг өөрсдөө ухаарах хэрэгтэй байна. Бид хэн нэгэнд найдах бус өөрсдөдөө найдах цаг ирсэн. Ах дүү орос орон энэ тэр гэж элийрч байдгаа больж, өөрсдөө ажил төрлөө барьж аваад хийдэг болмоор байна. Ард түмэн арван жил баригдаж байгаа тэр үйлдвэрт чинь ч итгэхгүй болсон. 

Шатахууны бизнесийг либералчлах ёстой болчхоод байна. Гэтэл бид дэлхий даяар тренд болоод удаж байгаа цахилгаан машинуудыг ч бүрэн нэвтрүүлж л чадаагүй сууж байна. 

1989 оны дэлгүүрийн лангуун дээрээ давснаас өөр юмгүй болж байсан хямралаас яаж гарсныг одоогийн зарим залуу дарга нар мэдэхгүй байх. 

Зөгий хөтөлбөр гэж тэр үед явуулсан. Зөгий болгон үүрэндээ цэцгийн тоостой ирдэг. Түүн шиг иргэн бүр улсдаа, орон гэртээ жижиг сажиг ч болов бараатай, хүнс хоолтой ирэхийг даатгаж бүгдэд нь гадаад паспорт өгөөд явуулсан. Үүний ачаар гуравхан сарын дараа тэр үеийн нэршлээр “тохиролцооны дэлгүүр”-үүд хүнсэндээ дарагдаад, лангуу нь хуга үсэрч байлаа. Идэж уух, өмсөж зүүх, үзэж харах юмс, цахилгаан бараа гээд байхгүй байсан бүх юмыг олж ирж байсан туршлага байна. Энэ үеийн эрх баригчид, иргэд биднээс хамаагүй илүү эх оронч байжээ.

Одоо бид юун дээр ч нэгдэж чадахаа байсан. Шатахуун дээрээ ч Төрөөр залуурдуулсан хэвээр. 

Үнэндээ Орос, Хятад, Казахстан, Солонгос, Япон гээд бидний дипломат харилцаатай орнууд дэлхийгээр дүүрэн байхад цастай утаатай хонхортоо шатахууны хомсдолд орчхоод, хоосон сав шиг сайдынхаа худал үгэнд хууртан өдөр хоног өнгөрөөж суудаг улс болчихсоноо харах тусам уур хүрээд байна. 

Монгол Улсын шатахууны хэрэглээ хурдацтай өсөж байна.Статистикаас харвал өнгөрч буй оны эхний найман сарын байдлаар Монгол Улс 77992 ширхэг суудлын автомашин импортолсон. Энэ хэрээр шатахууны хэрэглээ нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. Төр өнөөдөр нөөцийн сав суулга яриад л сууж байна. Суурь юмаа ерөөсөө барьж авдаггүй алдааг шинэ Засгийн газар ч давтаад байна. Оросын дотоодын улс төр-эдийн засаг туйлын эмзэг, туйлын тогтворгүй байхад “Бид ах нартай бензин нийлүүлэх гэрээгээ найдвартай хийчихсээн” гээд хийсээд давхиад байх юм. 

Москвагийн хараат байдлаас гарах тухайтад илүү төвлөрч ажиллах ёстой гэдгийг яагаад дорвитой хэлэлцэхгүй байгаа юм. Монголчууд өдөржин шөнөжин сошиалдаа хэрэлдэж суудаг болсны нэг шалтгаан энэ шүү дээ. Хараат байдлын бичигдээгүй зовлон л бүхий л эд эс рүү минь нэвширч байна гэсэн үг. Аргагүй шүү дээ, манайд бензиний үнэ нэмэгдэхэд л дагаад гол нэрийн бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг нэгэнт тогтсон. Гэтэл урд хөрш маань цахилгаан машиныг илүү хямд, илүү хүн бүрт хүртээмжтэй болгох бодлого явуулж байна.

Олон жилийн өмнө нефтийн салбарын зүтгэлтэн, талийгаач Ж.Оюунгэрэл хатагтайтай энэ сэдвээр үе үе ярилцдаг байлаа. Нэг удаа бид ийнхүү хөөрөлдөж байв. Тэр хүн бол асар их эрэл хайгуулч, хөдөлмөрч хүн байсан. Асар өндөр эрсдэл туулж, асар үнэтэй өрөмдлөгүүдийг хэдэн ч удаа хийв. 

  • Нөгөө нэг гарц нь нүүрсийг хийжүүлээд шатахуун гаргах технологи. Монгол бүх төрлийн нүүрсээр баян орон. Өөрийн түүхий эдэд түшиглэн тэргүүний технологийг Монголд нэвтрүүлэх нь манай хөгжлийн нэг гарц.
  • Наад технологио тайлбарлаж өгөөч. Дотооддоо энэ түүхий эдээсээ бүтээгдэхүүн гаргана гэж үзсэн эдийн засгийн тооцоо ер нь байна уу?
  • Манай компани болон гадаад, дотоодын компаниуд хамтран хүрэн нүүрснээсшатахуун гаргах төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл хийсэн юм. Багануурын хүрэн нүүрстэй орд дээр түшиглэн тооцоо хийсэн. Нийт хоёр сая тонн эцсийн бүтээгдэхүүн гаргахад 3,3 тэрбум ам.долларын өртөгтэй болж байсан. Бараг л манай үндэсний нийт бүтээгдэхүүнтэй тэнцүү болж байгаа биз. Яг ийм үйлдвэр Өмнөд Африкт ажиллаж байгаа. Тэгээд бид яг эцсийн техник, эдийн засгийн үндэслэл хийлгэх гэхээр нэгэнтээ санхүүжилтийг нь гаргаж чадахгүйгээс хойш бас дээрээс нь зөндөө олон төсөл гарчихсан байгаа учраас түр орхисон л доо. Бид Дорнодын Матад суманд бас нефть хайж байгаа юм. Ийм том төслийг хийнэ гэхээр яаж ч бодоод санаанд хүрэхгүй байна лээ л дээ. Гэсэн ч бид ярилцаж л байгаа. Нүүрснээс шатахуун гаргах нь нефтиэс хамаагүй үнэтэй учраас бусад оронд бараг хэрэглэхгүй байна. Энэ технологи нефтийн үнэ их өндөр байхад л ашигтай. Мөн монгол бас занараар баян. Занараас бас шатахуун гаргаж болно. Гэхдээ нэгжээс гарах гарц нь бага. Технологийн хувьд нефтиэс мөн л үнэтэй. Гэхдээ монголд ямар ч байсан өөрийнхөө түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрийг төр хувийн хэвшил хамтраад ч хамаагүй хийх хэрэгтэй байна. Аль нэг намын сонгуулийн амлалтыг биелүүлэхийн тулд биш олон тулгуурт эдийн засагтай, эрчим хүчний хувьд гадаад орноос хамааралгүй болох нь туйлын чухал байна.

Ийнхүү ярьж, мөрөөдөж, өөрөө эрсдэл гаргаж явсан эмэгтэй өнөөдөр бидний дунд алга. Одоогийн байдлаар би 30 сая доллар газар луу хийчхээд сууж байна. Яая гэхэв, хайгуул хийж байгаа миний л эрсдэл шүү дээ ...гээд санаа алдаж байсан нь санаанаас гардаггүй.