НИКОЛАС МОРТОНЫ “МОНГОЛ ИХ ТҮРЛЭГ” НОМЫН ТУХАЙ
Мортон түүхийн ээдрээтэй үйл явдлуудыг нарийвчлан судлаад энгийн уншигчдад сонирхолтой, хүртээмжтэй болгон янзалсан байна. “Монгол түрлэг” нь Монголын эзэнт гүрний нөлөөг дундад зууны үеийн түүхтэй өргөн хүрээтэйгээр холбосон чадвараараа бусад эх сурвалжаас ялгарч, энэ нь тухайн үеийн талаар илүү гүнзгий ойлголттой, сонирхолтой бичсэнээр хүмүүст үнэ цэнэтэй эх сурвалж болж өгчээ.
НИКОЛАС МОРТОНЫ “МОНГОЛ ИХ ТҮРЛЭГ” НОМЫН ТУХАЙ
Нотинхэмийн их сургуулийн профессор Николас Мортон нь дундад зууны үеийн дэлхийн түүх судлаач бөгөөд гол сэдэв нь Х-ХIV зууны үеийн Орхи Дорнод юм. Тэрээр Загалмайтны аян дайн, Ойрхи Дорнод, Төв Ази, Сэлжүк Түрэг, Монголын аян дайны талаар хэд хэдэн ном болон судалгааны өгүүлэл бичсэн. Эдэн дундаас нэлээд нэрд гарсан нь“Монгол их түрлэг: Дундад зууны Ойрхи Дорнод тэнгэрийн зарилгаар өөрчлөгдсөн нь” (The Mongol Storm: Making and Breaking Empires in the Medieval Near East).
Олон зууны турш загалмайтны аян дайн нь дундад зууны Ойрхи Дорнодын түүхийн гол хэсэг байсаар ирсэн боловч эдгээр шашны дайнууд нь бүс нутгийн ээдрээтэй түүхийн зөвхөн нэг хэсэг юм. "Монгол их түрлэг"-т дурдсанчлан, тэр үеийн Ойрхи Дорнод нь эдгээр цуврал дайнууд туулсаар, эцэст нь бүрмөсөн шинэчлэгдсэн ньмонголчуудын довтолгоо ажгуу. Монголчууд Ойрхи Дорнодын өргөн уудам нутгийг эзлэн авснаар бүс нутгийн геополитикийг өөрчилсөн. Монголчуудын довтолгооноор бий болсон эмх замбараагүй байдлын дунд Византин, Сэлжүк Түрэг, загалмайтны цэрэг зэрэг олон жилийн турш оршин тогтнож байсан гүрнүүд төдийгүй осман түрэгчүүд зэрэг шинэ тоглогчид ч эсэргүүцэх тэмцэлд оролцож байв. Монголчуудын байлдан дагуулалт нь бүс нутгийг тэр чигээр нь мөнхөд өөрчилж, еврази даяар тархсан нийгэм хоорондын өвөрмөц нягт харилцааг бий болгожээ.
Николас Мортоны "Монгол их түрлэг: Дундад зууны Ойрхи Дорнод тэнгэрийн зарилгаар өөрчлөгдсөн нь" номд монголчуудын байлдан дагуулалтын талаар иж бүрэн үнэлэлт дүгнэлт өгч, дундад зууны Ойрхи Дорнодын улс төр, нийгмийн дүр төрх хэрхэн өөрчлөгдөх болсон нөлөөллийг онцлон гаргаж ирсэн байна. Тухайн үед Ойрхи Дорнодын лалын орнуудад араб, перс, түрэг хүмүүс голлон ноёрхож байсан ба тэд хамгийн түрүүн монголчуудын довтолгоонд өртсөн. Тэдний түүхчид л монголчуудын байлдан дагуулалтыг хэтрүүлэн бичихдээ харгислал тонуул дээрэмийг нь чөтгөрийн хүч, муу ёрын хүчин гэж тодорхойлж байсан нь тэр чигээрээ европын түүх бичлэгт шууд хүрч евроцэнтрик “баримт” болж хөгжсөн. Тухайн үеийн түүхчид монголчуудын Ойрхи Дорнодод хийсэн геополитик өөрчлөлт, соёл, улс төрийн солилцоо, шашины харилцаанд дахь өөрчлөлт зэрэгт огтоос анхаарал хандуулаагүй. Энэхүү тогтсон уламжлалт ойлголтоос Мортон татгалзан илүү өргөн хүрээтэй харж, монголчуудын Визант, Сэлжүк Түрэг, Мамлюк, Латин, зэрэг янз бүрийн нийгэмтэй тогтоосон харилцааны ач холбогдлыг бүтээлдээ онцолжээ. Түүний бичлэгийн хүртээмжтэй хэв маяг, тэнцвэртэй үзэл бодол нь уншигчдад монголчуудын байлдан дагуулалт нь хэдийгээр харгис хэрцгий авч соёл, улс төрийн солилцоог хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн тухай нарийн ойлголт өгсөн байна.
Хэдэн зуун жил үргэлжилсэн загалмайтны цуврал аян дайны тухай түүх бичлэгт маш дэлгэрэнгүй эх сурвалж байдаг ба тэнд дайны туршлагыг нь баяжуулж, тэр үеийг нарийн тодорхойлсон төдийгүй цэргийн нарийвчилсан төвөгтэй тактик, улс төрийн стратеги, соёлын динамикийг чадварлаг хослуулан харуулсан байдаг. Гэтэл монголчуудын баруун зүгт тэлсэн үйл явцыг тухайн цагийн түүхчид зөвхөн цэрэг дайны талаас нь тоймолсон байдаг ба ихэнх нь маш хэтрүүлэгтэй өгүүлсэн байдаг. Ганц жишээ хэлэхэл Хүлэгү Багдад хотыг эзлэхдээ 800 мянган хүн алсан гэсэн “баримт” одоо ч олон эх сурвалжид байнга эшлэгдсээр. Тухайн цагийн Багдад хот үүнээс олон дахин цөөн хүн амтай байсан шүү дээ. Хожмын зарим судлаачид алагдсан хүний тоог хэдэн арав дахин цөөн байсан гэж үздэг.
Мортон түүхийн ээдрээтэй үйл явдлуудыг нарийвчлан судлаад энгийн уншигчдад сонирхолтой, хүртээмжтэй болгон янзалсан байна. “Монгол түрлэг” нь Монголын эзэнт гүрний нөлөөг дундад зууны үеийн түүхтэй өргөн хүрээтэйгээр холбосон чадвараараа бусад эх сурвалжаас ялгарч, энэ нь тухайн үеийн талаар илүү гүнзгий ойлголттой, сонирхолтой бичсэнээр хүмүүст үнэ цэнэтэй эх сурвалж болж өгчээ.
Николас Мортоны “Монгол түрлэг: Дундад зууны Ойрхи Дорнод тэнгэрийн зарилгаар өөрчлөгдсөн нь” бүтээл XIII зууны үеийн монголчуудын Ойрхи Дорнод руу хийсэн довтолгооны талаарх сонирхолтой бөгөөд нарийн ширийн судалгаа юм. Нарийвчлалтай судалгаа, тэнцвэртэй өгүүлэмжийн тусламжтайгаар Мортон эдгээр байлдан дагуулалтын харгис бодит байдлыг сэргээн өгүүлэхийн зэрэгцээ, дайнаас болж хожим нь үүссэн өргөн хүрээтэй үр дагаврыг дэлгэрэнгүй харуулжээ. Түүний бүтээл нь зөвхөн цэрэг дайны төдийгүй, монголчуудын араас үүссэн геополитик, соёл, шашны ээдрээтэй үймээн самууныг ч судлан үзүүлсэн хэрэг.
Мортоны түүх нь дундад зууны үймээн самуунтай үе болох 1218 онд монгол морьтнууд гэнэт Төв Азийн тэнгэрийн хаяанд анхлан гарч ирснээс хойшхи их шуурганы тухай өгүүлдэг. Энэ талаар түүхчлэн бүтээсэн олон зохиолоос Мортоны бүтээлийн ялгарах онцлог бол бүс нутгийн өнцөг булан бүрийн өөр өөр үзэл санааг ялгамжтай нэгтгэн харуулсан чадвар юм. Тэрээр дан ганц монголчуудад анхаарлаа хандуулаагүй бөгөөд Египетийн Аюубидаас эхлээд Левант дахь загалмайтны хаант улсууд, Византийн эзэнт гүрнээс эхлээд Сэлжук Түрэг хүртэл өөр өөр улс, нийгмүүд монголчуудын довтолгоонд тус бүр хэрхэн хариу үйлдэл үзүүлж, хэрхэн өөрчлөгдсөнийг судалжээ. Энэхүү арга барил нь түүнд цэргийн түүх талаас нь харуулдаг уламжлалт түүх бичлэгээс хальж, монголчуудын довтолгооноос үүдэлтэй өөрчлөлтүүдийн талаар илүү өргөн хүрээтэй ойлголт өгсөн байна.
Мортоны байлдан дагуулалтын талаар хийсэн дүн шинжилгээний арга барил нь геополитикийн томоохон өөрчлөлтүүд болон харгислал, амьд үлдэх, дасан зохицох тухай хувь хүмүүсийн намтар хооронд ээлжлэн, дэлгэрэнгүй сонирхолтой харуулж чадсан. Тухайлбал, Чингис хаан Хорэзмийн эзэнт гүрний султан Мухаммэдтай худалдааны харилцаа тогтоохоор илгээсэн монгол худалдаачдыг хөнөөсөн Отрарын захирагч Иналчукийн тухай өгүүлсэн хэсэг байна. "Монголчуудын хариу арга хэмжээ хурдан бөгөөд шийдэмгий байсан тул монгол цэргүүд хотыг бүслэн цөлмөсөн. Иналчукийн ам, нүд, чих рүү нь хайлсан тугалга цутгаж, харгис хэрцгийгээр цаазлав”. Иймэрхүү түүхүүд нь номын цар хүрээг өргөтгөн, үйл явцыг өөр нэг хэмжээс дээр нэмж, зөвхөн тулаан, байлдан дагуулалтын тухайгаас илүү өргөн болгожээ.
Номын үйл явдалд бодит цагийн арга барил нь энэ үеийн урьдчилан таамаглах аргагүй байдлыг үр дүнтэйгээр илэрхийлдэг. Мортон уншигчдад үнэнч байдлын хурдацтай өөрчлөлт, өөрчлөлтийн хүчний динамик, улс төрийн ландшафтыг бүрхсэн тодорхой бус байдлын талаар бичлэгээ чиглүүлжээ. Монголчууд баруун зүгт дэвшиж, хаант улсуудыг нурааж, ард түмнүүдийг эрхшээлдээ оруулахын хэрээр Ойрхи Дорнодын улс орнууд явцын дунд дасан зохицоход хүрч байв. Киликийн Арменийн хаант улс болон Византийн эзэнт гүрний Трэбизон зэрэг нь монголчуудын вассал болсон бол зарим нь Египетийн мамлюкууд шиг хүчтэй өрсөлдөгчид болон тодорч ирэв.
Монголчуудын довтолгооны дараа эмх замбараагүй байдлын улмаас засгийн эрхэнд гарсан мамлюкууд бол Мортоны өгүүллийн бас нэг сонирхолтой хэсэг юм. Тэд 1260 онд Айн Жалутын тулалдаанд монголчуудыг ялсан нь эргэлтийн цэг болж, монголчууд Египет рүү довтлохыг зогсоосон бол, мамлюкуудыг бүс нутагтаа ноёрхох хүчин болгожээ. Мамлюк-Монголын өрсөлдөөний талаар хийсэн дүн шинжилгээ нь гайхалтай ухаалаг. Мамлюкууд монголчуудтай тулалдан ялсны дараа хэрхэн хүчээ нэгтгэж, бүс нутгийг тогтворжуулж байсныг онцолсон байна.
Мортоны бүтээл нь Ойрхи Дорнод дахь монголчуудын нөлөөллийн нарийн төвөгтэй, ихэвчлэн зөрчилдөөнтэй шинж чанарыг анхаарч үзсэнээрээ онцлог юм. Тэрээр монголчуудын байлдан дагууллыг дагалдаж ирсэн харгислал, сүйрлийг дүрслэхээс зайлсхийгээгүй ч эдгээр үйл явдлын санамсаргүй үр дагаврыг мөн хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, монголчуудын шашны хүлцэнгүй нийлэмжтэй үзэлэзлэгдсэн улс нийгэмд нь нэгэнт тогтсон зан заншилд засвар оруулсан.
Галсангийн Батсүх нь Жэйис Вотэрсоны “Хятадыг хамгаалсан нь: Монголчуудын эсрэг Хятадын хийсэн тэмцэл, (1209-1370)”; Томас Аллены Монгол империализм: Хятад, Орос, Исламын ертөнцөд Их хаан Мөнхийн явуулсан бодлого (1251-1259) зэрэг Дундад зууны үеийн Монголын байлдан дагуулалтын тухай гадны хүлээн зөвшөөрөгдсөн дорвитой эх сурвалж бүтээлүүдийг эх хэлнээ орчуулж хэвлүүлсэн туршлагатай, энэ талаар сайтар мэргэшиж буй орчуулагч юм.
2025.12.6

