Энэ 7 хоногт
Тамхины татвар
Тамхины хор хөнөөлийн талаар олон хүн ярьж хэлдэг, харин манайх тэмцэх талаар дорвитой арга хэмжээ авч чаддаг уу?
ДЭМБ-аас 2009 онд гаргасан тамхины судалгаанаас үзвэл дөрвөн Монгол хүний нэг нь тамхи татдаг бөгөөд хамгийн их тамхи татдагаараа 41-д жагсчээ. Тамхины хор хөнөөлийн талаар олон хүн ярьж хэлдэг, харин манайх тэмцэх талаар дорвитой арга хэмжээ авч чаддаг уу?
ДЭМБ-с тамхитай тэмцэх аргуудын нэгд тамхины үнийг өсгөх замаар эрэлтийг бууруулахыг зөвлөдөг. Монголд нэг хайрцаг тамхины татвар (хамгийн их зарагддаг 20 ширхэгтэй тамхины хувьд) үнийн 37 хувийг эзэлж байгаа нь дэлхийн улс орнуудаас бага татвартайгаараа 62-т ороход хүргэжээ. Хэдийгээр энэ татвар тийм ч бага биш санагдах боловч 2008 оны байдлаар Монголд хамгийн их зарагддаг 20 ширхэгтэй хайрцаг тамхины үнэ 0.39 ам. доллар байгаа нь судалгаанд хамрагдсан 183 орноос Монголыг тамхи хамгийн хямд байдаг 10 орны нэгт ороход хүргэжээ (2009 оны 3-р сард импортын тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэн тогтоосон бөгөөд үүнийг оруулан тооцсон ч гэсэн Монгол тамхи хамгийн хямд 20 орны нэгд орохоор байгаа юм).
Эх сурвалж: ДЭМБ, Дэлхийн банк
Дээрх зургаас харвал улс орнуудын орлого (нэг хүнд оногдох ДНБ, 2008 он, тухайн үеийн ам. доллараар) өсөхөд тамхины үнэ (хамгийн их зарагддаг тамхины үнэ, 2008 он, тухайн үеийн ам. доллараар) өсдөг хамаарал ажиглагдаж байна. Мөн Монгол тийм ч ядуу орон биш боловч тамхины үнэ маш бага байдгийг харж болно. Энэ нь нөгөө талаар тамхины үнийг бусад амьжиргааны түвшин ойролцоо орнуудын жишигт хүргэхэд тамхины татварыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломж байгааг харуулж байна.
Тамхины татварыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэгчид дараах тайлбарыг голлон хийдэг байна:
- Татварыг нэмснээр тамхины хэрэглээ буурахгүй. Тамхины донтуулах шинж чанартай холбоотойгоор тамхи үнийн мэдрэмж муутай (үнэ өсөхөд эрэлт түүнээс бага хэмжээгээр буурдаг) гэсэн судалгаа байдаг ч гэсэн тамхины үнийн ихээхэн хэмжээний өсөлт нь тамхины хэрэглээг бодитойгоор бууруулах боломжтой. Мөн тамхины үнэ нэмэгдсэнээр шинээр тамхинд орогчдын тоо буурах бөгөөд энэ нь урт хугацаанд тамхины хэрэглээг бууруулах юм. Нөгөө талаар тамхи үнийн мэдрэмж муутай учир татвар нэмснээр төсвийн орлогыг багагүй хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой. Ихэнх тохиолдолд тамхины татварыг нэмэх нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой байдаг.
- Тамхины хууль бус импортыг дэмжинэ. Ж.Энхбаяр гишүүний хэлснээр тамхины импорт цөөн тооны аж ахуйн нэгжид төвлөрсөн, тэдгээрт тавих хяналт сайжирсан учир тамхины хууль бус импортоос айлтгүй гэнэ.
- Тамхины үнийн өсөлт ядуу өрхүүдэд хүнд тусна. ДЭМБ-аас хийсэн судалгаагаар улс орон ядуу байх тусам тамхины хэрэглээ их байдаг бөгөөд зарим оронд тамхи ядуу өрхийн хэрэглээний 10%-ийг эзэлдэг гэнэ. Иймээс тамхины хэрэглээг бууруулах нь ядууралтай тэмцэх ач холбогдолтой юм. Богино хугацаанд тамхины үнийн өсөлт ядуу өрхөд муугаар тусч болох боловч урт хугацаанд тамхины хэрэглээ буурах боломжтой.
Тамхитай тэмцэх нэг арга нь тамхины хайрцган дээр тамхины хор хөнөөлийг харуулсан зураг байрлуулах байдаг. Манай улсын хувьд ирэх оноос эхлэн тамхийг ийм зурагтай худалдаан гаргахаар болсон. Цаашид тамхины татварыг нэмэгдүүлэх нь тамхины хэрэглээг бууруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Тулгаа
Зочин
Зочин
Зочин
тамхичин
tamhiny naimaachin