Энэ 7 хоногт
Аялгуу хөвөрдсөн үдэш- VIRTUOSO-2009
Төгөлдөр хуурын даруул дээр дөрвөн гар бүжиглэнэ.
Төгөлдөр хуурын даруул дээр дөрвөн гар бүжиглэнэ. Ер бусын цоглог хэмнэл, олон өнгийн сүлжилдээнт аялгуу сонсож суугаа хүмүүсийн сэтгэлийн утсыг хөвсөлзүүлнэ. Өөрсдөө аялгуундаа шингэж уусаад, хөгжмийнхөө хэмнэлээр биеэ туялзуулан найгах хоёр жаахан охиныг үзэгчид үнэн голоосоо өхөөрдөн байлаа. Тэд бол Хөгжим бүжгийн коллежийн сурагч Э.Номин, Д.Ариунзаяа нар. 12-15 настай тэдгээр охид Испани улсын Сан Хосе хотод болдог уламжлалт хоршил төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн амжилтаараа оны шилдэг ардын болон сонгодог хөгжмийн бүтээлчдийн VIRTUOSO-2009 гала концертод уригдан тоглож буй нь энэ.
Жил жилийн шилдэг хөгжимчдийг нэгэн дор хуруулан, гаргасан амжилт, хийсэн бүтээлийг нь олноо танилцуулдаг VIRTUOSO наадмыг урлагийн боловсролыг дэмжих “Агаар” төвөөс уламжлал болгон зохиох болсоор хэд хэдэн он болжээ. Улсынхаа болон дэлхийн хэмжээний урлагийн наадмууд, тэмцээнүүдэд өндөр амжилт гаргасан шилдгүүд энэ концертод уригддагаараа онцлогтой.
Өчигдөрхөн Улсын Филармонийн тайзнаа тоглогдсон гала концерт шилдгүүдийнх гэсэндээ цаанаа чансаатай байлаа. Тоглолтын салхийг хагалсан СУИС-ийн багш, морин хуурч П.Тэмүүжин БНСУ-д энэ оны есдүгээр сард болсон DELPHI-III урлагийн олимпийн алтан медальтай. Тэрээр морин хуурынхаа хоёрхон чавхдас дээр Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Нацагдоржийн ардын дууны найруулгыг эгшиглүүлж, тал нутгийн байгаль хийгээд хүмүүний сэтгэлийн эмзэглэл хоршин өрнөх эртний гуниглант түүхийг өгүүлэхийн адил хөвөрдүүлэв. Түүний дараа тоглосон Хөгжим бүжгийн коллежийн сурагч, морин хийлч, Чех улсын алдарт хийлч Ж.Косианы нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт бяцхан охинг Т.Энхмаа хагас анисхийсэн нүдэн дотроо аль тэртээх 19 зууны Европын бяцхан сууринд үзэсгэлэнт охины мөрөөдөл шувуудын жиргээтэй холилдон байна уу гэмээр хэм тэгш аялгууг гайхалтай уран сонголоо. Ж.Косианы нэрэмжит олон улсын уралдаанд манай өсвөрийн хөгжимчид олонтаа оролцож байсан боловч тэргүүн байрт шалгарч байсан нь үгүй юм. Тус наадмын анхны алтан медалийг эх орондоо зүүж ирсэн Т.Энхмааг үе үеийн өсвөрийн хөгжимчдийн дотроос хамгийн шилдэг нь гэж нэрлэж болно.
Испанийн Уэска хотын захиргаа жил бүр төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан зохиодог. Тус наадмын энэ оны тусгай шагналыг монгол бүсгүй хүртсэн нь СУИС-ийн багш Б.Оюунгэрэл. Хар, цагаан хослосон хуурын даруул дээр яг л бороон дусал адил үсчин дэгдэх хурууны нь үзүүрээс Шуберт эгшиглэнэ. Нэн эрхэмсэг энэ аялгууг Хөгжим бүжгийн коллежийн багш Т.Нямсүрэнгийн хөгжөөнт аялгуу залгуулав. Тэрээр Францад болдог М.Магины нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанаас энэ жил гуравдугаар байрын шагналт хүртсэн байна.
Ер бусын сонгодог үдшийн олон өнгийн хөг эгшгийг флейт бишгүүрийн донж төгөлдөр ая чимэглэсэн нь хөгжимчин Н.Хоролсүрэнгийн номер байлаа. Хөгжимчин хүн хэрхэн ая эгшгэндээ шингэж ордгийг түүний дүр төрх бүрнээ илэрхийлэх аж. Гадагшаа сонсогдож байгаагаасаа илүү гүн, нарийн, үргэлжлэн хөвөрсөн хөгжим дотогш мэдрэмж рүү нь урсан орж байна уу гэмээр.
Тоглолтын оргил хэсэг нь Хөгжим бүжгийн коллежийн багш Б.Зоригтын найруулсан Россинийн “Хулгайч шаазгай” дан хөгжмийн зохиолыг тус сургуулийн сурагчдын цохивор хөгжмийн хамтлаг гайхалтай урнаар амилуулсан хэсэг байлаа. Хүүхдүүд хачин мэдрэмжтэй агаад, ер бусын чадварлаг тоглолт үзүүлж, үзэгчдийг бишрүүллээ. Олон янзын цохивор хөгжмүүдийн болон бөмбөрийн цохиурууд хүүхдүүдийн хурдан шалмаг хөдөлгөөний аясаар нүргэлсэн сүрлэг хэрнээ өөдрөг ая хэмнэлийг үүсгэн хангинана. Шавилхан биетэй Б.Зориг багш шавь нарынхаа дунд зогсоод бөмбөр нүргэлүүлэн, бусад хөгжмүүдийн хэм хөгийг тааруулж байв. Сурагчдаасаа бараг ялгарахгүй ч түүний ая эгшгэндээ орчихсон, бүхий л биеэрээ бүжиглэн хөгжимдөх сэтгэлийн хөдлөл шавь нарынх нь урмыг сэргээдэг гэдэгт эргэлзэмгүй аж. Тэрээр жил бүр дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг цохивор хөгжмийн чуулгад хөрвүүлэн найруулж, “Найруулга” нэрийн дор шинэ уран бүтээлийн тоглолт зохион байгуулдаг болсноор үзэгчдийн болоод Монголын хөгжмийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй уран бүтээлч, багш юм. Энэ онд хийсэн “Найруулга-2009” тоглолтын амжилтаараа тэрээр энэхүү гала концертод уригдсан ажээ.
VIRTUOSO-2009-д уригдан тоглогдсон түүний бас нэг бүтээл бол цохивор хөгжмийн хамтлагийн шавь нараа Морин хуурын чуулгатай хамтран тоглуулсан ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж агсны “Алтан өргөө” киноны хөгжим байв. Тэрээр “Найруулга” цувралынхаа хүрээнд Л.Мөрдорж агсны болон дэлхийд хосгүй үнэт бүтээл туурвилыг мөнхлөх, Монголын хөгжмийн урлагийнхны урын санд оруулах бодлого баримтлан ажиллаж эхэлснийг энэ салбарын мэргэжилтнүүд өндрөөр үнэлж буй.
Оны шилдэг хөгжмийн бүтээлүүдийн гала тоглолтын үеэр нэгэн шинэ, сайхан мэдээг уг концертыг зохион байгуулагчид үзэгчдэд дуулгалаа. Энэ нь Москва хотноо энэ өдрүүдэд зохиогдсон М.Глинкийн нэрэмжит дуулаачдын олон улсын тэмцээнд манай дуучин н.Мөнгөнцэцэг түрүүлсэн тухай баяртай мэдээ байлаа. Түүний концертмэйстрээр ажиллаж байгаа Б.Солонго VIRTUOSO-2009-д уригдан тоглож, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа нарын дуулах дууг хөгжимдөх учиртай байсан юм. Дуучин н.Мөнгөнцэцэг уралдаанд түрүүлж, уг уралдааны гала тоглолтод оролцох болсноор тэр энэхүү концертод хүрэлцэн ирж амжаагүй ажээ.
Гавьяат жүжигчин О.Ичинхорлоогийн нэрэмжит дуурийн дуулаачдын улсын уралдааны Гран При шагналт, дуучин Ө.Уянга, “Венецийн үдэш” бие даасан тоглолт болон гадаад орнуудын тайзнаа дэлхийн сонгодог дууриудын гол дүр бүтээсэн Б.Эрдэнтуяа нар анх удаа тайзнаас дуулалгүйгээр буулаа. Үүнийгээ тэд өөрсдөө ч ихэд хачирхан, гайхацгааж, үзэгчдээс хичээнгүйлэн хүлцэл өчсөн юм. Үзэгчид ч концертмэйстэргүй дуучдыг “уучлан өршөөж” алга ташилт бэлэглэж байв.
Харин тэдний “зайг нөхөж” ДБЭТ-ын дуучин Ц.Баттөр дуулав. Түүний “Романс”, “Ари” хэмээх цуврал CD үзэгчдид болон мэргэжлийн хүрээнийхнээс өндөр үнэлэлт авсан юм. Мөн тэрээр энэ онд уран бүтээлийн бие даасан тоглолт хийсэн нь оны шилдгээр шалгаран VIRTUOSO-2009-т оролцох эрхийг түүнд олгосон байна.
Үзэгчиддээ сюрприз барив уу гэлтэй, зохион байгуулагчид ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийг тоглолтын хоо төгсгөлд дуудав. DELPHI-III урлагийн олимпийн алтан медальт, манай улсад зохиогдсон хөөмийчдийн олон улсын уралдааны тэргүүн байр, ОХУ-д болсон хөөмийчдийн олон улсын уралдааны Гран При шагналтай тус хамтлаг “Таван Тэсийн магтаал”-ыг хоолойнхоо “гүн уг”-аар өнгө салган хайлж, “Тоорой банди” хөгжмийн найруулгыг гайхамшигтай урнаар тоглов. Морин хуур, домбор зэрэг утсан хөгжмүүдийн аялгуу хийгээд хоолойн уран исгэрээ хослуулан туурвих тус хамтлагийн бүтээл монгол үндэстний язгуур шинжийг агуулсан нэн эрхэмсэг ажээ.
Дараа нь Морин хуурын чуулга тоглов. Тус чуулгын тухайд элдвийг өгүүлэн нурших шаардлагагүй билээ. Монголд төдийгүй дэлхийн олон улсад танил болсон тус чуулгын хийсэн бүтээл хийгээд хүрсэн амжилтыг тоочин дурдана гэвэл цаг, цаас хүрэлцэхгүй.
Чуулгынхан саяхан Төрийн шагнал хүртсэн хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Морин хуурт зориулсан концерт”-ын хэсгийг тоглож үзэгчдийг уярууллаа. Ялангуяа гоцлол морин хуурч Д.Шинэцогийн “дотортой” тоглолт хөгжимчин хүний сэрэл сэтгэлийн тухай ер бүсийн ойлголтыг үзэгчдэд төрүүллээ. Хэдхэн хормын тоглолтдоо ямархан их хүч, мэдрэхүй, тэнхээ шавхан тоглож буй нь үзтэл харагдана. Хуурынхаа чавхдаснаас үүсэн гарах ая эгшгийн байгальдаа цор ганцаар, дур зоргоор байгаа мэт, нүдээ аньсхийж ганхан найгах түүний хөгжимдөхийн ур авъяас чухам бишрэл төрөхгүй байхын аргагүй байлаа. Тэрээр Оросын холбооны Буриад улсад болсон “Евроази-IV” фестивалиас Гран При шагнал хүртсэнээс гадна Олон үндэстний “Хөөмий тайко” хамтлагтайгаа АНУ-ын таван хотод аялан тогложээ. Энэ үеэр тус хамтлаг алдарт “”Кеннеди төв”, Бродвейн “Их театр”-т тоглож, монгол үндэсний хөгжмийн гайхамшиг, хөгжимчний ур чадварыг харуулж чадсаныг урлаг судлаачид шашгин ярьцгааж байв.
Сэтгүүлч Д.Энхболдбаатар
dul