Анх зургаадугаар ангийн хүүхэд байхад ижий минь дагуулан сурагчийн ширээний араас зурсан хэдэн дэвтэр дүүрэн халтар зургийг минь бариад “Тоншуул” сэтгүүлд Ц.Байды багшид шавь оруулж билээ.

Эх хүнд хүүхдийн нь зураг бүхэн сайхан санагддаг хойно хүүгээ хошин шог урлагийн тэр том дэвжээнд татан оруулчихжээ.

Тэр үеэс би  хүүхдийн байтугай нэрт мастеруудийн зургууд  хасагддаг шалгуур өндөр “Тоншуул”  сэтгүүлээс салахаа больж билээ.

Урмын сайхан үгс, уран бүтээлчдийн яриаг сонсоор “чих алт “ болж сонинд зураг хэвлүүлэх бодол маань алга болж  зөвхөн багшаараа шинэхэн зургаа магтуулж явах жаргалтай санагдаж байлаа.

Жил гаруйн дараа ижий минь нэг өдөр ажлаасаа миний хүүгийн зураг хэвлэгджээ гэсээр баяр хөөртэй орж ирж билээ.

Харин сонинд нэг гарсанаасаа хойш тасралтгүй зурсаар 33 жил болжээ.

 “Тоншуул”-ынхан зургийн шагналаа аваарай” гэхээр ичээд гараад зугтчихдагсан.
Намар цаг хичээл эхлэхийн  өмнөхөн зуслангийн хэдэн зургаа бариад ижийтэйгээ “Тоншуул” сэтгүүлд дээр иртэл 2 зургийн шагнал 56 төгрөг гарчихсан байв.

Ижий минь тэгэхэд  маш их баярлаад намайг нэгдүгээр дэлгүүрт  дагуулан орж 55 төгрөгийн хавар намрын гутал авч хариулт нэг төгрөгийг нь надад өгөхдөө “Миний хүү талхаа байтугай гутлаа олдог болжээ. Хол явнаа” гэж үнсэж билээ.
Үнэхээр хол явж хэдэн жилийн дараа  Москвад хэвлэлийн дээд сургууль суралцахаар мордож билээ.

Ижийн тухай дурсамж ,асууж амжаагүй асуултууд улам бүр хөвөрсөөр байна...

Ерэн хэдэн онд ерөнхий сайд П.Жасрай гуайг бич болгон элэглэн зурахад хамгийн их бухимдан зэмлэсэн нь ижий минь байж билээ.

Өөрөө их шооч наргианч хүн хирнээ “Миний хүү битгий хүнийг шоолж зурж бай. Амьдралд сайхан юм дүүрэн байдаг юмаа. Харж зур” гэж хэлчихээд  уг нь адилхан болжээ гэж жуумалзаж суусансан.

2005 онд зоогийн газарт П.Жасрай гуайтай таарч шог зургийн номоо бэлдэж байсан надад түүний хөрөг цүнхэнд явсан юм. Би билэгшээн сэтгэдлийг сонсоод нөхөрсөг шог дээрээ гарын үсгиийг нь зуруулаад үнсүүлсэнээ ирээд ижийдээ дуулгатал”Ёстой болж миний хүү.Төрийн хүн гэдэг тусдаа  төрдөг юм шүү. Том хүндлэл болж” дахин дахин ярьдагсан.

Миний ээж Завхан аймгийн Шилүүстэй сумын Харганы бор толгой гэдэг газар төрсөн хүн л дээ.

Нэгэн цагт Асгатын голын  хөвөөнд найрагчийн ээж ,зураачийн ээж  чулуу талцан тоглож байсан юм гэнэлээ.

Одоо хоёулаа алга даа.

Реквием

Толгодын дунд ээжийгээ орхилоо
Тоост хорвоогийн жамыг яалтай
Тосоод урдаас минь ирэхгүй боллоо
Тоотой насны хэмжээг яалтай.

Энгэр газар ээжийгээ орхилоо
Энэ хорвоогийн ёсыг  яалтай
Энгэрт нь наалдаж золгохгүй боллоо
Эргэх орчлонгийн жамыг яалтай.

Толгод минь чи мөнхөд байж
Ээжийг минь энгэртээ нойрсуулаарай
Тоост хорвоод  хүмүүс  минь төрж
Эзгүй нэгийнхээ орыг гишгээрэй.
Ижийтэй өдрийн дурсамж тэрлэн  Б.Цэнддоо найз маань 1993 онд ийн шүлэглэн халаглаж байсансан.

Ум сайн амгалан болтугай.
Lumo\ Л.Мөнхбат