Сайн нэрийг хүсэвч олдохгүй
Муу нэрийг хусавч арилахгүй.

-Ардын зүйр цэцэн үг


Нүүрсний хулгайн хэрэгт холбогдон урьд шөнө саатуулагдсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захирлыг 2018 онд томилуулахад нөлөөлсөн бөгөөд ажлаас чөлөөлөх асуудал энэ намар хөндөгдөхөд хамгаалж яриа хийсэн гэх хүмүүсийн хамгийн эхэнд нэр дурдагдсан этгээдүүд УИХ, ЗГ-ын гишүүд дунд байгаа тухай, тус захирлыг ЗГ, УИХ-ын гишүүдийн тал хувь нь өмөөрсөн тухай Eguur.mn зэрэг хэд хэдэн эх сурвалжууд мэдээлэв. 

Парламент, улс төрийн намын үнэ цэн

Олон нийт сүүлийн 30 жилд Монголд тогтсон улс төрийн дэглэмийн чухам юунд дургүйцэж, үүний 24 жилд нь засгийн эрх мэдэл дангаар хэрэгжүүлсэн эрх баригч намын яг юунд нь гомдож бухимдаад байна вэ? гэдэг асуултад хариулт олох гэж оролдоод үзье. 

Хариултын хамгийн эхэнд, ард түмний элч төлөөлөгчдийг сонгох учиртай парламентын сонгуульд нэр дэвших ёсгүй буюу бусдын эрх ашгийн төлөө нийтийн албанд ажиллах чадваргүй, сэтгэлгүй хүмүүсийг сонгогчдод танилцуулж, сонгуульд ялуулдаг явдал орох байх. 

“Цогц хөгжлийн үндэсний төв”-өөс 2022 оны 11 дүгээр сард хийсэн “Сонгогчийн зан, төлөвийн судалгаа”-ны дүнгээс харвал иргэд намуудын нэр дэвшигчдийг хууль тогтоох болон орон нутгийн хурлын байгууллагад сонгосноороо тэдэнд ямар боломж олгож, ямар үүрэг, хариуцлага хүлээлгэж байгаагаа болон төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох эрхтэйгээ мэддэггүй аж.

Гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх чухал үүрэгтэй Засгийн газрыг бүрдүүлэх хуульд заасан цорын ганц арга нь УИХ-д хамгийн олон суудал авсан, эсвэл олонх болсон улс төрийн нам, эвсэл Ерөнхий сайд болон түүгээр дамжуулан танхимын сайд нарыг томилох явдал юм. УИХ-ын гишүүнийг иргэд 4 жил тутам сонгож, 76 суудлын олонхийг бүрдүүлж буй нам буюу эвсэл Ерөнхий сайдыг томилж, бусад сайд нарыг Ерөнхий сайд томилдог. Энэ бол Үндсэн хуулийн суурь зарчим. 

Эндээс улс төрийн намын ч, УИХ-ын гишүүний ч үнэ цэн, утга учир, ач холбогдол бэлхнээ харагдана. Хамтын зарчмаар Ерөнхий сайдыг томилж, улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, хууль болон төсөв батлах бүрэн эрхтэй УИХ-ын гишүүнд тавигдах шалгуураа Монголчууд бид анхнаасаа буруу тодорхойлсноос, эсвэл ард иргэд бидэнд намууд зориудаар буруу ойлгуулж ирснээс, эсвэл сонгогчид нэр дэвшигчдийг таньж чадаагүйгээс, таних боломжгүйгээс болж парламентад “буруу гарын” нөхдүүд олноор орж тухлах болжээ. Хууль тогтоох буюу төрийн эрх барих дээд байгууллагад хулгайч, худалч, луйварчин, түмэн шид нь бүрдсэн этгээдийг суулгах шаардлага бидэнд байхгүй. Тэгэхээр, нэг талаас ямар хүнээр төр түшүүлэхээ иргэд бид сонгож чаддаг байх ёстой, нөгөө талаас энэ парламент гэдэг байгууллага аливаа улсын хөгжлийн, шударга үнэний нүүр царай, хүн ардын сонголтын илэрхийлэл болж байдаг учиртай. 

УИХ-ын гишүүний “төрмөл” эрх ба үнэн төрх

УИХ-ын гишүүдэд хуульд заасан дээрх бүрэн эрхээс гадна хуульд заагаагүй, зан заншлын гэмээр “төрмөл” эрхүүд бий. Жишээ нь, үе үеийн Ерөнхий сайд, ерөнхийлөгч, намын генсек зэрэг дээд хүрээнийхний “мэдлийн” сайдын суудлаас бусад сайд, түүнчлэн яамны төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга, агентлагийн дарга, төрийн өмчит үйлдвэр, компанийн удирдлагад өөрийн “хамтран зүтгэгчдээс” томилуулах эрх олгосон сонгуулийн дараах бичигдээгүй хуулийг УИХ-ын “хал” гишүүд болон намын зарим “бэлчээр томтой” гишүүд тултал ашигладаг хэмээн мэдэх хүмүүс ярьдаг. 

Сүүлийн нэг, хоёр сар, тэр дундаа сүүлийн нэг өдрийн турш бидний анхаарлын төвд зүй ёсоор орсон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хуучин захирлыг томилоход нөлөөлсөн хэмээн сэрдэгдэж буй этгээд юу ч болоогүй юм шиг “давхар дээл” өмсөн сууж байгаагийн бурууг бид өөрсдөөсөө, бас нэр дэвшүүлсэн намаас нь хайхаас өөр аргагүй.

Улс төрийн мэдлэг, боловсрол төдийлөн суугаагүй, улс төрийнхний доог тохуу хийн доош нь хийж ярьдагчлан “ходоодоороо сонголт хийдэг” энгийн сонгогч түмнийг минь зальдаж, аргалаад сурчихсан намууд УИХ-ын гишүүнд ямар хүмүүсийг нэр дэвшүүлдэг вэ? гэдгийг бид мэдээд байгаа юм шиг боловч тэр болгон ялгаж хардаггүй. 

Өнөөгийн улс төрийн амьдралд дараахь шаардлагыг хангасан “журмын нөхөд” парламентад нэр дэвших эрх өвөртөлж байгаа хэмээн миний бие харддаг. Үүнд:

  1. Одоогийн гишүүд;
  2. Мөнгөтэй этгээд; 
  3. Намд, эсвэл даргад өндөр дүнтэй бэлэн мөнгөний хандив өгсөн буюу өгөхийг хүсч буй хүн;
  4. Намдаа нөлөөтэй сэтэртэн; 
  5. Намын дарга нарын “халаасны хүн”;
  6. Намын дарга нараас “авлагатай” хүн, эсвэл тэднийг ямар нэг зүйлээр барьцаалсан этгээд;
  7. Дарга нарын дэвшихээс айсан “торгуулийн тойрог”-т чихэгдэж очсон хүн;
  8. Хосгүй идэвх зүтгэл гаргаж “цүнх зөөдөг” дүү гэх мэт.

Эдгээрийн дунд:

  1. Авилгачид;
  2. Нүүрсний хулгайч буюу нүүрсний мафи, гэмт бүлэглэлийн толгойлогчид;
  3. Хамсаатнуудаа “шим шүүстэй” орон тоонд томилуулж, хувь хүртэгч нар;
  4. Хүчирхийлэгчид, завхай зайдан явдалтнууд;
  5. Элдэв сангуудыг хувааж идэгсэд;
  6. Хөгжлийн банкийг тонон дээрэмдэгсэд; 
  7. Тендер завшигчид;
  8. Гадаадын суурин тагнуулууд;
  9. Газрын мэргэшсэн наймаачид гэх мэт нь бий (заримыг орхисон бол үргэлжлүүлээрэй).

Гишүүн ямар шаардлагыг хангасан хүн байвал зөв бэ?

Тэгвэл УИХ-ын гишүүнээр дараах шаардлагыг хангасан хүмүүсийг сонгуулах нь иргэдийн ашиг сонирхолд нийцэхийг ахмад улс төрчид, эрдэмтэн судлаачид зөвлөж байна. Үүнд: 

  1. Өмнө нь юу ярьж, хийж явсан хүн бэ гэдэг нь маш чухал (өөрийгөө удаан хугацаанд шалгуулж, мэдүүлсэн хүн байх ёстой);
  2. Ард түмнийхээ дунд амьдарч, хийсэн, хэлсэн нь ил байж, танигдсан хүн;
  3. Хаана ч хэлсэн бай үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг хүн байх (чуулганы танхимд хэлсэн үгийнхээ хариуцлагыг хүлээхгүй байна гэдэг хамгийн утгагүй зүйл мөн биз!); 
  4. Баян чинээлэг буюу томоохон бизнестэй байх ямар ч албагүй;
  5. Ямар ч тохиолдолд авилга, албан тушаалын гэмт хэрэг хийхгүй хүн;
  6. Ёс суртахууны өндөр төлөвшилтэй байх;
  7. Ард иргэдийнхээ амьдрал, нийгмийн байдлыг сайн ойлгож, илүү сайжруулах ёстой гэдгийг ухамсарласан хүн байх (өөрийнхөө хүсэл, бодлыг ард түмнийх мэтээр ойлгож яваа хүн төрд түмнээ төлөөлөн суух эрхгүй);
  8. Цогц мэдлэгтэй, асуудлыг бүхлээр нь харж, шийдэх чадвартай байх;
  9. Иргэдтэй байнга холбоотой байж, тэдний юу хүсч буйг мэдэрч, түүнийг нь төрийн бодлогод тусгуулж чаддаг байх;
  10. Ард түмний амьдралыг мэддэг, төрд ажилласан туршлагатай, салбар салбарт ажиллаж үзсэн хүн байвал зохимжтой гэх мэт.

Тэгэхээр иргэд, сонгогчид улс төрийн мэдлэг, боловсролтой байх нь туйлын чухал аа. Тэгж байж тэд сонголтоо зөв хийх чадвартай болно. 

Намын гишүүд, дэмжигчид нь ч, гишүүн бус ард иргэд ч, хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч бүгд дээрх шалгуурыг хангасан хүнийг нэр дэвшүүлэхийг улс төрийн намуудаас шаардаж хэвшвэл, нөгөө талдаа намууд нь биднээр хэлүүлж, шаардуулалгүй ухамсраараа тийм хүмүүсийг санал болгодог болчихвол үгүй мөн хэрэгтэй байна даа. Хулгай холуур байг ээ. 

Рэнчинхандын МӨНХБАТ

2022.12.09