Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн тухай 2019.10.29-ний өдрийн ЭТТ-2019-825, ТТЗ-Н19-01-01, BI-TTGS-CONT-0002 тоот гэрээг бусад 6 гэрээний хамт нууцаас гаргаж “том гавьяа” байгуулснаа Засгийн газар саяхан зарлав. 

Тэгж ярьвал, хувьцааг нь иргэд эзэмшсэн эсэхээс үл хамаарч байгалийн бүх төрлийн баялаг ард олны мэдэлд байдгийг Үндсэн хуульдаа тусгасан орон шүү, Монгол Улс! Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, Гуравдугаар зүйлийн 1-т “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” хэмээн заасан байдаг.

Мөн Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.” гэж заасныг “ард түмний мэдэлд байх” гэдэг туйлын утгатай харшилдуулж, эсвэл түүнтэй тэнцүү утгатай хэмээн буруу ташаа ойлгохгүй байвал зохино.

“Мэдэл” хэмээх үгийн утгыг хөөвөл Монгол хэлний их тайлбар тольд “эзэгнэн захирах эрх: мэдэл ихтэй (эрх ихтэй), мэдлийн газар (эзэмшлийн газар), мэдлийн юм (өөрийн юм)” хэмээн тайлбарлажээ. Дээрх толь бичигт уг үгийн утгыг тайлбарлахдаа Монголын шинэ цагийн уран зохиолын сан дахь тусгаар тогтнолын сэдэвтэй шилдэг бүтээлд зүй ёсоор тооцогддог С. Удвалын "Их хувь заяа" романы “Манж амбаны мэдлийн болсон олон мянган малыг нутгийн гүнд оруулж... гэнэ” гэсэн ишлэлийг ашигласан. Эндээс үзвэл, аливаа зүйл хэн нэгний мэдэлд байна гэдэг нь захиран зарцуулах эрхэд байх, бүрэн эзэмшилд байх гэсэн утгыг ирлэрхийлдэг байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн нүүрсийг хэнд, ямар нөхцлөөр өгөхийг ард түмэн л мэдэх болохоос Засгийн газар, эсвэл түүний эрх олгосноор аль нэг компанийн удирдлага дангаар шийдэхгүй. Үндсэн хуулийн заалтын утга, үзэл санаа нь ийм юм.

Цаашилбал, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” хэмээн заасан. 

Хуулийн дээрх заалтаас харвал, засгийн бүх эрхийг “гартаа байлгадаг” ард түмний мэдэлд буй стратегийн ордын ашигт малтмалыг ашиглахдаа түүний үр өгөөж (ашиг орлого)-ийн дийлэнх нь буюу 66,7%-иас багагүй хэсэг нь иргэдэд ногдож байх хуулийг батлах үүргийг төрд Үндсэн хуулиар ногдуулжээ (одоогоор дээрх нөхцлийг хангахуйц хуулийг УИХ-аас батлаагүй байгаа). 

Яагаад аливаа ордоос олох өгөөжийн 66,7%-иас багагүй хэсгийг хүртэх, байгалийн баялгийг мэдэлдээ байлгах эрхтэй ард түмнээс баялгийг нь ашиглах гэрээг НУУНА ВЭ? 

Манай улсад тодорхой мэдээллийг төрийн нууцад хамааруулах журмыг Төрийн болон албаны нууцын тухай хуулиар тогтоодог. Уг хуулийн 5.1.1-д Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах, төрийн хамгаалалтад байх мэдээллийг төрийн нууцад тооцох тухай, мөн 13.1.1-ийн б-д “Улсын Их Хурлын чуулган, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээлэл”-ийг төрийн нууцад хамааруулна гэжээ. 

Засгийн газраас нийтэд ил болгосон дээрх 7 гэрээнүүдийн Богдхан төмөр замтай холбоотой 2 гэрээ “маш нууц”, Тавантолгой-Гашуунсухайт төмөр замтай холбоотой үлдсэн 5 гэрээ “нууц”-ын зэрэглэлд байсан. 

Ард түмний мэдэлд байдаг ашигт малтмалыг ашиглаж төмөр зам барих гэрээг ил байлгаснаар үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд чухам хэн, яаж аюул учруулах билээ? Хөрш хоёр улс уу, эсвэл...ард түмэн үү? Үүнийг үнэндээ сайн ойлгохгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр буюу 2022.12.12-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа “Цаашид ҮАБЗ-ийн зөвлөмжөөр аж ахуйн шинжтэй гэрээ, хэлцэл байгуулахыг Засгийн газарт даалгасан зөвлөмж гаргахгүй байхаар хуульчлах юм. Үүнийг дагаад Төрийн болон албаны нууцын тухай хуульд давхар өөрчлөлт орно. Энэ төрлийн бичиг баримтыг төрийн нууцад авахгүй байхаар өөрчлөлтийг оруулна" гэв. 

Уучлаарай, угаасаа Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд зааснаар газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд байдаг учраас бид дээрхтэй холбоотой бүх зүйлийг мэдэх эрхтэй. Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” хэмээн заасан нь төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгойн” эзэмшлийн, жижиг Тавантолгойн болон стратегийн бусад ордын төдийгүй Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх орд газар, газрын хэвлийн баялаг нь гагцхүү ард түмний мэдэлд байх ёстой бөгөөд тэдгээрийн талаарх мэдээллийг ард түмэнд нээлттэй байлгахаар үл барам хэрхэн ашиглах тухайгаа тэднээс асууж, зөвшөөрлийг нь авч байх ёстой гэсэн санааг илэрхийлж буй. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ байна уу, хэн ч бай ашигт малтмал ашиглах гэрээг ард түмнээс нуух эрх байхгүй.

Хүний өмчийг өөр этгээдэд өгөх тухай гэрээг эзэнд нь мэдэгдэлгүй нууцаар хийчихээд, ноцтой асуудал үүсмэгц тоглоом тохуу хийж “ил болгох” нь хэр зөв үйлдэл вэ? гэж мэргэжил нэгт бусад хуульчдаас асуумаар байна. Байгалийн баялаг, тэр дундаа ашигт малтмал ашиглах гэрээг нууцалснаар ҮАБЗ, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийг зөрчсөн гэх үндэслэл бүхий хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Энэхүү хууль зөрчиж буй үйлдэлтэй холбоотой олон асуултууд гарч ирнэ. Жишээлбэл: сэтгүүлч Ш. Даваадоржийн нийтлэлээс ишлэл авбал “Яагаад, “ЭТТ” ХК-ийн хийсэн олон тооны гэрээ улсын аюулгүй байдалд нөлөөлөхөөр нууц болчихдог юм бэ? Яагаад, нүүрсний хулгай ид өрнөсөн сүүлийн 6 жилд төр, засгийн эрхийг барьж буй МАН-ынхан улс орон, ард түмнээ дээрэмдэж тоносон ийм том гэмт хэргийг өнөөдрийг хүртэл нуун дарагдуулсан юм бэ? Яагаад, төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон компаниудын ямар нь, хэнийх нь болохоор 1 км замыг 5,6 сая ам.доллараар тавьж, бас ямар нь мөн яг адил 1 км төмөр замыг 1 сая ам. доллараар тавьж ирсэн байх вэ?”

“Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” гэсэн заалтыг Үндсэн хуулийн эх баригчид зүгээр ч нэг оруулчихаагүй байх. 

Иймд Үндсэн хуульд заасан байгалийн баялгаа мэдэх эрхтэй ард түмний хууль ёсны эрхийг хамгаалахын тулд холбогдох хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахыг хууль санаачлах эрх эдэлдэг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд болон Засгийн газраас шаардмаар байна. Үүнд:

  • Баялгийн зарцуулалтыг хянах Үндсэн хуулийн эрхээ хэрэгжүүлэх боломжийг ард түмэнд олгох үүднээс байгалийн баялаг, ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит хуулийн этгээдийн Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 50 хүртэлх хувьд ямар нэгэн намын харьяалалгүй иргэдийн төлөөллийг сонгон шалгаруулж заавал оруулдаг болох эрх зүйн үндсийг бий болгох;
  • Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох болон байгалийн баялгийг мэдэх эрхтэйн хувьд ашигт малтмалын орд, ялангуяа төрийн хяналтад байдаг стратегийн орд газрын байгалийн баялгийг худалдах, ашиглах томоохон гэрээ байгуулахдаа бүх ард түмний санал асуулга явуулдаг болох (борлуулах, захиран зарцуулах ашигт малтмалын тодорхой хэмжээнээс дээшхийг);
  • Бүх нийтийн санал асуулга явуулахаас өмнө хороо, дүүрэг, баг, сум, аймаг бүрт нээлттэй хэлэлцүүлэг явуулах нарийвчилсан журмыг тогтоосон хууль гаргах;
  • Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн “байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэсэн утгыг тус хуульд илүү дэлгэрүүлэн тусгах (энд бичсэн санаануудыг ард иргэд цаашид илүү дэлгэрүүлэх буй за). 

Нэмж асуухад, Үндсэн хуульд заасан ард түмний мэдэлд байдаг байгалийн баялгийг хамгаалах үүргээ төр биелүүлж чадаж байгаа юу? Энэ байдлаараа бол үгүй гээд шууд хариулчихвал... болох бус уу? 


Рэнчинхандын МӨНХБАТ
2022.12.12