Иргэн-цэргийн харилцаа бол нийгмийн тогтвортой байдал, үндэсний аюулгүй байдлын тулгуур ойлголтуудын нэг юм. Сэмүэл Хантингтоны ХХ зууны хоёрдугаар хагаст, дэлхийн дайны дараах шинэ ертөнц дөнгөж мэндэлж байхад туурвиад алдаршсан Төр ба цэрэг: Иргэн-цэргийн харилцааны онол ба бодлого бүтээл нь танд иргэн-цэргийн харилцааны онолыг илүү өргөн хүрээнд ойлгуулахыг зорьсон бөгөөд АНУ, Европ, Азийн түүхэн туршлага, материалуудыг танилцуулна. Гэвч энэ бүтээл ердөө түүхийн хураангуй тайлбар биш, харин иргэн-цэргийн харилцааг онолын хувьд хэрхэн харах, сэтгэх аргыг хөгжүүлэхэд анхаарсан юм.

Онол бол аливаа үзэгдлийг гүнзгий ойлгохын тулд зайлшгүй шаардлагатай хэрэгсэл юм. Бодит ертөнц олон янз, эмх замбараагүй байж болох ч онол нь үзэгдлүүдийг ангилж, эмхэлж, тэдгээрийг илүү өргөн хүрээтэй ойлгоход тусална. Гэвч ямар ч онол бүх баримтыг тайлбарлах чадваргүй бөгөөд заримдаа бодит байдлаас хэт хийсвэр мэт санагдах талтай. Гэсэн хэдий ч, энэ номын гол зорилго нь иргэн-цэргийн харилцааг ойлгох, цаашлаад түүнийг илүү үр дүнтэй ашиглах онолын хандлагыг дэвшүүлэхэд оршино.

Энэхүү бүтээл нь иргэн-цэргийн харилцааг судлахад хоёр гол арга зүйн таамаглалыг дэвшүүлдэг

Нэгдүгээрт:Тогтолцооны хандлага

Иргэн-цэргийн харилцаа нь засгийн газар дахь цэргийн байгууллагуудын бүтэц, нийгмийн дэх цэргийн бүлгүүдийн нөлөө, үзэл суртал зэргээс бүрдсэн нэгдмэл тогтолцоо гэж үздэг. Энэ тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүд нь харилцан хамааралтай бөгөөд нэг хэсгийн өөрчлөлт нь бусад хэсгүүдэд нөлөөлдөг. Жишээлбэл, Германы болон Японы цэргийн албан хаагчдын үзэл суртал, нөлөө нь тухайн орны улс төр, нийгмийн өнгө төрхөөс хамааралтай байсан бол Америкийн офицерын эрх мэдлийн өөрчлөлт тухайн үеийн сэтгэлгээнд ихээхэн нөлөө үзүүлсэн байдаг.

Хоёрдугаарт: “Объектив иргэний хяналт”

Цэргийн аюулгүй байдлыг дээд түвшинд хангахын тулд иргэн-цэргийн харилцаанд тэнцвэрт байдал байх ёстой. Энэхүү тэнцвэрийг тодорхойлохын тулд цэргийн болон иргэний бүлгүүдийн эрх мэдэл, үзэл суртлыг шинжлэх шаардлагатай. Номд энэ тэнцвэрийг хэрхэн хэмжих, онолын хүрээнд тодорхойлох талаар тайлбарласан бөгөөд цэргийн байгууллагын зорилго, нийгэмд эзлэх байр сууриас хамааран тэнцвэрт байдлыг тодорхойлох арга замуудыг санал болгожээ.

Ирээдүйд нөлөөлөх ач холбогдол

Энэхүү ном нь иргэн-цэргийн харилцааны судалгааны суурийг өргөжүүлж, энэ чиглэлийн онол арга зүйг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах бүтээл юм. Мөн илүү бодитой, оновчтой судалгааны арга замуудыг санал болгож, үндэсний аюулгүй байдлыг хангах шинэ хандлагуудыг хөгжүүлэхэд чиглэжээ. Цэргийн аюулгүй байдал, иргэн-цэргийн харилцааны оновчтой тэнцвэрийг бий болгож чадвал тухайн нийгэм илүү тогтвортой, амжилттай хөгжих боломжтой.