Кобаяши Хироюки: Монгол Улс амлалтаа биелүүлдэг гэсэн итгэлийг хөрөнгө оруулагчдаас олж авах нь чухал
Дэлгүүрт орохдоо юу худалдаж авах вэ гэж эргэлзэхээр өргөн сонголттой, бараг өрх бүр өөрийн авто тэрэгтэй болсон хэдий ч социализмын үед байхааргүй орлогын ялгаа, замын түгжрэл зэрэг нэн даруй шийдвэрэх шаардлагатай асуудлууд ч мөн байна.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитой ярилцлаа.
-Ноён Элчин сайд Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнгөрсөн онд болж өнгөрсөн. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Япон Улсад албан ёсны айлчлал хийсэн. Монгол, Япон хооронд дипломат харилцаа тогтоосон нь 1972 оноос эхтэй ч зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оноос илүү нээлттэй болсон гэж ойлгодог. Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзэж байх үед буюу 1989 онд Японы Гадаад хэргийн сайд анх удаа манайд айлчилсан. 1990 онд нь Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном Японд айлчилсан нь зэрэг нь үүний бодит илрэл?
-2022 онд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэж, үүний хүрээнд Монгол Улсад 100 гаруй ойн арга хэмжээ зохион байгуулсан. 50 жилийн тэмдэглэлт ойгоо ийнхүү сүр жавхлантай тэмдэглэж чадсан нь манай хоёр улс тэр дундаа төр болон ард түмний харилцаа туйлын өндөр түвшинд байгаатай холбоотой гэж бодож байна.
Би Монгол Улсад анх 1986 оны долдугаар сараас 1989 оны зургаадугаар сар хүртэл Япон Улсын Элчин сайдын яаманд Гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Монголд тухайн үеийн ЗХУ /одоогийн ОХУ/-ын “Перестройка” буюу “Өөрчлөн байгуулалт”, “Гласность” буюу “Ил тод байдал” гэх үгс сонин хэвлэлээр байнга үзэгдэж эхэлснийг тод санаж байна. Монголд ардчиллын төлөө тэмцэгчдийн хөдөлгөөн, үйл ажиллагаа хөшигний ард хүчээ авч эхэлсэн үе гэж хэлэхэд хилсдэхгүй билээ. Миний хувьд ямар нэгэн, өчүүхэн ч хамаагүй өөрчлөлт гарна гэдгийг төсөөлж байсан ч Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засаг руу шилжинэ гэж зүүдлээ ч үгүй явсан.
Хүйтэн дайны үед Япон Улс аль болох Монгол Улстай харилцаагаа бэхжүүлэхийг хичээж ирсэн. 1987 онд тухайн үеийн Гадаад явдлын яамны сайд М.Дүгэрсүрэн Япон Улсад айлчилж, 1989 оны тавдугаар сард тухайн үеийн Гадаад хэргийн сайд С.Үно Монгол Улсад айлчлал хийсэн. Дараа нь 1990 онд тухайн үеийн Ерөнхий сайд Д.Содном Япон Улсад айлчлах үед ч Монгол Улс нь ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих тэр том шийдвэрт хараахан хүрээгүй байсан болов уу. Тэр үеийг хүртэл хоёр улс нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засаг руу шилжихтэй холбогдуулан энэхүү дээд хэмжээний айлчлалуудыг хийсэн гэж бодохгүй байна. Гагцхүү Ерөнхий сайд Д.Содном өөрийн биеэр Япон Улсад айлчилж, ардчилсан ёс, зах зээлийн эдийн засагт суурилан бүтээн байгуулсан Япон Улсын бодит дүр зургийг өөрийн нүдээр харсан нь Монгол Улсын цаашдын шинэчлэлд эерэгээр нөлөөлж, түлхэц болсон болов уу гэж таамаглаж байна.
Монгол Улс нь эрх чөлөө, ардчилсан ёс, зах зээлийн эдийн засаг, хуулийн засаглал зэрэг Япон Улстай нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэж эхэлснээр хоёр орны харилцаа хурдтайгаар хөгжих хөшүүрэг болсон гэхэд хилсдэхгүй биз ээ. Миний бие Монгол Улсад ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилт нь энх тайвны замаар өрнөсөнд сэтгэл өндөр явдаг хүмүүсийн нэг юм. Энэ нь ардчилсан хөдөлгөөний замналыг эхлүүлсэн тухайн үеийн монголын залүү үе болон тэдгээр залууст энэхүү ирээдүйг залгуулж өгсөн төр засгийн удирдлагуудын зоригтой шийдвэрийн үр дүн гэж бодож байна
-Яагаад ингэж асуусан юм гэхээр тухайн үед цахилгаан станцууд хүндхэн байдалд орж, Улаанбаатар хөлдөх эрсдэл үүсэхэд Японы Элчин сайдын яамнаас тодорхой арга хэмжээг яаралтай арга хэмжээ авснаар гал унтрааж байсан гэж сонссон юм байна?
-“ТЭЦ-4” Монголын хамгийн том дулааны цахилгаан станц. Тухайн үедээ Улаанбаатар хотын цахилгааны 70 орчим хувь, дулааны 60 орчим хувийг түгээдэг байсан. Гэвч уг цахилгаан станц нь ЗХУ-ын хуучин технологиор хийгдсэн тохируулгын системтэй байсан тул шаталтын үр ашиг муутайгаас гадна нүүрс их хэмжээгээр хэрэглэснээс үүдэлтэйгээр агаарын бохирдлыг үүсгэгч бодис ихээр ялгарах болон аваар осол их гарах зэрэг асуудал тулгарсан. Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн нэг шалтгаан нь ЗХУ-аас үзүүлж байсан тусламж зогссон явдал. Уг цахилгаан станцад тулгарсан асуудлыг Монгол Улс дангаараа өөрсдөө шийдвэрлэх боломжгүй хүнд нөхцөл байдалд орсон. Энэ үед Япон Улсын Засгийн газар Монголын ард түмний амьдралд нэн чухал уг цахилгаан станцыг 1992, 1994 оны буцалтгүй тусламжаар яаралтай засварлан дэмжлэг үзүүлсэн. Энэхүү тусламж нь Монгол Улсыг эрчим хүчний хямралаас зайлсхийхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн уг цахилгаан станцыг үр ашигтай ажиллуулах зорилгоор тоног төхөөрөмжийг шинэчлэх иений хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү дэмжлэгээр Улаанбаатар хотын иргэдийг тайван амгалан амьдрах боломжийг бүрдүүлснээс гадна үйлдвэрлэлд шаардлагатай цахилгаан эрчим хүчийг хангаж, мөн түлшний шаталтын үр ашгийг нэмэгдүүлэх замаар эрчим хүч хэмнэх, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулж байна. 2016 онд Япон Улс Күмамотогийн газар хөдлөлтөд нэрвэгдэх үед тус цахилгаан станцын нийт ажилтнууд өөрсдийн цалингийн тодорхой хэсгийг хандивласныг Япон Улс хэзээ ч мартахгүй.
-Жишээ нь, “Их Долоо”-гийн бүлгэмийн баримт бичгүүдэд “Монголын донор орнуудын” группийг Танай улсын санаачилгаар байгуулж байсан юм билээ. Энэ групп одоо байдаг уу?
-Төвлөрсөн төлөвлөгөөт социалист тогтолцоо нурж, ардчилсан тогтолцоот зах зээлийн эдийн засгийг сонгосон Монгол Улс цөөнгүй хүндрэл бэрхшээлтэй тулгарсан. Хамгийн ноцтой асуудал нь улс орноо удирдан авч явах төсвийн дутагдалд орсон явдал юм. Үүнтэй уялдан, тухайн үеийн Япон Улсын ерөнхий сайд Т.Кайфү 1991 онд Монголд айлчлахаасаа өмнө Лондонд зохион байгуулагдсан “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр олон улсын дэмжлэг Монгол Улсад шаардлагатай байгааг дурдсан билээ. Үүний зэрэгцээ, айлчлалынхаа хүрээнд Монгол Улсад хандивлагч орнуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах зэрэг Япон Улсын бодлогыг зарласан.
1991 оны есдүгээр сарын Токио хотноо Япон Улс болон Дэлхийн банкны хамтран удирдсан анхны уулзалтаас хойш Монгол Улсад хандивлагч орнуудын уулзалтыг 10 удаа зохион байгуулсан. Яг энэ үед Япон Улс гадаад бодлогодоо Монгол Улсыг ихээхэн чухалчилж үзэх болсонтой уялдуулж Гадаад хэргийн яамнаас Монголыг хариуцсан ажилтны тоо нэг байсныг хоёр болгон нэмэгдүүлсэн юм. Энэхүү нэмэгдсэн орон тоон дээр, 1991 оны зургаадугаар сард Чикаго дахь Ерөнхий консулын газраас намайг Токио руу буцаан дуудсан. Миний бие Ерөнхий сайд Т.Кайфүгийн Монгол дахь айлчлалын бэлтгэл ажлыг ханган ажилласны дараа Токиод болсон Монгол Улсад хандивлагч орнуудын анхны болон хоёр дахь уулзалтыг зохион байгуулах албыг ажлын хамтрагч нарын хамт удирдан ажилласан. Монгол Улсад хандивлагч орнуудын уулзалтад боломжийнхоо хэрээр олон орон болон олон улсын байгууллагуудыг оролцуулж, боломжтой бүх дэмжлэг туслалцааг нэгтгэн зохицуулах нь хэчнээн хэцүү байдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Монгол Улсад олон улсын дэмжлэг үзүүлэх энэхүү тогтолцоог бий болгосон Япон Улсын Засгийн газрын санаачилгыг Монголын холбогдох хүмүүс өндрөөр үнэлдэг.
2003 оны арваннэгдүгээр сард Токиод Монгол Улсад хандивлагч орнуудын 10 дугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсны дараа 11 дэхийг Улаанбаатарт зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Гэвч хандивлагч орнуудын зүгээс Монгол Улсад жил бүр тодорхой хэмжээний тусламж үзүүлж байсан. Тиймээс уг уулзалтын оронд үр дүнтэй тусламжийг хэрэгжүүлэх талаар нээлттэй илэн далангүй ярилцах талбар болгон 2006 оны хоёрдугаар сард Монголын Засгийн газар болон хандивлагч орнуудын техникийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалтыг Дэлхийн банктай хамтран Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулсан. Энэхүү техникийн хамтын ажиллагааны уулзалт хэд хэдэн удаа зохион байгуулагдсан хэдий ч, өдгөө хандивлагч орнууд өөрсдийн төлөөлөгчийг томилон илгээхгүй ч гэсэн холбогдох орны Элчин сайдын яам болон Олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрууд Монголын Засгийн газартай тогтмол уулзаж зөвшилцөн, тусламж дэмжлэгийг саадгүй хэрэгжүүлэх болсон.
-Лав 1990 оноос хойшхи Монгол, Японы харилцааг тодорхойлбол эмнэлэг, сургуулийн өргөтгөл, алслагдсан сумдад дизель станц суурилуулах, Улаанбаатар хотын авто замыг шинэчлэхээс эхэлсэн олон төслийг дурдаж болохоор байна. Японы дэвшилтэт технологиор барьсан 262 метр ган гүүр одоогийн “Нарны гүүр” байх аа?
-Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсыг эдийн засгийн хувьд аль болох хурдан бие даасан байдалтай болгохыг зорин дэмжлэг үзүүлж ирсэн. Үүнд шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалт болох харилцаа холбооны “Интелсат” газрын станц, Замын-Үүдийн ачаа шилжүүлэн ачих байгууламж, Нарны зам, Нарны гүүр, бага дунд сургуулийн барилга, Япон Монгол эмнэлэг, шинэ “Чингис хаан” нисэх онгоцны буудал зэрэг олон барилга байгууламжийг барихаас гадна, хүний нөөцийг хөгжүүлэх болон тогтолцооны шинэчлэл зэрэг техникийн хамтын ажиллагааны дэмжлэгийг оролцуулан нийт 360 тэрбум иений хөгжлийн албан ёсны тусламжийг Монгол Улсад хэрэгжүүлжээ. Япон Улсын тусламжаар баригдсан дэд бүтцийн төслүүдэд Японы дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглаж байгааг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа гэж бодож байна. Жишээлбэл, харилцаа холбооны салбар дахь “Интелсат” газрын станц нь тухайн үедээ шинэ ололтот технологи байсан гэж бодож байна. Мөн Нарны гүүр нь Монголд баригдсан анхны ган төмөр бетон хийцтэй гүүр юм. Тус гүүрний урт 262 метр, хойд урд дөхөх замууд 633 метр, нийт урт нь 895 метр юм.
-Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн бас нэгэн төсөл нь “Хархорум музей". Орхоны хөндийн соёлын өв, түүхэн дурсгалт олдворуудыг хадгалж, хамгаалах боломжийг бүрдүүлэхийн тулд 495.8 сая иенийн буцалтгүй тусламжийг үзүүлж, мэргэжлийн боловсон хүчнээ илгээсэн байдаг?
-Эх орныхоо түүхэн дурсгалт өвийг хадгалан, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь улс орон бүрийн эрхэм чухал зорилго бөгөөд нийт хүн төрөлхтний хувьд ч томоохон ач холбогдолтой зүйл хэмээн боддог. Гэвч зарим улс оронд төрөл бүрийн шалтгааны улмаас түүхийн чухал өвийг хадгалж авч үлдэхэд хүндрэлтэй байдаг нь үнэн. Япон Улсын Засгийн газар эдгээр асуудлыг шийдвэрлэхэд ч мөн дэмжлэг үзүүлдэг.
Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хархорум хотын туурийн ихэнх хэсэг нь хөрсөн дор булагдсан байдалтай байдаг. Энэхүү туурь нь 2004 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэнээр түүнийг хамгаалах, судлах, олон нийтийн хүртээл болгох бааз суурийг бэлтгэх шаардлагатай болсон. Тухайн үед Монголд малтаж гаргасан олдворуудыг зохих нөхцөл, орчинд нь хадгалах газар байсангүй. Харин 2009 онд Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу буцалтгүй тусламжийн хүрээнд “Хархорумын музей барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Энэхүү төслөөр туурийн ойролцоох хөрсөн доорх соёлын үнэт зүйлсийг дэлгэн үзүүлэх, хадгалж хамгаалах музей болоод сургалт хийх, сэргээн засварлах үйл ажиллагаа бүхий байгууламжийг барьсан. Монголын ард түмэн музейд дэлгэгдсэн түүхийн өв соёлоор дамжуулан эх орныхоо түүхийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийн зэрэгцээ монгол мэргэжилтнүүдийн малтаж гаргасан эд өлгийн зүйлсийн зохистой ашиглалт, сэргээн засварлалт, хадгалалтаар дамжуулан эдгээр өвийг хойч үедээ өвлүүлээсэй гэж үнэхээр их хүсэж байна. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн энэхүү төслийг дагаад Япон сан зэрэг байгууллагаар дамжин японы мэргэжилтнүүдийг илгээж ажиллуулж байсан.
-Хоёр улсын дипломат харилцааг дан ганц барилга, байшин, зам, гүүрээр хэмжих нь мэдээж өрөөсгөл. Япон Улс бол манай найрсаг харилцаатай хэрнээ чухал статустай “Гуравдагч хөрш”-ийн тоонд зүй ёсоор багтдаг. Тэр хэрээрээ уул уурхайн салбарт стратегийн хөрөнгө оруулалт татах сонирхол нь Монгол Улсад байсаар ирсэн. Гэвч улс төрийн тогтворгүй байдал нь эргээд хөрөнгө оруулагчдаа үргээх шалтгаан болсон гашуун сургамж бидэнд бий. Ер нь Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй компаниуд одоо байна уу?
-Япон, Монгол хоёр улс нь найрамдалт хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлж, харилцан туслалцах итгэлцэт түншүүдийн хувиар тус тусын орны хөгжил цэцэглэлт төдийгүй бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй тусламж нь эдгээр томоохон зорилтуудад хүрэх арга замын нэг билээ. Үндсэндээ хувийн хэвшлүүд хөрөнгө оруулалтыг өөрсдийн дурын дор хийдэг зүйл ч гэлээ энэ нь хоёр орны харилцаанд томоохон нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Миний бие анх 1985 онд Монголд ажиллаж эхэлснээс хойш Монгол орны өөрчлөлттэй зэрэгцэн хөгжлийг хажуугаас нь ажиглаж ирсэн. Монголын тал өнөөг хүртэл Япон гэлтгүй бусад улс орнуудаас хөрөнгө оруулалт татах олон санааг дэвшүүлж ирсэн хэдий ч гадаадын ихэнх хөрөнгө оруулагчдын хувьд Монголын талын хандлага, хэр нухацтай хандаж байгаа, хэрэгжүүлэх боломжтой төлөвлөлт гаргаж чадах эсэхийг чухалчилж үздэг. Зөвхөн санаагаа барьж ирээд, үлдсэн бүхнийг хөрөнгө оруулагчдын мэдэлд үлдээдэг хандлага нь нууж хаалгүй хэлэхэд хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй юм.
Монгол Улсад Засгийн газрын эрх солигдох бүрд төдийгүй эрх барьж буй тухайн Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа ч баримталж буй хөгжлийн хөтөлбөр, төрийн бодлогыг өөрчлөх тохиолдол бий. Энэ нь нөхцөл байдалд тохируулан уян хатан хариу үйлдэл үзүүлж байж болох ч харах өнцгөөс шалтгаалаад тогтворгүй, найдвартай бус байдлыг мөн илэрхийлж байна. Хамгийн чухал нь нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн амлалтаа биелүүлнэ гэсэн итгэлийг гадаадын хөрөнгө оруулагчдаас олж авч чадах эсэх юм.
Японы компаниуд дунд Монголын ашигт малтгалын баялаг, бүтээн байгуулалтын хөгжлийг сонирхож, хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй компаниуд цөөнгүй бий. Гэвч эдгээр компаниуд бодит хөрөнгө оруулалт хийхийн тулд Монголын хөрөнгө оруулалтын орчинд шинэчлэл хийн сайжруулж, одоо байгаагаас илүү тааламжтай орчинг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
-Япон Улс 2030 он гэхэд гурван сая тонн устөрөгчийн хэрэглээтэй болно гэсэн тооцоолол гаргасан байдаг. Үүнийх нь гол түүхий эд болох нүүрс нь Монголд байна. Өөрөөр хэлбэл, монголчууд нүүрсээ гүн боловсруулж, устөрөгч гаргаж авсан тохиолдолд импортоор авах сонирхол байгаа гэдгийг Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн Дэд сайд нь Монголын Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэрх хамтарсан зөвлөгөөний үеэр хэлсэн байдаг шүү дээ? Австралиас зөөх Монголоос авах хоёрын дунд асар их зөрүү бий. Тээвэрлэлт талаасаа хэмнэлттэй?
-Устөрөгч нь шатаахад ус болж хувирдаг тул уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан болоод буй хүлэмжийн хийг ялгаруулдаггүй ашигтай түлш юм. Харин нүүрснээс устөрөгч гаргаж авах (хүрэн нүүрсний устөрөгч төсөл) явцад үүсэх нүүрстөрөгчийн давхар ислийг яах вэ гэдэг асуудлыг шийдэх ёстой. CCS (нүүрстөрөгчийн давхар ислийг хураах, хадгалах) зэрэг янз бүрийн технологи судлагдаж, хөгжиж байгаа ба цаашдын чиг хандлагыг анхааралтай ажиглаж байна.
Ганц устөрөгч ч гэлтгүй бусад ашигт малтмал зэргийг Австралиас Япон руу усан онгоцоор тээвэрлэх зардал нь Монголоос галт тэрэг, ачааны машин зэрэг хуурай замын тээврийг далайн тээвэртэй хослуулан тээвэрлэх зардалтай харьцуулбал үнэ нэлээд хямд байгаа нь бодит байдал юм. Гэхдээ цаашид тээврийн ямар шинэ технологи, хэлбэр бий болохоос хамаарч Австралиас тээвэрлэлт хийх, Монголоос тээвэрлэлт хийх хоёр өрсөлдөх боломж үүсэж ч магадгүй болов уу гэж би бодож байна.
Хэрвээ Монгол Улс үнэхээр хүрэн нүүрснээс устөрөгчийг гаргаж, экспортлохыг хүсэж байгаа бол өөрсдөө тодорхой төлөвлөгөө гаргаж, бодит ажил болгохын тулд яг одооноос хөрөнгө оруулалт хийж эхлэх, ялангуяа шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх нь чухал гэж үзэж байна.
-Монгол Улс Япон Улстай “Стратегийн харилцаа”-тай явж ирснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх стратегийн тусгай түншлэл" болгож өргөжүүлэхээр тохиролцсон. Ийм агуулгаар харилцаагаа өргөжүүлэхээр харилцан тохиролцсон өөр улс бий юу. “Тусгай түншлэл” болгож өргөжүүлснээр хоёр улсын харилцаанд ямар өөрчлөлт дэвшил гарах бол?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Япон Улсад айлчлал хийх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Ерөнхий сайд Ф.Кишида нар “Япон Улс, Монгол Улсын хооронд Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг байгуулахад чиглэсэн хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зуралцсан. Өдийг хүртэлх хоёр орны харилцаа нь “Иж бүрэн түншлэл”-ээс “Стратегийн түншлэл”-ийн харилцаа болон хөгжиж ирсэн билээ. Энэхүү шинэ шатанд гарсан "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл"-ийн хүрээнд Япон, Монголын хоёр талын харилцаа улам бэхжээд зогсохгүй бүс нутгийн болон олон улсын хамтын нийгэмлэг дэх хоёр талын хамтын ажиллагаагаар дамжуулан Дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахыг зорилгоо болгож байна.
Япон Улс нь олон улс орнуудтай түншлэлийн харилцаатай хэдий ч “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-тэй ижил нэр, агуулгатай түншлэлийн харилцааг одоогоор зөвхөн Монгол Улстай л байгуулсан явдал нь онцлууштай билээ. Энэ нь үнэхээр л Япон, Монгол хоёр орны хоорондох онцгой түншлэл юм.
Түүнчлэн хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын гаргасан хамтарсан мэдэгдэлтэй зэрэгцэн хоёр орны ирэх 10 жилийн “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг боловсруулж, үүнд (1) улс төр, аюулгүй байдал, (2) эдийн засаг, эдийн засгийн хамтын ажиллагаа, (3) “Хүн” төвтэй хөгжил, хоёр орны иргэд хоорондын харилцан солилцоо, хүний нөөцийн хөгжил, (4) дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн чиглэлийг тусгаж өгсөн юм.
-Ингэхэд Таны хувьд Монгол Улсад суугаа хэд дэх Элчин сайд билээ. Манай улсын талаар ямар ойлголттой явдаг вэ?
-Би Япон Улсаас Монгол Улсад суугаа 17 дахь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байна. Гэхдээ анхны Элчин сайд тухайн үеийн ЗХУ-ын Москва хотод хавсран сууж байсан тул миний бие Монголд байнга суугаа 16 дахь Элчин сайд болж байна.
Өмнө дурдсанчлан анх намайг 1986-1989 оны хооронд дөрвөн жил Монголд ажиллаж байх хугацаанд Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж нэрлэгддэг социалист улс байсан. Хоёр дахь удаад 2005-2008 он хүртэл томилогдон ажиллаж, үүгээр гурав дахь удаагаа 2019 оны арванхоёрдугаар сараас хойш одоог хүртэл ажиллаж байна.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэсэн ойлголт үгүй, хаана сурах, ажиллах амьдрахыг төр засаг өмнөөс нь шийддэг, чөлөөтэй гадагшаа ч аялах боломжгүй зэрэг тэр үеийн Монголын хаалттай нийгэм надад их давчуу санагдаж байсан бол эдүгээ бүх зүйл нээлттэй чөлөөтэй болж, ард түмний аж байдал сайжирчээ. Дэлгүүрт орохдоо юу худалдаж авах вэ гэж эргэлзэхээр өргөн сонголттой, бараг өрх бүр өөрийн авто тэрэгтэй болсон хэдий ч социализмын үед байхааргүй орлогын ялгаа, замын түгжрэл зэрэг нэн даруй шийдвэрэх шаардлагатай асуудлууд ч мөн байна. Гэсэн хэдий ч асуудалгүй улс орон, нийгэм гэж байдаггүй бөгөөд нэг хүнд ногдох ДНБ 5000 ам долларт хүрсэн эдийн засагтай орон болсон нь Монголын төр, ард түмний хичээл зүтгэлийн үр дүн гэж үзэж байна.
-Эдийн засгийн түншлэлийн тухай Япон улс, Монгол улс хоорондын хэлэцээр буюу EPA -г байгуулж, 2017 оны зургаадугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Монгол Улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр гэдгээрээ онцлог. Энэ хүрээнд Монголын тал 97 бүлгийн 5700 орчим, Японы тал 97 бүлгийн 9300 гаруй төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар тохиролцсон байдаг. Уг тохиролцоо хэрэгжилт ямар үр дүнтэй яваа вэ? Тодорхой тоо баримт, статистик бий болов уу?
-Япон, Монголын худалдааны талаар гэвэл тээвэр, логистикийн хувьд Хятад Оросын аль нэгээр зайлшгүй дамжих шаардлагатай гэсэн хүндрэлтэй асуудал бий. EPA хүчин төгөлдөр болсон 2016 оны зургаадугаар сараас 2018 он хүртэл Монголоос Япон руу экспортлогдсон EPA-д хамаарах бараа нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч 2020 онд шинэ коронавирусын халдвар дэлхий даяар дэгдсэнтэй холбоотойгоор эдгээр экспорт их хэмжээгээр буурсан. Улмаар 2021, 2022 онуудад Япон руу экспортлогдсон бүтээгдэхүүний тоо коронавирусын өмнөх түвшинд хүрээгүй ч сэргэж байгаа бөгөөд цаашид ч өсөх боломжтой гэж бодож байна.
Зарим Монголчуудын дунд EPA хүчин төгөлдөр болбол худалдаа автоматаар өснө гэсэн буруу ойлголт байдаг ч EPA нь гаалийн татвараас чөлөөлөх зэрэг дотоодын бараа бүтээгдэхүүн бусад орны зах зээлд нэвтрэхэд хялбар болгох орчныг бүрдүүлэх зорилготой бөгөөд Япон Улс Монголоос бараа бүтээгдэхүүн авна гэсэн амлалт биш юм. Японы хэрэглэгчид Монголын бараа бүтээгдэхүүнийг сонирхож, худалдан авахгүй л бол Монголоос Япон руу хийх экспорт тийм ч амархан өсөхгүй. Хамгийн гол нь Японы хэрэглэгчдийн сонирхлыг татсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.
-Японоос Монгол Улсад суугаа үе үеийн Элчин сайд нар өөр өөрийн гэсэн “мөр”-тэй. Бүтээн байгуулалт, хоёр орны дипломат харилцаанд шинэ хаалга нээхээс гадна Төрийн дээд хэмжээний харилцан айлчлал хоорондын уялдааг хангадаг, үндсэндээ “холбон тоглогч”-ийн үүргийг гүйцэтгэх гол хөшүүрэг нь. Таны хувьд яг аль талаас нь асуудалд хандаж, ямар бодит үр дүнг Монголд үлдээхийг зорьж, хүсдэг бол. Дипломат алба гэдэг өөрөө хамгийн хариуцлагатай хэрнээ өөрийн улсынхаа нэр нүүрийг үүрч явдаг амаргүй ажил болохоор ингэж асуусан юм?
-Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд гэдэг бол олон улсын харилцааны олон жилийн түүхийн явцад бий болсон албан тушаал. Япон Улсын ЭСЯ-ны тэргүүн албан тушаалтны хувьд үргэлж Засгийн газрынхаа гадаад бодлого, үзэл баримтлал болон заавар тушаалын дагуу үүргээ биелүүлдэг. Хүн тус бүр өөр өөрийн онцлог шинж чанар, зан төлөвтэй байдаг шиг Элчин сайдын албыг хашиж яваа хүмүүс ч мөн адилхан нэгнээсээ ялгаатай. Элчин сайдын яамны байгууллагад олгогдсон эрх мэдлийн хүрээнд биелүүлсэн албан үүрэг, гүйцэтгэсэн ажлууд нь Элчин сайд нарын өөр өөрийн “мөр” болон үлддэг байх.
Япон Улсын Засгийн газар буюу Гадаад хэргийн яамнаас тодорхой зааварчилгаа, тушаал ирдэг ч миний гол үүрэг бол хоёр орны хамтын ажиллагааны найрамдалт харилцааг улам бүр хөгжүүлж, харилцан туслалцах итгэлт түншүүдийн хувьд хоёр орны хөгжил цэцэглэлт, бүс нутаг төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулахад хамаг хүчээ дайчлах юм. Тэр дундаа (1) хоёр орны харилцааг нуруун дээрээ үүрч явах ирээдүй хойч үеийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, (2) хоёр орны харилцааг хөхиүлэн дэмжих, бэхжүүлэхэд чухал ач холбогдол бүхий хувийн хэвшил хоорондын эдийн засгийн харилцааг урагшлуулах, (3) иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд нэн чухал бүхий төрөл бүрийн хувийн хэвшил, нийгэмлэг хоорондын харилцан солилцоог дэжих, (4) Монгол нөхдөдөө өөрийн хураасан мэдлэг, туршлагаа хуваалцахыг чухалчилж явдаг.
Дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн коронавирусын халдварын улмаас Япон Улсын Элчин сайдын яам нь үйл ажиллагаандаа хязгаарлалт тогтоохоос өөр аргагүй хүнд цаг үед ч хичээн ажиллаж явсан өдрүүд эргээд бодогдож байна. Хэдийгээр яг одоо үр дүн нь харагдахгүй, үр шимээ өгч хараахан амжаагүй зүйлс олон байгаа ч миний хувьд эдгээрийн эхлэл болох үрийг нь тарьж чадсан юм болов уу.
Япон, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойг Япон Улсын Элчин сайдын хувиар угтан авч, тэмдэглэсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Тус тэмдэглэлт ойн хүрээнд Монгол Улсад зохион байгуулсан 100 гаруй арга хэмжээ нь олон зүйлсэд түлхэц өгч, нэмэр оруулсанд баярлаж явдаг.
UZEG.INFO