Марк Мёдовникийн “Гайхамшигт бодисууд: Хүний нийгмийг бүтээсэн 10 бодис” ном манай ертөнцийг бүтээсэн бодисын ертөнцөөр аялуулахдаа нууцыг нь дэлгэнэ. Тэр бүр тогтож анзаардаггүй шил, резин, цаас, бетон зэрэг эд материалын бүтцийг задлан гайхамшгийг нь үзүүлжээ. Харагдаж үзэгддэгээсээ онхи өөр бүтэц бүрэлдэхүүнтэй бодисын түүхийг уншин бясалгах нь нэн таашаалтай. Бидний хатуу гэж боддог бодисын дотоод мөн чанар нь үнэн хэрэгтээ шингэн ч байх шиг. Ухаан нь, талстаас бүтдэг металл шингэн агуулдаг учраас нугарч, тахийж, мурийдаг аж. 

Нэгэн этгээд метронд сахлын бэрээтгээр таван давхар хувцсыг нь нэвт зүсэж Марк Мёдовникийн нуруунд том шарх үлдээсэн явдлаар ном эхэлдэг. Метронд болсон тэр явдлаас хойш зохиогч амьдралаа материал судлалд зарцуулжээ. Оксфордын Гэгээн Екатеринагийн коллежийг металлургич мэргэжлээр төгссөн Марк Мёдовник материалыг физик, химийн бүтэц бүрэлдэхүүнээс нь гадна сэтгэлзүйн үүднээс тайлбарласан байна. Марк Мёдовник sensoaesthetics (sensory + aesthetics) хэмээх ойлголтыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэгч болоод тэр. Sensoaesthetics гэдэг нь материал судлалд гоозүйн шинжлэх ухаанаас гадна сэрэл, мэдрэмжээр хандах арга барил юм. Марк хүмүүний танин барихуйн сэрэл мэдрэмжид тулгуурлан хүртэхүйн зөрүү гажууг судалдаг хүн. Тиймээс Гайхамшигт бодисууд ном нь физикийн аргуун сурах бичиг биш яруухан бөгөөд уянгалаг, бас драмтай.

Ард нь барилга байшин харагдах тагтан дээрээ цэцэг навчин дунд, шаазан аяга, ном зэргийг дэлгэсэн шилэн ширээнээ Converse кедтэй сууж буй өөрийнхөө зургийг бүлэг бүрийн эхний нүүрт оруулжээ. Ингээд уг зурагт харагдах бодис нэг бүрийн түүх, бүтэц найрлага, бүтээж бүрэлдүүлсэн технологийг нь хэнд ч ойлгомжтой бичсэн буй. Хүн яагаад угаалтуурын тосгуурыг төмрөөр, шалыг модоор, төмөр замыг гангаар, цонхыг шилээр хийснийг танин барихуйн сэрэл мэдрэмжээр дэлгэрэнгүй тайлбарлана. Тиймээс техник огт сонирхдоггүй уншигчид ч ойлгомжтой. Өөрт тохиолдсон явдал, сэрэл мэдрэмж, гоозүйн өнгө будгаар чимэн материалын түүхийг өгүүлэх учир уншигчийг хөтлөөд явчих шидтэй. Марк Мёдовник бодисын эгэл жирийн бүтцийг нийгэмд үзүүлсэн аугаа нөлөөтэй нь уялдуулан мэргэжлийн үг хэллэг ашиглалгүй бичсэн болохоор материал судлалыг хэнд ч буухаар тайлбарлажээ. Толгой эргүүлсэн томьёо ашиглаагүй ч арвин баялаг мэдээлэл агуулсан. Материалыг бүтээлчээр ашигласан хүн төрөлхтний бадрангуй түүхийг цохон тэмдэглэхдээ загвар дизайныг ч орхигдуулаагүй байна.

Гайхмашигт бодисууд хэдий сонирхолтой, уншууртай бичигдсэн ч шинжлэх ухаан, танин мэдэхүйд дурлагч уншигчид илүү таалагдана гэдгийг хэлэх нь зүйтэй. Техникт төдийлөн дурладаггүй хүнд зарим бүлэг дэндүү хуурай санагдаж болох ч Марк Мёдовник бичлэгийн арга барилаараа хөтлөөд явна. Материал судлалд дурладаг ч бай, үгүй ч бай хэн бүхэн өдөр тутам харьцдаг хүн төрөлхтний бүтээсэн бодисын талаар өргөн дэлгэр мэдээлэлтэй болж амьдралыг харах өнцгөө өргөсгөнө.

Хэрвээ түмэн бодисын мөн чанарыг танин мэдээгүй бол хүмүүн бид араатан амьтан шиг амьд үлдэх гэж өдөр тутам хатуу ширүүн тэмцлийг туулах байжээ гэдэг л энэ номын гол аргумент юм.