Оддыг чиглэсэн жим
“Би бүх газарт очиж үзээгүй ч миний жагсаалтад бүгд бий.” Сюзан Сонтаг
Оддыг чиглэсэн жим
Хүмүүн төрөлхтөн бид дэлхий ертөнцөө судлаад төгсгөлтэй гэдгийг нь мэдэж авсан билээ. Газар нутаг болон нөөц маань шавхагдаж байгаа өнөө үед бид тэнгэрт үзэгдэх гоёмсог шар бөмбөлөг-Сар бидэнд хэрэгтэй эрдэс, элементүүдээр дүүрэн болохыг мэдэж авав. Энэ нь түүнчлэн гарааны талбай юм: эрт дээр цагт хүмүүс арлаас арал руу аялан тэнгис далайг туулж байсны адилаар Сар биднийг Нарны аймгийг гатлан түүний хязгаараас цааш гарахад тусална.
Иймээс бид сансрын шинэ өрсөлдөөнд татагдан орсонд гайхах зүйлгүй. Ялагч бүхнийг авна. Гэхдээ ялагч нь хүн төрөлхтөн байх учиртай.
Сансар бүр анхнаасаа хүний амьдралыг бүтээж эхэлсэн билээ. Тэнгэр эрхэс дэлхий бүрэлдсэн эртний түүхийг бидэнд тайлбарлаж өгөхөөс гадна шинжлэх ухааны ололт амжилт руу зоригжуулдаг. Гэхдээ сансар огторгуйн талаар бидний хараа өөрчлөгдөж байна. Эдүгээ энэ байдал хэзээ хэзээнээс илүүтэйгээр Дэлхийн газрын зураг тэлж буйгаар илэрнэ: хүмүүс үндэстэн улсууд, улс төр хийгээд сөргөлдөөнийг биднээс дээш гаргажээ. Энэ бүхэн дэлхийн гадаргуу дээрх амьдралыг хувьсган өөрчлөх хүчтэй.
Сансар хэдийн бидний өдөр тутмын амьдралыг ихээхэн өөрчилсөн. Сансрын орон зай харилцаа холбоо, эдийн засаг, цэргийн стратегид гол байр суурь эзлэхийн сацуу олон улсын харилцаанд ч улам бүр чухал үүрэгтэй болж байна. Өнөө үед сансар хүмүүсийн эрчимтэй өрсөлдөөний нэн шинэхэн талбар болжээ.
Сансар XXI зууны геополитикийн асар том өгүүлэмж болно гэсэн хүлээлт хэсэг хугацаанд хуримтлагдсан. Сүүлийн жилүүдэд Саран дээрээс ховор металл болон ус олдсон: Элон Маскийн SpaceX гэх мэт хувийн компаниуд агаар мандлыг гатлах өртгийг үлэмж хямдруулав: томоохон гүрнүүд Дэлхийгээс пуужин хөөргөж, шинэ зэвсэг туршихын тулд өөрийн хиймэл дагуулыг дэлбэлж байна. Энэ бүхэн бол илүү өргөн цар хүрээтэй түүхийн салангид хэсгүүд юм.
Энэхүү түүхийг ойлгохын тулд сансрыг газар зүйн байршилтай орон зай гэж үзэх нь зүйтэй: тэнд аялахад тохиромжтой зурвасууд, байгалийн баялагтай бүсүүд, барьж босгох боломжтой нутаг хийгээд айхтар аюулууд ч бий. Сүүлийн хэдэн арван жилийн туршид энэ бүхнийг хүн төрөлхтөн нийтийн өмч гэж үзэж байв: нэг ч тусгаар үндэстэн өөрийн нэрийн өмнөөс тэр баялгийг ашиглах буюу эзэмшиж чадахгүй байлаа. Гэвч сайн санаатай боловч үеэ өнгөрөөж, хэрэгжүүлэх боломжгүй болсон хэд хэдэн баримт бичигт тусгагдсан уг үзэл санаа улам хуучирсаар байна. Дэлхийн бүх ард түмэн чадах чадах газраасаа ашиг хүртэхийг эрмэлзэж буй. Бүхий л тэмдэглэгдэж үлдсэн түүхийн туршид байгалийн баялгийг ашиглах завшаан олдсон соёл иргэншлүүд технологи боловсруулан хүчирхэгжиж, эцсийн дүндээ бусдын дээр ноёрхож эхэлжээ.
Заавал ийм байх албагүй. Сансарт хамтран ажилласан олон жишээ бидэнд бий. Сансартай холбоотойгоор боловсруулсан олон технологи, тухайлбал, анагаах ухаан, цэвэр эрчим хүчний, бид бүгдэд тусална. Дэлхийг сөнөөж чадахуйц асар том солирыг замаас нь хазайлган дэлхийтэй мөргөлдөхөөс зайлуулахаар хэд хэдэн улс хамтран ажиллаж байгаа нь юунаас ч илүүтэй бүх нийтийн үйлс мөн. Зөгнөлт зохиолч Ларри Нивэний бичсэнээр “Сансрын хөтөлбөргүй байсан учраас үлэг гүрвэлүүд мөхсөн” гэлтэй. Дахиад нэг тийм цохилт амсах нь нэн тааламжгүй байх сан.
Одоо байгаа газартаа хүрэхийн тулд бидэнд асар их цаг хугацаа шаардагдсан. Их тэсрэлтийн онолоор бол, нэмэх хасах хэдэн мянган жилийн нарийвчлалтайгаар, 13.7 тэрбум жилийн өмнө өнөөгийн ертөнц огт оргүйд орших хязгааргүй жижиг эгэл хэсэг дотор шахагдсан байжээ. Ертөнцтэй холбоотой зарим нэг үзэл баримтлал таны тархийг эргүүлж болзошгүй хүнд бөгөөд эрдэмтдийн эцэс төгсгөлгүй маргалддаг оргүй хоосны ойлголт бол тэдгээрийн нэг юм. Энэ нь квантын вакум гэх мэт ухагдахуунд хамаарах агаад тэр нь орон зай дахь долгио объект үүсгэж болно гэж үздэг авч уг онолыг хэд дахин уншаад би урагш ахиж чадаагүй. Ертөнц тэлж байна - гэхдээ юу руу вэ? Түүний өнөөгийн хил хязгаарын чанадад юу оршино вэ? Би юуг ч төсөөлж чадахгүй байна. Зах хязгааргүй саарал өнгийн хана (бор шаргал өнгө бас үзэгдэнэ) хоромхон төдийд ухааруулах мэт агаад учир нь саарал өнгө бол ямар нэг юм болохоос оргүй биш... тэгээд цаашаа бол бууж өгөхөөс өөр аргагүй. Азаар, онолын физикчид, сансар судлаачид арай бөх бат зүйлээр хийгджээ.
“Оргүйгээс” бөөмс дэлбэрчээ. Энэ нь гэхдээ олонхын боддог шиг цохилт, чимээ, гялбаа биш байлаа, учир нь гэрлийн анхны бөөм үүсэх хүртэл 380000 жил шаардагдсан юм. Сансрын энэхүү бичил долгионы дэвсгэр цацрагийг эрдэмтэд орчин цагийн сансрын дуран авайгаар бараг эхлэлд нь хүртэл буцаан харж чаддаг болсон. Та хуучны аналог телевизорын долгионыг тохируулахдаа суваг хоорондын шуугианыг сонсоод үүнд итгэх болно. Ертөнц тэлэх ба хөрөхийн хамтаар таталцал хийн үүлсийг хуралдуулж, одод хэлбэрт шилжүүлжээ.
Эдүгээ бид манай Нар 4.6 тэрбум орчим жилийн өмнө бүрэлдсэнийг мэднэ-огторгуй ертөнц дотроо харьцангуй шинэ од. Шинэ одыг тойрон эргэлдэх хий болон хүнд хэлтэрхийнүүдээс бүрэлдсэн асар том зээрэнцэг улмаар манай Нарны аймаг дахь гарагууд, тэдний дагуулуудыг бүтээжээ.
Дэлхий гараг маань нарнаас алслагдсан зайгаараа гурав дахь чулуулаг гараг, амьдрахад нэн таатай нэгэн газар юм. Үнэндээ бол цорын ганц газар бөгөөд учир нь энэ од өөр хаа нэгтээ байсан бол бид ч байхгүй байх байсан. Их тэсрэлтийн дараа болсон үйл явдлууд бидний өнөөдөр харж байгаа газар зүйг бүрдүүлж, биднийг өнөөгийн оршихуйдаа иртэл хувьсах боломжийг олгосон. Дэлхий бол гараг эрхэс дотроо “Алтан үст” юм. Хэт халуун бус, хүйтэн ч биш - амьдралд яг тохирсон. Дэлхийн байршил, түүний хэмжээ ба агаар мандал - энэ бүхэн биднийг газар дээр үлдэхэд дөхөм болдог. Шууд утгаараа. Түүний хэмжээ нь таталцал агаар мандлыг тогтоон барихад хангалттай хүчтэй байхад тохирсон. Манай хязгааргүйн хүзүүвчээр хаа нэг тийш явбал бид нэг бол шарагдах, хөлдөх ба эсвэл амьсгалахад тохиромжтой агаарын дутагдлаас болж хоолой боогдоно.
Америкийн нэрт сансар судлаач Карл Саган Billions and Billions хэмээх номдоо “Өдрөөр гэрэлтэгч хагас бөмбөрцгийг хүрээлсэн агаар мандлын зузааныг харуулах нарийн хөх туяаг олж үзсэн дороо ямархуу эмзэг, хэврэг талаар бодол орж ирдгийг сансрын нисэгчид мэдээлдэг. Тэд үүнд санаа зовдог. Санаа зовох шалтгаан ч байгаа” гэж бичжээ. Бид үүнд илүү санаа тавих ёстой гэж та бодож байж магадгүй.
Гэвч хүмүүс үргэлж хэрэн хэсүүчлэгч байсан агаад өнгөрсөн зуунаас эх гарагаасаа улам бүр холдох болсон. Огторгуйн уудам бол асар том зотон бөгөөд бид түүний өчүүхэн цэгт оршин буйгаа тэмдэглэдэг. Бусад хэсгийг нь бид хамтдаа нарийвчлан зурах ёстой. Хэрэв бид дараагийн сансрын эрин рүү энхийн аргаар замаа тавихыг хүсэж байгаа бол сансар огторгуйг түүхэн, улс төрийн, цэрэг дайны нөхцөл байдалд нь ойлгох ёстой: сансар бидний өнгөрсөн ба өнөөдрийг хэрхэн бүрдүүлсэн - бидний ирээдүйд ямар учир утгатайг ухаарах шаардлагатай.
Газарзүйн ирээдүй номд бид шашин төвт нийгмүүдээс эхлээд шинжлэх ухааны хувьсгал хүртэл манай соёлд сансар хэрхэн нөлөөлснийг цаг хугацаанд нь эргэн авч үзэх болно. Сансрын өрсөлдөөний хөдөлгөгч хүч нь Хүйтэн дайн болсон мөчөөс эхлэн газрын хүлээснээс тасрах хүний хүчин чармайлт хийгээд инновацад асар том үсрэлт гарчээ. Нэгэнт сансарт гарсан тул бид өрсөлдөн тэмцэх ёстой боломжууд, нөөц ба стратегийн цэгүүдийг олж харсан юм. Эдүгээ бид астрополитикийн эринд амьдарч байна. Гэвч бид өнөөг хүртэл уг өрсөлдөөнийг зохицуулах багц хуулиудыг тогтоож чадсангүй: сансарт хүний үйл ажиллагааг зохицуулах зөвшилцөн баталсан хуульгүй бол сансар огторгуйн түвшинд санал зөрөлдөх хөрс суурь бий болно.
Орчин үед бидний мэдэж байх ёстой гурван үндсэн тоглогч бий: Хятад, АНУ ба Орос. Эдгээр бие даасан сансрын гүрнүүдийн хэрхэн урагш алхах сонголт Дэлхий дээрх бүх улс түмэнд нөлөөлнө. Гүрэн бүрийн зэвсэгт хүчинд тэдний чадавхыг газар, далай ба агаарт хангах“сансрын хүчний хувилбар” бий. Тэд бүгдээр хүчин чадлыг нь хангадаг хиймэл дагуулуудаа хамгаалах буюу довтлох чадамжаа нэмэгдүүлж байна.
Бусад улсууд Их гурвалтай өрсөлдөх чадваргүйгээ мэддэг боловч юуг дээш хөөргөх болон буулгах асуудалд саналаа нэмэрлэхийг хүсдэг аж: тэд өөрсдийн боломжийг үнэлэхийн сацуу “сансрын эвсэлд” нэгдэж байна. Хэрэв бид цаашаа нэгдмэл гараг байдлаар урагшлах арга замаа олж чадахгүй бол зайлшгүй үр дагавартай: сансрын шинэ талбарт өрсөлдөөн, магадгүй зөрчил ч үүснэ.
Эцэст нь бид урагшаа алс холын ирээдүйгээ харж, Сар, Ангараг гарагууд, түүнээс чинагш биднийг юу хүлээж болохыг авч үзнэ.
Сар далай тэнгисийг эрэг рүү, хүмүүсийг гадаргуу руу түлхэж байдаг. Шөнийн тэнгэрт зүүгдсэн мөнгөлөг зээрэнцэг рүү чоно хоншоороо өргөн ульдаг. Хүмүүс нүдээ чилээн хязгааргүйн цаадхыг харахыг хичээдэг. Үргэлж ийм байсан. Харин бид одоо замдаа гараад байна.
Тим Маршалл